Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 112

 

Б.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00929/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  09 дүгээр сарын 17-ны өдрийн 1004 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

“Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Т-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Гомдол гаргагч Б.Т- шүүхэд гаргасан гомдолдоо:

“Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5411 дугаартай шүүхийн шийдвэрээр миний бие Б.Т-гээс 21.066.000 төгрөг гаргуулж “Б- Ф-” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг барагдуулахаар миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Их сургуулийн 3-р гудамж, 89 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021825 дугаартай 54 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байрлах Г-2003007232 дугаартай 596 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хураан авч улмаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолын дагуу “К- З-” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн
үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг маань нийтэд нь 25.280.000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан боловч миний бие 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр буюу ШШГГ-ын мэдэгдэл гарснаас хойш ажлын 9 хоногийн дараа шуудангаар хүлээн авсан. Иймд миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55 7-д заасан хугацааны дотор энэхүү гомдлоо гаргаж байна. Тус эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээс өмнө төлбөр төлөгч Б.Т- надаас ямар нэгэн үнийн санал аваагүй, талуудын хэнээс нь ч үнийн санал аваагүй хэрнээ Шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг авалгүй шинжээч хөрөнгийг үнэлсэн. “К- З-” ХХК-ийн үнэлгээгээр миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 25.280.000 төгрөг гэж үнэлснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд маань төв зам дагуу байрлалтай төвийн инженерийн шугамын сүлжээний чанх харалдаа ба холбогдох бүрэн боломжтой, энэхүү 54 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь газартайгаа нийлээд хамгийн багадаа 30.000.000 төгрөгийн зах зээлийн жишиг үнэтэй байхад бүхэл бүтэн 4,5 сая төгрөгөөр бууруулж үнэлсэнд гомдолтой байна.

Иймд “К- З-” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Үнэлгээний тайлангаар миний Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Их сургуулийн 3-р гудамж, 89 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021825 дугаартай 54 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах Г-2003007232 дугаартай 596 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нийт 25.280.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5411 дугаар шийдвэрээр Б- овогтой Т-гээс 21.066.000 төгрөгийг гаргуулж “Б- Ф-” ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Б.Т- нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангирт, Их сургуулийн 3 дугаар гудамж, 89 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021825 дугаартай, 54,0 м.кв талбайтай хувийн сууцны дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Г-2003007232 дугаартай 896,0 м.кв газрын хамт битүүмжлэн, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20070196/03 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 03/1313 дугаар албан бичгээр талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч Б.Т-, төлбөр авагч “Б- Ф-” ББСБ нь тус тус шинжээчээр үнэлүүлэх саналыг ирүүлсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20/19 тоот тогтоолоор “К- З-” ХХК-ийг шинжээчээр томилсон. Тогтоол гардуулахдаа шинжээчид эрх үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдсэн.

“К- З-” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнийг 25,280,000 төгрөгөөр тогтоосон 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/1768, 01/1769 дугаар албан бичгээр үнэлгээг талуудад танилцуулан мэдэгдэл хүргүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний “К- З-” ХХК нь нөхөн сэргээлтийн өртгөөс ашиглалтын хугацааны элэгдлийн нормативын дагуу хасаж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох” аргачлалын дагуу болон ижил төсөөтэй газрын худалдаа арилжааны мэдээлэл дээр тулгуурлан уг эд хөрөнгийн үнэлгээг зах зээл дээр худалдаалагдаж байгаа эд хөрөнгийн байршил, чанар байдал үр ашиг элэгдэл зэргийг тооцон үнэн бодит ханш судалгаа хийсний үндсэн дээр зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн нь хуулийн дагуу бодит үнэлгээ гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасан, шинжээч нь хуульд заасан дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  09 дүгээр сарын 17-ны өдрийн 1004 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Б.Т-гийн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “К- З-” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Т- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт үнэлгээ хийлгэхээс өмнө төлбөр төлөгч Б.Т- надаас ямар нэгэн үнийн санал аваагүй, талуудын хэнээс нь ч үнийн санал аваагүй хэр нь Шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг авалгүй шинжээч томилж хөрөнгийг үнэлсэн хэмээн тодорхой бичсэн. Гэвч хариуцагч тал болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Д.Г- нь анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020.05.19-ний өдрийн 03/1313 дугаар албан бичгээр талуудаас санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч Б.Т- төлбөр авагч “Б- Ф-” ББСБ нь тус тус шинжээчээр үнэлүүлэх саналыг ирүүлсэн байна. Гэвч надад ямар нэгэн үнийн санал ирүүлэх тухай албан тоот ирүүлээгүй. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд маань төв зам дагуу байрлалтай төвийн инженерийн шугамын сүлжээний чанх харалдаа ба холбогдох бүрэн боломжтой, энэхүү 54 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь газартай нийлээд хамгийн багадаа 30.000.000 төгрөгийн зах зээлийн жишиг үнэтэй байхад бүхэл бүтэн 4, 5 сая төгрөгөөр бууруулж үнэлсэнд гомдолтой байна. Ингээд миний бие тус хэргийг хянан хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаанаас өмнө дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлт гаргах гэсэн боловч шүүг амарсан учраас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх тайлбарыг шүүгчийн туслах хэлсэн. Ингээд миний бие хөдөө орон нутагт ажлын шугамаар явж байх үед шүүх хуралдаан товлож хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шинжээч томилох тухай хүсэлт гаргах боломжоор хангаж дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Т- шүүхэд  хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “К- З-” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн Үнэлгээний тайлангаар түүний өмчлөлийн Дархан-Уул аймгийн дархан сумын 15 дугаар багт байрлах 54 м.кв хувийн сууц болон гэр бүлийн зориулалттай газрыг 25.280.000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар олгосон эрх хэмжээний дагуу шүүхэд гомдол гаргажээ.

Хариуцагч байгууллага болох Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан гэж маргасан байна.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...гомдол гаргагч Б.Т-  нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ үл хөдлөх  эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн хамгийн багадаа 30.000.000 төгрөгийн жишиг үнэтэй гэж тодорхойлсон боловч ийнхүү доогуур үнэлсэн гэх ямар үндэслэл байгаагаа шүүхэд нотолж чадаагүй гэжээ.

Нэхэмжлэгч шаардлага гомдлоо нотлох баримтуудыг шүүхэд гаргаагүй байх тул түүний гомдлоор хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр биш бүхэлд нь хянавал шүүхийн шийдвэр биелүүлэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцүүлэн явуулсан, төлбөр төлөгчийн эрх, эрх ашгийг хөндсөн, хязгаарласан, зөрчсөн  үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  09 дүгээр сарын 17-ны өдрийн 1004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

                          

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.МӨНХДАВАА

                                                          ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ