Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00984

 

  

 

Б.Тогтохсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1004 дүгээр шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 112 дугаар магадлалтай,

 

Б.Тогтохсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-455 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Б.Тогтохсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Тогтохсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.17-ны өдрийн 5411 дугаартай шүүхийн шийдвэрээр миний бие Б.Тогтохсүрэнгээс 21.066.000 төгрөг гаргуулж Бэрс финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг барагдуулахаар миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Их сургуулийн 3-р гудамж, 89 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-2003021825 дугаартай 54 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байрлах Г-2003007232 дугаартай 596 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хураан авч улмаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.05.25-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолын дагуу Капитал зууч ХХК-ийн 2020.07.03-ны өдрийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг маань нийтэд нь 25,280,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Уг үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан боловч миний бие 2020.07.16-ны өдөр буюу ШШГГ-ын мэдэгдэл гарснаас хойш ажлын 9 хоногийн дараа шуудангаар хүлээн авсан. Иймд миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор энэхүү гомдлоо гаргаж байна.

Тус эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээс өмнө төлбөр төлөгч Б.Тогтохсүрэн надаас ямар нэгэн үнийн санал аваагүй, талуудын хэнээс нь ч үнийн санал аваагүй хэрнээ Шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг авалгүй шинжээч хөрөнгийг үнэлсэн. Ингээд Капитал зууч ХХК-ийн үнэлгээгээр миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 25.280.000 төгрөг гэж үнэлснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд маань төв зам дагуу байрлалтай төвийн инженерийн шугамын сүлжээний чанх харалдаа ба холбогдох бүрэн боломжтой, энэхүү 54 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь газартайгаа нийлээд хамгийн багадаа 30.000.000 төгрөгийн зах зээлийн жишиг үнэтэй байхад бүхэл бүтэн 4, 5 сая төгрөгөөр бууруулж үнэлсэнд гомдолтой байна.

Иймд Капитал зууч ХХК-ийн 2020.07.03-ны өдрийн үнэлгээний тайлангаар миний Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Их сургуулийн 3-р гудамж, 89 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-2003021825 дугаартай 54 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах Г-2003007232 дугаартай 596 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нийт 25.280.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүнжидмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.17-ны өдрийн 5411 дугаар шийдвэрээр Балдан овогтой Тогтохсүрэнгээс 21.066.000 төгрөгийг гаргуулж Бэрс финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Б.Тогтохсүрэн нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангирт, Их сургуулийн 3 дугаар гудамж, 89 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-2003021825 дугаартай, 54 м.кв талбайтай хувийн сууцны дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Г-2003007232 дугаартай 896 м.кв газрын хамт битүүмжлэн, 2020.05.19-ний өдрийн 20070196/03 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020.05.19-ны өдрийн 03/1313 дугаар албан бичгээр талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч Б.Тогтохсүрэн, төлбөр авагч Бэрс финанс ББСБ ХХК нь тус тус шинжээчээр үнэлүүлэх саналыг ирүүлсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20/19 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон. Тогтоол гардуулахдаа шинжээчид эрх үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдсэн. Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнийг 25.280.000 төгрөгөөр тогтоосон 2020.07.03-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2020.07.06-ны өдрийн 01/1768, 01/1769 дугаар албан бичгээр үнэлгээг талуудад танилцуулан мэдэгдэл хүргүүлсэн.

Хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК нь нөхөн сэргээлтийн өртгөөс ашиглалтын хугацааны элэгдлийн нормативын дагуу хасаж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалын дагуу болон ижил төсөөтэй газрын худалдаа арилжааны мэдээлэл дээр тулгуурлан уг эд хөрөнгийн үнэлгээг зах зээл дээр худалдаалагдаж байгаа эд хөрөнгийн байршил, чанар байдал үр ашиг элэгдэл зэргийг тооцон үнэн бодит ханш судалгаа хийсний үндсэн дээр зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн нь хуулийн дагуу бодит үнэлгээ гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан, шинжээч нь хуульд заасан дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1004 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Б.Тогтохсүрэнгийн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 112 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Тогтохсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Тогтохсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.02-ны өдрийн 112 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Тогтохсүрэн миний бие нэхэмжлэлийн үндэслэх хэсэгтээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг барагдуулахаар миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Их сургуулийн 3-р гудамж, 89 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021825 дугаартай 54 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах Г-2003007232 дугаартай 596 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт үнэлгээ хийлгэхээс өмнө төлбөр төлөгч Б.Тогтохсүрэн надаас ямар нэгэн үнийн санал аваагүй, талуудын хэнээс нь ч үнийн санал аваагүй хэрнээ Шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг авалгүй шинжээч томилж хөрөнгийг үнэлсэн хэмээн тодорхой бичсэн. Гэвч хариуцагч тал болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Д.Гүнжидмаа нь анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020.05.19-ний өдрийн 03/1313 дугаар албан бичгээр талуудаас санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч Б.Тогтохсүрэн, төлбөр авагч Бэрс финанс ББСБ ХХК нь тус тус шинжээчээр үнэлүүлэх саналыг ирүүлсэн байна гэжээ. Гэвч надад ямар нэгэн үнийн санал ирүүлэх тухай албан тоот ирүүлээгүй. Энэ талаар шүүхэд ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэх хуулийн заалтыг зөрчсөн. Хариуцагч талын гаргасан тайлбарыг үндэслэж шийдвэрийг гаргасан.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх маргааныг үнэн бодит шударгаар шийдвэрлэхэд маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний газраас өөр, хөндлөнгийн үнэлгээчнээр уг эд хөрөнгийг үнэлүүлэх нь энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн ... тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлоно гэж заажээ. Гэвч хэргийг шийдвэрлэх чухал нотлох баримт бүрдээгүй байтал шүүх хуралдааныг товлож, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг зөрчсөнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч миний бие анхан шатны шүүх хурал товлохоос өмнө шинжээч томилуулах тухай хүсэлт гаргая гэж шүүгчийн туслахтай утсаар ярихад: шүүгч амарсан учраас хүсэлт шийдвэрлэхгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Ингээд миний бие хөдөө орон нутагт ажлын шугамаар явж байх үед /сүлжээгүй/ шүүх хуралдаан товлож хэргийг хянан шийдвэрлэсэнд нэхэмжлэгч миний эрх ашгаа хамгаалуулах эрхээ хэрэгжүүлэхэд нөлөө бүхий саад учруулсан гэж үзэж байна.

Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд маань төв зам дагуу байрлалтай төвийн инженерийн шугамын сүлжээний чанх харалдаа ба холбогдох бүрэн боломжтой, энэхүү 54 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь газартайгаа нийлээд хамгийн багадаа 30.000.000 төгрөгийн зах зээлийн жишиг үнэтэй байхад бүхэл бүтэн 4, 5 сая төгрөгөөр бууруулж үнэлсэнд гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.17-ны өдрийн 1004 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.02-ны өдрийн 112 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Тогтохсүрэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-455 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Тогтохсүрэнгийн нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Б.Тогтохсүрэн нь Бэрс финанс ББСБ ХХК-д 21,066,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлж дуусгах, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталсан Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.17-ны өдрийн №5411 дугаартай шүүгчийн захирамжид Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч Б.Тогтохсүрэнд төлбөрөө төлөх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлөөгүй үндэслэлээр барьцааны хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт их сургуулийн 3 дугаар гудамж, 89 тоот хаягт байрлах Ү-2003007232 улсын бүртгэлийн дугаартай, №000690580 гэрчилгээний дугаартай 54 м.кв талбайтай хувийн сууцыг Г-2003007232 улсын бүртгэлийн дугаартай, №000520665 гэрчилгээний дугаартай 596.0 м.кв талбай бүхий газрыг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахаар мэдэгдэл хүргүүлж, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилж, хөрөнгийг үнэлүүлэхэд хөрөнгө үнэлгээний Капитал зууч ХХК үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 25,280,000 төгрөгөөр тогтоосон үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Б.Тогтохсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: ...шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг аваагүй, ...шинжээч хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага буюу 4, 5 сая төгрөгөөр бууруулж үнэлсэн байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэж тайлбарлаж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үнийн санал авахаар мэдэгдсэн боловч хугацаандаа хариугаа ирүүлээгүй, төлбөр авагч шинжээч томилуулах санал ирүүлсэн, шинжээчийн үнэлгээ хууль зөрчсөн гэх үндэслэлгүй гэж маргасан байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн ...үнийг ...үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчийн харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно... гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, ...хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж тус тус зохицуулжээ.

 

Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй, үнэлгээг үндэслэлгүй гарсан талаарх шаардлагаа нэхэмжлэгч нь нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтуудыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

 

2.   Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ: ...анхан шатны шүүх ...шийдвэр гүйцэтгэгч үнийн санал ирүүлэх мэдэгдлийг гардуулж өгсөн тухай нотлох баримтгүй байхад дан ганц хариуцагч талын тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтыг зөрчсөн, шийдвэр гүйцэтгэгч талуудаас үнийн санал аваагүй хэрнээ шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, ...хэргийг хянан шийдвэрлэх чухал баримт бүрдээгүй байхад шүүх хуралдааныг товлож, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг зөрчсөн, ...шүүх хуралдаанд оролцох боломж олголгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, ...үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн жишиг үнээс багаар үнэлсэн байхад давж заалдах шатны шүүх алдааг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

 

а/ Шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

 

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.-д заасны дагуу хураасан үндэслэлээр албадан дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг тогтоох зорилгоор үнийн саналаа 2020.05.22-ны өдөр ирүүлэхийг мэдэгдсэн тухай 2020.05.19-ний өдрийн 03/1313 тоот Үнийн санал ирүүлэх мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Тогтохсүрэн 2020.05.19-ний өдөр хүлээн авч гарын үсэг зурсан баримт хэргийн 50 дугаар талд авагдсан байх бөгөөд дээрх баримтын талаар зохигч маргаагүй, тогтоосон хугацаанд төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч 2020.05.22-ны өдөр шинжээч томилох хүсэлт ирүүлснийг үндэслэн 2020.05.25-ны өдөр шинжээч томилсон болох нь хэрэгт баримтаар тогтоогджээ.

 

Шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн шийдвэрээ гаргасан байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

 

б/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1.-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргана... гэж, 71 дүгээр зүйлийн 71.1.-д хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Анхан шатны шүүх Б.Тогтохсүрэнгийн нэхэмжлэлд 2020.07.27-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба 2020.09.09-ний өдрийн 4259 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, ирүүлэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэл зааж хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020.09.17-ны өдөр хэлэлцэхээр товложээ.

 

Шүүхийн дээрх шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.-д заасан хэргийг хянан шийдвэрлэх 60 хоногийн хугацаа болсонтой холбогдон гарсан гэж үзэх үндэслэлтэй, улмаар зохигчийн хэн аль нь нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шийдвэрлэх чухал баримт бүрдээгүй байхад шүүх хуралдааныг товлосон талаарх нэхэмжлэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

Мөн 2020.09.17-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид 2020.09.09-ны өдөр мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдсан, тэрээр шүүх хуралдаанд оролцож эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан атлаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар шүүхэд мэдэгдээгүй байна.

 

Иймд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2. дахь заалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн эрх ашгаа хамгаалуулах, эрхээ хэрэгжүүлэхэд шүүх нөлөө бүхий саад учруулсан гэх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

 

в/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Шинжээчээр томилогдсон Капитал зууч ХХК үнэлэгдэж буй хөрөнгөтэй газар дээр нь биечлэн танилцаж, үл хөдлөх эд хөрөнгө, үнэлэгдэж буй газар нь төв зам дагуу байрлалтай, төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой талаар Үнэлгээний тайландаа тодорхой тусгасан /хх-60/ байх тул ...үл хөдлөх эд хөрөнгийн байршилтай холбогдуулан үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн... гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Дээр дурдснаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1004 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 112 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Тогтохсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Тогтохсүрэнгээс 2020.12.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД