Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 111

 

С.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00759/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 25-ны өдрийн 938 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Т--д холбогдох

"Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч С.Т-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.О-, хариуцагч С.Т-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие С.О- нь өөрийн төрсөн эх өндөр настан Д.С-гийн хамт амьдардаг болно. Ээж минь хэвтэрт ороод 2 жил гаруй хугацаанд миний бие асран хамгаалагчийнхаа үүргийг хүүгийн зүгээс биелүүлж байгааг минь том ах, эгч, дүү нар гэрчилнэ. Миний төрсөн ах С.Т- удаа дараа ямар нэг шалтаг гарган өсөж торнисон гэх шалтгаанаар гэрт ирж ээж болон миний биед сэтгэл санааны дарамт үүсгэн хүнд биетэй ээжийн минь хажууд хэрүүл маргаан үүсгэн энэ байрыг надад өг, би эндээс явахгүй гэх мэтээр эхнэрийнхээ хамт сэтгэл зүйн дарамт үзүүлж байна. Орон байранд минь эзэн суух санаа өвөрлөн хэл амаар доромжлон, ална гэх мэтээр айлган сүрдүүлж өвчтэй ээжийгээ асран халамжлах бололцоог хаан боогдуулж, өөрийн минь гэрээс намайг хөөж, төрсөн ахаа гэсэн сэтгэлийг минь үл ойшоож эхнэр хүүхдийн хамт 5 сар гаруй миний гэрт амьдрахдаа ахуйн хэрэглээний төлбөр тооцоог хийж байгаагүй. Эдийн засаг болон сэтгэл санааны хувьд орон гэртээ амар тайван байх аргагүйд хүрээд байна.

Иймд С.Т-ийг гэр бүлийн хамт яаралтай албадан гаргуулах шаардлагатай байна гэжээ.

Хариуцагч С.Т- шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд С.О- нь С.Т- надад холбогдуулж гэр бүлийн хамтаар гэр чөлөөлж албадан гаргуулах шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн үндэслэлдээ С.О- өөрийн төрсөн эх Д.С-гийн хамт амьдардаг болно гэж худал бичсэн байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол, 9-р байр, 63 тоот 55.7м.кв талбайтай 4 өрөө орон сууц нь аав, ээж 2 өмч хувьчлалын үед авч бид эцэг, эхийн хамт наймуулаа амьдарч байсан байр буюу бидний гэр бүлийн бүх гишүүдийн гал голомт.

Бид гэр бүлийн хамт өмнө ч байсан. Одоо ч амьдарч байгаа. С.О- бид 2 төрсөн ах дүүс. Хэрэг төвөгт их холбогддог зан ааш нь их эвдэрсэн. Хоёр удаа танхайн хэргээр шоронд орсон байдлаараа их айлгадаг. Дөрвөн өрөөний нэг өрөөнд өндөр настай ээж маань байдаг. Сүүлийн үед С.О- гарч орохдоо байнга гаднаас нь цоожилж гарч явдаг болсон байсан. Тэгсэн чинь манай гэр бүлийг гэрээс хөөж шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн бидэнд мэдэгдэлгүйгээр 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байрны гэрчилгээг ээжийн хамт өөрийн нэр дээр хоёр хүний өмчөөр бүртгүүлж авсан байна. Энэ үед би эхнэрийн хамт гэртээ ээжийг асраад байж байсан үе. Би энэ гэрчилгээг шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа мэдлээ. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр миний нэрийг оруулаагүй, ээжийг дарамталж ээжийг өөрийн нэр дээр оруулснаараа далимдуулж байрнаас хөөж байгааг зөвшөөрөхгүй. Гэрчилгээг гаргуулж авахаас өмнө надад мэдэгдэж, надаас зөвшөөрөл авах ёстой байсан. Би өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр сөрөг нэхэмжлэл гаргана, байрнаас өмчлөх эрх дээр маргах тул байрнаас гарахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч С.Т- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

С.Т- миний бие С.О-ын хамгийн том төрсөн ах юм. Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 63 тоот 4 өрөө орон сууц нь өмч хувьчлалаар олгогдсон бидний төрсөн эцэг Содов, эх Д.С- нарын гал голомт юм. Уг байранд бид ах дүүгээрээ амьдардаг байсан. Би энэ байрыг дүү С.О-ын хамтаар өмчлөх эрхтэй. Энэ байрны өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлгүүдэд миний нэр бүртгэгдээгүй байгааг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтуудыг хараад маш их гайхаж байна. Би тус байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж уг шаардлагатайгаа холбогдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт шалгуулах, цуглуулах, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой бүх хэлцлийн нэр, гарын үсгийн үнэн зөвийг тусгай мэдлэгтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах болно. Иймд Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 63 тоот 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.О- сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Содов овогтой С.О- миний бие нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 63 тоот 4 өрөө орон сууцанд амьдрах албан ёсны эзэмшигч нь билээ. Миний төрсөн ах болох Содов овогтой Т- нь миний өвлөж авсан энэхүү байрыг өөрийн эхнэрийн хамтаар эзэмших эрхтэй хэмээн нэхэмжлэл гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэж байна. С.Т- нь 1 дүгээр сараас эхлэн гэр бүлийн хамтаар одоог хүртэл байр, гэрэл, ус дулааны төлбөрт нэг ч удаа нэмэр болоогүй. Манай гэрт байх хугацаандаа бохир заваан, үргэлж хэрүүл хийж төрсөн эгч дүүсийг минь элдвээр доромжилж, хэвтэрт байдаг өвчтэй эхийг минь хүн гэж тоолгүй орилж чарлаж, бидний тайван амьдрах нөхцөлийг үгүй хийж байна. Уг байр нь өв уламжлал болон миний ээж, Д.С- болон төрсөн ах, эгч, дүү нарын хүлээн зөвшөөрснөөр надад албан ёсоор өвлөгдсөн билээ. Иймд С-ын Т-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй, албан ёсны бус, ээж Д.С- болон надтай хамт амьдрах эрхгүй гэдгийг миний бүрдүүлсэн нотлох баримт орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрчүүдийн нэр, гарын үсэг нотлох болно. Иймд С- овогтой Т-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 25-ны өдрийн 938 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 182 дугаар зүйлийн 182.1-т заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009324 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 63 тоотод байрлах орон сууцыг хариуцагч С.Т- болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч С.Т-ийн гаргасан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагч С.Т-ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т-ас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Т- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 938 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

С.Т- миний бие нэхэмжлэгч С.О-ын хамгийн том төрсөн ах юм. Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 63 тоот 4 өрөө орон сууц нь анх өмч хувьчлалаар миний төрсөн ээж Д.С-д өмч хувьчлалаар олгогдсон бид эцэг эх, ах дүүсийн хамтаар энэ байрандаа өсөж том болцгоосон бидний гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн юм.

Одоо энэ байрыг отгон дүү ганцаараа өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгон улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдлаараа намайг байрнаас минь хөөж тууж байгаад үнэндээ гомдолтой байна. С.О- байрыг өвлөх эрхийн дагуу өөрийн өмчлөлд авсан гэж тайлбарлаж байгаа боловч яг үнэндээ манай ээж Д.С-с хуулийн дагуу шилжүүлж аваагүй юм билээ, ээж маань хүнд өвчтэй, баруун гар нь бичих чадваргүй, хэвтэрт байдаг учраас улсын бүртгэлийн байгууллагад биеэр очоогүй өмнөөс нь гарын үсэг зурсан гэдгээ С.О-ын хэлсэн шүүх хуралдааны тэмдэглэл, камерын бичлэгт үлдсэн байгаа. Ээж маань энэ байрыг хоёр хүүхдээ булаацалдаж байгааг мэдэхгүй байна, энэ байдлаас үзэхэд С.О- бүх бичиг баримтыг ээжийн өмнөөс бусад ах дүүтэй нийлж өөрийн өмчлөлд шилжүүлсэн байна. Би анхан шатны шүүхэд гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Хэрэв гарын үсгийн хэвийн шинжээч томилсон бол ээжийн гарын үсгийг дуурайлган зурсан нь тогтоогдох ба улмаар би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж С.О-ын өмчлөлд хууль бусаар шилжсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага гаргах боломжтой байсан. Шүүх яг одоогийн байгаа нотлох баримтыг үнэлж миний өмчлөлд бүртгэл байхгүйгээс би бусдын өмчлөлд хууль бусаар амьдарч байгаа гэж ойлгогдоод байна. Ээжийгээ амьд байгаа дээр үнэн зөвийг олж байрны хамтран өмчлөгчөөр тогтоогдох хүсэлтэй байна. Хэрэгт авагдсан байгаа улсын бүртгэлийн мэдүүлэг, хэлцлүүдийн гарын үсгийн үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай байна. Иймд энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.       

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.О- нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009324 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 63 тоот байрнаас төрсөн ах С.Т-ийг албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч талаас эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө уг байрыг бидний эцэг, эх өмч хувьчлалаар авсан гал голомт, бид ах дүүгээрээ амьдардаг байсан, байрыг дүү С.О-ын хамтаар өмчлөх эрхтэй тул хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ингэхдээ анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд маргааны зүйл болсон байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлүүдийн нэр, гарын үсгийг үнэн зөв эсэх талаар шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “...шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэж хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдааныг завсарлуулсан атлаа уг хүсэлтийг нь хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэгэн шийдвэр гаргалгүй орхигдуулж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэжээ.

Энэ талаар хариуцагч С.Т- нь давж заалдах гомдол гаргасан ба шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хэрхсэн талаар эрхийн акт гаргаж талуудад мэдэгдэх үүрэгтэй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр гарах энэхүү захирамжид талууд мөн хуулийн 170 дугаар зүйлд заасан журмаар гомдол гаргах эрхтэй.

Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй талаарх гаргасан хариуцагчийн давж заалдсан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т “...хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн...” гэж заасан үндэслэлд хамаарна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 167 дугаар зүйлийн 167.1.5-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 25-ны өдрийн 938 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                       ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                           М.МӨНХДАВАА