Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00027

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

                                                                             

        МК-ийн нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 962 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: МК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Эт холбогдох Зээлээр худалдан авсан төхөөрөмжийн үнэ 290,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 58,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 58,672 төгрөг, нийт 406,672 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэтуяагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41212958 тоот гэрээ байгуулан 95892302 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Wifi router-ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 290,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 58,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 58,672 төгрөг, нийт 406,672 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч МК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хэрэглэгчийн эрх үүргийн 3.3 дээр "хэрэглэгч гэрээний хугацаанд сонгосон багцыг тасралтгүй ашиглах үүрэгтэй”, 3.6 дээр "хэрэглэгч хэрэглээ хийсэн эсэхээс үл хамаарч зээлийн болон багцын төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй” гэсэн заалтууд байгаа. Үүрэн холбооны “Манай интернет” үйлчилгээний нөхцлийн 1.1.3 дээр “Хэрэв хэрэглэгч тухайн сардаа хэрэглээ хийгээгүй тохиолдолд сарын хураамж нь Хавсралт 1.1-т заасны дагуу тогтмол нэхэмжлэгдэнэ” гэж заасны дагуу эдгээрийг тус тус нэхэмжилсэн байгаа. Хэрэглээ хийх боломжгүй болсон ч гэсэн заавал төлнө. Үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний 3.3-т зааснаар хэрэглэгч гэрээний хугацаанд сонгосон багцыг тасралтгүй ашиглах үүрэгтэй. Энэ үүргээ зөрчиж төлбөрөө төлөөгүй хаагдсан нь хэрэглэгчийн буруу. Манайхаас төлбөрөө төлөөд байнга ашиглах бүрэн боломжоор нь хангаж өгсөн байгаа гэжээ.

Хариуцагч М.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би тус компанийн Манай интернэт төхөөрөмжийг 2018 оны 6 дугаар сарын 11-нд авч байсан бөгөөд тухайн үедээ надад энэ төхөөрөмж нь үнэ төлбөргүй бөгөөд хүссэн үедээ цэнэглээд хэрэглэж болох бөгөөд хэрэглэгчийн төлбөр нь төхөөрөмжийн үнэнээс хасагдаад төхөөрөмж нь үнэгүй болно гэж Хөвсгөл аймаг дахь салбарын ажилтанг тайлбарлахаар нь авч байсан. Тэгээд боломжтой үедээ цэнэглээд хэрэглэх юм байна гэж ойлгоод зээлээр худалдаж аваад өнгөрсөн хугацаанд 96,800 төгрөгийн төлбөрийг төлсөн. Энэ төлбөрийг төхөөрөмжийн үнээс хасаж тооцно. Хэдийгээр гэрээнд 290,000 төгрөгийн үнэтэй гэх боловч энэ төхөөрөмж нь бодит байдал дээр гадуур 60,000-80,000 төгрөгөөр л зарагддаг. Би энэ төхөөрөмжийг 290,000 төгрөг төлөөд худалдаж авсан ч өөр хүнд зарж борлуулах юм бол 80,000 төгрөгөөс хэтрэхгүй. Хэрэв “Мобиком корпораци” энэ төхөөрөмжийн үнийг 290,000 төгрөг гэж үзэж байгаа бол буцаагаад энэ үнээр нь өгөх хүсэлтэй байна. Мөн дээрх хугацаанд төлсөн 96,800 төгрөгийг 290,000 төгрөгөөс хасч тооцох саналтай байна. Мөн огт хэрэглээгүй саруудад үндэслэлгүйгээр төлбөр тооцсон байна. Би 2019 оны 1, 2, 3 дугаар сард төхөөрөмжөө огт хэрэглээгүй байх үед тооцсон 58,705 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ үед ашиглах гээд ч боломжгүй болгоод эрхийг хаачихсан байсан.  

Иймд миний хүлээн зөвшөөрөх хэмжээ бол 193,200 төгрөгийг зөвшөөрнө. Үндэслэлгүй бодсон торгууль, ашиглаагүй үеийн төлбөр, төхөөрөмжийн үнийн зөрүү гээд байгаа 213,472 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ төхөөрөмжийг манайх 12 дугаар сараас хойш огт ашиглаагүй. Утсаараа дата хэрэглэж байсан, 11 дүгээр сард хэрэглэсэн. 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш ашиглаагүй. Би энэ төхөөрөмжийг авахдаа үнэгүй гэж ойлгосон гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 962 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т тус тус зааснаар хариуцагч М.Эээс 367,872 /гурван зуун жаран долоон мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39,800 /гучин есөн мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12.850 /арван хоёр мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Эээс нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 11.656 /арван нэгэн мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэтуяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэсэн үндэслэлээр мөн энэхүү маргааны үнэн зөв шийдвэрлэх талаас нь огт ажиллаагүй харин хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан хамгийн чухал нотлох баримтуудыг үнэлэлгүй нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтгүй тайлбарт ач холбогдол өгч шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1.Анхан шатны шүүх хэрэгт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Учир нь: Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 41212958 тоот дугаартай “Үйлчилгээний гэрээ” болон “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах. үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”-г хариуцагчийн хүсэлтээр байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэж зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байгаа нь илэрхий байхад шүүх буруу дүгнэлт хийсэн.

2.Мөн МК нь тухайн үед хариуцагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хуулийн дагуу 41212958 тоот дугаартай гэрээ байгуулсан. Уг гэрээний хавсралт буюу “Манай Интернет” үйлчилгээний нөхцлийи 1.1.3 дахь хэсэгт заасныг хариуцагч өөрийн биеэр ирж танилцан, хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байхад шүүхээс гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.

3.Түүнчлэн олон улсад хэрэглэгч нийтийн интернэтийн урсгалд холбогдохоос өмнөх холболт тогтоох өртгийг хэрэглэгчээс дараах зарчмаар тарифжуулан нөхөж байна.

Сарын суурь хураамж тооцон тарифжуулах /хоногийн мөнгө гэх мэт/.

4.МК нь өөрийн үйлчилгээний үнэ тарифыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф тогтоох аргачлал”-ын дагуу тогтоон зах зээлд нэвтрүүлэхээс өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд хянуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр үнэ тарифыг тогтоодог.

Иймд анхан шатны шүүхийн 155/ШШ2020/00962 тоот дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч МК нь хариуцагч М.Эт холбогдуулан зээлээр худалдан авсан төхөөрөмжийн үнэ 290,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 58,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 58,672 төгрөг, нийт 406,672 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 193,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үндэслэлгүй бодсон торгууль, ашиглаагүй үеийн төлбөр, төхөөрөмжийн үнийн зөрүү 213,472 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч М.Э МК-ийн хооронд 41212958 дугаар /Хувь хэрэглэгч/ байгуулсан гэрээ, үүрэн холбооны манай интернет үйлчилгээний нөхцөл, харилцагчийн гүйлгээ, гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ хийгдсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дээрх гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээний дагуу хариуцагч М.Э нь “Wifi router” төхөөрөмжийг зээлээр худалдан авч сарын 19.900 төгрөгийн хураамж төлөхөөр, гэрээний хугацаа 24 сарын хугацаанд хүчин төгөлдөр байхаар талууд тохиролцож баталгаажуулжээ.

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний дагуу худалдан авсан төхөөрөмжийн үнэ 290.000 төгрөг, торгуулийн хүү 58.000 төгрөг үйлчилгээний төлбөр 18.872 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч нь хариуцагчийн хэрэглээг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хаагаагүй мөн өдрийг хүртэл хэрэглэж байсан талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь гэрээний заалтыг оновчтой тайлбарлаж хэрэглээгүй гэж үзнэ.

Тухайлбал: 1/Нэхэмжлэгч нь 2020 оны 1, 2 сарын үйлчилгээний төлбөр гэж 58.672 төгрөг нэхэмжлэлдээ тусгаж нэхэмжлээгүй байхад шүүх зохигчдын тайлбарт дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас 39.800 төгрөг гэж хасан  тооцсон.

2/Хасаж тооцохдоо мөнгөн дүнг зөрүүтэй хассан.  

3/Торгуулийн хүү гэж 58.000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих хуулийн заалтыг баримталж шийдвэрлээгүй тус тус алдааг гаргасан байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 4.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч МК-д буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 962 дугаартай шийдвэрийн “Удирдлага болгох” хэсгийн “115.2.2” гэснийг “115.2.1” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1, 232 дугаар зүйлийн 232.5, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хариуцагч М.Эээс 406,672 /дөрвөн зуун зургаан мянга зургаан зуун далан хоёр/ төгрөг гаргуулж МК-нд олгосугай.” гэж, 2 дахь заалтын “хариуцагч М.Эээс нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 11,656 /арван нэгэн мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг” гэснийг  “хариуцагч М.Эээс 12.850 /арван хоёр мянга найман зуун тавь/ төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэтуяагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 4,550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч МК-нд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

                                 ШҮҮГЧИД                                     Н.БАЯРХҮҮ

                                                                                       Л.ЭРДЭНЭБАТ