Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 00018

 

 

 

 

 

 

 

 

                                                                            

        “Ё” Орон нутгийн

          өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй

                                                          иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэболд, хариуцагч Ч.Найдансүрэн нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 506 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: “ШМХТ” Орон нутгийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “АНУ” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох түрээсийн төлбөр, алданги 5,227,752 /таван сая хоёр зуун хорин долоон мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “ШМХТ” Орон нутгийн өмчит хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ШМХТ ОНӨХК нь “АНУ” ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 1 жилийн хугацаатай

талбайг түрээслэхээр түрээсийн №1-00083 дугаартай гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх гэрээ байгуулахдаа түрээслэгч нэг сарын төлбөр болох 1,166,000 төгрөгийг төлсөн болно. Түрээсийн гэрээ байгуулахдаа манай байгууллагаас түрээслэгч талыг 1 сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн ба 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш түрээсээ төлөх хуваарь гаргаж өгсөн боловч төлбөр хийгдээгүй өнөөдрийг хүрсэн.

... Манай байгууллагын хувьд түрээслэгч “АНУ” ХХК-ийн захирал ажилтай Чулуунбаатарын Найдансүрэнгээс түрээсийн төлбөр гаргуулахаар удаа дараа шүүхэд хандахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн, мөн цаг хугацааны хувьд хугацаа алдаж байна.

Иймд “АНУ” ХХК-ийн захирал Ч.Найдансүрэнгээс нийт түрээсийн төлбөр 3,423,000 төгрөг, түрээсийн гэрээний 4.5-д заасны дагуу алданги 1,804,752 төгрөг, нийт 5,227,752 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түрээсийн төлбөр 3,423,000 төгрөг, алданги 1,804,752 төгрөг, нийт 5,227,752 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2018 оны 3, 4, 5 сарын түрээсийн төлбөрийг өвлийн цагийн үнэ тарифаар тооцож сард 832,000 төгрөгөөр, 2018 оны 6 сараас зуны цагийн үнэ тарифаар буюу 624,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 15 хүртэл хугацааны төлбөр 312,000 төгрөг, нийт 3,432,000 төгрөг, түүний алданги 1,508,160 төгрөг, бүгд 4,940,160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “АНУ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ч.Найдансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “АНУ” ХХК нь 2018 оны 1 дүгээр сарын 08-нд талбай түрээслэх гэрээг байгуулсан нь үнэн. Гэхдээ гэрээг байгуулж байх үед ШМХТийн үйл ажиллагаа жигдрээгүй, бид нар хоосон өрөө түрээсэлж тохижилт, засвар үйлчилгээ хийсэн. Улаанбаатар хотоос зураг төслийн хүн авчирч загвар болон тохижилтоо хийлгүүлж байсан. Эхний үед зөвхөн тохижилт л хийгдэж надаас нийт 16,000,000 төгрөгийн зардал гарсан. 2018 оны 4 дүгээр сарын 15-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “АНУ” ХХК-ийн зүгээс яг ажилласан, үйл ажиллагаа явуулсан саруудын түрээсийн төлбөрийг төлье гэсэн саналыг удаа дараа тавьж байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй, санал зөрсөн байдалтай байсан нь энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Түрээслэгчийн үйл ажиллагаа хэвийн явагдахад түрээслүүлэгчийн зүгээс саад тотгор учруулах бодит нөхцөл байдлыг бий болгож байсан бөгөөд энэ байдлыг ч мөн түрээслэгч нь түрээслүүлэгчид тухайн үед нь удаа дараа хэлж байсан боловч уг байдлыг засна, хэвийн болгоно гэж хэлсээр манай үйл ажиллагаа зогсох өдөр хүртэл буюу 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно. Манай түрээсэлж байсан 5 тоот өрөө нь 2 давхар руу гардаг шатны хажууд байрлаж байсан бөгөөд “ШМХТ” ОНӨХК нь үйлчлүүлэгч, худалдан авагч нарын явах урсгалыг хааж, шатны хонгилыг битүүлж бусдад түрээсэлсэн нь худалдан авагчдын зорчих хэсгийг хааж, энэ байдал нь зөвхөн манай байгууллагад төдийгүй бусад тэр хавийн түрээслэгч нарын бараа борлуулалтыг багасгаж, орлого буурахад огцом нөлөөлсөн. Мөн тус төвийн дээврээс борооны ус нэвтэрч манай суурилуулсан камерын бичигч /8 портын РоеNVR сүлжээний бичигч төхөөрөмж/ -ийг шатаасан. Уг төхөөрөмж нь 240,000 төгрөгийн үнэтэй бөгөөд энэ байдлыг менежерт хэлэхэд арга хэмжээ авч сольж өгнө гэсэн, төвийн агааржуулалтын хоолойны гаралт нь манай түрээсэлж байсан өрөөгөөр дамжиж гардаг бөгөөд уг хоолойны битүүмж муугаас болж нарийн ширхэгтэй тоос, шороо их ордог байсан нь хэвийн ажиллахад муугаар нөлөөлдөг байсан. Энэ байдлууд нь түрээслэгчийг түрээсийн төлбөр төлөх боломжгүй болгосон. ... Хариуцагч “АНУ” ХХК нь тус өрөөг түрээслэн үйл ажиллагаа явуулсан 2018 оны 04 дүгээр сарын 15-аас мөн оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр нь 2,288,000 төгрөг /нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн тооцоогоор/ болдог бөгөөд үүнээс анх гэрээ байгуулахдаа төлсөн 1,168,000 төгрөг, мөн дээр дурдсан камер бичигчийн төлбөр болох 240,000 төгрөгийг хасаж үлдэх 880,000 төгрөгийг төлөх боломжтой гэж үзэж байна. Энэ төрлийн гэрээ нь Иргэний хуульд заасан агуулга, шаардлагаараа бол Үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж байж хүчин төгөлдөр болдог гэрээ бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээнд тооцогддог гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 506 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “АНУ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 4,940,160 /дөрвөн сая есөн зуун дөчин мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ШМХТ” орон нутгийн өмчит хувьцаат компанид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,594 /ерэн найман мянга таван зуун ерэн дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АНУ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 93,993 /ерэн гурван мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ШМХТ” орон нутгийн өмчит хувьцаат компанид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч “АНУ” хязгаарлагдмал хариуцлагатай компани давж заалдах гомдолдоо: ... “АНУ” ХХК-ийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамж зохих ёсоор төлөгдөөгүй байна гэж үзэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтыг зөрчсөн хууль бус үйлдэл болсон.

Хариуцагч “АНУ” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, түрээсийн төлбөр байдлаар өгсөн мөнгөө буцаан авах сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд энэ 2 нэхэмжлэлийн шаардлагадаа 2 тусдаа тэмдэгтийн хураамж төлж нэхэмжлэлээ гаргасан болно. Төлсөн мөнгөө буцаан авах шаардлагын тухайд уг шаардлагадаа нийцүүлэн тэмдэгтийн хураамжийг тушаасан. Харин түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын хувьд анх уг гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байдаг боловч талуудын хооронд маргаан гарч уг гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан, талууд гэрээнээсээ татгалзсан байсныг харгалзан, мөн нэгэнт уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул гэрээг анх байгуулсан хугацаагаар бодож тэмдэгтийн хураамж тушаах, эсхүл талууд гэрээг зогсоосон, гэрээнээс татгалзсан хугацааг тооцон тэмдэгтийн хураамж төлөх ёстой алин болохыг мэдэхгүй байсан тул түүнд хамаарах шаардлагын хувьд тэмдэгтийн хураамжийг 70,200 төгрөгөөр бодож тушаасан болно. Гэтэл шүүгч энэ байдлыг нэхэмжлэгч талд ашигтайгаар ашиглаж, уг сөрөг нэхэмжлэлтэй хамт хавсарган өгсөн нотлох баримтууд, сөрөг нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамжийн баримтыг хүртэл сөрөг нэхэмжлэлийг чинь хүлээж аваагүй юм чинь хэрэгт байх хэрэггүй, та нар үүнийгээ бас ав хэмээн буцааж өгөх гэж оролдсон.  Сөрөг нэхэмжлэл гаргасан энэ үйл баримт шүүх дээр болсон талаар дээр дурдсан шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад улсын тэмдэгтийн хураамжийн зохицуулалтыг тусгаж өгсөн байгаа бөгөөд тухайлбал, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т нэхэмжлэлийн шаардлагыг үнэлэх боломжгүй бол 70,200 төгрөгөөр тооцож төлж болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл, 58 дугаар зүйлүүдэд нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч уг хувь хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно. Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно гэх мэт зохицуулалтууд байгаа боловч анхан шатны шүүгчийн зүгээс хариуцагч талд энэ боломжийг олгохыг огт хүсээгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахгүй, шууд хурлаа явуулсан билээ. Сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй гэсэн шалтгаанаар түүнтэй хамт хавсаргаж гаргаж өгсөн нотлох баримтуудыг огт үнэлээгүй бөгөөд энэ нь хариуцагчийн зүгээс өөрийн хуулиар олгогдсон эрхийг бодитоор хамгаалуулах боломжгүй байдалд хүргэсэн болно. Анхан шатны шүүхийн шийдвэрт гаргаж өгсөн нотлох баримтуудын талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа бөгөөд үүнийгээ та нар ав ав гэж буцааж өгөх гэж оролдоход нь бид “... давж заалдах гомдол гаргавал хэрэг болно...” гэж хэлж байж, тэмдэгтийн хураамжийн баримтын хамт хэрэгт үлдээлгэсэн болно.

 Түрээслүүлэгчийн зүгээс ноцтой алдаа гаргаж, түрээслэгчийн эрх ашгийг хөндөж байсны улмаас ийм байдал үүссэн, үүнийг гаргаж өгч буй нотлох баримтуудаар нотлоно гэсээр байхад гагцхүү сөрөг нэхэмжлэлийг хүлээж авалгүй, түүнийг буцаасан гэсэн үндэслэлээр огт авч хэлэлцэхгүй хэргийг нэг талын эрх ашгийг баримтлан шийдвэрлэсэн тул Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 506 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн “ШМХТ” орон нутгийн өмчит хувьцаат компани нь хариуцагч “АНУ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас түрээсийн төлбөр 3,423,000 төгрөг, алданги 1,804,752 төгрөг, нийт 5,227,752 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, түрээсийн төлбөр 3,423,000 төгрөг, алданги 1,508,160 төгрөг, нийт 4,940,160 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч “АНУ” хязгаарлагдмал хариуцлагатай компани “...үйл ажиллагаа явуулахад түрээслүүлэгчийн зүгээс саад тотгор учруулах нөхцөл байдал бий болгосон, ...4 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулсан учир 2018 оны 4 дүгээр сарын 15-наас мөн оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх түрэсийн төлбөр 2,288,000 төгрөгөөс анх гэрээ байгуулахдаа төлсөн 1,168,000 төгрөг, камер бичигчийн төлбөр 240,000 төгрөгийг хасч, үлдэх 880,000 төгрөгийг төлөх боломжтой” гэж тайлбарласан байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагч “АНУ” хязгаарлагдмал хариуцлагатай компани “зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 1,166,000 төгрөгийг буцаан гаргуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг, 33,000 төгрөг тус тус төлсөн баримт ирүүлжээ.

Хариуцагч нь түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагад төлбөл зохих  улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлж,  түрээсийн төлбөрт төлсөн 1,166,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын  улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн байна.

 Шүүх  “хариуцагч  улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөөгүй, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлд гэрээний үнийн дүнгээс буюу 5,227,752 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 98,594 төгрөг төлөхөөс 70,200 төгрөгийг төлсөн”  гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь  хүлээн авахаас татгалзжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн, талуудын тэгш байдлыг алдагдуулсан  гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байх тул  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 506 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 94,000 /ерэн дөрвөн мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

                               ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                             Б.СОСОРБАРАМ