Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/00114

 

 

 

 “ **** **** **** ****” ОНӨХК-ийн

                                      нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2020/00506 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар магадлалтай,

“ **** **** **** ****”ОНӨХК-ийн нэхэмжлэлтэй,

“ ****” ХХК-д холбогдох

Түрээсийн төлбөр, алданги 4,940,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэглэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэболдын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ч.Найдансүрэн, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.  **** **** **** ****”ОНӨХК нь “ ****” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр3,423,000 төгрөг, алданги 1,508,160 төгрөг, нийт 4,940,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчэс зөвшөөрч, маргажээ.

2. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2020/00506 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар “ ****”ХХК-иас 4,940,160 төгрөгийг гаргуулж “ **** **** **** ****”ОНӨХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “ ****”ХХК-иас 93,993 төгрөгийг гаргуулж “ **** **** **** ****”ОНӨХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2020/00506  дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 94,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүн шинжилгээ хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Магадлалын үндэслэх хэсэгт “...хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн, талуудын тэгш байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл болно” гэжээ. Шүүх хуралдаан дээр хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаан түр завсарлаж, шүүгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нь захирамжаар нэгэнт шийдвэрлэгдсэн гомдлыг үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамааруулан шүүх хуралдаан хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэж байх хугацаанд хариуцагч нь эхний шүүх хуралдааныг өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, дараагийн шүүх хуралдааныг өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар нийт 3 удаа хойшлуулсан ба тухай бүрд сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой байсан, мөн хариу тайлбартаа сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой гэж дурдсан атал энэ эрхээ хэрэгжүүлэхгүй явсаар хэргийг шийдвэрлүүлсэн. Мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломж байсаар байтал энэ эрхээ хэрэгжүүлэхгүй явсан нь нэхэмжлэгч надад хохиролтойгоор тусгаж шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох гэдэг нь юу гэсэн үндэслэл болохыг би ойлгохгүй байгаа ба ямар шаардах эрх үүссэн талаар хуулийн тайлбар хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад уг нэхэмжлэлд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг мэдээлэл лавлагааны ажилтан нь тооцож тэр хэмжээгээр төлүүлэн нэхэмжлэл хүлээн авч байсан. Тэр хэмжээгээр төлөхгүй бол нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж хариу мэдэгддэг. Шүүх хуралдаан дээр гаргаж ирсэн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг  бүрэн төлөөд ир гэж шүүх хуралдааныг хойшлуулах болон хугацаа олгох боломж хуулиар байхгүй ба захирамж гаргаж хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй атал энэхүү журмыг зөрчиж магадлал гаргасанд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.”гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч “ **** **** **** ****”ОНӨХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2018.01.08-ны өдөр байгуулсан №100083 дугаартай түрээсийн гэрээний дагуу хариуцагч нь 1 кв.м талбайг 22.000 төгрөгөөр, нийт 53 кв.м талбайг 1,166,000 төгрөгөөр тохиролцсон, ...2018 оны 03 дугаар сараас 07 дугаар сарын 15 өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 3,432,000 төгрөг, түүний алданги 1,508,160 төгрөг, нийт 4,940,160 төгрөг...” гэж тодорхойлсон байна.

7. Хариуцагч  ****”ХХК “...түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм...” гэж мэтгэлцжээ.

Зохигчийн хооронд түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээнд тусгагдсан төлбөр, алданги төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...хариуцагч түрээсийн гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэмээн тайлбарлаж байх боловч энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл...”гэж дүгнэж,Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар  ****ХХК-аас 4,940,160 төгрөгийг гаргуулж  **** **** **** ****ОНӨХК-д олгохоор шийдвэрлэжээ.

9. Давж заалдах шатны шүүх “...хариуцагч түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлдээ төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн,  ..сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн, талуудын тэгш байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл болно, ...сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ

10. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхэд зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал буюу хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан,хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэх замаар мэтгэлцсэнд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

11. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд хамаардаг. 

Анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШЗ2020/01492 дугаартай шүүгчийн захирамжаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлд хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөөгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь буруу хэдий ч хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцсэн, гэрээ хүчин төгөлдөр эсэх нь зохигчийн маргааны зүйл болсон байна.

Зохигчийн маргааны зүйл болох талуудын хооронд байгуулсан 2018.01.08-ны өдөр байгуулсан №100083 дугаартай түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдалд анхан шатны шүүх “...хариуцагч анх гэрээ байгуулахдаа төлсөн 1,168,000 төгрөгийг, дээр нь камер бичигчийн төлбөр болох 240,000 төгрөгийг тус тус хасаад үлдэх 880,000 төгрөгийг төлөх боломжтой хэмээн тайлбарлаж байгаа нь түрээсийн гэрээг хүлээн зөвшөөрсөн, хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлээ үгүйсгэсэн, ...гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдсонгүй...” гэсэн  хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

12.  **** **** **** ****”ОНӨХК нь 2018.01.08-ны өдөр №100083 дугаартай түрээсийнгэрээгээр Хөвсгөл аймгийн **** сумын 13 дугаар багт байрлах **** **** **** ****ийн 1 дүгээр давхрын 5 тоотод байрлалтай 53 кв.м талбайг ахуйн барааны бөөний ****ийн зориулалтаар  ****”ХХК-дтүрээслэх, нэг сарын төлбөрийг 1,168,000 төгрөг байхаар хэлэлцэн тохирч гэрээг байгуулжээ.

13. “ **** **** **** ****”ОНӨХК,  “ ****”ХХК-иудыннь 2018.01.08-ны өдөр №100083 дугаартай түрээсийнгэрээний 4.5-д “Түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулсан тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэлд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно” харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, түрээсийн гэрээний төлбөр, алдангийн хэмжээг хууль, гэрээнд нийцүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна.

14.  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний зүйл болгох тохиолдолд уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв маргаан гарвал түрээсийн гэрээг бүртгүүлээгүй тохиолдолд мөн зүйлийн 318.4-т заасны дагуу тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан байна

Хэргийн баримтаас үзэхэд түрээсийн гэрээний зүйл болж буй Хөвсгөл аймгийн **** сумын 13 дугаар багт байрлах **** **** **** ****ийн 1 дүгээр давхрын 5 тоотод байрлалтай 53 кв.м талбай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд тусдаа бүртгэгдээгүй, бүртгэлтэй обьектын тодорхой хэсэг байх тул гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавигдахгүй, иймээс нэхэмжлэгч хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэг шаардсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай нийцсэн байна

Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бичгээр үйлдэж, хэн аль гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-дзааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзлынхаа үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэболдын гомдлыг хангав

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаармагадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2020/00506 дугааршийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэболдын гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээсхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,993төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД