Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2016/00649

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1962 онд төрсөн, 54 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч сласерьч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ........... сумын ...... дугаар багийн ..... дугаар гудамжны ...... тоотод оршин суух, .................... дугаар регистртэй, Х  овогт Б-ийн Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ............... багт байрлах, Хөвсгөл аймаг дахь НБ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2016/00458/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонбаяр, нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Дулааны төвд сантехникчээр ажиллаж байсан бөгөөд Хөвсгөл аймаг дахь НБ д олон жил ажилласан туршлагатай хүн авна гэсэн шалгуурын дагуу 2010 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус байгууллагад сантехникийн механикчаар ажилд ороод 6 жил гаруй хугацаанд ажилласан. Энэ хугацаанд байгууллагын халаалт, цэвэр бохир усны хэвийн ажиллагааг бүрэн хангаж ажиллан үе шаттайгаар зуухны тогоо болон магестраль шугам хоолойн системийг сольж нэг ч удаа эвдрэл гэмтэл гаргаагүй учир байгууллагын шагналыг 10-аад удаа авч, Бээжин хотод аялаж байсан. Мөн гал унтраах аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалт, Иргэний Нисэхийн ерөнхий газраас зохион байгуулсан агаарын хөлгийн гал унтраах, зорчигчдыг аврах анхан шатны сургалтанд сууж, ажилдаа хариуцлагатай ханддаг байдал зэргийг минь харгалзан үзэж 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс НБ-ын  галын бүлгийн ахлагчийн ажилд томилогдож, тус ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. Гэтэл намайг үндэслэлгүйгээр ажлаас халж, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б/42 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би энэ тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Намайг гал унтраах аврах ажиллагааны мэргэшлийн үнэмлэхгүй, сургалтанд сууж гэрчилгээ аваагүй гэсэн байгаа боловч би сургалтанд сууж гэрчилгээ авсан бөгөөд ажилчдынхаа бичиг баримттай сайн танилцаагүй, нэг нарийн бичгийн даргын үгэнд орж үгсэн хуйвалдаж, хүнийг гүтгэж ийм шийдвэр гаргаж байгаад нь харамсаж байна. 2013 онд би өөрийн зовлон жаргалаа хэлж яриад өргөдөл номоо өгсөн, миний ажилдаа гаргасан амжилт бүтээлийг минь үнэлж, амьдрал ахуйг минь харгалзаад ИНЕГыхөдөлмөрийн дотоод журамд зааснаар орон сууцны хөнгөлөлт 22.250.000 төгрөгийн тусламжийг дээд газраас шийдэж өгсөн юм. Би ажилчдад хөнгөлөлт үзүүлдэг журмын дагуу л материалаа бүрдүүлэн өгч орон сууцны хөнгөлөлтөндөө зохих журмын дагуу хамрагдсан. Түүнээс хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй, Иргэний нисэхэд 7 сар ажилласан хүн, ажил үйлсдээ амжилт гаргасан хэн ч авч болдог хөнгөлөлт. Иймд би ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнчлэн НБ-ын  хэсэг ажилчдыг хүчээр дарамталж миний эсрэг гарын үсэг зуруулж авч явсан сураг ч байсан, би бодсон санаснаа хурал цуглаан дээр шууд хэлчихдэг учир зарим хүмүүс надад дургүй л байх. Дарга нар солигдож, янз бүрийн хүний үгээр хэд хэдэн хүнийг ажлаас халсан. Нисэхэд бол тэрний хүн, энэний хүн гэсэн муухай зүйл хэрээсээ хэтэрсэн. Дарга солигдоход янз бүрийн зохиомол зүйл гаргаж ажилчдыг хомроголон халдаг, дээрээс шалгалт ирэхэд дандаа ах, дүү, танил тал нь ирж жирийн ажилчдыг хавчин гадуурхдаг ийм байдал бий болсон. Би ажиллаж байх хугацаандаа сантехникийн механикчийн үндсэн цалин 590.733 төгрөг, ажилласан хугацааны нэмэгдэл 5 хувь, ур чадварын нэмэгдэл 40 хувь, хавсран гүйцэтгэдэг галын бүлгийн ахлагчийн 30 хувийн нэмэгдэл цалин, нийт 1.125.000 төгрөгийн цалин авдаг. Галын бүлгийн ахлагчийн цалингийн 30 хувийг 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авсан. Иймд намайг Хөвсгөл аймаг дахь НБ-ын  сантехникийн механикчийн үүрэгт ажилд болон галын бүлгийн ахлагчийн ажил албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговор 2.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын захирал Д.Д  шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б аас эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлс гаргуулах тухай гомдлын шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Монгол Улсын Зам тээврийн сайдын 2016 оны ажлын хэсэг байгуулах тухай 56 дугаар тушаалаар байгуулсан манай аймгийн Мөрөн НБ-ын  үйл ажиллагааг шалгах Зам тээврийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын хамтарсан ажлын хэсгийн комиссын гишүүд 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр манай байгууллагын ажлыг шалгахад ИНЕГыХөдөлмөрийн дотоод журам-ын 2.8.2.6-д заасан мэргэжлийн бус албан тушаалын ажил үүргийг орлон буюу хавсран гүйцэтгэхийг хориглосон заалтыг зөрчиж ажлын байрны шаардлага болох авран хамгаалах, гал унтраах мэргэжлийн үнэмлэхгүй, сургалтад хамрагдаж гэрчилгээжээгүй сантехникийн механикч Б.Б ийг НБ-ын  даргын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний Б/11 дүгээр тушаалаар галын бүлгийн ахлагчаар хавсран ажиллуулсан гэсэн зөрчил илэрч, ИНЕГ-ын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01/1011 дугаартай Шалгалтын мөрөөр зөрчил арилгуулах тухай албан бичигт дурьдагдсан.

2. ИНЕГ-ын даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Зам тээврийн сайд болон ИНЕГ-ын даргын 2013-2015 оны тушаалуудаар баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тоо, харъяа газар, алба, салбар нэгж, хэсгүүдэд хэрхэн мөрдөгдөж байгаад хийсэн дотоод аудитын шалгалтаар Б.Б ийг Хөвсгөл аймгийн Мөрөн НБ-ын  даргын 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тушаалаар үндсэн ажилтан, сантехникийн механикчаар ажилд аваад ИНЕГ-ын даргын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/741 дүгээр тушаалаар ажилтнуудад олгох орон сууцны үнийн хөнгөлөлтийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилтнуудын ажилласан жил, өргөдөл өгсөн дарааллыг харгалзан орон сууцны хөнгөлөлтийн хуваарийг гаргаж олгох ёстой байхад ИНЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.3.3.б заалтыг зөрчиж 3 жил 8 сар ажилласан байхад нь орон сууцны үнийн хөнгөлөлт хүссэн өргөдлөө 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бичиж өгсөн нь хамт олноосоо нууж, үгсэн хуйвалдаж, хууран мэхлэж, 22.250.000 төгрөгийг сантехникийн механикч Б.Б т хуваарилан олгосон тухай мэдээлэл нь үндэслэлтэй байна гэж тус тус дурьдсан юм.

3. Иймд Б.Б ийн авран хамгаалах, гал унтраах мэргэжлийн үнэмлэхгүй, сургалтад хамрагдаж гэрчилгээжээгүй атлаа галын бүлгийн ахлагчийн ажлыг хавсран гүйцэтгэж, орон сууцны үнийн хөнгөлөлт эдлэх эрх үүсээгүй байхад удирдах албан тушаалтантай үгсэн хуйвалдаж, хуурамч бичиг баримт үйлдэн 22.250.000 төгрөгний хөнгөлөлт авч, давуу эрх эдлэн ёс зүйн ноцтой зөрчил гаргаж байгууллагад хохирол учруулж, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь шалгалтуудын баримтаар тогтоогдсон тул байгууллагын захиргааны санаачилгаар хууль, журамд заасан үндэслэлээр Б.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн болно. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан ажиллаж байсан хугацааны цалин хөлс болох 1.125.000 төгрөг нэхэмжилснийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б ийг Хөвсгөл аймаг дахь НБ д 2010 оны 1 дүгээр сард 3 сарын дадлагажих хугацаатай авч ажиллуулан, 2010 оны 3 дугаар сараас үндсэн ажилтнаар томилсон байдаг. Тэрээр 2013 онд Иргэний нисэхийн ажилтнуудад олгох нэг удаагийн орон сууцны хөнгөлөлтөнд хамрагдахдаа Орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх журам-ыг зөрчиж тухайн үед ажиллаж байсан байгууллагын дарга М.А-тай үгсэн хуйвалдаж 3 жил 8 сар ажилласан хугацааг 5 жил ажилласнаар тооцож, ажилчдын өргөдөл өгсөн дарааллыг харгалзахгүй орон сууцны хөнгөлөлт 22.250.000 төгрөг авсан байна. Тухайн асуудлыг хамт олны хурлаар хэлэлцээгүй хууран мэхэлж хийсэн бөгөөд хөнгөлөлтийг нэг хүнд 12.000.000 төгрөгөөр ижил хэмжээнд олгох байхад Б.Б  22.250.000 төгрөгийн хөнгөлөлт авсан байгаа. Түүнчлэн зорчигчдыг авран хамгаалах гал унтраах мэргэжлийн үнэмлэхгүй, сургалтанд хамрагдаж гэрчилгээ аваагүй мөртлөө галын бүлгийн ахлагчийн албыг давхар хашиж байсан нь шалгалтаар тогтоогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан байгаа. Иймд Д.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь НБ д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Б.Б  нь Хөвсгөл аймаг дахь НБ д 2010 оны 1 дүгээр сараас сантехникийн механикч, 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс галын бүлгийн ахлагчаар хавсран ажиллаж байсан нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, Хөвсгөл аймаг дахь НБ-ын  даргын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б.Б ийг хавсран ажиллуулах тухай Б/11 тоот тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Б.Б ийг ажиллаж байх хугацаандаа орон сууцны үнийн хөнгөлөлт эдлэх эрх үүсээгүй байхад удирдах албан тушаалтантай үгсэн хуйвалдаж, хуурамч бичиг баримт үйлдэн, 22.250.000 төгрөгийн хөнгөлөлт авч давуу эрх эдлэн, ёс зүйн ноцтой зөрчил гарган байгууллагад хохирол учруулсан, авран хамгаалах, гал унтраах мэргэшлийн үнэмлэхгүй, ИНЕГысургалтанд хамрагдаж гэрчилгээ аваагүй атал галын бүлгийн ахлагчийн ажлыг хавсран гүйцэтгэж хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 132 дугаар зүйлийн 132.1, ИНЕГыхөдөлмөрийн дотоод журмын 2.8.6.2, 3.3.6.6, 3.10.2 дахь заалт, Зам тээврийн сайдын 2016 оны ажлын хэсэг байгуулах тухай 56 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт болон ИНЕГыдаргын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01/1011 дугаар албан бичгийг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь ИНЕГыХөвсгөл аймаг дахь НБ-ын  даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/42 тоот тушаал, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.Б  хамт олноосоо нууж үгсэн хуйвалдаж 3 жил 8 сар ажилласан хугацааг 5 жил ажилласнаар тооцуулан орон сууцны үнийн хөнгөлөлт эдлэх өргөдөл гарган, тухайн асуудлыг шийдэхдээ хамт олны болон даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүйгээр 22.250.000 төгрөг авч хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин ёс зүйн ноцтой зөрчил гаргасан болохыг ИНЕГыхаръяа Хөвсгөл аймаг дахь НБ-д Нислэгийн аюулгүй ажиллагааны хөтөлбөрийн зохицуулалт дотоод хяналтын алба, Захиргаа хүний нөөцийн тамгын газар, Нисэх буудлуудыг удирдах газраас 2013, 2014 оны үйл ажиллагаа, бараа материалын хадгалалт хамгаалалт, хөдөлмөрийн дотоод журмын мөрдөлтөд 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн шалгалтаар илрүүлсэн нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн дотоод хяналтын ажлын тайлан, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орон сууцны хөнгөлөлт эдлэх ажилтнуудыг шийдвэрлэх тухай хурлын тэмдэглэл, Б.Б ийн өргөдөл, ИНЕГыдаргын 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дотоод аудитын шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай А/369 тоот тушаал, 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх журам батлах тухай А/678 тоот тушаал, орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх журам, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр НБ-ын  дарга, Б.Б  нарын хооронд байгуулсан ажилтанд орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээ зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдлоо.

Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгосон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурьдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. 131.1.1. сануулах, 131.1.2. үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 131.1.3. ажлаас халах, 131 дүгээр зүйлийн 131.2-д Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байх бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр буюу 1 жил гаруй хугацааны дараа шалгалтаар илэрсэн дээрх зөрчлийг үндэслэн Б.Б т сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Б.Б т сахилгын ноцтой зөрчил гаргаснаас хойш зургаан сарын дотор, зөрчил гаргасныг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах байжээ.

Б.Б ийн шүүхэд гаргасан хавсран гүйцэтгэж байсан галын бүлгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй юм. Учир нь Хөвсгөл аймаг дахь НБ-ын  даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/42 дугаартай тушаалд Б.Б ийг зөвхөн сантехникийн механикчийн үүрэгт ажлаас чөлөөлж, 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хавсран ажиллаж байсан галын бүлгийн ахлагчийн ажлаас чөлөөлөөгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Б ийг хавсран ажиллуулах тухай 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б/11 дугаартай тушаал хүчинтэй хэвээр байгаа юм.

Иймд нэхэмжлэгч Б.Б ийг ИНЕГ-ын харъяа Хөвсгөл аймаг дахь НБ-ын  сантехникийн механикчийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор буюу 2 сар 1 хоногийн цалин гаргуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан тул Б.Б ийн сүүлийн 3 сарын цалин 3.758.511 төгрөг : нэг сард 1.252.837 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 58.271 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа болох 2 сар 1 хоног буюу нийт 43 хоногийн цалин 2.505.653 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин 2.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэж, хариуцагч байгууллагаас 2.250.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.250.000 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 50.950 төгрөг, нийт 121.150 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав.

Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: ИНЕГ-ын харъяа Мөрөн НБ-ын  нягтлан бодогчийн гаргаж өгсөн цалингийн тодорхойлолт, Б.Б ийн агаарын хөлгийн гал унтраах, зорчигчдыг аврах анхан шатны сургалтанд 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хамрагдсан тухай 16/030 дугаартай гэрчилгээ, хавсралтын хамт, 48 цагийн сургалтанд хамрагдсан гэрчилгээ, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Мөрөн НБ-ын  үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн тайлан, дүгнэлт, шалгалтын мөрөөр зөрчил арилгуулах тухай албан бичиг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Б.Б , С.Ба, Д.А  нарын ажилтанд орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээнүүд, М.А г ажлаас халсан тушаал зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, орон сууцны хөнгөлөлт эдлэх өргөдөл гаргасан ажиллагсдын судалгаа, ИНЕГ-гаргасан ажилчдын өргөдөл, гомдол, хурлын тэмдэглэл, хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй, хамааралгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийг Хөвсгөл аймаг дахь НБ-ын  сантехникийн механикчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б т олгосугай.

 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймаг дахь НБ-д даалгасугай.

 4. Хөвсгөл аймаг дахь НБ-ын  даргын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар томилсон Б.Б ийг хавсран ажиллуулах галын бүлгийн ахлагчийн ажлаас чөлөөлөөгүй болохыг дурьдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлаас улсын тэмдэгтийн хураамж 121.150 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА