Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0693

 

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0693

        Улаанбаатар хот

     

 Л.Н, Б.З, Б.З нарын  

  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгч Б.З, Б.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Л.Н-ийн өмгөөлөгч Ч.Ням, гуравдагч этгээд Д.О, Ё.Д, Т.Ө, гуравдагч этгээд Т.Өы өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0533 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ч.Ням нарын гаргасан давж заалдах гомдлоор, Л.Н, Б.З, Б.З нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүү илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0533 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөлгч нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн Б.Б холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг батлаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Н,  Б.З, Б.З нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг  даргад холбогдох Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн Ё.Д, Б.Ц, Д.О нарт, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар 12-ны өдрийн №А/172 дугаар захирамжийн Т.Ө-д холбогдох хэргийг тус тус хүчингүй болгуулж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 27 дугаар гудамж 668, 668а, 668б, 668в тоот хаяг бүхий газруудыг хуульд заасан хэмжээгээр хуваан эзэмшүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 , 7.5, 7,7, 13 дугаар зүйлийн 13.9-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Ё.Д-ын бие даасан шаардлагыг хангаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 26-668 тоотод байрлах 24 м2/ 4*6/ хэмжээтэй өвлийн зориулалтай байшинг өмчлөгчөөр Л.Н, Б.З нарыг бүртгэсэн 2016 оны 11 дүгээр сатын 03-ны өдрийн V-0000000 дугаар бүртгэлийг хүчингүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тус бүрийн үлсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрааас 70200 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд Ё.Д-д олгож тус тус шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгч Б.З, Б.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ч.Н нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч бидний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага мөн хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөхгүй хэтэрхий нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н болон түүний үр хүүхэд болох Б.З болон Б.З нар 1991 оноос хойш Баянзүрх дүүргийн 12-р хороо Жанжны 26-н 668 тоотод 4 тал хашаа, байшин бариж амьдарч байхдаа 2005, 2006 онуудад 12-р хорооны засаг дарга Жүгдэрнамжилаар цохолт хийлгэн Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан боловч төмөр замын хамгаалалтын бүсийн газар гэж газар олголтыг хойшлуулж байсан нь нэхэмжлэгч нэг бүрээр нотлох баримт авагдсан байхад шүүх түүнийг үнэлээгүйгээс гадна нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 12-р хороо 28-668-н тоотод оршин суугч гэж одоо болтол бүртгэлтэй байхад зөвхөн 10 жилийн дараа буюу 2015 оны 3 сард шилжиж ирсэн гэх Ё.Д, Д.О, Б.Ц, ТӨ нарын иргэдэд зөвшөөрөл олгосон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын бүх нэхэмжлэлийн шаардлагаа хангасан нотолгоог хавтаст хэрэгт хавсаргасан байхад энэ нотолгоог хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118-р зүйлд заасны дагуу үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн тодорхойлох хэсэгт “нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй байна гэж үзээд хавтаст хэрэгт биеэр болон н.Б-ын үгийг эсрэгээр дүгнэж бид нарыг тухайн газарт амьдарч байгаагүй” мэтээр зөрүүтэйгээр дүгнэсэн бөгөөд үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нар нь 700мкв газар эзэмших хүсэлт гаргаагүй бөгөөд  Б.З, Б.З, нарын эрх ашиг хөндөгдөөгүй байгаа нь ойлгомжгүй” гэж дүгнэжээ.

Мөн үүнээс гадна Л.Ний өөрийн хашаанд барьсан хувийн сууцыг 2010 онд н.Б-ын эхнэр Ё.Д түр амьдар гэж гуйсан хүнд өөрийн өмч болгон өгч миний өмчлөх эрхийг үгүйсгэсэн ноцтой шийдвэр гаргалаа, мөн анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 221/МА2016/0707 дугаартай хүчин төгөлдөр магадлал шийдвэрийг үл тоож эсрэг шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118, 121 дүгээр заалтуудыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч бидний эрх ашгийг ноцтой зөрчиж Газрын тухай хуулийн 22, 23, 28, 29, 31, 32-т заасан зүйл заалтуудыг ноцтой зөрцсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэд тодруулаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй, маргааны үйл баримтад бүрэн гүйцэд дүгнэлт хийгээгүй, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй тухайд:

Нэхэмжлэгч Л.Н, Б.З, Б.З нар анх “...1991 онд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 тал хашаа, байшин барьж Жанжины 27 дугаар гудамж, 668 тоот хаягт гэр бүлийн хамт амьдран суусан. 2000 онд хорооны Засаг даргад, 2005, 2006 онуудад дүүргийн газрын албанд хандаж байшин, хашаа барьж эзэмшиж байсан газраа өөрийн болон хүүхдүүдийн нэр дээр эзэмшүүлэх талаар хүсэлт гаргасан боловч эхний удаад удахгүй газар өмчлүүлж, эзэмшүүлнэ хүлээж бай гэдэг, сүүлдээ төмөр замын хамгаалалтын бүс гэх үндэслэлээр татгалздаг байсан, ...2015 онд манай газрыг өөр иргэдэд эзэмшүүлснийг мэдээд дүүргийн Засаг даргад хандсан боловч хэзээ хандаж байсан нь тодорхойгүй гэх үндэслэлээр шалгаж тогтоолгүйгээр бидний барьсан хашаа байшин бүхий газрыг бусдад эзэмшүүлсэн нь хууль бус...” гэх үндэслэлээр “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А104 дүгээр захирамжийн иргэн Ё.Д, Б.Ц, Д.О, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч нарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 27 дугаар гудамж, 668, 668а, 668б, 668в хаяг бүхий газруудыг хуульд заасан хэмжээгээр хуваан эзэмшүүлэх...“ гэсэн нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нар нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Т.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

Улмаар нэхэмжлэгч нар нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А104 дүгээр захирамжийн иргэн Ё.Д, Б.Ц, Д.О, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч нарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 27 дугаар гудамж, 668, 668а, 668б, 668в хаяг бүхий газруудыг 2006 оны кадастрын зураг, хүсэлтийн дагуу нэхэмжлэгч нарт хуваан эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, тэрээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд “тодруулсан нэхэмжлэлийн шаардлага”-ыг шүүхээр шийдвэрлүүлэхээ илэрхийлжээ.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл шүүх 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Т.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нар татгалзсан эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалд хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа “А/172 дугаар захирамж”-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар дурдаагүй мөн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүх хуралдаанд тус нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэх талаар дурдаагүй байхад шүүх энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй байх, хэрэв нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бол үр дагаврыг танилцуулж, батлах зэрэг хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн А/104 дүгээр захирамжийн Б.Б-т холбогдох хэсэгтэй холбоотой шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан байхад шүүх тус татгалзлыг батлахдаа нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаны үр дагаврыг танилцуулж баталгаажуулаагүй нь буруу байна.

Хоёр. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулаагүй тухайд:

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар  сарын 12-ны өдрийн А/172 дугаар захирамжаар Жанжины 26-668а тоот хаягийн 500 м.кв газрыг иргэн Б.Цгаас Т.Өд шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжаар Л.Н-д Жанжины 26-668а тоот хаягт 387 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн, харин 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/442 дугаар захирамжаар Б.Б-т 668а тоот хаягт эзэмшүүлсэн 387 м.кв газрын эзэмших эрх олгосон шийдвэрийг “газар дээр нь иргэн Л.Н хашаа барьсан” гэх үндэслэлээр хүчингүй болгосон болох нь тогтоогдож байна.

Ийнхүү хариуцагч нь 2015 оны А/442 дугаар захирамжаар 668в тоот хаягт байрлалтай Б.Б-ийн газар эзэмших эрхийг “Л.Н хашаа барьсан” гэх үндэслэлээр хүчингүй болгосон атлаа Л.Н-д 387 м.кв газрыг эзэмшүүлэхдээ газрын байршлыг гуравдагч этгээд Т.Ө-ы эзэмшлийн газар буюу “668а тоот хаяг”-т давхцуулан газар эзэмшүүлсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч нар “Т.Ө-д газар эзэмших эрх олгосон А/172 дугаар захирамж”-тай маргаж буй эсэх нь тодорхойгүй байхаас гадна нэхэмжлэгч Л.Н-д А/438 дугаар захирамжаар 668а тоот хаягт 387 м.кв газар эзэмших эрх олгогдсон, нэхэмжлэгч нар 668, 668а, 668б, 668в тоот хаягуудад байрлах газрыг хуваан эзэмшүүлэхийг даалгах шаардлага гаргасан энэ тохиолдолд шүүх Баянзүрх дүүргийн Засаг даргын А/442, А/438 дугаар захирамжуудын харилцан хамаарлыг тодруулж, тус захирамжуудын улмаас бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй эсэхийг тодорхойлохоос гадна нэхэмжлэгч Л.Н болон бусад нэхэмжлэгч нар хэзээ анх аль байршлын газрыг эзэмшихээр хүсэлт гаргасныг бүрэн тодруулж хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Б.Згийн 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 668 тоот хаягт газар  эзэмших талаар гаргасан хүсэлт[1] (668 а тоот хаягт ам бүл гурвуулаа оршин суудаг болохыг хорооны дарга тодорхойлсон), нэхэмжлэгч Б.З-ын 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 668 хаягт байрлах газрыг эзэмших талаар гаргасан хүсэлт, мөн  түүний 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “...Жанжины 26 гудамж ... тоот хашаанд 1996 оноос эцэг, эх ах дүү нарын хамт амьдарч эхэлсэн ... 2011 онд гэрлэсэн ...уг хашааны газрыг эзэмших хүсэлтээ газрын албанд удаа дараа гаргасан боловч төмөр замын хамгаалалтын бүс гэсэн шалтгаанаар татгазсан хариу авч байсан ...”  (хаяг заасан хэсэг уншигдахгүй) гэх хүсэлт зэрэг нотлох баримтууд авагджээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Б.З-ын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргасан хүсэлтэд “... 2011 онд гэрлэсэн...” гэж дурдагдсан (тус нотлох баримтын хашааны дугаар бичигдсэн хэсэг тодорхой бус) байх бөгөөд түүний 2005 онд газар эзэмших талаар гаргасан хүсэлтэд хорооны дарга “668а тоотод гэр бүлийн хамт амьдардаг”[2] гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч Б.З, Б.З нар анх 2005 онд хүсэлт гаргахдаа тус бүр өрх тусгаарлан амьдарч байсан эсэх, эсхүл нэхэмжлэгч Б.З нь 2005 онд 668б тоот хаягт ээж аавын хамт амьдарч байсан эсэх (2015 оны хүсэлтэд 2011 онд гэр бүл болсон гэх), өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.Н тухайн үед газар эзэмших хүсэлт гаргасан эсэх, эсхүл нэхэмжлэгч Б.З ам бүлээ төлөөлөн гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших хүсэлт гаргасан эсэх, нэхэмжлэгч нар хүсэлт гаргах тухайн үеийн гэр бүлийн байдал буюу гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших хүсэлтийг хэн хэзээ гаргаж байсныг бүрэн тодруулах нь маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 Нэхэмжлэгч нар нь 668, 668а, 668б, 668в тоот хаяг бүхий газарт байрлах хашааг өөрсдөө барьсан гэж, мөн нэхэмжлэгч Л.Н нь гуравдагч этгээд Ё.Д-ын амьдарч буй байшинг өөрийн байшин, өөрийн эзэмшлийн хөрөнгө гэж маргасан байх бөгөөд нэхэмжлэгч Л.Н, Б.З нарын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 26-668 тоот хаягт байрлах өвлийн зориулалттай сууцны байшинг өмчлөх хүсэлтийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр Л.Н, Б.З нарыг бүртгэж гэрчилгээ олгосныг гуравдагч этгээд Ё.Д эс зөвшөөрч тус бүртгэлийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гарган маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ “...Ё.Д нарыг 2010 онд Баянхонгор аймгаас нүүж ирэхэд нь хашаа байшиндаа амьдруулж ирсэн тэр хүмүүсийн үгэнд орж бидний хөрөнгө хүч хөдөлмөрөө гарган байж барьсан байшин, хашааг өөр иргэдийн эзэмшилд олгохоор шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй...” гэж , гуравдагч этгээдүүдээс “...энэ газарт хүн амьдарч байгаагүй, хашаа байгаагүй...” гэж, гуравдагч этгээд Д “...2009 оноос хашаагүй эзгүй газар амьдарч эхэлсэн, блокоор хашааг барьж амьдарсан... байшингийн хувьд маш муу байшинд орж амьдарсан...” гэж тус тус маргажээ.

Маргаан бүхий газарт хэн, хэзээнээс амьдарч байсан, хашаа, байшинг хэн хэзээ барьсныг мөн гуравдагч этгээдүүд хэзээ тус газарт суурьшсаныг ойр орчмын оршин суугч иргэдийг гэрчээр асуух, түүнчлэн маргаан бүхий газрын байдлыг он, оноор харуулсан сансрын зургийг гаргуулж хэрэгт хавсаргах байдлаар тодруулахаас гадна, Газрын кадастрын мэдээллийн сангийн архиваас 2768.9 м.кв хэмжээ бүхий газрын нэгж талбарын 18649309052722 дугаар бүртгэл хэзээ, хэний гаргасан хүсэлт, баримтыг үндэслэн бий болсныг тодруулах, мөн тус газрын эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн акт, баримтыг тодруулж, гаргуулан хэрэгт хавсаргаж, нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлттэй хамааралтай эсэхийг тодруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ  “...27 дугаар гудамж 668 тоот  хаяг” гэж газрын байршлыг заасан, түүнчлэн нэхэмжлэгч нарын “...нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 28-668 тоотод оршин суугч гэж одоо болтол бүртгэлтэй байхад 10 жилийн дараа 2015 оны 3 сард шилжин ирсэн Д, О, Ц, Ө нарын иргэдэд зөвшөөрөл олгосон байна...” гэх давж заалдах гомдол, хэрэгт авагдсан “... 27 дугаар гудамж” гэх хорооны тодорхойлолт зэрэг зөрүүтэй тайлбар, баримтуудаас үзвэл маргаан бүхий газрын хаяг, гудамжны дугаарлалт өөрчлөгдсөн эсэхийг тодруулах нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болохоор байна.

Гурав. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий 668в тоот хаягт  байрлах өвлийн зориулалттай сууцны байшингийн өмчлөгчөөр Л.Н, Б.З нарыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, V-220408418 дугаар Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эс зөвшөөрч тус бүртгэлийг хүчингүй болгуулахаар гуравдагч этгээд Ё.Д бие даасан шаардлага гаргажээ.

Харин хэргийн оролцогчид тус үл хөдлөх хөрөнгийг 668 тоот хаягт байрлалтай гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан V-0000000 дугаар Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ[3]-нд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг “668в” тоот хаягт байрлалтай гэж тэмдэглэжээ. Гуравдагч этгээд Ё.Д нь “...2009 онд хөдөөнөөс нүүж ирээд тус байшинд амьдарсан...” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласнаас үзвэл тус байшинг өөрөө барьсан гэж маргаагүй, харин амьдарч эзэмшиж, ирсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр бүргэснийг эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх 668в тоот хаягт тусдаа үл хөдлөх хөрөнгө байгаа эсэхийг тодруулахаас гадна хэн, хэзээ тус байшинг барьсныг хөндлөнгийн гэрчүүдээс тодруулах, тус газрын 2009 оноос өмнөх байдлыг сансрын зураг гаргуулах замаар тодруулж, маргаан бүхий бүртгэлийн улмаас гуравдагч этгээд Ё.Д-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.   

Түүнчлэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/48 дугаар тушаал[4]-аар бүрэлдхүүнтэй шүүх хуралдаанд Иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийг хавсралтаар баталжээ. Тус тушаалын хавсралтад дурдсан нэр бүхий Иргэдийн төлөөлөгчдөөс сугалаагаар 12 дугаартай Т.Б, нөөцөд 13 дугаартай Н.Г, 11 дугаартай Д.Т нар шүүх хуралдаанд Иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор тус тус сонгогдсон байхад 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр Б.С гэх иргэн оролцуулж сонгогдсон, нөөцөд бүртгэгдсэн иргэдийн төлөөлөгчөөс өөр төлөөлөгчийг оролцуулсан нь буруу байна.

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны хэрэг маргааны талаар дүгнэж буй шийдлийг агуулсан, хууль хэрэглээний эрх зүйн акт болох шүүхийн шийдвэр нь төрийн хүсэл зоригийг илэрхийлсэн, Монгол Улсын нэрийн өмнөөс гарч буй, заавал биелэгдэх шинжтэй актын хувьд хууль, журмаар тогтоосон стандарт шаардлагад нийцсэн байх учиртай.

Шүүхийн шийдвэрийн тогтоох болон бусад хэсэгт хэргийн оролцогчийн нэрийг буруу бичсэн, зарим үгийг алдаатай бичсэн зэрэг үг, үсгийн алдаа дутагдал байгааг анхаарах нь зүйтэйг жич тэмдэглэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

            1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0533 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

             ШҮҮГЧ                                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

             ШҮҮГЧ                                                      Г.БИЛГҮҮН

             ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ