Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 00962

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: МХХК нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Х овогт М.Эт холбогдох,

 Зээлээр худалдан авсан төхөөрөмжний үнэ 290.000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 58.000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 58.672 төгрөг, нийт 406.672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар  сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч МХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай  “ Үйлчилгээний   нөхцөл”-ийг   хүлээн   зөвшөөрч  хэрэглэгч болох хүсэлтээ гарган  41212958   тоот   гэрээ   байгуулан   95892302  дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт

үйлчилгээг , мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Wifi router –ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан төхөөрөмжний үлдэгдэл төлбөрт 290.000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 58.000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 58.672 төгрөг, нийт 406.672 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э

шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг шүүгч уншиж танилцуулсан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Би 290,000 төгрөгийн үнэтэй “манай интернет” төхөөрөмжийг авч ирсэн байна. Төлбөрөө төлөөгүй гэрээгээ цуцалсан учраас 290,000 төгрөгийн 20 хувь болох 58,000 төгрөгийн торгууль нэхэмжилсэн. Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр гэдэг нь “манай интернет төхөөрөмжийг ажиллуулж байгаа дата дугаарыг энэ хүн маань 24 сарын хугацаатайгаар гэрээ хийж авсан байгаа. “Манай интернет” үйлчилгээний өргөдлийн маягт дээр хэрэглээгээ өөрөө сонгосон гэдэг нь харагдаж байгаа юм. 20 гигабайт датаг сард 19,900 төгрөг төлж ашиглахаар сонгож 95892302 гэсэн дата дугаар үүсгүүлээд 24 сарын хугацаатай гэрээ байгуулж авсан. Хариуцагч тайлбартаа 2019 оны 01 дүгээр сар, 02 дугаар сар, 3 дугаар сар гэсэн байгаа. Манайхаас 2018 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр саруудын төлбөр 58,672 төгрөгийг нэхэмжилсэн. Ингээд нийт 406,672 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. 290,000 төгрөгийн төхөөрөмжийн хэрэглээг тухай тухайн үедээ хийгээд явах боломжтой байсан юм бол хугацаагүй нөхцөлөөр дата дугаараа авах боломжтой байсан. Хугацаатай, хугацаагүй гэдэг нөхцөл бол “Манай интернет” үйлчилгээний нөхцөлийн 2.1.1, 2.1.2 дээр заасан байгаа. Хугацаатай гэдэг нь хэрэглэгч “манай интернет” төхөөрөмжийг зээлээр авч сонгосон дата багцыг өргөдлийн маягт дээр заасан хугацаанд тогтмол ашиглахыг хэлнэ гэж байгаа юм. Хугацаагүй гэдэг нь хэрэглэгч сонгосон дата багцыг хүссэн хугацаандаа ашиглахыг хэлнэ гэсэн байгаа. Тухайн үед манайх урамшуулал зарлаад 290,000 төгрөгийн төхөөрөмжийг та үнэгүй авах боломжтой. Ингэхдээ сонгосон дата багцын төлбөрөө 24 сарын хугацаанд тасралтгүй төлж, ашиглаад үнэгүй авах боломжтой гэдэг урамшуулал зарласан байсан талаарх мэдээллийг гаднаас аваад, өөрөө манай салбарын зааланд ирж, хүсэлт тавьсны дагуу гэрээ байгуулаад үйлчилгээгээ авсан байгаа. Энэ үйлчилгээг авсан гэдэг нь манайтай хийсэн гэрээнүүдээр нотлогдож байгаа. Мобикомын зүгээс энэ хүнд хүчилж, тулгаж өгөөгүй өөрөө сайн дураараа гарын үсгээ зурж хүлээн зөвшөөрсөн байгаа. Эсвэл төхөөрөмжийн үнэ болох 290,000 төгрөгийг бэлэн төлөөд, дата дугаарын төлбөрөө хүссэн үедээ хийгээд ашиглах боломжтой байсан. Гэтэл энэ хэрэглэгч маань манай урамшууллыг сонсоод өөрөө энэ үйлчилгээг авна гэж сонгож харилцан гэрээ байгуулсан. Ашиглаагүй сарын төлбөр гэж ярьсан. Энэ бол 2018 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сар гээд 3 сарын төлбөр нийт 58,672 төгрөг нэхэмжлэгдсэн байгаа. Гар утас төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлээр худалдан авах үйлчилгээний хугацаатай гэрээний хэрэглэгчийн эрх үүргийн 3.3 дээр "хэрэглэгч гэрээний хугацаанд сонгосон багцыг тасралтгүй ашиглах үүрэгтэй", 3.6 дээр "хэрэглэгч хэрэглээ хийсэн эсэхээс үл хамаарч зээлийн болон багцын төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй" гэсэн заалтууд байгаа. “Манай интернет” үйлчилгээний нөхцөлийн 1.1.3 дээр хэрэв хэрэглэгч үйлчилгээ хийгээгүй тохиолдолд сарын суурь хураамж нь хавсралт 1.1-т заасны дагуу тогтмол нэхэмжлэгдэнэ гэж заасны дагуу эдгээрийг тус тус нэхэмжилсэн байгаа. 290,000 төгрөгийн үнэтэй төхөөрөмжийн үнэ нь бодит биш байна. Гадуур бодит үнэлгээ 60,000 төгрөгөөс 80,000 төгрөгийн хооронд байна гэж хэлсэн. Энэ төхөөрөмжийг Мобиком корпорац “Хуавэй” компанийн албан ёсны борлуулагч учраас тухайн компаниас тогтсон үнэ тарифийн дагуу, гаалийн татвараа төлж албан ёсоор оруулж ирдэг компаниас тогтоогдсон албан ёсны үнээр борлуулдаг. Нотлох баримтаар гаргаж өгсөн 60,000 төгрөгөөс 80,000 төгрөгийн хооронд зарагдаж байна гэсэн иргэдийн фэйсбүүкийн санал дээр байгаа хаяг манай компанийн албан ёсны пэйж хуудас биш мөн “хуавэй” компанийн албан ёсны хуудас биш байсан учраас энэ үнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэглээ хийх боломжгүй болсон ч гэсэн заавал төлнө.Үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний 3.3-т зааснаар "хэрэглэгч гэрээний хугацаанд сонгосон багцыг тасралтгүй ашиглах үүрэгтэй". Энэ үүргээ зөрчиж төлбөрөө төлөөгүй хаагдсан нь хэрэглэгчийн буруу. Манайхаас төлбөрөө төлөөд байнга ашиглах бүрэн боломжоор нь хангаж өгсөн байгаа. Ашиглах нөөц бололцоог нь нээлттэй байлгасан.

...Тиймээ энэ заалтаараа нэхэмжилж байгаа гэв. Гэрээг цуцлахад хамааралтай заалт байна. Энэ бол үйлчлүүлэгчийн эрх үүрэг байгаа. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гарсан 18,900 төгрөг нь 11 дүгээр сарын хэрэглээг нэхэмжилсэн гэсэн үг. 11 дүгээр сард нэхэмжилсэн байгаа мөнгө нь 10 дугаар сарын төлбөр байгаа.12 дугаар сарын 01-ний өдөр гарсан төлбөрийг энэ хүн 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл ашигласан байгаа. 12 сарын 20 ний өдрөөс манайх хэрэглээг хаасан. Сар болгоны 20-ны дотор төлбөрөө төлөх ёстой байтал төлөөгүй учраас хэрэглээг хаасан байгаа. Тиймээс энэ хүн 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хэрэглэсэн гэсэн үг. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гарсан төлбөр өмнөх оны 12 дугаар сарын, 02 дугаар сарын 01-ний өдөр гарсан төлбөр нь 01 дүгээр сарын төлбөр гэсэн үг юм. 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл төлбөрөөс хаалттай байсан гэсэн үг ... гэв.

  Хариуцагч М.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн М.Э миний бие Мобиком корпараци ХХК-ний нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би тус компанийн “Манай интернэт” төхөөрөмжийг 2018 оны 6 дугаар сарын 11-нд авч байсан бөгөөд тухайн үедээ надад энэ төхөөрөмж нь үнэ төлбөргүй бөгөөд хүссэн үедээ цэнэглээд хэрэглэж болох бөгөөд хэрэглэгчийн төлбөр нь төхөөрөмжийн үнэнээс хасагдаад төхөөрөмж нь үнэгүй болно гэж Хөвсгөл аймаг дахь салбарын ажилтанг тайлбарлахаар нь авч байсан. Тэгээд боломжтой үедээ цэнэглээд хэрэглэх юм байна гэж ойлгоод зээлээр худалдаж аваад өнгөрсөн хугацаанд 96,800 төгрөгийн төлбөрийг төлсөн. Энэ төлбөрийг төхөөрөмжийн үнээс хасаж тооцно. Хэдийгээр гэрээнд 290,000 төгрөгийн үнэтэй гэх боловч энэ төхөөрөмж нь бодит байдал дээр гадуур 60,000-80,000 төгрөгөөр л зарагддаг. Би энэ төхөөрөмжийг 290.000 төгрөг төлөөд худалдаж авсан ч өөр хүнд зарж борлуулах юм бол 80,000 төгрөгөөс хэтрэхгүй. Иймд хэрэв Мобиком корпараци энэ төхөөрөмжийн үнийг 290.000  төгрөг гэж үзэж байгаа бол буцаагаад энэ үнээр нь өгөх хүсэлтэй байна. Мөн дээрх хугацаанд төлсөн 96,800 төгрөгийг 290,000 төгрөгөөс хасч тооцох саналтай байна. Мөн огт хэрэглээгүй саруудад үндэслэлгүйгээр төлбөр тооцоолсон байна. Иймд би 2019 оны 1, 2, 3 дугаар сард огт хэрэглээгүй байх үед тооцсон 58,705 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ үед ашиглах гээд ч боломжгүй болгоод эрхийг хаачихсан байсан. Мөн хэрэглэж байх хугацаанд интернэтийн хурд маш муу, үргэлж гацах байдлаар санасандаа хүртэл ашиглах боломжгүй байсан учир хэрэглэх боломжгүй болоод байсан.

  Иймд миний хүлээн зөвшөөрөх хэмжээ бол 193,200 төгрөгийг зөвшөөрнө. Үндэслэлгүй бодсон торгууль, ашиглаагүй үеийн төлбөр, төхөөрөмжийн үнийн зөрүү гээд 213,472 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ төхөөрөмжийг авахад ажилтан нь үнэгүй гэж тайлбарласан учраас үнэгүй юм байна, хэрэгтэй үедээ цэнэглээд ашиглах боломжтой юм байна гэж ойлгосон. Хүссэн үедээ цэнэглээд хэрэглэх юм байна гэж ойлгоод зээлээр худалдан авч өнгөрсөн хугацаанд 96,800 төгрөг төлсөн. Энэ төлбөрийг төхөөрөмжийн үнэнээс хасуулж тооцуулмаар байна. Хэдийгээр гэрээнд төхөөрөмжийн үнэ 290,000 төгрөг гэж байгаа боловч энэ төхөөрөмжийг зарах гэхээр зах зээлийн бодит үнэлгээ нь 60,000 төгрөгөөс 80,000 төгрөгөөр үнэлэгдэж байна лээ. Иймд Мобиком уг төхөөрөмжөө 290,000 төгрөгийн үнэтэй гэж үзэж байгаа бол төхөөрөмжийг нь буцааж өгөх хүсэлттэй байна.  Мөн огт хэрэглээгүй 01 дүгээр сар, 02 дугаар сар, 3 дугаар сарын дата дугаарын төлбөрийг хасуулж тооцуулах саналтай байна. Ашиглаагүй гэвэл 12 дугаар сар, 01 дүгээр сар, 02 дугаар сарын төлбөр байна. Энэ төхөөрөмжийг манайх 12 дугаар сараас хойш огт ашиглаагүй. Утсаараа дата хэрэглэж байсан. 11 дүгээр сард хэрэглэсэн. 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойг ашиглаагүй. Гацаад болохгүй байсан. Би энэ төхөөрөмжийг авахдаа үнэгүй гэж ойлгосон гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч М.Энхцэцэгт холбогдуулан Зээлээр худалдан авсан төхөөрөмжний үлдэгдэл төлбөр 290.000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 58.000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 58.672 төгрөг, нийт 406.672 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

      Хариуцагч М.Эг нь “ миний хүлээн зөвшөөрөх хэмжээ бол 193,200 төгрөгийг зөвшөөрнө. Үндэслэлгүй бодсон торгууль, ашиглаагүй үеийн төлбөр, төхөөрөмжийн үнийн зөрүү гээд 213,472 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

     Хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 41212958 дугаар /Хувь хэрэглэгч/ байгуулсан гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 4 хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, М.Э Хөвсгөл салбарын захирлаар томилсон тушаал 1 хуудас, М.Э иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас, Үйлчилгээний гэрээ хуулбар 1 хуудас, Үүрэн холбооны манай интернет үйлчилгээний нөхцөл 1 хуудас, 2018 оны 11, 12, 2019 оны 01 дүгээр саруулын төлбөрийн хуудас 3 хуудас, мобиком корпорацийн захирлын М.Э олгосон япон болон монгол хэлээр бичигдсэн Итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас интернэт модем нэртэй зурагт зурвасаар  харьцсан бичиглэл бүхий баримт 2 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар ирүүлжээ.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар хэлцэгдсэн нотлох баримтуудаар хариуцагч М.Э нь Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймаг дахь салбараас Wifi router төхөөрөмжийг худалдах худалдан авах гэрээ байгуулан авсан, мөн үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч сарын 19.900 төгрөгний хураамж бүхий үйлчилгээг авч хэрэглэж байсан зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.

Учир нь: Хэрэгт авагдсан гэрээ, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч М.Энхцэцэг нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймаг дахь салбарт очиж гар утас төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцлөөр худалдах худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай 41212958 дугаар гэрээг байгуулж Wifi router төхөөрөмжийг 24 сарын турш 19.900 төгрөгний /дата хэрэглэх дугаар бүхий/ багцад хамрагдан сар бүр төлбөрийг дараа сарынхаа 20-ны өдрийн дотор төлснөөр уг төхөөрөмж үнэгүй болох нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан  нь нотлогдлоо.

    Хариуцагч нь шүүх хуралдаанд ... төхөөрөмжийг үнэгүй гэж надад ойлгуулсан, би хэрэгтэй үедээ сэргээгээд хэрэглээд байж болох юм байна гэж бодоод авсан зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч хариуцагч нь сар бүр 19.900 төгрөгийн интернэтэд орох датаг хэрэглэж байсан талаар маргаагүй бөгөөд үүнээс төхөөрөмж үнэгүй өгч байсан гэж үзэх үндэслэлгүй энэ нь бодит үнэнд нийцэхгүй байна.

    Түүнчлэн нэхэмжлэгчийн хариуцагчид тавьсан санал нөхцөл нь ил тод, танилцах боломжтой байсан төдийгүй хариуцагч нөхцлийг зөвшөөрснөөр гэрээ байгуулагдсан байгаа нь стандарт нөхцөлтэйгээр   худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компани төхөөрөмжийн үнийг төлөхийг,

Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх гэж зааснаар үйлчилгээний төлбөрийг төлөхийг тус тус шаардах эрхтэй.

     Гэрээний 3 дугаар зүйлд хэрэглэгчийн эрх, үүргийн талаар тусгасан байх бөгөөд 3.1-т Хэрэглэгч зээлээр эсхүл хөнгөлөлттэй нөхцлөөр гар утас, төхөөрөмж худалдан авах эрхтэй, 3.2-т Хэрэглэгч зээлийн болон багцын төлбөрийг энэхүү гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй, 3.3-т Хэрэглэгч гэрээний хугацаанд заасан сонгосон багцыг тасралтгүй ашиглах үүрэгтэй, 3.6-д Хэрэглэгч хэрэглээ хийсэн эсэхээс үл хамаарч зээлийн болон багцын төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй, 3.7-д Зээлийн нөхцлөөр гар утас, төхөөрөмж хугацаатай гэрээгээр худалдан авсан хэрэглэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд зээлийн төлбөрийн зөрүү дээр гэрээний хавсралт 1-т заасан торгуулийг нэмж төлөх үүрэгтэй, Торгуулийн дүн нь энэхүү гэрээний Хавсралт 1-т заасан зээлийн төлбөрийн зөрүүний 20 хувьтай тэнцүү байна гэж тус тус заажээ.

Зээлээр худалдах худалдан авах нэртэйгээр байгуулагдсан боловч төхөөрөмжийн үнэ өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл хариуцагч М.Энхцэцэгт боломжит нөхцлийг санал болгож худалдсан байх ба үнийн хувьд гэрээг цуцалснаас хойш төлөх төхөөрөмжийн үнэ өөрчлөгдөөгүй байгаагаараа зээлээр худалдах худалдан авах гэрээнээс ялгаатай.

Иймд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан тул  худалдан авсан төхөөрөмжийн үнэ 290.000 төгрөг, торгуулийн хүү 58.000 төгрөг үйлчилгээний төлбөр 18.872 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 12, 2019 оны 1, 2019 оны 2 дугаар сарын нэхэмжлэлээр 58,672 төгрөгийг үйлчилгээний төлбөрт нэхэмжилсэн байх бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд 2018 оны 11 дүгээр сараас хойш интернэт үйлчилгээг хэрэглээгүй гэж тайлбарласан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хэрэглээ хийж байсан тийм учир 2019 оны 1 дүгээр сард хүргэгдсэн нэхэмжлэл нь 2018 оны 12 дугаар сарын хэрэглээ хийсний нэхэмжлэл  юм харин 2019 оны 2 дугаар сард хүргэгдсэн нэхэмжлэл нь 2019 оны 1 дүгээр сарын хэрэглээнийх боловч хэрэглэгчийн хэрэглээг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өмнөх сарынхаа төлбөрийг хийгээгүй учир хаасан гэж тайлбарлаж маргасан.

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн хэрэглээг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хаагаагүй мөн өдрийг хүртэл хэрэглэж байсан талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой браимтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх,

    Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үйлчилгээний төлбөрийн тухайд хэрэглээг хэзээ хаасан, мөн хэрэглээг хааснаас хойшхи хугацааны төлбөрийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа талаархи холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотлолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

        Хариуцагч М.Э нь шүүх хуралдаанд уг төхөөрөмжийг зарах гэсэн боловч ийм үнээр зарагдахгүй 60.000,80.000 гэж зарагддаг юм байна лээ энэ төхөөрөмжийг нь буцааж өгөх боломжтой бол өгмөөр байна, мөн төлсөн мөнгөө энэ төлбөрөөс хасаж тооцуулна гэж мэтгэлцсэн.  Хариуцагч М.Э нь уг төхөөрөмжийг худалдан авахгүй нэхэмжлэгч байгууллагатай гэрээг байгуулахгүй байх боломж, эрх нь байсан ба түүний төлбөрт төлсөн гэх 96.800 төгрөг нь  интернэт үйлчилгээг ашигласан төлбөрөө төлсөн байх тул төхөөрөмжийн үнээс хасаж тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

           Нэхэмжлэгчийн үйлчилгээний төлбөрт нэхэмжилсэн 58.672 төгрөгөөс 2019 оны 1,2 сарын нэхэмжлэхээр хүргэгдсэн үйлчилгээний төлбөр болох нийт 39.800 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгов.

      Иймд хариуцагч М.Э 367.872 /гурван зуун жаран долоон мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39.800 /гучин есөн мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар хотын Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12.850 /арван хоёр мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод  үлдээж, хариуцагч М.Э нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 11.656 /арван нэгэн мянга зургаан зуун тавин зургаа/  төгрөгийг  гаргуулан  нэхэмжлэгч  Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанид  олгох нь зүйтэй байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т тус тус зааснаар хариуцагч М.Э 367.872 /гурван зуун жаран долоон мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39.800 /гучин есөн мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12.850 /арван хоёр мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод  үлдээж, хариуцагч М.Э нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 11.656 /арван нэгэн мянга зургаан зуун тавин зургаа/  төгрөгийг  гаргуулан  нэхэмжлэгч  Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанид  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХТУЯА