Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00748

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2020/00974 дүгээр шийдвэр,

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч

 

нэхэмжлэл: 3,965,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдуламын хяналтын журмаар 2020.07.08-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүхбаатар, С.Норолхоожав, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний аав С.Нэргүй нь 2008 онд Капитал банкнаас зээл авсан бөгөөд төлж чадалгүй нас барсан, мөн түүний эхнэр Б.Нямсүрэн нь ч удалгүй нас барсан юм. Б.Нямсүрэнгээр зээлийг нь төлүүл гэсэн шүүхийн шийдвэр гарсан боловч нас барсан учраас хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон билээ. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үндэслэлгүйгээр 5,465,450 төгрөгийн данс барьцаалсан. Мөн миний дүүгийн оршуулгын зардалд өгсөн гэмт хэрэг үйлдсэн төлбөр төлөгчийн мөнгийг хууль бусаар хурааж авсан юм. Миний бие мөнгөө буцааж авахаар өргөдөл гаргахад 1,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй дансыг чөлөөлсөн боловч 3,965,450 төгрөгийг буцааж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Би нас барсан аав, ээжийн эрх, үүргийг залгамжлаагүй. Түүнчлэн Капитал банкны төлбөрийг төлж барагдуулахтай холбоотой миний нэр дээр гарсан ямар нэгэн шийдвэр байхгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэр биелүүлж байгаа нэрийн дор элдэв хууль бус дарамт үзүүлж байна. Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банкны зээлийн төлбөр барагдуулах үйл ажиллагаатай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үндэслэлгүйгээр төлүүлсэн нийт 3,965,450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: УДШ-н 2011.06.16-ны өдрийн 414 дүгээр тогтоолоор Б.Нямсүрэнгээс 10,723,080 төгрөг гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус газар нь 414 дүгээр тогтоолыг 2011.12.02-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Нямсүрэн нь нас барсан байсан тул барьцаа хөрөнгөнд ажиллагаа явуулахаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-22-01 тоотод ажиллагаа явуулахад тухайн хөрөнгийг эзэмшиж буй Ж.Наранчулуун гэх иргэн уг хөрөнгийг худалдаж авсан гэх тайлбарыг өгч, хөрөнгийг хураалгахгүйгээр өрийг нь өмнөөс нь төлөөд хөрөнгийг чөлөөлүүлж авмаар байгаагаа илэрхийлж тайлбар өгч, төлбөр төлөгчийн охин гэх ******* ч мөн адил үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаа хөрөнгийг хураалгахгүйгээр эцэг, эхийн минь өр тул төлбөрийн 50%-г Ж.Наранчулуунаар төлүүлж, 50%-г ******* өөрөө төлөхөөр тайлбар өгч байсан байх бөгөөд төлбөр авагч тал болох Капитал банкны удирдлагуудтай ч тухайн үед ярилцсан байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ байдлаар тухайн үеийн ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгч нартай ярилцан хөрөнгийг хураан худалдан борлуулж төлбөрийг төлүүлэх, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг хойшлуулж цаг хугацаа авч явсаар ******* нь эхний төлөлтийг 2016 онд 500,000 төгрөг төлж, Капитал банкны 2000009919 тоот дансанд Б.Нямсүрэн /С.Батсүх/-ийн зээлэнд төлж байсан байна. Шийдвэр гүйцэтгэгч нарт ******* нь тайлбар өгөхдөө манай хашаа байшинг харин ч сайн хүн авсан, Наранчулуун гэж хүн байгаа, энэ хүн намайг төлбөрийн 50%-г төлчихвөл үлдэгдлийг нь төлнө гэсэн тайлбарыг өгч, хашаа байшинг хураалгахгүйн тулд төлбөрийг төлнө гэж шийдвэр гүйцэтгэгчийг төөрөгдүүлэн, хуурч хугацаа авч байсан байна. Ийнхүү төлбөрийг төлнө гэсэн боловч төлөлгүй байсаар 2018 онд 100,000 төгрөг төлж, 2019 онд 1,300,000 төгрөг, 2019.05.20-ны өдөр тус газарт хүсэлт гаргаж Ш.Баттөр гэх хүнээс авах авлагын 2,165,450 төгрөгийг Капитал банкны төлбөрт тооцуулж шилжүүлж өгөх хүсэлт гаргасны дагуу Ш.Баттөрөөс 2,065,450 төгрөг төлөгдсөнийг Капитал банкны 20000009919 тоот дансанд шилжүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж төлбөр төлөгчийн өмнөөс төлбөрийг төлнө гэж 2015 оноос хойш өдийг хүргэсэн байсан тул барьцааны хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлмэгц Капитал банкны төлбөрт өөрийн хүсэлтээр төлсөн төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. *******ийн төлсөн төлбөр Капитал банкны дансанд шилжин орсон тул Капитал банкны эрх хөндөгдөх болно. ******* нь 2014.02.18-нд зээлдэгч С.Нэргүй /Б.Нямсүрэн/-ын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгон, өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэж байсан. ИХ-н 515.2-т заасны дагуу Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Үүний дагуу тус газар нь өвийн хэмжээгээр төлбөрийг шаардах эрх үүссэн байсан боловч ******* сайн дураар төлбөрийг төлнө гэж байсан тул шаардаагүй. ИХ-н 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасан байгаа. Үүний дагуу зээлдэгч С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын хөрөнгийг шууд өвлөх авах хууль ёсны өв залгамжлагч болох *******ээс гаргуулсан нь зүйтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд тайлбартаа: С.Нэргүй, Б.Нямсүрэн нар нь Капитал банктай 2008.05.20-ны өдрийн №16251 тоот зээлийн гэрээ байгуулж, 7,500,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэйгээр, 2009.05.20-г хүртэл хугацаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул тус аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2011.03.21-ний өдрийн №354 тоот шийдвэр, 2011.05.04-ний өдрийн №18 тоот магадлал, 2011.06.16-ны өдрийн №414 тоот дээд шүүхийн тогтоолоор Б.Нямсүрэнгээс 10,564,259 төгрөг гаргуулж, Капитал банк ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.. шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд төлбөр төлөгч Б.Нямсүрэн нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018.03.30-ны өдөр 99,700 төгрөг, 2019.03.12-ны өдөр 1,300,000 төгрөг, 2019.06.14-ний өдөр 2,065,450 төгрөг бүгд 3,465,150 төгрөгийг төлсөн бөгөөд 2020.04.30-ны өдрийн байдлаар 6,654,409 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын Капитал банктай байгуулсан 2008.05.20-ны өдрийн №16251 тоот зээлийн гэрээний үүрэг, дээрх шүүхийн шийдвэрийг төлүүлэхээр нэхэмжлэгч *******ээс шаардсан, холбогдох данснаас төлбөрийн суутгал хийсэн үйлдэл хийгээгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 155/ШШ2020/00974 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 520 дугаар зүйлийн 520.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 3,965,450 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2020/00974 дүгээр шийдвэрийн Удирдлага болгох хэсгийн 115.2.3 гэснийг 115.2.1 гэж, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 3,965,450 /гурван сая есөн зуун жаран таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж, *******т олгосугай. гэж, 2 дахь заалтад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 78,397 төгрөг гаргуулж, *******т олгох нэмэлт оруулан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч гомдол гаргахдаа төлсөн 78,397 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, *******т буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1. Уг магадлалын үндэслэх хэсгийн 1-д : Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35.1-т Талуудын аль нэг байхгүй /... нас барсан../ эсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон тохиолдолд нөгөө талын хүсэлтээр, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно, энэ хуулийн 35.3-т Шийдвэр гүйцэтгэгч дараах баримт бичгийг үндэслэн талуудыг эрх залгамжлан авбал зохих этгээдээр солино. 35 3.1. эрх залгамжлагчаар томилох тухай шүүхийн шийдвэр; 35.3.2. хууль тогтоомжид заасны дагуу эрх залгамжлахаар тогтоосон бусад баримт бичиг гэж тус тус заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ийг төлбөр төлөгч Б.Нямсүрэнгийн эрх, үүргийг залгамжлан авагчаар тогтоосон, сольсон эрхийн акт гаргаагүй атал түүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд татан оролцуулж төлбөрийг төлүүлсэн нь шүүхийн гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болно гэжээ. ШШГТХ-н 35.1 нь: -Талуудын аль нэг нь байхгүй /сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлсэн/ -эсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон тохиолдолд нөгөө талын хүсэлтээр, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. ******* нь эрх залгамжлан авбал зохих этгээд биш. Үүргийн гүйцэтгэл буюу барьцааны эрх бусдад шилжсэн тохиолдолд барьцааны эрхийг шилжүүлж авсан этгээд ИХ-н 155.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэл шинэ барьцаалагчид шилжих бөгөөд энэ тохиолдолд шинэ барьцаалагч үүргийн гүйцэтгэлийн эрх залгамжлан авбал зохих этгээд байх ба энэ нөхцөлд шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр тогтоож, шийдвэр гаргана. Харин ******* нь үндсэн үүрэг гүйцэтгэгч С.Нэргүйгийн өв залгамжлагч мөн ба 2014.02.18-ны өдрийн 013 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр өв залгамжлагчаар тогтоогдож, хариуцагчийн үүргийг хүлээн авсан өв, хөрөнгийн хэмжээгээр хариуцах үүрэг хүлээсэн этгээд юм. Хууль ёсны өвлөгч болох нь тогтоогдож, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байхад шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гаргахгүй бөгөөд 35.1-д энэ тохиолдолд шийдвэр гаргах зохицуулалтыг заагаагүй. Үүнд: Үүргийн харилцаа нь С.Нэргүйгийн Капитал банкнаас авсан зээлийн гэрээнээс үүдэлтэй ба шүүхийн шийдвэр гарах үед С.Нэргүй нь нас барсан байсан тул эхнэр Б.Нямсүрэн нь УДШ-н 2011 оны 414 дүгээр тогтоолоор хариуцагчаар буюу хууль ёсны өвлөгч мөн болох нь тогтоогдож шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудас 2011.12.02-нд бичигдсэн ба Б.Нямсүрэн 2011.06.04-ний өдөр нас барсан. ******* нь Б.Нямсүрэнгээс өв залгамжлах эрх үүсээгүй боловч үндсэн үүрэг гүйцэтгэгч С.Нэргүйгийн Мөрөн сумын 7-р баг 16-22 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авсан хууль ёсны өвлөгч. Хууль ёсны өвлөгчийг эрх залгамжлагчаар тогтоовол зохих этгээдээр тогтоох шийдвэр гаргахгүй ба өвлөх эрхийн гэрчилгээ нь *******ийг эрх залгамжлагч болохыг тогтоож байгаа ба хүлээн авсан өвийн хэмжээгээр ИХ-н 535.1-д заасны дагуу өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх үүрэг хуулиар шууд үүсч байна. Өөрөөр хэлбэл өвлөх эрхийн харилцаа нь нэг талын буюу *******ийн хүсэл зоригийг илэрхийлсэн нэг талын хэлцэл ба ******* нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж үүргийн харилцааг үүсгэсэн. Энэ нь ИХ-н 8.1.1-д заасны дагуу хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл-ийн үндсэн дээр үүссэн иргэний эрх зүйн харилцаа. Гэтэл шүүх ШШГТХ-н 35.1-г хэрэглэхдээ буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн. 2: Магадлалын үндэслэх хэсгийн 2-т ШШГТХ-н 95.1-д төлбөр төлөгч... банкан дахь харилцах данс... түүнчлэн төлбөр төлөгчөөс бусдад, бусдаас төлбөр... гэж заасан боловч ... ялтан Ш.Баттөрөөс хохирогч *******т олгох оршуулгын зардалд өгсөн төлбөр болон *******ийн дансыг битүүмжлэн түүнээс нийт 3,965,450 төгрөгийн төлбөр гаргуулан Капитал банкны төлбөрт тооцон өгч Н.Эдэнэцэцэгийг төлбөр төлөгч мэтээр түүнээс төлбөр гаргуулсан нь хууль зөрчсөн байна гэжээ. ШШГТХ-н 95 нь Төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах заалт биш бөгөөд уг заалт нь Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн өмчлөлийн бусдын эзэмшилд байгаа мөнгөн болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах гэсэн хуулийн заалт байтал уг заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулсан гэж дүгнэсэн, мөн *******ийн дансыг битүүмжлэн түүнээс нийт 3,965,450 төгрөг гаргуулсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэргийн баримтад гаргаж өгсөн нотлох баримт буруу үнэлж, дүгнэлт гаргасан. Өөрөөр, хэлбэл *******ийн данснаас 3,965,450 төгрөгийг шууд битүүмжлэл хийгээд, суутган авсан мэтээр дүгнэж, магадлалын үндэслэх хэсэгт заасан. Хэргийн баримтаас харвал ******* нь тухайн үеийн ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгч нартай ярилцан хөрөнгийг хураан, худалдан борлуулж, төлбөрийг төлүүлэхгүйн тулд, өөрөө төлбөр төлөхөөр тайлбар өгч, шийдвэр биелүүлэх ажиллагааг хойшлуулж цаг хугацаа авч, явсаар эхний төлөлтийг 2016 онд 500,000 төгрөг төлж, Капитал банкны 2000009919 тоот дансанд Б.Нямсүрэн /С.Нэргүй/-ийн зээл-энд төлж байсан, 2018 онд 100,000 төгрөг төлж, 2019 онд 1,300,000 төгрөг, 2019.05.20-ны өдөр тус газарт хүсэлт гаргаж Ш.Баттөр гэх хүнээс авах авлагын 2,165,450 төгрөгийг Капитал банкны төлбөрт тооцуулж шилжүүлж, өгөх хүсэлт гаргасны дагуу Ш.Баттөрөөс 2,065,450 төгрөг төлөгдсөнийг Капитал банкны 20000009919 тоот дансанд тус тус шилжүүлсэн байдаг шийдвэр гүйцэтгэлийн явцад ******* өөрийн гаргасан хүсэлтийн дагуу, өөрийн биеэр төлбөрийг төлж, мөн өөрийн хүсэлтээр төлбөрт авсан мөнгөө шүүхийн шийдвэрт заасан өр төлбөрт суутгуулсан. Энэ харилцаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс данс битүүмжилж, суутгал хийсэн 1 ч тохиолдол байхгүй бөгөөд хэрэгт байгаа баримтыг гуйвуулан буруу дүгнэлт хийсэн нь ИХШХШТХ-н 40-г зөрчсөн. 3. ******* нь өөрийгөө өв залгамжлагч биш гэж үзэж төлбөрийг төлөхгүй талаараа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шүүхэд анхны төлөлтийг хийх үедээ гомдол гаргаж болох хуулийн хугацаа байсан атал гомдол гаргаагүй, энэ талаар нь шүүх хурал дээр асуухад хариулж чадаагүй, шүүх: энэ-бүгдийг мэдэж байж гомдол гаргах хугацааг огт харгалзаж үзээгүй, төдийгүй шийдвэрт ч тусгаагүй байна. ШШГТХ-д заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байтал шүүх гомдол гаргах хугацааг авч хэлэлцээгүй шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед Мөрдөгдөж байсан /34.3, 143-р зүйл/-д шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргах хугацааг алах шийдвэр гүйцэтгэгчид 7 хоногийн дотор, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах, одоо мөрдөгдөж буй хууль /44.3-4, 301-р зүйл/-р ахлах шийдвэр гүйцэтгэгчид 7 хоногийн дотор, шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байтал шүүх гомдол гаргах хугацааг огт авч хэлэлцээгүй шийдвэр гаргасан. *******ийн хувьд уг шийдвэрийг биелүүлэхгүй байх хувийн сонирхол асар их байгааг шүүх харгалзан үзээгүй УДШ-н 2011 оны 414 дүгээр тогтоолд ******* нь өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан хөрөнгийг Ж.Наранчулуун гэх хүнд 2008.04 сард 9 сая төгрөгөөр зарж, 2008.05 сард өөрийн төрсөн эцэг болох С.Нэргүйн нэр дээр хөрөнгөө шилжүүлж Капитал банкнаас зээл авсан зэрэг үйл баримт нь Дээд шүүхийн тогтоолд төдийгүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний он, сар өдрөөс тодорхой харагдах бөгөөд энэ бүгдээс үзвэл анхнаасаа ******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйн тулд 2011 оноос хойш уг хэрэгт оролцож байсныг илтгэж байхад шүүх энэ бүгдийг харалгүй зөвхөн *******ийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд хуульд заасан ажиллагаа хийж буй байгууллагыг хууль зөрчсөн мэтээр- буруутгаж байгаад гомдолтой байна. 2015 оноос хойш ******* нь өөрийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өв залгамжлагчийн хувиар төлбөрийг төлөх нь үнэн гэдгээ ухамсарлан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаагаа мэдэж, төлбөрийг өөрийн биеэр төлж, тухайн үед ажиллаж байсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч, болон капитал банкны удирдлагуудтай ярилцаж төлбөрийг төлөх талаар гуйж байсан болон өвлөх эрхийн гэрчилгээгээр өв хүлээн авснаа ******* нь шүүх хурал дээр үгүйсгээгүй байтал шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтыг буруу үнэлж, бодитой үнэнд нийцсэн дүгнэлт гаргах чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн бодит биелэлтийг хангах нөхцөл боломжийг бүрдүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2019.12.16-ны өдөр Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 3,965,450 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан байна.

 

Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

*******ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь дутагдалтай болжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011.06.16-ны өдрийн 414-р тогтоолоор Б.Нямсүрэнгээс 10,564,259 төгрөг гаргуулан Капитал банкны Хөвсгөл аймаг дахь салбарт олгох, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явагдсан гэж үзсэн эсхүл хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол шаардсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч нь хийх эрхтэй бөгөөд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаанд хамаарна.

 

Төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйл /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 53 дугаар зүйл/-д заасан дарааллын дагуу явагдана.

 

Шүүхийн шийдвэрт тухайлан заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дээрх дарааллыг заавал баримтлахыг шаардахгүй бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл., Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т нийцнэ.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хяналтын шатны шүүхийн 2011 оны 414-р тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа эсэх, өвлөгчийн үүрэг, эрх залгамжлал, барьцааны хөрөнгө зэргийн талаар дүгнэлт хийгээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35, 83, 86 дугаар зүйл болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг анхаарч үзээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчжээ.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй, зохигч мэтгэлцээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,6.3 дах хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2017 оны хуулийн 86 дугаар зүйлийн холбогдох хэсэгт нийцэхгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2020/00974 дүгээр шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД, Б.МӨНХТУЯА

П.ЗОЛЗАЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ