Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 0035

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Н.Д /цахимаар/

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.Б-н давж заалдах гомдлоор Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Т овогт Эн Б,

   Э.Б нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн орчим         аймгийн      сумын      багийн      дүгээр байрны урд “У” дэлгүүрийн үүдэнд хохирогч С.Б-г хананд тулгаж, гарыг нь мушгиж хэвлийн тус газар нь гараараа цохиж самсунг А-13 загварын гар утсыг хүч хэрэглэн авч, 619.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Э.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Т овогт Э-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бэс 469.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д олгож,

 

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулиййн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдолдоо:

... Миний бие С.Б-д учруулсан хохирол 619.000 төгрөг ... анх 150.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 469.000 төгрөгийг давж заалдах шатны шүүхэд орохын өмнө төлнө. Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр болох Б.Б бие давхар, том охин Б.А, дунд хүү Б.Т, бага хүү Б.Э нарын хамт ам бүл тавуулаа түрээсийн байшинд амьдардаг. Өр зээл ихтэй, ар гэрээ би авч явдаг. Эхнэр жирэмсэн ажил хийх боломжгүй. Ийм шалтгааны улмаас ар гэр, эхнэр хүүхэд минь хүндэтгэн үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Б-н давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заасны дагуу Э.Бд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

             Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн орчим       аймгийн        сумын        багийн нутаг дэвсгэр       дүгээр байрны урд байрлах “У” дэлгүүрийн үүдэнд хохирогч С.Б-г хананд тулгаж, гарыг нь мушгин хэвлийн тус газар нь гараараа цохиж “Самсунг А- 13” загварын гар утсыг нь хүч хэрэглэн авч 619.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Хэргийн бүх ажиллагааг хянавал нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл хэмжээний ял буюу 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Э.Б нь хохирогч С.Б-д учруулсан хохирлын 619.000 төгрөгөөс 150.000 төгрөгийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад төлсөн ба шийтгэх тогтоолоор төлөхөөр шийдвэрлэсэн 469.000 төгрөгийг хохирогч С.Б-н ХААН банкин дахь дансаар шилжүүлсэн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

 

            Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг ял оногдуулахдаа баримталдаг.

 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-н  ... Ар гэрийн ахуй амьдралын байдлыг минь харгалзан үзээд хорих ялыг өөрчилж  өгнө үү ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.Б нь хохирлын 469.000 төгрөгийг хохирогч С.Б-н ХААН банкин дахь дансанд шилжүүлж, хохирлоо  төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                                       С.ЦЭЦЭГМАА