Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 00920

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Ш овогт Б.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х овогт П.Д холбогдох,

17.511.935 /арван долоон сая таван зуун арван нэгэн мянга есөн зуун гучин тав/   төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  155/2020/00604/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж, хариуцагч П.Дэлгэрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: П.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 25 кг дээш жинтэй, чанартай 200 ш хонины махыг 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нийлүүлэх нөхцөлтэй зээлийн гэрээг байгуулсан. П.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2.381.400 төгрөгийн зээлээ төлсөн. Үндсэн зээл 20.000.000 төгрөгөөс 2.381.400 төгрөгийг хасч 17.618.600 төгрөг үлдсэн. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 20-нд 17.618.000 төгрөгийг өгнө гээд төлөөгүй. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1.533 тн хонины махыг зээлдээ өгч хасуулсан. Энэ хугацаа хүртэл 4 хувийн хүү нь 11 хоногоор тооцоход 258.406 төгрөг, алданги 0.5%-ийг 11 хоногийг тооцоход 969.902 төгрөг, нийт 18.846.308 төгрөг болсон. П.Д 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нийлүүлсэн 1,5331 тн махыг 1кг -ыг 4000 төгрөгөөр тооцож 1533х4000=6.132.000 төгрөг болсон. Үндсэн зээл, хүү, алданги 18.846.308 төгрөгөөс 6.132.000 төгрөгийг хасч 12.714.308 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийг төлөх байтал төлөөгүй. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл П.Д зээлээ төлөхийг шаардахад “ ... удахгүй өгнө, махаар төлчинө. ...” гэж 122 хоног буюу 4 сар 2 хоногийн дараа 1.159 тн мах зээлэнд өгсөн. Үндсэн төгрөг 12.714.308 төгрөгөөс 4 сарын 4% хүү 2.034.289 төгрөг, алданги 0,5%-г 122 хоногоор тооцоход 12.714.308х0.5%х122= 7.755.737 төгрөг болсон. Иргэний тухай хуульд зааснаар алданги үндсэн мөнгөний 50% хувиас хэтрэхгүй гэсэн нөхцлийн дагуу 12.714.308 төгрөг/2=6.357.154 төгрөг болсон. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүртэл 122 хоног буюу 4 сар 2 хоног зээлийг хугацаа хэтрүүлсэн. Үндсэн зээл 12.714.308 төгрөг+хүү 2.034.289 төгрөг + алданги 6.357.154 төгрөг= 21.105.575 төгрөг болсон. П.Дэлгэрмаа нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.159 тн /мах/ х4000=4.636.000 төгрөг төлсөн. Үндсэн зээл, хүү, алданги 21.105.575 төгрөгөөс 4.636.000 төгрөгийг хасч, зээлийн төлбөр 16.469.751 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Зээлийн төлбөрийг удаа дараа төлөхийг шаардсан боловч төлөөгүй. 2020 оны 01 дүгээр сарын 31-нээс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 20 хоног хугацаа хэтрүүлсний 4% 439,193 төгрөг, алданги 548.991 төгрөг, үндсэн зээл 16.469.751 төгрөг+20 хоногийн хүү 439.193+20 хоногийн алданги 548.991= 17.511.935 төгрөгийг П.Д төлөөгүй.

Иймд П.Д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу 17.511.935 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр П.Д, Б.Т хоёр зээлийн гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээний гол зорилго нь П.Д мөнгөний хэрэг гарсан, мах маркет болон махны компаниудад махаа нийлүүлээд мөнгөө авч чадахгүй болсон байдалтай, эргэлтийн хөрөнгөгүй болсон учраас мах худалдаж авах боломжгүй болоод Б.Т 20,000,000 төгрөг зээлж авсан байдаг. Авсан мөнгөө 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 20-ны хооронд өгнө. Голын урд захад надад 200-300 гаруй хонь байгаа. Авсан мөнгөө 11 дүгээр сарын 20-ны дотор өгнө. Гэрээнд байгаа 4 хувийн хүүг мөнгөө заасан хугацаандаа өгчих юм бол асуудалгүй гэсэн байгаа. Надад хонь бэлэн байна гэсэн асуудлыг ярьсан байдаг. Гэвч тухайн үедээ П.Д гэрээгээ зөрчсөн байдаг. 11 дүгээр сарын 20-ны дотор 2,381,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасуулсан байдаг.Түүнээс хойш П.Д нь удаа дараа шахаж шаардуулах шинжиндээ орж 10 дугаар сарын 01-ний өдөр 1 тонн 533 килограмм махыг өгч зээлнээсээ хасуулсан байдаг. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1 тонн 159 килограмм махыг дахин зээлээсээ хасуулсан байдаг. Энэ хугацаандаа Б.Т удаа дараа шаардсан байдаг. Та зээлсэн 20,000,000 төгрөгнийхөө үлдсэн мөнгөө өгчих гэж хэлсэн байдаг. Мөн 10 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны хавьцаа “таны нийлүүлсэн 1 тонн 533 килограмм махны мөнгийг хасаад та үлдсэн мөнгөө өгчихөө” гэхэд эгчийнх нь мал Рэнчинлхүмбэ суманд байгаа, Цагааннуурт байгаа, оруулж ирээд манай найзын махны үйлдвэр дээр аваачиж нядлаад аваачиж өгнө. Ямар ч асуудал байхгүй гэсэн асуудлыг удаа дараа ярьж байсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа бид нарын зүгээс багасгаж тооцсон байгаа. 20,000,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн байдаг. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 378 килограмм үхрийн махыг нэг килограмммыг нь 6.300 төгрөгөөр бодож 2,381,400 төгрөгийг хасаж тооцсон байгаа. Ингээд 17,618,600 төгрөг үлдсэн байгаа. Энэ мөнгөө 9 дүгээр сарын 20-ны дотор өгөх ёстой байсан эсвэл энэ мөнгөтэй дүйцэхүйц мах өгсөн бол энэ хоёрын хооронд хүү алданги гэдэг зүйлийг яриагүй байдаг. Энэ хугацаанаасаа хэтэрсэн тохиолдолд хүү алдангийг тооцно гэхэд эгч нь энэ хугацаанаасаа хэтрүүлнэ гэж байхгүй хугацаанд өгнө гэж П.Д өөрөө хэлсэн байдаг. Энэ зээлийн гэрээг байгуулах үедээ хугацаа хэтэрсэн тохиолдолд 9 дүгээр сарын 20-ний өдрөөс хойш хүү, алдангийг тооцно гэдгийг маш сайн анхаараарай гэдгийг гэрээ байгуулахдаа ярьж П.Д ойлгуулахад хүү алданги тооцохгүйгээр яг хугацаандаа мөнгөө баталгаатай өгнө гэж хэлсэн байдаг. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 тонн 533 килограмм махыг өгсөн байгаа. Үүнийг 1 килограмм махыг 5.100 төгрөгөөр бодож 7,818,300 төгрөг болсон. Тухайн үед 25,5 килограммтай 60 хонь нийлүүлсэн байдаг. Үүний 11 хоногийн алданги нь өдрийн 88,093 төгрөгөөр үржүүлээд 969,023 төгрөг, 11 хоногийн хүү өдрийн 23,491 төгрөгөөр үржүүлээд 258,401 төгрөг, үндсэн мөнгө болох 17,618,600 төгрөг дээр нэмэх нь 258,401 төгрөг, мөн алданги 969,023 төгрөг нийт 18,884,620 төгрөг байсан. Үүнээс 1 тонн 533 килограмм махны мөнгийг хасаж тооцоод 11,270,727 төгрөг үлдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл огт мах нийлүүлээгүй удаа дараа утсаар яриулж, мессеж бичиж байсан баримт сая хариуцагч талаас гаргаж өгсөн байдаг. Жаргалан рестораны хамгийн их махны хэрэгцээтэй байдаг үе нь 11 дүгээр сар, 12 дугаар сар байдаг. Шинэ жил болдог учраас хүлээн авалтын махны нөөц маш их шаардагддаг. 1 жил хэрэглэх махны нөөцөө П.Д нийлүүлэх байх гэж итгэж, хэрвээ нийлүүлж чадахгүй бол мөнгийг маань буцаагаад өгчих байх гэж итгээд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хүлээсэн байдаг. 1 тонн 590 килограмм махыг 5,100 төгрөгөөр бодож 5,910,900 төгрөг болсон. Үүнийг 122 хоногийн хугацаанд зээлээ төлөөгүй байна гэж үзэж, 1 өдрийн алданги нь 55,138 төгрөгийг 122 хоногоор үржүүлэхээр 6,726,914 төгрөг болж байгаа. 50 хувиас хэтрэхгүй гэдэг үүднээс 11,027,720 төгрөгний 50 хувь буюу 5,513,862 төгрөг болж байгаа. Үүний 4 хувийг тооцоход 11,027,720 төгрөгийг 4 хувь нь 41,108 төгрөг байгааг 30 хоногтоо хуваагаад өдрийн хүү нь 14,703 төгрөг, үүнийг 122 хоногоор тооцоход 1,793,843 төгрөг болж байна. Үндсэн зээл болох 11,027,720 төгрөг дээр хүү, алдангаа нэмээд 18,335,429 төгрөг, үүнээс П.Д өгсөн 1 тонн 159 килограмм махны 5,915,950 төгрөгийг хасаж тооцоход 12,424,529 төгрөг болсон байгаа. Энэ дээр 20 хоногийн хүү 331,320 төгрөг, 20 хоногийн алданги нь 1,242,529 төгрөгийг нэмээд тооцоход нийт 13,998,301 төгрөгийг одоо болтол П.Д төлөөгүй байна. Тийм учраас энэ мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тухайн үед буюу 9 дүгээр сарын 20-ны дотор махаа өгч чадахгүй байсан юм бол мөнгийг нь буцаагаад өгөх боломж байсан. Тэгэхэд энэ хүн хариуцлагагүй алдаа гаргаж энэ хүмүүсийг хохироосон байгаа. Тэгэхэд Б.Т 20,000,000 төгрөгийг ашиглаж, ашиг орлого олчихоод өнөөдөр энэ хүмүүстэй үнийн холбоотойгоор маргасан юм гэж байна. Махаар хүмүүст хоол хийж өгч тэндээсээ ашиг орлого олж бусдыг цалинжуулж байгаа нь тухайн хүмүүсийн амьдралын эх үүсвэр нь байгаа ш дээ. Хариуцагч энэ хүмүүсийг хуурч хохироож байгаа. Аль намар бэлдэж өгөх байсан махныхаа хэрэгцээнд нь саад учруулж байна. Үүнээс болж Б.Т хувьд хохирсон. Хүү, алданги мэдэхгүй, гэрээгээ хараагүй гэж байна. Хүн банкнаас мөнгө зээлэхдээ гэрээтэйгээ яаж танилцдаг билээ. Түүнтэй ялгаа байхгүй гэрээгээ уншиж танилцсан гэдгийг нэхэмжлэгч Б.Т хэлдэг. Гэрээгээ уншаад “энэ 4 хувь юм уу эгч нь асуудалгүй 9 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд төлчих юм чинь 4 хувийн алданги тооцогдохгүй юм байна, асуудалгүй бүрэн төлнө” гэж тухайн үед ярьж байгаад явсан байдаг. Хариуцагчийн хувьд өөрөө тухайн үед тэгж хэлчихээд өнөөдөр “би мэдэхгүй 4 хувийг нь би огт хараагүй, 0,5 гэж байсан юм уу, би ганцхан 25 килограммаас дээш 200 хонь нийлүүлнэ гэдгийг л би харсан. Бусдыг нь огт уншиж, хараагүй гээд байгаа. Тэрийг харж байна гэдэг чинь гэрээтэйгээ танилцсан гэсэн үг ш дээ. 3 хуудас материал байгаа. энэ материалуудын хуудас болгон дээр нь гарын үсэг зурсан байгаа. Ганцхан хуудас дээр нь гарын үсэг зуруулаагүй ш дээ. Нотариатчаар батлуулаагүй учраас хүчин бусад тооцож байна гэдэг. Зээлийн гэрээ өөрөө хоёр хүний хоорондоо хүсэл сонирхолоо илэрхийлж хийсэн хэлцэл байдаг. Энэ нь нэг талаас шахаж шаардсан хэлцэл харагддаггүй. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Хамгийн гол нь энэ хүний хувьд гэрээний хүү 4 хувь, 0,5 хувийн алданги гэдгийг хараагүй гэж байгаа. Зээлийн гэрээ гэдгийг нь олж харсан хэдий ч доторхи заалтыг нь хараагүй гэж маргаж болохгүй. Хариуцагчийн хувьд зээлийн гэрээнд заагдсан хүү, алданги, зээлийн үндсэн мөнгийг төлөх үүрэгтэй. Т хувьд мах эрэлттэй үед мах байхгүй болсон,  хүнээс авах боломжгүй болсон зэрэг эрсдэл үүссэн байгаа. Энэ эрсдлийг хэн хүлээх вэ гэдэг асуудал бий болж байгаа юм. 2019 оны 9 дүгээр сарын 11-нд П.Д хувьд махны компаниудад махаа өгсөн боловч мөнгө нь орж ирэхгүй зогсонги байдалд орсон. Банкууд зээл олгохгүй байгаа учраас чамаас өөр боломжтой туслах хүн байхгүй байна гэдэг асуудлыг ярьсан байдаг. Тухайн үедээ тус болсон чинь нөгөө хүн хариуд нь одоо төлбөр төлөхгүй гэсэн ийм байдалтай байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тухайн үед 25 кг аас дээш 200 хонио аваад ирвэл тухайн үеийн зах зээлийн ханшаар авч илүү гарсан мөнгийг нь Т буцааж өгөх байсан юм байна лээ. Энэ талаар хариуцагч өнөөдөр ярихгүй байна. Хүнээс ийм бага хүүтэй их мөнгө зээлдэг хүн байхгүй байх. Гэрээний хариуцлага гэдэг зүйл байх ёстой. Гэрээгээ өөрөө уншиж танилцаагүй гэж яриад байдаг. Танилцсан л хүн байгаа байхгүй юу. Энэ 25 килограммаас дээш жинтэй 200 хонио П.Д нийлүүлнэ гэж хэлчихээд нийлүүлээгүй явсан байгаа юм. Сүүлд 10 дугаар сарын 01-ний өдөр 60 хонь нийлүүлсэн байдаг, тэр нь 1 килограмм нь 25,5-тай байсан. 2020 оны 01 дүгээр сард 1 тонн 159 килограмм мах нийлүүлсэн байгаа. Үүнийгээ зөв ярих байх гэж бодож байна. ...П.Д 20,000,000 төгрөг зээлж аваад хариуд нь мах нийлүүлэх үүрэг хүлээж байгаа гэрээ юм. Гэрээний 262 дугаар зүйл дээр энэ талаар тусгасан байгаа гэв. Зээлээр худалдах, худалдан авах гэрээн дээр хүү, алданги тооцож болно гэсэн заалт байгаа.

Хоёр хүний зээлээр худалдах худалдан авах гэрээ байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайн хүнд хонь нийлүүлэх гол зорилготой.  ... гэв.

           Хариуцагч П.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Т нэхэмжлэлтэй танилцлаа. 2019  оны 9 дүгээр сард би Мөрөнгийн "Мах маркет”-д мах бэлдэж өгчихөөд махны мөнгөө хүлээгээд тус үйлдвэр дээр явж байхад хуучин танил Бархасболд нартай тааралдаад “ эгч та юу хийж яваа юм” гэхэд нь би “ эгч нь эднийд махаа өгчихөөд мөнгөө авах гээд хүлээгээд зогсож байна”  гэхэд Бархасболд “эгч та манайхаас ч гэсэн мөнгө аваад мах бэлдэж өгөөч“ гэхэд нь би “за тэгье хойноос чинь ажил дээр чинь очиж уулзая” гэж хэлээд ажил дээр нь очиж уулзахад Бархас “ Та хэдэн хонь бэлдэж өгөх боломж байна 200 хонь нийлүүлэх боломж байна уу” гэсэн тэгэхэд нь би “болноо болно” гэсэн тэгэхэд одоо хэдэн төгрөг хэрэгтэй байна гэхэд нь “10-20 сая төгрөг байвал болох байх л гэсэн тэгэхэд Б “за тэгвэл та 20.000.000 төгрөг аваад яв, та мөнгөө бэлэн авах уу”  гэхэд нь би “дансанд хийчих” гэж хэлсэн тэгэхэд эхнэр Т нь байсан. Тэгээд Бархас 20.000.000 төгрөг ч бага мөнгө ч биш,                     20.000.000 төгрөг гаргаж байгаа юм чинь та энэ дээр гарын үсэг зурчих уу гэхэд нь мах бэлтгэх гэрээ гэж ойлгож гарын үсэг зурсан тэгээд Б нь та хэдийгээр орж ирэх вэ гэхэд нь би хонь худалдаж цуглуулаад аваад 10-аад хоноход Мөрөн руу оруулж ирдэг тул тухайн үед тэр хугацаагаараа тооцож бодоод л эгч нь 10-аад хоноход оруулаад ирэх байх гэж хэлж байсан. Тухайн үед бидний хооронд 150 кг-аас дээш жинтэй үхрийн мах,  25кг-аас дээш жинтэй хонины мах хэрэгтэй байна гэж ярьсан, ингэхдээ Бархас би хавар л хэрэглэх нөөцийн мах бэлдэж байгаа юм гэх мэтээр нилээн яриа болсон энэ үед эр хонины махны бөөний үнэ 6000 төгрөг байсан, тэгэхэд Бархас би мөнгөө бэлэн өгч байгаа юм чинь 5800 төгрөгөөр хийчих үү гэхэд нь би зөвшөөрсөн юм. Тэгээд миний дансанд мөнгө хийсэн байсан, би ч Б бид хоёрын ярьсан ярианы дагуу л бичсэн, хийсэн байх гэж бодоод л Б итгээд уг цаасан дээр нь гарын үсэг зурсан. Тэгээд би удалгүй 2019 оны 9  дүгээр сарын 20-ны үед 378 кг үхрийн махыг кг-ыг нь 6300 төгрөгөнд бодож нийт 2.381.400 төгрөгөнд өгсөн. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 23-нд хонь  орж ирлээ махаа аваачаад өгье гэхэд Б “ та хөлдөөгөөд өг манайх хөлдөөх ямар ч боломжгүй байна”  гэж хэлсэн энэ үед ханш 5800-6000 төгрөгний хооронд байсан, тэгээд би хөлдөөгч олж хонио нядлахгүй бол болохгүй гэж хөлдөөгч хайгаад махны ченж Сүхээ гэдэг хүний хөлдөөгчинд 60 хонины мах хөлдөөгөөд Б аваачиж өгөхөд                      1.533.000 кг /8.891.400 төгрөг/ болсон, энэ хугацаанд хүний хөлдөөгчний зай завсар харсаар байгаад 2019 оны 10 дугаар сарын 01-ий өдөр болгосон, энэ үед үнэ ханшаа Б тохирчихсон байсан тул үнэ ханшны талаар ер бодоогүй, үлдсэнийг нь хөлдөөх боломжгүй, хийх савгүй байсан тул гадуур махны ченжид зарчихаад Б би энэ байдлаа хэлээд эгч нь дахиад хөдөө явлаа гэхэд тэг тэг гэсэн тэгээд л би дахин хөдөө явсан. Тэгээд хөдөө очиж хонио цуглуулах гэсээр байтал нилээд удсан Бархастай утсаар ярьж тохиролцоод байсан. Б нь хавар хэрэглэх нөөцний мах юм чинь хүйтэн болохоор хөлдөөгөөд өг гэсэн тул яараагүй, Б ч яаруулаагүй, авсан хонио хүнээр маллуулж байгаад 11 дүгээр сарын сүүлээр хонио нядалж, оруулж ирээд Б ярихад би хотод байна гэхэд нь би яах вэ тэгвэл ирэхээр чинь өгөх үү гэхэд тэг гээд л тохирсон. Түүнээс хойш хүйтэн болж байгалийн жамаар махаа хөлдөөгөөд 2020 оны                   1 дүгээр сард 1.159.800 кг мах өгөхөд махны ханш 6500-7000 төг /бөөний үнэ/ болсон байсан тэгэхэд Т нь мах хиллэж авч байхдаа эгч ханшаараа биз дээ гэхэд нь би 5800 төгрөгөөр тохирсон байсан тул ханшаараа л гэсэн тэгээд өрөөнд нь ороод тооцоо нийлэхэд тэр хоёр, нэг кг махыг 5300 төгрөгөөр /бөөний үнэ/ бодно гэхэд нь би үгүй ярьсанаараа 5800 төгрөгөөр тооцож авна гээ биз дээ гэхэд Б, эхнэр Түвшинжаргал, аав Б хамт махны ханшин дээрээс маргаан үүсгээд намайг элдвээр доромжилж, гар яв зайл гээд хөөсөн. Энэ хүмүүс аваад ирсэн махыг хөлдөөгөөд өг, бид нар 10 ширхэгээс илүүг хөлдөөж чадахгүй гээд байлгаад байсан. Өмнө нь энэ Т нөхөр Бархас гэдэг залуу “Голомт” банкинд зээлийн эдийн засагч байхад нь би зээл авдаг найдвартай зээлдэгч байсан учир махны мөнгө итгэж өгсөн гэж бодож байна.  Гэтэл эдгээр хүмүүс нь намайг өөрсөнд нь итгэн мах бэлтгэж гэрээг зээлийн гэрээ мэтээр хүү, алданги тооцон надаас 17.511.935 төгрөг нэхэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхнаасаа мах бэлдэж өг гэснээс биш надад хүүтэй мөнгө зээлж байгаа, хугацаа хэтэрвэл хүү тооцох гэсэн хэлэлцээ хийгээгүй юм. Хэрвээ хүү алданги тооцно, тэднээс тэдний хооронд мах бэлтгэж өгөх гэж тохиролцон гэрээ байгуулсан бол би хүүтэй мөнгө авах шаардлага ч байгаагүй юм.

Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, сөрөг нэхэмжлэл гаргах болно. Би эднийд ярьж тохирсоныхоо дагуу доорх махыг бэлдэж өгсөн.

а. 2019 оны 9 дүгээр сарын 20-нд 2.381.400 төгрөгний мах  2 шарын мах буюу 378 кг үхрийн махыг нэг кг-ыг нь 6300 төгрөгөөр тооцож,

б. 2019 оны 10 дугаар сарын 01-ний үед 1.533.000 кг хонины махыг нэг кг-ыг нь 5800 төгрөгөөр тооцож нийт 8.891.400 төгрөгний мах,

в. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.159.000 кг хонины махыг нэг кг-ыг нь 5800 төгрөгөөр тооцож, нийт 6.726.800 төгрөгийн мах нийлүүлж Бархас, Т нарт нийт 17.999.600 төгрөгний мах нийлүүлсэн байна. Надаар мах бэлтгүүлэхээр тохирч 20.000.000 төгрөгөнд өгсөнд нь үнэн, би 17.999.6000 төгрөгний мах бэлтгэж өгсөн байхад Т нь 9 хоногийн хугацаатай гэрээ хийсэн дүр үзүүлж, сар бүр хүү алданги тооцон мөнгө хүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ингээд эдгээр хүмүүст одоо 2.000.400 төгрөгний өглөгтэй байгаа, тухайн үед нь дээрх үлдэгдэл мөнгийг нь өгөх гэтэл ийм маргаан гараад өгөөгүй болно гэжээ.

    Хариуцагч П.Д шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Т тус шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү алданги 17.511.935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан энэхүү нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. П.Д миний бие 2019 оны намар хөдөөнөөс мах бэлтгэж “Мах маркет”, махны үйлдвэрүүдэд мах /хонь/ нийлүүлэх ажил хийж байсан бөгөөд тухайн үед Б.Т нөхөр Бархасболдтой тааралдах үед Бархасболд надад хандан “та надаа нөөцийн мах бэлтгэж өгөөч, би мөнгийг нь урьдчилаад өгье” гэж хүсэлт тавьсны үндсэн дээр би түүний эхнэр Б.Т ажил /Жаргалан ресторан/ дээр очиж бид хамтдаа сууж байгаад би Б мах нийлүүлэх, харин надад урьдчилгаа болгож 20.000.000 төгрөг өгөх болоод эр хонины мах тухайн үед бөөндөө 6.000 төгрөгийн үнэтэй байхад Б надад “би таньд бэлэн мөнгө өгч байгаа юм чинь 5.800 төгрөгөөр тооцоод мах бэлтгээд өгөөч “ гэхээр нь махны үнийг 5.800 төгрөг байхаар тохиролцоод Б “таньд бид бэлэн мөнгө өгч байгаа юм чинь мөнгө хүлээлгэж өгсөн баримт үйлдээд өгье” гээд олон хуудастай баримтанд гарын үсэг зуруулсан. Гэрээг хальт харахад “25 кг-аас дээш жинтэй хонь 200ш -ийг нийлүүлнэ гэсэн байхаар нь би гарын үсэг зурсан, бусад заалтыг бол хараагүй, бид нарын ярианы дагуу л хийж байгаа юм байна, мөнгө өгч авч байгаа баримт л гээд бодсон. Угаасаа тэр үед надад тэд нар”  9 хоногийн хугацаатай, өндөр хүүтэй, зээлийн гэрээ шүү”  гэдэг байдлаар хэлээгүй, тохиролцоогүй.

   Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон зээлийн гэрээнээс харахад бидний хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан гэх зүйл харагдахгүй байгаа.

        1.Зээлийн гэрээнд “зээлдэгч нь зээлдүүлэгчээс тодорхой хугацаа, хүүтэйгээр зээл авах, эргүүлэн төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулах үйл ажиллагаатай холбоотой үүсэх харилцааг зохицуулах” гэсэн нөхцөлтэй боловч бодит байдал дээр мөнгө зээлж, үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан зүйл байгаагүй. Бидний хийсэн аман тохиролцоо бол би 25 кг-аас дээш жинтэй хонины мах нийлүүлэх, үнийг 5.800 төгрөг байна, урьдчилгаа болгож 20.000.000 / хорин сая/  төгрөг өгөх, үлдэгдэлийг мах өгөхөөр авахаар тохиролцсон болно. Гэтэл энэ тохиролцоог халхавчилж 20.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөнийгөө “Зээлсэн” болгож зээлийг гэрээг байгуулсан байна. Тухайн нөхцөлд миний хувьд 9 хоногийн хугацаатай /маш богино хугацаатай/ хүүтэй мөнгө зээлэх ямар ч хэрэгцээ шаардлага байгаагүй болно. Харин Б.Т болон түүний нөхөрт хавар хэрэглэх нөөцийн мах бэлтгүүлэх хэрэгцээ шаардлагад тулгуурлан мах бэлтгэн нийлүүлэх гэрээг хийсэн.

        2.Энэ гэрээний заалтуудаас харахад бидний харилцан тохиролцоо, хүсэл зоригийг илэрхийлээгүй болох нь олон заалтаас харагддаг. Тухайлбал гэрээний 3.1-д гэрээний хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 11-ий өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 9 хоногийн хугацаатай хийсэн ч мах бэлтгүүлэх гээд байгаа зорилго нь 200ш хонины махыг хөлдөөлгөж, нөөцөлж хавар хэрэглэх зорилготой байхад ийм богино бөгөөд дулаан цагаар /мах хөлдөх боломжгүй/ их хэмжээний мах хөлдөөж нийлүүлэх аман тохиролцооны зорилгыг хангаагүй, боломжгүй хугацааг дур мэдэн тогтоосон байна.

        Мөн гэрээний 4.1-д аль нэг тал компанийн бизнес төлөвлөгөө болон энэ гэрээний дагуу мэдэх болсон бусад талуудын бизнесийн нууцлалыг чандлан хадгалах бөгөөд нууцлал задруулбал энэ гэрээний 6 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээнэ” гэсэн нь бидний хоорондын тохиролцоонд болон энэхүү гэрээний агуулга зорилгод огт хамааралгүй заалт байгаа. Эндээс харахад бид хэн аль нь гэрээ гэх баримтанд гарын үсэг зурахдаа гэрээг үнэн санаанаас бус зөвхөн мөнгө хүлээлцэх баримт байдлаар үйлдэж, хүсэл зоригоо илэрхийлсэн гэдгийг харуулж байна. Энэ мэтээр талууд хэн аль нь энэхүү зээлийн гэрээнд заасан бусад нөхцөл болох хүү, анзын талаар огт тохиролцоогүй, ийм тохиролцоог огт хийгээгүй болохыг харуулж байна.

         3.Гэрээний 7.4-т Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар батлуулж, эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэжээ. Гэвч гэрээний талууд энэхүү гэрээний нөхцлийг нэг бүрчлэн сайн дураараа хэлэлцэн тохиролцоогүй, нотариатаар гэрчлүүлээгүй, эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр бус байхаар байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Зээлийн гэрээ нь бидний хооронд тохиролцон мах бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой харилцаа /аман хэлцэл/-г халхавчилж богино хугацаанд өндөр хүүтэй мөнгө хүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах агуулга бүхий хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

        Иймд 20.000.000 төгрөгийг 9 хоногийн хугацаатайгаар сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө, эд зүйлийг харилцан буцааж шийдвэрлэж өгнө үү. Хэрэв махыг буцааж өгөх боломжгүй гэвэл мах нийлүүлэх тухайн үеийн ханшаар тооцож мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэл болох 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү, алданги гэх нэхэмжлэлийн шаардлагатай салшгүй холбоотой тул үндсэн нэхэмжпэлийн хамт шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудал дээр би хүүтэй мөнгө зээлж аваагүй. Мах өгнө гээд өгөх үнээ бас тохиролцсон байгаа. 150 килограмм, 160 килограммаас дээш жинтэй үхрийн мах, 25 дээш килограмм жинтэй хонины мах өгнө гэж тохиролцоод явсан. Нэхэмжлэл дээрээ бичсэн байсан 2,381,000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлсөн, энэ хүнээс нэхэж авсан гэсэн байсан. Би 189 килограммын дундажтай шарын мах өгсөн. Манайх шарын мах, эр хонины мах л авдаг гэхээр нь тэгдэг бол тэгж өгч болно гээд өгсөн. Энэ хүмүүс бүгдийг нь худлаа яриад байх юм. Б.Т 2 л удаа харсан. Бархасболдыг Голомт банкны эдийн засагч байсан учраас би таньдаг. Намайг Мах маркет дээр байхад махны ханш судалж явахдаа надтай таараад мах нийлүүлж өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Хүүтэй мөнгө зээлж авсан зүйл байхгүй. Хүүтэй мөнгө зээлсэн гээд, бас алданги тооцоод, дээрээс нь махаа 4,000 төгрөгөөр бодоод байгааг би үнэхээр ойлгохгүй байна. Одоо би махаа 5,500 төгрөгөөр тооцно. Хүү, алданги тооцож байгааг зөвшөөрөхгүй байгаа. Мессежний тухайд он, сар, өдрийг нь харвал махаа хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн 1 тонн 159 килограмм махны ханшин дээр 5,300 төгрөг гэсэн. Намайг хамгийн сүүлд махаа өгөхөд Б.Т гарч ирж авахдаа та ханшаараа биз дээ гэхээр нь өмнө нь 5,800 төгрөг гэж тохиролцсон байсан учраас тиймээ ханшаараа гэж хэлээд махаа жинлэж үзчихээд яваад орсон чинь 5,300 төгрөг гэж бичсэн байхаар нь би гайхаад “ингэж болохгүй ш дээ эгчийн дүү 5,800 төгрөгөөр анхнаасаа тохирсон” гэж хэлсэн. Тэнд үнийн талаар мессеж байгаа болохоос биш надаас мөнгөө нэхээд байгаа юм байхгүй. Махны үнэ дээрээ тохиролцохгүй байгаа талаар мессеж бичсэн. Б.Т нэг ч удаа утсаар ярьж байгаагүй, Б байнга утсаар ярьдаг байсан. Би Цагааннуур талаас огт мах аваагүй. Тэгж худлаа яриад яахав дээ. Би Цагаан-Уул Агар бригад талаас мал авдаг. Тэнд цас зуд ихтэй байсан учраас махаа ачиж чадахгүй жаахан байсан. Тэгээд ч байгалийнх нь жамаар хөлдөөхгүй бол эднийх 10-аас дээш мах хөлдөөх чадваргүй. Гадуур гэхээр намрын халуунд миний махыг хөлдөөх завтай, зайтай газар байхгүй байсан. Би малаа оруулж ирээд 60 хонины махаа Сүхээ гэдэг махны ченжид нэг хонины махыг 1,000 төгрөгөөр бодож хөлдөөлгөж авч байсан. Үлдсэн махаа Жаргалан ресторан хөлдөөж авч чадахгүй байсан учраас Б гэдэг хүнд өгсөн. 60 махаа тэгж хөлдөөгөөд Жаргалан ресторанд ярьж тохирсноороо өгсөн. Өөр хөлдөөх газар байгаагүй. Нэгдүгээрт: Мөнгөний тал дээр би мах маркетад махаа өгчихөөд мөнгөө маргааш нь авна гээд хүлээж байсан. Махны үйлдвэр хүний мөнгийг өгөхгүй удааж хүн хохироодог газар биш. Хоёрдугаарт: Надад хүнээс хүүтэй мөнгө авах шаардлага байгаагүй. Надад нөөцийн мах бэлдэж өгөөч гэсэн болохоор би зөвшөөрсөн. Б.Т энэ талаар огт яриагүй харин Бархасболдтой ярьж тохиролцсон. Малыг тийм богино хугацаанд аваад нийлүүлдэг зүйл биш. Ерөнхийдөө махны үнийг энэ хүмүүс мэдэж байгаа байх. Манай зах дээр эм хонь 100,000 төгрөгний үнэтэй л байсан. Эр хонио 25 килограммаас дээш гарах хонийг нь 100,000 төгрөгөөс 135,000 төгрөгөөр, тэрнээс дээш 30-40 килограммтай махыг нь 150,000-160,000 төгрөгөөр авдаг байсан. Тэгж авчихаад би эднийд махаа өгөөд дээрээс нь хүүтэй мөнгө авна гэж байхгүй. 25 килограмм махаа 135,000 төгрөгөөр авчихаад эднийд авч ирээд нэг килограммыг нь 4,000 төгрөгөөр авч ирж өгөхөөр нада алдагдалтай болчихно. Дээрээс нь бензин тос, хоол ундандаа, малчин авна гээд надад зөндөө зардал гарч байгаа. Яагаад би эднийд мах өгөх болсон бэ гэвэл өөрөө намайг мах бэлдээд өгөөч гэсэн нь банканд ажиллладаг байхад нь банкных нь гайгүй зээлдэгч байсан учраас надад итгэсэн байх. Би тэртэй тэрэнгүй 200-300 хонь тууна, бас эднийх мах нийлүүлээд өгөөч гэж байгаа юм чинь энэ мөнгийг нь аваад явчихая гэж бодсон. Би хонио хөдөөнөөс 1 килограммыг нь 5,200 төгрөгөөр аваад тугаад ороод ирвэл бензинний мөнгө гарах юм болов уу гэж бодсон болохоос биш хүнээс 4 хувийн хүүтэй, дээр нь алдангитай мөнгө зээлж аваад наймаа хийдэг хүн одоо хаана ч байхгүй байх гэж бодож байна. Яагаад ийм сонин зүйл яриад байгааг огт ойлгохгүй байна. Махны үйлдвэрийн мөнгө гацаж удаад байсан тохиолдол байдаггүй. Махаа өгөөд 1, 2 хоногийн зөрүү байдаг. Миний дэвтэр дээр байгаа 6 тонн гаруй махыг 6,000 төгрөгөөр өгч байсан. Махны үйлдвэрийн хүмүүсийг шалгахад тэнд ч байгаа гэж итгэлтэй хэлнэ. Гэрээний хувьд бид хоёр мах маркет дээр таараад тэндээсээ амаараа мах бэлтгэх талаар ярьж тохиролцсон. Би танд бэлэн мөнгө гаргаж өгч байгаа юм чинь та гарын үсгээ зурчих л гэсэн. Би ийм булхиатай, халхавчилсан хүүтэй гэж огт бодоогүй. Амаараа ярьснаар нь мах бэлдэж өгөх юм байна. Мөнгө 20,000,000 төгрөг авсан нь үнэн гэсэн гарын үсэг зурсан. Би Б.Т огт ярьж байгаагүй. Энэ бол Бархасболдтой хийсэн тохиролцоо. Т надаас мөнгөө нэхэж олон удаа ярьж байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Энэ хүн надтай нэг ч удаа ярьж байгаагүй. Надтай ярьсан, мессеж бичсэн дугаар Б дугаар байгаа. Таны мах юу болж байна. За та тэгвэл махаа хөлдөөхөөрөө оруулаад ир гэж ярьж тохиролцож махаа өгч байсан. Түүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан бол 100 хонь байна уу, 200 хонь байна уу хамаагүй бүгдийг нь туугаад оруулж ирээд өгчих боломж байсан. Хоорондоо ярилцаж тохиролцсон байсан болохоор нааш нь цааш нь гээд байхгүй нэг мөсөн оруулаад ирье гэж ярьсан. Ачиж оруулж ирсэн жолооч нь ч байгаа. Цагааннуураас авч ирдэг гэж хаанаас ямар үг гаргаад ирснийг мэдэхгүй байна. Тэндээс мал аваагүй Цэцэрлэгийн, Цагаан-Уулаас малаа авч байсан. Махны үнийг анхнаасаа эднийхтэй 5,800 төгрөгөөр тохирсон байж одоо худлаа яриад байгааг гайхаж байна. Би үг үсэг нэмж худлаа ярьсан зүйл байхгүй бүх үнэнээ ярьж байна. Нэхэмжлэгч тал манайх өдөр болгон мах авдаг гэж хэлээгүй нөөцийн мах авна гэж хэлсэн. Та үхрийн мах бас авч ирээд өгөөч гэхээр нь би авч ирж өгсөн байгаа. Хүү алдангитай зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй.... Б мах нийлүүлэх тохиролцоо хийсэн. Жаргалан ресторан жилдээ хорин хэдэн тонн үхэр, хонины мах нөөцөлдөг учраас тэр нөөцийн махыг та надад бэлдэж өг гэсэн...гэв.

 

         Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрт хариуцагч П.Д нийт 17.511.935 /арван долоон сая таван зуун арван нэгэн мянга есөн зуун гучин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг, хариуцагч П.Д нь 20.000.000 / хорин сая/ төгрөгийг 9 хоногийн хугацаатайгаар сарын                      4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь ...хонины нэг килограмм махыг 5100 төгрөгөөр тооцоод  нэхэмжлэлийн шаардлагыг 3.513.634 төгрөгөөр  багасгаж  зээл, зээлийн хүү, алдангид нийт 13.998.301 төгрөгийг  хариуцагч Б.Тс гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт нэхэмжлэгчээс “Зээлийн гэрээ” гэх гарчиг бүхий 1 хуудас, төлбөрийн баримт 1 хуудас, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ” 2 хуудас,

Хариуцагч П.Д тэмдэглэлийн дэвтрийн бичилттэй хэсгийн хуулбар 6 хуудас, / шүүх хуралдаанд хоёр ширхэг дэвтрийг эх хувиар нь шинжлэн судлуулсан/, гэрч Б утсаар харьцсан мессежний хуулбар 3 хуудас /шүүх хуралдаанд тухайн мессеж бүхий гар утсыг шинжлэн судлуулсан/ баримтуудыг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд  хариуцагч П.Д гаргасан Хөвсгөл аймгийн статистикийн хэлтэс болон Мах маркет зэрэг байгууллагуудаас  25 кг-аас дээш жинтэй хонины матны бөөний үнэ ханшийг гаргуулах хүсэлтийг, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг Махны бөөний худалдаа эрхэлж, мах нөөцөлдөг үйлдвэрүүдийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд иргэдээс махыг ямар үнэ ханшаар худалдан авч байсан талаархи баримтуудад үзлэг хийлгэх тухай хүсэлт, хариуцагчийн өмгөөлөгч Б.М ,Б гэрчээр асуулгах тухай хүсэлт, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч П.Д ,Б гэрчээр асуулгах хүсэлтүүдийг шүүх хангаж шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар хариуцагч П.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр  нэхэмжлэгч Б.Т 20 сая төгрөгийг шилжүүлсэн, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хоёр шарын мах буюу 378 кг үхрийн махыг нэг килограммыг нь 6300 төгрөгөөр тооцож /2.381.400 төгрөг болсон/  нэхэмжлэгч Б.Т хариуцагч П.Д өгсөн, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  1533 кг хонины махыг, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1159 кг хонины махыг хариуцагч П.Д нь Б.Т өгсөн үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч П.Д нь 20 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн, хариуд нь 25кг дээш жинтэй хонины махыг 200 ширхэгийг бэлтгэж өгөхөөр тохирсон, тохирсон хугацаа хэтэрсэн учир гэрээний дагуу хүү алдангийг тооцох ёстой гэж,

Хариуцагч П.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... надад хүнээс хүүтэй мөнгө зээлэх шаардлага байгаагүй, Бархасболд бэлэн мөнгө өгч байгаа юм чинь одоогийн махны ханшнаас ганц нэг зуун төгрөгөөр доогуур үнээр мах бэлтгэж өгөөч гэж гуйхаар нь л би нэгэнт өөрөө мал авч байгаа юм чинь бэлтгэж өгөөд замын зардлын мөнгөө хэмнэе л гэж бодсоноос биш би ийм хүүтэй мөнгө аваагүй нэг килограмм хонины мах тухайн үед 6000 төгрөг байсан би 5800 төгрөгөөр өгөхөөр тохирсон тэгээд би махаа өгөөд тэр тохирсон үнээрээ л надаас авч байсан гэж бодсон, мөнгө авч байгаа юм чинь гээд надаар гэрээн дээр гарын үсэг зуруулсан би хүүтэй алданги тооцох юм байна гэж ойлгоогүй гэж тус тус маргажээ.

Зохигчид өгч авалцсан мөнгөний хэмжээ, махны хэмжээ цаг хугацааны хувьд маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Учир нь: Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Зээлийн гэрээ” гэх нэртэй гэрээ нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Зээлээр худалдах худалдан авах гэрээ буюу иргэний хуулийн 262 дугаар зүйлээр шаардаж байгаа... Гол хүсэл зорилго нь тухайн намартаа ашиглах махаа бэлдүүлэх зорилготой байсан. П.Д та 9 дүгээр сарын 20-ны дотор махаа нийлүүлэхгүй бол хүү, алданги тооцно гэсэн асуудлыг хоорондоо харилцан тохиролцсон байдаг. Хонь голын цаана бэлэн байгаа 9 дүгээр сарын 20 гэхэд махаа хөлдөөгөөд, бэлдээд өгнө гэсэн асуудлыг ярьсан байдаг гэх тайлбар,

Гэрч Б...Тэр үед манайх мах авах гээд махны үйлдвэрүүдээр махны үнэ судлаад явж байсан. Тэгэхэд Дэлгэрмаа эгчтэй таарсан. Манайх мах авч байгаа та манайд бас мах өгч болно шүү гэдэг байдлаар ярьсан. Удаагүй байж байтал П.Д эгч найзынхаа махны үйлдвэрт махаа өгөөд мөнгөө гаргаж авч чадахгүй байна. Эргэлтийн хөрөнгөгүй болчихлоо надад 20,000,000 төгрөг зээлээч гэж ирсэн. Надад бэлэн 200 хонь байгаа, зээлсэн мөнгөө энэ хонио мах болгоод буцаагаад өгье гэж тохиролцсон... гэх мэдүүлэг,

  Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,  2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчид үхэр хонины махыг хүлээлгэж өгөөд байгаа бодит гурван удаагийн үйл баримтаас талуудын хүсэл зориг, иргэний хуульд заасан “Зээлийн гэрээ”-ний онцлог, үндсэн шинжтэй нийцээгүй, зөвхөн мөнгө өгч авалцсан талаархи үйл баримтыг гэрчлэх зорилгоор хийсэн болох нь бодит байдалд нийцэж байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-г шүүх үнэлж хэргийг шийдвэрлэх боломжгүй  гэж үзлээ.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тогтоогдсон үйл баримтаар талуудын хооронд  бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний нэг төрөл болох бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан байна. Хариу төлбөрт тодорхой үнээр илэрхийлэгдэх хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх үүргийг  гол нөхцлөө болгосноор талуудын хооронд мах бэлтгэн нийлүүлэх хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байгаа юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч П.Д нэхэмжлэгч Б.Т нь 20 сая төгрөгийг шилжүүлж, хариу төлбөртөө нэг бүр нь 25 килограмаас дээш жинтэй 200 ширхэг хонины махыг бэлтгүүлэн авахаар тохиролцсон хоёр талт хэлцэл хийгджээ.

Харин хариуцагч П.Д хэлцлийн гол нөхцөлд хамаарах үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн, хариу төлбөрийг дутуу хийсэн зэрэг нь хариуцагч үүргээ зөрчсөн, доголдолтой биелүүлсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч П.Д нь үүргээ биелүүлэх бодит боломжгүй болсон, ийм боломжгүй нөхцөл байдал үүссэн талаараа үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдээгүй байх тул үндсэн үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Б.Т нь гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй.

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу  бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн  авах үүргийг тус тус  хүлээнэ гэжээ.

Үүнээс үзвэл хариуцагч П.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчжээ.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлээс 3.351.000 төгрөгийг гүйцэтгээгүй үнийн дүн гэж үзэж шүүх хариуцагч П.Дэлгэрмаагаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.647.301 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Тооцооллын хувьд үзвэл: 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2.381.400 төгрөгний махыг бэлтгэн нийлүүлсэн байна. Үүнд талууд маргаагүй, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлтгэн нийлүүлсэн 1533 кг хонины мах, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бэлтгэн нийлүүлсэн 1159 кг хонины махны хэмжээнүүдийн талаар мөн талууд маргаагүй боловч нэг кг хонины махны үнэний талаар маргадаг. Үнийн талаар тухайн үеийн ханшаар тооцохоор тогтоосон гэж зохигчид тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэг килограмм хонины махыг 5100 төгрөгөөр, хариуцагч П.Д нь  5800 төгрөгөөр тус тус тооцно гэж маргасан боловч шүүх тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан махны үйлдвэрүүдийн иргэдээс авч байсан хонины махны үнэлгээнд хийсэн үзлэгийг үндэслэн нэг килограмм хонины махыг 5300 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ. Нийт 2692 кг хонины махыг нийлүүлсэн байх ба нэг килограммыг 5300 төгрөгөөр тооцож 14.267.600 төгрөгийн хонины махыг бэлтгэн нийлүүлжээ.

Нийт мах бэлтгэн нийлүүлэхээр урьдчилан авсан 20.000.000 төгрөгөөс нийт  16.649.000 төгрөгийн мах бэлтгэсэн байх бөгөөд 3.351.000 төгрөгийн хэмжээнд үүргийг гүйцэтгээгүй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлын талаар шаардлага гаргаагүй зөвхөн Зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ. Иймд хохирлын талаар шүүх шийдвэрлэх боломжгүй юм.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч П.Д нь 20.000.000 /хорин сая/ төгрөгийг 9 хоногийн хугацаатайгаар сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг  гаргаж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд эс зөвшөөрч маргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Зээлийн гэрээг үнэлж шийдвэрлээгүй байдал,  

Түүнчлэн Иргэний хуулийн 57 дугаар зүйлд Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бусад тооцох тухай хуульчилсан нь мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан Хүчин төгөлдөр бус байх хэлцлээс хууль зүйн утгаараа ялгаатай ойлголт бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хэлбэрийг зөрчсөн гэж дурьдсан боловч тэр нь тухайн үйл баримт болох барьцаалсан хөрөнгөгүй байгаа зэрэгтэй бодит байдлаар  нийцээгүй, сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчилж хийсэн гэж тайлбарлаж байгаа зэргээс үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.510  төгрөгийг, хариуцагч П.Д  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Д 68.566 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус зааснаар хариуцагч П.Д 3.351.000 /гурван сая гурван зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.647.301 /арван сая зургаан зуун дөчин долоон мянга гурван зуун нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  зааснаар хариуцагч П.Д гаргасан “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг   хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.510 / хоёр зуун дөчин таван мянга таван зуун арав/ төгрөгийг, хариуцагч П.Д  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259.950 / хоёр зуун тавин есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Дс 68.566 / жаран найман мянга таван зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш                         14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.МӨНХТУЯА