Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 00024

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

                                                                        

Н.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 974 дүгээр шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Н.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шүүхийн шийдвэргүй хууль бусаар гаргуулсан 3,965,450 төгрөгийг буцаан гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгч Н.Эийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав С.Нэргүй нь 2008 онд Капитал банкнаас зээл авсан бөгөөд төлж чадалгүй нас барсан, мөн түүний эхнэр Б.Нямсүрэн нь ч удалгүй нас барсан юм. Б.Нямсүрэнгээр зээлийг нь төлүүл гэсэн шүүхийн шийдвэр гарсан боловч нас барсан учраас хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон билээ. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үндэслэлгүйгээр 5,465,450 төгрөгийн данс барьцаалсан. Мөн миний дүүгийн оршуулгын зардалд өгсөн гэмт хэрэг үйлдсэн төлбөр төлөгчийн мөнгийг хууль бусаар хурааж авсан юм. Миний бие мөнгөө буцааж авахаар өргөдөл гаргахад 1,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй дансыг чөлөөлсөн боловч 3,965,450 төгрөгийг буцааж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Би нас барсан аав, ээжийн эрх, үүргийг залгамжлаагүй. Түүнчлэн Капитал банкны төлбөрийг төлж барагдуулахтай холбоотой миний нэр дээр гарсан ямар нэгэн шийдвэр байхгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэр биелүүлж байгаа нэрийн дор элдэв хууль бус дарамт үзүүлж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банкны зээлийн төлбөр барагдуулах үйл ажиллагаатай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үндэслэлгүйгээр төлүүлсэн нийт 3,965,450 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн тайлбартай танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Хариуцагчийн тайлбарт Улсын Дээд Шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоол, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эхлүүлсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна. Гүйцэтгэх хуудас бичигдсэнээс хойш 4 жил гаруй хугацаа өнгөрч, төлбөр төлөгч нар нас барсан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжгүй байсан гэж үзэж байна.

2.Нэхэмжлэгч Н.Эийг хууль ёсны эрх залгамжлагч гэж үзсэн шүүхийн шийдвэр байхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлд заасан төлбөр гаргуулж болохгүй орлогод 88.1.8-д заасан эрүүл мэндэд учруулсан хохирлын нөхөн төлбөр буюу оршуулгын зардал хамаарсан, Улсын Дээд Шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолын дагуу төлбөр төлөгч нь С.Нэргүй, түүний эхнэр Б.Нямсүрэн нар байсан, тэдгээрт хамааралтай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад Н.Э болон бусад хүмүүсийг төлбөр төлөгч болгон мөнгийг үндэслэлгүйгээр хураан авч байсан нь хуульд нийцээгүй байна.

3.Хариуцагчийн тайлбарт өөрийн хүсэлтээр төлсөн төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан нь огт үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч С.Эрдэнэцэцэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас янз бүрийн дарамт шахалт үзүүлэх замаар үндэслэлгүйгээр авсан мөнгийг буцааж авах талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өргөдөл гаргахад барилт хийсэн 1,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй дансыг чөлөөлж, 3,965,450 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийг зарсны дараа буцааж өгөх боломжтой гэсэн хариуг өгсөн болно. Хариуцагч талаас хариу тайлбартаа нэхэмжлэгч С.Эрдэнэцэцэгийн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн атлаа үл хөдлөх хөрөнгийг зарсны дараа буцааж өгөх боломжтой гэсэн хоорондоо зөрүүтэй мэдүүлэг, тайлбарыг өгч байгаа нь тухайн газрын үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй болохыг нотолж байна.

 Иймд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Н.Эээр 3,965,450 төгрөгийг үндэслэлгүйгээр төлүүлсэн үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Улсын Дээд Шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолоор Б.Нямсүрэнгээс 10,723,080 төгрөг гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус газар нь Улсын дээд шүүхийн 414 дүгээр тогтоолыг 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Нямсүрэн нь нас барсан байсан тул барьцаа хөрөнгөнд ажиллагаа явуулахаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-22-01 тоотод ажиллагаа явуулахад тухайн хөрөнгийг эзэмшиж буй Ж.Наранчулуун гэх иргэн уг хөрөнгийг худалдаж авсан гэх тайлбарыг өгч, хөрөнгийг хураалгахгүйгээр өрийг нь өмнөөс нь төлөөд хөрөнгийг чөлөөлүүлж авмаар байгаагаа илэрхийлж тайлбар өгч, төлбөр төлөгчийн охин гэх Н.Э ч мөн адил үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаа хөрөнгийг хураалгахгүйгээр эцэг, эхийн минь өр тул төлбөрийн 50 хувийг Ж.Наранчулуунаар төлүүлж, 50 хувийг Н.Э өөрөө төлөхөөр тайлбар өгч байсан байх бөгөөд төлбөр авагч тал болох Капитал банкны удирдлагуудтай ч тухайн үед ярилцсан байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ байдлаар тухайн үеийн ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгч нартай ярилцан хөрөнгийг хураан худалдан борлуулж төлбөрийг төлүүлэх, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг хойшлуулж цаг хугацаа авч явсаар Н.Э нь эхний төлөлтийг 2016 онд 500,000 төгрөг төлж, Капитал банкны 2000009919 тоот дансанд Б.Нямсүрэн /С.Батсүх/-ийн зээлэнд төлж байсан байна.

Шийдвэр гүйцэтгэгч нарт Н.Э нь тайлбар өгөхдөө “манай хашаа байшинг харин ч сайн хүн авсан, Наранчулуун гэж хүн байгаа, энэ хүн намайг төлбөрийн 50 хувийг төлчихвөл үлдэгдлийг нь төлнө” гэсэн тайлбарыг өгч, хашаа байшинг хураалгахгүйн тулд төлбөрийг төлнө гэж шийдвэр гүйцэтгэгчийг төөрөгдүүлэн, хуурч хугацаа авч байсан байна. Ийнхүү төлбөрийг төлнө гэсэн боловч төлөлгүй байсаар 2018 онд 100,000 төгрөг төлж, 2019 онд 1,300,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус газарт хүсэлт гаргаж Ш.Баттөр гэх хүнээс авах авлагын 2,165,450 төгрөгийг Капитал банкны төлбөрт тооцуулж шилжүүлж өгөх хүсэлт гаргасны дагуу Ш.Баттөрөөс 2,065,450 төгрөг төлөгдсөнийг Капитал банкны 20000009919 тоот дансанд шилжүүлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж төлбөр төлөгчийн өмнөөс төлбөрийг төлнө гэж 2015 оноос хойш өдийг хүргэсэн байсан тул барьцааны хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлмэгц Капитал банкны төлбөрт өөрийн хүсэлтээр төлсөн төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Эийн төлсөн төлбөр Капитал банкны дансанд шилжин орсон тул Капитал банкны эрх хөндөгдөх болно.

Жич: Н.Э нь 2014 оны 2 дугаар сарын 18-нд зээлдэгч С.Нэргүй /Б.Нямсүрэн/-ын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгон, өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэж байсан, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т заасны дагуу Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Үүний дагуу тус газар нь өвийн хэмжээгээр төлбөрийг шаардах эрх үүссэн байсан боловч Н.Э сайн дураар төлбөрийг төлнө гэж байсан тул шаардаагүй. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д “Өв хүлээн авсан өвлөгч өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасан байгаа. Үүний дагуу зээлдэгч С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын хөрөнгийг шууд өвлөх авах хууль ёсны өв залгамжлагч болох Н.Эээс гаргуулсан нь зүйтэй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, Л.Сүхбаатар нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нэргүй, Б.Нямсүрэн нар нь Капитал банктай 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №16251 тоот зээлийн гэрээ байгуулж, 7,500,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэйгээр, 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул тус аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №354 тоот шийдвэр, 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №18 тоот магадлал, 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №414 тоот дээд шүүхийн тогтоолоор Б.Нямсүрэнгээс 10,564,259 төгрөг гаргуулж, Капитал банк ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд төлбөр төлөгч Б.Нямсүрэн нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 99,700 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 1,300,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2,065,450 төгрөг бүгд 3,465,150 /гурван сая дөрвөн зуун жаран таван мянга нэг зуун тавь/ төгрөгийг төлсөн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 6,654,409 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Капитал банк ХХК, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банктай байгуулсан 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №16251 тоот зээлийн гэрээний үүрэг, дээрх шүүхийн шийдвэрийг төлүүлэхээр нэхэмжлэгч Н.Эээс шаардсан, холбогдох данснаас төлбөрийн суутгал хийсэн үйлдэл хийгээгүй болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 974 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 520 дугаар зүйлийн 520.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт тус тус зааснаар Н.Эийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдох 3,965,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтанд хамааруулж үнэлэлгүй, миний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалалгүй, миний эдлэх ёстой байсан эрхийг ноцтой зөрчин үндэслэлгүй шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 974 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа учраас дараах үндэслэлээр хянан үзэж өгөхийг хүсч байна.Үүнд:

 1. Анхан шатны шүүх нь бидний хооронд үүссэн хэрэг маргааны мөн чанарыг үнэн зөв тодорхойлж чадаагүй ба хэт нэг талыг баримталсан хуульд нийцээгүй шийдвэрийг гаргаж, миний эрх зүйн байдлыг дордууллаа.

2. Шүүх нь миний зүгээс талийгаач аав болон ээжээс өв залгамжилсан, өв хүлээн авсан шүүхийн шийдвэр байхгүй, жинхэнэ төлбөр төлөгч гэдэг нь тогтоогдоогүй байхад хууль бус үйл ажиллагаа явуулж, надад 3945650 төгрөгийн хохирол учруулсан хариуцагчийг үндэслэлгүйгээр хариуцлагаас чөлөөлж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөрт өгсөн 2,065,450 төгрөгийг төлбөрт авсан нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай баримтаа шүүхэд ирүүлээгүй” гэж дүгнэсэн нь бодит байдалтай огт нийцээгүй дүгнэлт гэж үзэж байна. Миний бие дээрх 2,065,450 төгрөгийг иргэн Ш.Баттөрийн зүгээс оршуулгын зардалд 2019 онд тушаасан байдаг ба тухайн баримт нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой ба миний зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас оршуулгын зардал болох 2,065,450 төгрөгийг авсан баримтыг гаргуулан хэрэгт хавсаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гарган шийдвэрлүүлсэн байхад шүүхээс “үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дүгнэснийг огт ойлгохгүй байна. Мөн хариуцагчийн зүгээс “2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус газарт хүсэлт гаргаж Ш.Баттөр гэж хүнээс авах авлагын 2,065,450 төгрөгийг Капитал банкны төлбөрт тооцуулж шилжүүлж өгөх хүсэлт гаргасны дагуу Ш.Баттөрөөс 2,065,450 төгрөгийг Капитал банкны 20000009919 тоот дансанд шилжүүлсэн байна” гэж Ш.Баттөр гэдэг хүнээс оршуулгын зардлыг төлбөрт суутгаж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад шүүх огт харгалзаж үзэлгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргалаа.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хянан үзэж, эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр надаас өрөнд суутгаж авсан 3,945,650 төгрөгийн асуудлыг үндэслэлгүйгээр буруу шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2020/00974 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э “нас барсан аав, ээжийн эрх, үүргийг би залгамжлаагүй, төлбөрийг төлж барагдуулахтай холбоотой миний нэр дээр гарсан ямар нэгэн шийдвэр байхгүй байхад Капитал банкны зээлийн төлбөр барагдуулах үйл ажиллагаатай холбогдуулан үндэслэлгүйгээр 3,965,450 /гурван сая есөн зуун жаран таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг”-ийг төлүүлсэн гэж үзэж Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  “нэхэмжлэгч Н.Эрдэнэцэг нь талийгаач С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын хууль ёсны өв залгамжлагч мөн бөгөөд үл хөдлөх хөрөнгийг өвлөн авсан, үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэхэд нэхэмжлэгч Н.Э нь зээлийн төлбөрийг төлж барагдуулахаа удаа дараа илэрхийлж 3,965,450 /гурван сая есөн зуун жаран таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг төлсөн тул уг мөнгийг манай байгууллагаас нэхэмжлэх үндэслэлгүй” гэж  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Давж заалдах шатны шүүх гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль болон холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглэж чадаагүй буюу хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Н.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т  заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим”-д нийцээгүй байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ” гэж заасан байх ба нэхэмжлэгч Н.Э нь талийгаач С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын төрсөн охин болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож, дээрх хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсны хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” хууль ёсны өвлөгч байхаар хуульчилсны дагуу нэхэмжлэгч нь талийгаач нарын дээрх Капитал банкны зээлийн өр төлбөрийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хариуцах үүрэг үүсчээ” гэж дүгнэн шийдвэрлэсэн нь дараах хуулийн заалт зөрчжээ.  

1/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “талуудын аль нэг нь байхгүй /...нас барсан.../ эсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон тохиолдолд нөгөө талын хүсэлтээр, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно”, энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Шийдвэр гүйцэтгэгч дараах баримт бичгийг үндэслэн талуудыг эрх залгамжлан авбал зохих этгээдээр солино.

35.3.1-т Эрх залгамжлагчаар томилох тухай шүүхийн шийдвэр,

35.3.2-т хууль тогтоомжид заасны дагуу эрх залгамжлахаар тогтоосон бусад баримт бичиг  гэж тус тус заасныг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Эийг төлбөр төлөгч Б.Нямсүрэнгийн эрх, үүргийг залгамжлан авагчаар тогтоосон, сольсон эрхийн акт гаргаагүй атал түүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд татан оролцуулж төлбөрийг төлүүлсэн нь шүүхийн гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

2/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “төлбөр төлөгч ...банкан дахь харилцах данс... түүнчлэн төлбөр төлөгчөөс бусдад, бусдаас төлбөр төлөгчид бэлэн ба бэлэн бусаар шилжүүлсэн хоорондын төлбөр тооцооны мөнгөнөөс төлбөр гаргуулж болно” гэж заасан боловч Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор ялтан Ш.Баттөрөөс хохирогч Н.Эт олгох оршуулгын зардалд өгсөн төлбөр болон Н.Эийн дансыг битүүмжлэн түүнээс нийт 3,965,450 төгрөгийн төлбөр гаргуулан Капитал банкны төлбөрт тооцон өгч Н.Эийг төлбөр төлөгч мэтээр түүнээс төлбөр гаргуулсан нь хууль зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч Н.Эээс хуулийг зөрчиж 3,965,450 /гурван сая есөн зуун жаран таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх төлбөрийг буцаан гаргуулахаар шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 78,397 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч Н.Эт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 974 дүгээр шийдвэрийн “Удирдлага болгох” хэсгийн “115.2.3” гэснийг “115.2.1” гэж, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 3,965,450 /гурван сая есөн зуун жаран таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Эт олгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг, “үлдээж, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 78,397 /далан найман мянга гурван зуун ерэн долоо/  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Эт олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Эийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,397 /далан найман мянга гурван зуун ерэн долоо/ төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч Н.Эт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

        ШҮҮГЧИД                                  Н.БАЯРХҮҮ

                                                     Л.ЭРДЭНЭБАТ