Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 00025

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Б.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 920 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Б.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Дд холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, алданги 17,511,935 /арван долоон сая таван зуун арван нэгэн мянга есөн зуун гучин тав/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдоржийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 25 кг дээш жинтэй, чанартай 200 ш хонины махыг 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нийлүүлэх нөхцөлтэй зээлийн гэрээг байгуулсан. П.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2,381,400 төгрөгийн зээлээ төлсөн. Үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс 2,381,400 төгрөгийг хасч 17,618,600 төгрөг үлдсэн. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 20-нд 17,618,000 төгрөгийг өгнө гээд төлөөгүй. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,533 тн хонины махыг зээлдээ өгч хасуулсан. Энэ хугацаа хүртэл 4 хувийн хүү нь 11 хоногоор тооцоход 258,406 төгрөг, алданги 0.5%-ийг 11 хоногийг тооцоход 969,902 төгрөг, нийт 18,846,308 төгрөг болсон. П.Дгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нийлүүлсэн 1,533 тн махыг 1кг-ыг 4000 төгрөгөөр тооцож 1533х4000=6,132,000 төгрөг болсон. Үндсэн зээл, хүү, алданги 18,846,308 төгрөгөөс 6,132,000 төгрөгийг хасч 12,714,308 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийг төлөх байтал төлөөгүй. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл П.Дгаас зээлээ төлөхийг шаардахад удахгүй өгнө, махаар төлчихнө гэж 122 хоног буюу 4 сар 2 хоногийн дараа 1,159 тн мах зээлэнд өгсөн. Үндсэн төгрөг 12,714,308 төгрөгөөс 4 сарын 4% хүү 2,034,289 төгрөг, алданги 0,5%-г 122 хоногоор тооцоход 12,714,308х0.5%х122= 7,755,737 төгрөг болсон. Иргэний хуульд зааснаар алданги үндсэн мөнгөний 50% хувиас хэтрэхгүй гэсэн нөхцлийн дагуу 12,714,308 төгрөг /2 =6,357,154 төгрөг болсон. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 122 хоног буюу 4 сар 2 хоног зээлийн хугацаа хэтрүүлсэн. Үндсэн зээл 12,714,308 төгрөг+хүү 2,034,289 төгрөг + алданги 6,357,154 төгрөг= 21,105,575 төгрөг болсон. П.Д нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1,159 х 4000=4,636,000 төгрөг төлсөн. Үндсэн зээл, хүү, алданги 21,105,575 төгрөгөөс 4,636,000 төгрөгийг хасч, зээлийн төлбөр 16,469,751 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Зээлийн төлбөрийг удаа дараа төлөхийг шаардсан боловч төлөөгүй. 2020 оны 01 дүгээр сарын 31-нээс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 20 хоног хугацаа хэтрүүлсний 4% 439,193 төгрөг, алданги 548,991 төгрөг, үндсэн зээл 16,469,751 төгрөг+20 хоногийн хүү 439,193+20 хоногийн алданги 548,991= 17,511,935 төгрөгийг П.Д төлөөгүй.

Иймд П.Дгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу 17,511,935 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлийн гэрээг байгуулах үедээ хугацаа хэтэрсэн тохиолдолд 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хүү, алдангийг тооцно гэдгийг маш сайн анхаараарай гэдгийг гэрээ байгуулахдаа ярьж П.Дд ойлгуулахад хүү алданги тооцохгүйгээр яг хугацаандаа мөнгөө баталгаатай өгнө гэж хэлсэн байдаг. ... Зээлийн гэрээ өөрөө хоёр хүний хоорондоо хүсэл сонирхлоо илэрхийлж хийсэн хэлцэл байдаг. Энэ нь нэг талаас шахаж шаардсан хэлцэл харагддаггүй. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Хамгийн гол нь энэ хүний хувьд гэрээний хүү 4 хувь, 0,5 хувийн алданги гэдгийг хараагүй гэж байгаа. Зээлийн гэрээ гэдгийг нь олж харсан хэдий ч доторх заалтыг нь хараагүй гэж маргаж болохгүй. Хариуцагчийн хувьд зээлийн гэрээнд заагдсан хүү, алданги, зээлийн үндсэн мөнгийг төлөх үүрэгтэй. П.Д 20,000,000 төгрөг зээлж аваад хариуд нь мах нийлүүлэх үүрэг хүлээж байгаа гэрээ юм. Гэрээний 6.2 дугаар зүйл дээр энэ талаар тусгасан байгаа. Зээлээр худалдах, худалдан авах гэрээн дээр хүү, алданги тооцож болно гэсэн заалт байгаа. Хоёр хүний зээлээр худалдах худалдан авах гэрээ байна гэдгийг анхаарах хэрэгтэй гэжээ.

Хариуцагч П.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би Түвшинжаргалын нэхэмжлэлтэй танилцлаа. 2019 оны 9 дүгээр сард би Мөрөнгийн "Мах маркет”-д мах бэлтгэж өгчихөөд махны мөнгөө хүлээгээд тус үйлдвэр дээр явж байхад Бархасболд надтай тааралдаад “эгч та манайхаас мөнгө аваад мах бэлтгэж өгөөч” гэхэд нь би “за тэгье” гэж хэлээд ажил дээр нь очиж уулзахад Бархас “200 хонь нийлүүлэх боломж байна уу?” гэсэн тэгэхэд нь “би болноо болно” гэсэн.  Бархас “за тэгвэл та 20,000,000 төгрөг аваад яв, та мөнгөө бэлэн авах уу?” гэхэд нь би дансанд хийчих гэж хэлсэн, тэгэхэд эхнэр Түвшинжаргал нь байсан. Тэгээд Бархас “20,000,000 төгрөг ч бага мөнгө  биш, 20,000,000 төгрөг гаргаж байгаа юм чинь та энэ дээр гарын үсэг зурчих уу?” гэхэд нь мах бэлтгэх гэрээ гэж ойлгож гарын үсэг зурсан. Тухайн үед бидний хооронд 150 кг-аас дээш жинтэй үхрийн мах, 25кг-аас дээш жинтэй хонины мах хэрэгтэй байна гэж ярьсан, ингэхдээ Бархас би хавар л хэрэглэх нөөцийн мах бэлтгэж байгаа юм гэх мэтээр нилээн яриа болсон энэ үед эр хонины махны бөөний үнэ 6000 төгрөг байсан, тэгэхэд Бархас би мөнгөө бэлэн өгч байгаа юм чинь 5800 төгрөгөөр хийчих үү гэхэд нь би зөвшөөрсөн юм. Тэгээд миний дансанд мөнгө хийсэн байсан, би ч Бархас бид хоёрын ярьсан ярианы дагуу л бичсэн, хийсэн байх гэж бодоод л Бархаст итгээд уг цаасан дээр нь гарын үсэг зурсан.  Гэтэл эдгээр хүмүүс мах бэлтгэх гэрээг зээлийн гэрээ мэтээр хүү, алданги тооцон надаас 17,511,935 төгрөг нэхэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхнаасаа мах бэлтгэж өг гэснээс биш надад хүүтэй мөнгө зээлж байгаа, хугацаа хэтэрвэл хүү тооцох гэсэн хэлэлцээ хийгээгүй юм. Хэрвээ хүү алданги тооцно, тэднээс тэдний хооронд мах бэлтгэж өгөх гэж тохиролцон гэрээ байгуулсан бол би хүүтэй мөнгө авах шаардлага ч байгаагүй юм.

Би ярьж тохирсныхоо дагуу доорх махыг бэлтгэж өгсөн.

а. 2019 оны 9 дүгээр сарын 20-нд 2,381,400 төгрөгийн мах 2 шарын мах буюу 378 кг үхрийн махыг нэг кг-ыг нь 6300 төгрөгөөр тооцож,

б. 2019 оны 10 дугаар сарын 01-ний үед 1,533,000 кг хонины махыг нэг кг-ыг нь 5800 төгрөгөөр тооцож нийт 8,891,400 төгрөгийн мах,

в. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,159,000 кг хонины махыг нэг кг-ыг нь 5800 төгрөгөөр тооцож, нийт 6,726,800 төгрөгийн мах нийлүүлж Бархас, Түвшинжаргал нарт нийт 17,999,600 төгрөгийн мах нийлүүлсэн байна. Надаар мах бэлтгүүлэхээр тохирч надад 20,000,000 төгрөг өгсөн нь үнэн, би 17,999,600 төгрөгийн мах бэлтгэж өгсөн байхад Түвшинжаргал нь 9 хоногийн хугацаатай гэрээ хийсэн дүр үзүүлж, сар бүр хүү, алданги тооцон мөнгө хүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ингээд эдгээр хүмүүст одоо 2,000,400 төгрөгийн өглөгтэй байгаа гэжээ.

Хариуцагч П.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Тын тус шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү, алданги 17,511,935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан энэхүү нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Гэрээг хальт харахад 25 кг-аас дээш жинтэй хонь 200 ш -ийг нийлүүлнэ гэсэн байхаар нь би гарын үсэг зурсан, бусад заалтыг бол хараагүй, бид нарын ярианы дагуу л хийж байгаа юм байна, мөнгө өгч авч байгаа баримт л гээд бодсон. Угаасаа тэр үед надад тэд нар 9 хоногийн хугацаатай, өндөр хүүтэй, зээлийн гэрээ шүү гэдэг байдлаар хэлээгүй, тохиролцоогүй.

Нэхэмжлэгч Б.Тын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон зээлийн гэрээнээс харахад бидний хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан гэх зүйл харагдахгүй байгаа. Бидний хийсэн аман тохиролцоо бол би 25 кг-аас дээш жинтэй хонины мах нийлүүлэх, үнийг 5,800 төгрөг байна, урьдчилгаа болгож 20,000,000 /хорин сая/ төгрөг өгөх, үлдэгдлийг мах өгөхөөр авахаар тохиролцсон болно. Гэтэл энэ тохиролцоог халхавчилж 20,000,000 төгрөгийн урьдчилгаа өгснийгөө Зээлсэн болгож Зээлийн гэрээг байгуулсан байна.

Гэрээний 7.4-т “Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар батлуулж, эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэжээ. Гэвч гэрээний талууд энэхүү гэрээний нөхцөлийг нэг бүрчлэн сайн дураараа хэлэлцэн тохиролцоогүй, нотариатаар гэрчлүүлээгүй, эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр бус байхаар байна.

Иймд 20,000,000 төгрөгийг 9 хоногийн хугацаатайгаар сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө, эд зүйлийг харилцан буцааж шийдвэрлэж өгнө үү. Хэрэв махыг буцааж өгөх боломжгүй гэвэл мах нийлүүлэх тухайн үеийн ханшаар тооцож мөнгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байсан. Энэ нэхэмжлэлийг бид нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ? гэвэл тухайн хоёр хүний хүсэл сонирхлоор хийгдсэн. П.Дд мөнгө хэрэгтэй болсон уу? болсон, Б.Тд яаралтай махны хэрэгцээ байсан уу? байсан гэдэг асуудал харагддаг. 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 20-ний өдрийн хооронд хийгдсэн энэхүү гэрээг харахад энэ бол зээлээр худалдах худалдан авах гэрээний шаардлагыг хангаж харагдаж байгаа боловч бодит байдал дээр байгуулсан гэрээ нь зээлийн гэрээний шаардлагыг хангаж байгаа юм. 20,000,000 төгрөгийг П.Д нь Б.Таас зээлсэн. Тухайн үйл баримт дээр гарын үсэг зурсан. Хүүний хувьд өндөр хүүтэй гэж байна. Хүү бол банк бус санхүүгийн байгууллагуудаас ялгаагүй адилхан 4 хувийн хүүтэй байгаа. Үүнээс болоод ямар эрсдэл хүлээгээд байна вэ? гэвэл бусдад 0,5 хувийн алданги төлөөд, хохирол төлж байгаа асуудал үүсч байгаа юм. Зээлийн гэрээг хүсэл сонирхлын үндсэн дээрээс хийсэн. Зээлийн хүүн дээр давамгайлсан асуудал байхгүй. 10 хувь, 20 хувийн хүүтэй биш 4 хувийн хүүтэй. Энэ хүний өөрийнх нь хариуцлагагүй байдал байгаа юм. Эрт мөнгөө өгчихсөн байсан бол 0,5 хувийн алданги бодогдохгүй байх байсан. П.Дг хүчээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. П.Д өөрөө сайн дураараа зурсан. Мөнгө зээлж авч байгаагаа хүлээн зөвшөөрсөн, зээлийн гэрээ гэдгийг харсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хамгийн гол нь дотроо 4 хувь, 0,5 хувь гэж байсан гэдгийг хараагүй гэдэг зүйл яриад маргаад байгаа болохоос зээлийн гэрээ байгуулсан гэдэг дээр маргаагүй. Тийм учраас П.Д зээлийн гэрээг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрсөн. Гэрээнд заагдсан хүү, алдангийг төлөх үүрэгтэй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 920 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус зааснаар хариуцагч П.Дгаас 3,351,000 /гурван сая гурван зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,647,301 /арван сая зургаан зуун дөчин долоон мянга гурван зуун нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч П.Дгийн гаргасан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,510 / хоёр зуун дөчин таван мянга таван зуун арав/ төгрөгийг, хариуцагч П.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,950 / хоёр зуун тавин есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Дгаас 68,566 /жаран найман мянга таван зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч П.Д нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурсан ба зээлийн гэрээний үндсэн тохиролцоо нь зээлдүүлэгч Б.Т нь зээлдэгч П.Дд 20,000,000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч тус мөнгийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буцааж төлөх, зээлийн хүү сарын 4 хувь, зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх тохиролцоо байсан юм. Ингээд тус өдрөө зээлдүүлэгч Б.Т нь зээлдэгчийн дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ “...Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчид үхэр, хонины махыг хүлээлгэж өгөөд байгаа бодит 3 удаагийн үйл баримтаас талуудын хүсэл зориг, Иргэний хуульд заасан Зээлийн гэрээний онцлог, үндсэн шинжтэй нийцээгүй, зөвхөн мөнгө өгч авалцсан талаарх үйл баримтыг гэрчлэх зорилгоор хийсэн болох нь бодит байдалд нийцэж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэж боломжгүй гэж үзлээ” гэсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч тал хариуцагч нь махны үйлдвэрээс мөнгөө авч чадаагүй эргэлтийн мөнгө байхгүй учраас мөнгө зээлсэн гэдгийг нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд удаа дараа тайлбарласан боловч шүүх хэт нэг талыг баримталж, хүчин төгөлдөр Зээлийн гэрээг үнэлэхгүй орхиж, хэргийг шийдвэрлэсэн байна. Хариуцагч нь тогтоосон хугацаанд зээлсэн мөнгөө өгөөгүй учраас нэхэмжлэгч зээлийн үнийн дүнд хариуцагчийн зарж байгаа махнаас авсан байдаг. Гэтэл мах өгсөн, авсан гэдэг үйл баримтаар Зээлийн гэрээг бодит байдалд нийцээгүй гэж үзэж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй болжээ. Мөн анхан шатны шүүх талуудын хооронд Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг зөрчиж, талуудын тэгш эрхийн үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан Зээлийн гэрээг шүүх үнэлэхгүй орхисон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Хариуцагч тал Зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан, зээлдүүлэгч тал эд хөрөнгө шилжүүлэх үүрэг буюу 20,000,000 төгрөгөө шилжүүлсэн ба харин зээлдэгч зээлсэн мөнгөө бэлнээр төлж чадахгүй байсан учраас зээлдүүлэгч үүргийн гүйцэтгэлийг махаар үнэлж авсныг талуудын хүсэл зоригоос гажуудуулж тайлбарласан байна. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155/ШШ2020/00920 шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 13,998,301 төгрөгийг хариуцагч П.Дгаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь П.Дд холбогдох “17,511,935 /арван долоон сая таван зуун арван нэгэн мянга есөн зуун гучин тав/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Тын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тухайлбал. 1/ Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт сөрөг нэхэмжлэлийн  талаар дүгнэсэн үндэслэл, нотлох баримтыг шүүх хэрхэн үнэлж байгаа талаар дутуу буюу “ ... Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ зээлийн гэрээг үнэлж шийдвэрлээгүй байдал, Түүнчлэн... ” гэж ойлгомжгүй тусгаснаас давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт дүгнэлт хийх боломжгүй болжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэснийг зөрчсөн байна.

2/ Зохигчдын шүүхэд гаргасан “махны үнэ тогтоолгох тухай” хүсэлтийг хангахдаа эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар тогтоолгоогүй, 4 махны үйлдвэрт үзлэг хийхээр хүсэлт хангаж захирамж гаргасан боловч 3 махны үйлдвэрт үзлэг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  6 дугаар зүйлд заасан “мэтгэлцэх зарим”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт... шинжилгээ хийлгэх, тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэснийг, шүүгч өөрөө махны үнийг “дунджаар” гэж тогтоож шийдвэрлэсэн нь хэрэг маргаан шийдвэрлэхэд шүүх хөндлөнгийн байр сууринаас оролцох зарчим,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд... тооцоо зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд... шинжээчийг томилно” гэж заасныг тус тус зөрчжээ.    

3/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар “гэрчийн мэдүүлэг... шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан ба хэргийн нотлох баримтад хамаарах, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “...шүүх хуралдааны тэмдэглэлд... гэрчийн мэдүүлэг... журмыг тайлбарласан байдлыг бичнэ” гэж заасан байна.

Гэтэл гэрчийг шүүх хуралдаанд оролцуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 102, 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т заасан журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны тэмдэглэл болон шийдвэрт гэрч оролцсон талаар тусгагдаагүй, гэрч нарыг танхимаас тусгаарласан, гэрчийг шүүх хуралдаанд хэрхэн оролцуулсан зэрэг нь тодорхойгүй байна.

Дээр дурдсан алдаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 245,510 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 920 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,510 /хоёр зуун дөчин таван мянга таван зуун арван тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

                                 ШҮҮГЧИД                                     Н.БАЯРХҮҮ

                                                                                       Л.ЭРДЭНЭБАТ