Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 12

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар А.Болор,

улсын яллагч Д.Нямсүрэн,

хохирогч Н.Уранчимэгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг /¹0076/, С.Эрдэнэбат /¹0074/,

шүүгдэгч Ц.Т, Л.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Тэнгис /¹0518/, Ж.Жавзандулам /¹1194/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ц-ийн Т, Ц овогт Л-ийн О нарт холбогдох 201301051597 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1961 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, үйлдвэрлэл технологийн мэргэжилтэй, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ........................... тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Ц-ийн Т /РД-..................../

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувирараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт .......................................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Л-ийн О /РД- ........................................../

 

Холбогдсон хэргийн талаар: Ц.Т, Л.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Т, Л.О нар нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороооны нутаг дэвсгэрт байрлах “Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын” гадна байрлах автомашины зогсоолын талбайд, автомашин дотор хохирогч Н.Уранчимэгтэй уулзаж, улмаар "Эй Ай Эм" компанийн эзэмшлийн ашигт малтмалын лиценз ашиглах эрхийг шүүхээр сэргээлгэж "Далд нууц эм эн" компанийн нэр рүү шилжүүлж өгнө гэж хамтран ажиллах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Н.Уранчимэгийн 50.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т мэдүүлэхдээ: “2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би анх Н.Уранчимэгтэй уулзаагүй. 2014 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр Н.Уранчимэг над руу утсаар яриад “та 7 лицензийн үйл ажиллагаанд явж байгаа юм уу” гэж асуусан. Би “тиймээ чи яах гэсэн юм бэ” гэхэд би “Пүрэвсүрэн шүүгчээс орж асуусан чинь чамайг явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи хүний ажлын араас яваад байгаа юм уу” гэж хэлж байсан. 2011 оны 7 дугаар сарын 10-ны үеэр Лүй Хуй гэх хүн Хятадаас ирээд надтай уулзаж чадаагүй. Л.О өөрөө 3 Хятад хүнтэй хамт ирээд надад итгэмжлэл өгсөн, би Хятад хэл мэдэхгүй. Би Лүй Хуй гэх хүнтэй өөрийн биеэр уулзаагүй учир хүсэлтээ Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Хилээр орж гарсан гэх лавлагаа танилцуулах материалд авагдсан. Би энэ хэрэг дээр нэг жил долоон сарын хугацаанд ажилласан ба өөрийгөө 100 хувь өмгөөлж ажилласан гэж боддог. Хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад яллах дүгнэлтэнд хэрэг үүсгээгүй гэж бичсэн нь үндэслэлгүй юм. Дараа нь Н.Уранчимэгийг надад 2-3 удаа санал тавихад нь би зөвшөөрөөгүй. Энэ миний ажил биш энэ Л.Оы ажил байсан. Би Н.Уранчимэгт энэ 7 лицензийн үйл ажиллагаанд чамтай хамт явахгүй гэж хэлсэн. Урьд өмнө нь Н.Уранчимэг надад хүндрэл учруулж байсан ба дандаа хууль бус зүйл хийдэг, намайг хүртэл уйлуулж байсан. Н.Уранчимэг бид хоёр муудалцаж бараг зодолдох дээрээ тулж байсан. Тэгээд л 7 лицензийн үйл ажиллагаанд явахгүй гэж хэлсэн. Гэтэл удаа дараа надтай утсаар яриад “надтай хамтран ажиллах гэрээ хийе, эгчээ та гүндүүгүй хүн шүү дээ, энэ удаа надад тусалчих” гэж хэлсэн. Би 7 лицензийн хүмүүстэй уулзаж судалсан. Н.Уранчимэг Хятад хэл сайн мэддэг. Би Н.Уранчимэгээс чи хүнтэй нь уулзсан юм уу гэж асуухад уулзсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнээ дагуулаад ир гэхэд дагуулж ирээгүй. Дараа нь Н.Уранчимэг, Л.О бид хоёрыг дуудаж уулзаад 7 лицензийг хийсэн. Энэ хэрэг 7 прокурор, 6 байцаагчийг дамжиж явж байна. Хавтаст хэрэгт хуулбарлаж хийсэн байсан материалын тал хувь нь алга болсон. Би Н.Уранчимэгт Л.Оы нүүрэн дээр хавтаст хэргээс материал авч яагаад устгаад байгаа юм бэ гэж хэлсэн. Миний шүүх хуралд орж байсан материалуудыг бүгдийг нь Н.Уранчимэг устгасан байсан. Би өөрийнхөө материалуудыг бүгдийг нь бүрэн эхээр нь тамгалуулаад авсан байгаа. 7 лицензийн хувьд би Н.Уранчимэгтэй хамтран ажиллах гэрээ хийсэн. Уг лиценз алтны эсэхийг нь би мэдэхгүй. Хайгуулын 7 лиценз дээр би нэг жил долоон сарын хугацаанд явсан. Уг хэргийг би 140 хуудастай 7 хавтаст хэрэг болгосон. Би Батбаатартай тэр хүнийг яриулаагүй, өөрөө ч тэр хүнтэй яриагүй. Тухайн үед Батбаатар гэдэг хүн надтай хамт орсон боловч өөрт нь алтны асуудлаар хэрэг үүссэн байсан ба Болормаа даргатай хамт явж байсан. Би яллах дүгнэлт дээр үнэхээр гомдолтой байна. Улсын яллагч нь өөрийгөө өмнөх 6 прокуророос илүү яллах дүгнэлт бичсэн гэж бодож байгаа байх. Намайг арай дэндүү гүтгэж байна. Би хэзээ ч тэр хүнд 7 лицензнээс чи гурвыг нь ав, би энийг нь авъя, чи надад энэ мөнгийг өгчих гэж хэлээгүй. Төмөрбаатар гэх ямар нэгэн гэрч ирээгүй, Мөнхцэцэг гэж хүн нь гэрчээр орох ёсгүй байсан. Энэ хүнийг гэрчээр орж ирж байгааг нь би үнэхээр гайхаж байна. Би Мөнхцэцэгийг Эрдэнэбилэгийн гэрт нэг удаа харсан. Би 2006 оноос 2015 он хүртэл Эрдэнэбилэгийн протоколоор, Н.Уранчимэгийн итгэмжлэлээр явсан. Надад материал хангалттай байгаа. 2006 онд Н.Уранчимэгийн эх нь Монголын эрхэм дээд ээжээр шагнуулаад явж байсан. 2009 онд би өөрөө Н.Уранчимэгийг монголын Тэргүүний бизнесээр шалгаруулж байсан. Би 2010 онд Баянгол дүүргийн эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх тасаг Н.Уранчимэгт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн байхад нь өмгөөлөгчөөр нь явж байсан. Би 5 жилийн хугацаанд үнэхээр зовсон. 2011 онд 34.700.000 төгрөгийн хэрэгт Н.Уранчимэг нь Үржинхандыг гүтгээд том машин зарж 18.000.000 төгрөгийг бэлнээр авч, буцаагаад машиныг нь авч ирж зараад 34.000.000 төгрөгийг нь өгөхгүй байсан. Би прокурор, мөрдөн байцаагч нарт 3 удаа хүсэлт өгсөн. Лүй Хуй  Хятад улсад байхдаа Монгол улсын тамгыг дараад Монгол улс руу явуулдаг гэнээ. Би гүтгүүллээ гэхэд Монгол улсын тамга энд тэнд тэнээд явахгүй байх.  Би өмнөх прокуроруудад үүнийг нотлох баримтын хэмжээнд тооцож болохгүй гэж хэлэхэд тиймээ л гээд яваад байсан. Эрүүгийн хэрэг биш байна гээд хэрэгсэхгүй болоод явж байсан. Би тайлбараа үнэнээр нь өгч байсан. Надад нэг ч удаа худлаа хэлсэн зүйл байхгүй, надад худал хэлэх шаардлага ч байхгүй. Би Н.Уранчимэгийн Эрүүгийн 2 хэрэг, нөхрийнх нь Эрүүгийн 3 хэрэг, Иргэний 5 хэрэг, нийт 10 хэрэгт нь ажиллаж байсан. Намайг худал хэлсэн байна гэж үзвэл хаана ч миний материалууд байгаа. Хавтаст хэрэгт миний материалын тал хувь нь л байгаа. Би хавтаст хэрэгт байсан өөрийнхөө бүх материалуудыг устгуулчихлаа. Би Н.Уранчимэгтэй хамтран ажиллах гэрээ хийсэн нь үнэн. Хамтран ажиллах гэрээ хийхдээ эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгээгүй. Би тушаалаар ч ажиллаагүй, миний татвар, нийгмийн даатгалыг төлдөггүй. Хамтран ажиллах гэрээ дээрээ би бүгдийг нь бичүүлсэн. Н.Уранчимэг мөнгөө надад өгчихөөд өөрөө гарын үсгээ зураагүй. Араас нь Л.Оыг явуулж байж 2 хоногийн дараа тамгыг нь даруулсан. Тэгэхэд энэ дээр итгэмжлэл бичээд ир гээд канондчихсан улаан тамгатай 2 бичиг өгсөн. Үүнийг нь би канондаад хавтаст хэрэгт хийсэн боловч байхгүй байна. Өмнөх прокурорууд хэрэгт хяналт тавьж байх үед уг материалууд байсан. Хэрэгтэй холбоотой гол материалууд алга болсон. Эрдэнэбилэг нь надаар өмгөөлүүлж байсан. Н.Уранчимэг шоронд орж байсан ч би гаргаж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд Н.Уранчимэг байхгүй байгаад нь харамсаж байна. Н.Уранчимэгийн мэдүүлэг болгон зөрүүтэй, нэг ч үнэн зүйл хэлдэггүй. Монгол улсад хууль байдаггүй, прокурор, цагдаагийн байгууллагад хэзээ ч би шүүхээр орохгүй гээд мөнгө өгчихсөн байгаа гэж Н.Уранчимэг хэлж байсан. Харамсалтай нь Н.Уранчимэг шүүхээр орж цагаатгагдсан байна. Би үнэхээр харамсаж байна. Миний эх оронд хууль байдаггүй. Би Монгол хүн, хуулиндаа захирагдаж амьдарч байна. Би үнэний төлөө явсан. Би хүнээр гүтгүүлмээргүй байна, бусдыг гүтгэмээргүй байна. Иймд намайг цагаатгаж өгнө үү” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ: “Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Н.Уранчимэгт 7 лицензийг зарна, хувааж авна, худалдана гэх яриа мөн мөнгө төгрөгний яриа огт болоогүй. Н.Уранчимэг нь өөрөө надад та хоёрын хийж байгаа зүйлийг би авах хүсэлтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хятад хүн ч гэсэн хүн, энэ хүний юмыг авч болохгүй ээ гэж хэлсэн. Надаас компаний хаяг асуухаар нь өгөөгүй юм. Тэгээд өөрөө компанийг нь олоод надад 200.000.000 төгрөгөөр хийж өгье гэж байна гэж хэлэхэд нь тийм зүйл байдаггүй юмаа гэж би хэлсэн. Надад Н.Уранчимэг нь би газрын шуналтай болохоор хэцүү юмаа гэж хэлээд бид хоёр муудалцсан. Дараа нь Ц.Т эгч болон намайг гуйж байгаад өөрөө гэрээгээ хийж ирсэн. Төмөрбаатар гэх гэрч Л.О лиценз зарах гээд явж байна гэж мэдүүлсэн байсан. Би Төмөрбаатар гэдэг хүнийг танихгүй. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хурал дээр Ц.Т эгч Төмөрбаатар чинь энэ гэж хэлсэн. Чамд мөнгө өгсөн гэх үед чинь Төмөрбаатар өөрөө шоронд байсан гэхээр нь би очиж уулзаад чи намайг таних уу гэхэд танихгүй, чи надад мөнгө өгсөн үү гэхэд өгөөгүй гэх бичлэгийг хийсэн. Надад энэ нотлох баримт нь байгаа. Хамтран ажиллах, харилцан туслалцах гэрээг Н.Уранчимэг өөрөө хийж ирсэн. Өмнөх орой нь Н.Уранчимэгийн ажилтан нь над руу залгаж яриад миний регистрийн дугаарыг асуусан. Би юу болсон гэхэд зүгээрээ зүгээр гэж хэлсэн. Би маргааш нь Ашигт малтмал дээр эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хуралтай байсан. Намайг уг хуралд сууж байхад мөн Ц.Т эгчийг ажлаас нь дуудаж уулзаад өөрийнхөө хийсэн гэрээг үзүүлсэн. Би янз бүрийн юу бичсэн юм бэ гэхэд гэрээгээ аваад явсан. Мөнгөө “Далд нууц эм эн” ХХК-нийхаа материалтай хамт өгчихөөд яваад өгсөн. Би хэзээ ч “Далд нууц эм эн” ХХК-иар гардаггүй юм, сэргээгдэж байж түүний дараагаар шилжих, шилжих үгүйг нь Лүй-тэй тохирдог юм гэж хэлсэн. Лүй надтай өөрийн биечлэн уулзаж гэрээгээ хийсэн. Би тэр хүний хүсэлтийн дагуу Хятадуудыг орчуулагчтай нь хамт Ц.Т эгч дээр дагуулж ирж уулзаад Ц.Т эгчийг өмгөөлөгчөөр авч, Захиргааны хэрэг дээр ажиллуулж байсан. Н.Уранчимэг өөрөө шуналтаж гүйж орж ирээд эцсийн дүнд бид нарыг ийм байдалд хүргэсэн. Би Н.Уранчимэг дээр ажиллаж байсан. Ийм зүйлсийг шалгаж, нотлохгүйгээр яллах дүгнэлт үйлдэж болдог юм уу. Д.Нямсүрэн прокурор надад та хоёр яасан юм, байцаагчийнхаа дургүйг нь хүргэсэн юм уу байцаагч нь та хоёрыг яллана гэж байна гэхэд нь би байцаагчийн дургүйг нь хүргэнэ гэж юу байсан юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд намайг оргон зайлсан гэж баривчлана гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

хохирогч Н.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2012 оны 10 дугаар сард Ц.Т нь "Эй Ай Эм" компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа, гээд манай компаний геологич гэж Л.Оыг танилцуулсан. Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Ноён суманд маш их алт нүүрсний ордтой 7 ширхэг ашигт малтмалын лиценз байгаа, тус компанийн захирал нь хятад улсын иргэн Лүй гэж эмэгтэй байсан, тэр хүнд эрүүгийн хэрэг үүсгэгдэж хар тамга дарагдаж Монгол улсаас гарч явсан, буцаж ирэх боломжгүй болсон учраас Оюун бид 2 уул уурхайн лиценз болон хуулийн ажлыг хариуцдаг гэж итгэмжлэл харуулж байсан. Уг 7 ашигт малтмалын лицензийн газрын төлбөр нь төлөгдөөгүй учраас хураагдаж, бид нар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа, шүүгч нь Лхагвасүрэн гэж хүн байгаа, Лхагвасүрэн нь Удвал багшийн шавь нь юм, Удвал эгчээр хэлүүлсэн байгаа, газрын төлбөрийг нь төлчихвөл энэ лицензүүд хүчинтэй болох юм, хүчинтэй болоод 4 ширхэг лицензийг нь чамд өгье, чи газрын төлбөрт 50.000.000 төгрөг төлчих, гэж ярьж байснаа кадастрын албаны хуулийн зөвлөх Батбаатартай яриад “одоо газрын төлбөрөө төлчих юм бол лиценз хүчинтэй болчихно биз дээ” гэж ярьснаа Батбаатар зөвшөөрч байна газрын төлбөрөө төлчих юм бол лиценз чинь хүчинтэй гэж байна гэсэн. Л.О нь уг 7 ширхэг лицензийн талаар надад тайлбарлаж бүх төрлийн хайгуул, геологийн тайлангууд нь байгаа, маш сайн лицензүүд, авсан хүнд алдаагүй, нэг лицензийг нь зараад л гаргасан зардлаа олоод авчихна гэхээр нь би худалдаж авахаар зөвшөөрч 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын үүдэнд өөрийнхөө машин дотор Ц.Т, Л.О нарт 50 сая төгрөгийг бэлнээр нь хүлээлгэж өгөөд гарын үсэг зуруулсан. Мөнгөө өгсний дараа нөгөө лицензүүдийг “Далд нууц эм эн” компаний нэр дээр чинь гаргаж өгье гээд хоосон 2 бланк тамгатай авсан. Түүнээс хойш хааяа нэг холбогдохоороо тэр 2 одоо болох гэж байна, хүлээж бай гэсээр байгаад 2013 он гарсан. 2013 оны 01 дүгээр сараас би худлаа гэдгийг нь мэдээд Ц.Т, Л.О нарт “би лиценз авахаа больё, мөнгийг минь өгчих гээд араас нь хөөцөлдсөн боловч утсаа авахгүй зугатаагаад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэд хэлэхдээ Захиргааны хэргийн шүүх дээр газрын төлбөрөө төлөөгүй учраас хүчингүй болж дахин сэргээлгэхээр холбогдох материалыг өгчихсөн байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4х/,

гэрч Б.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Би “Эй Ай Эм” компаний нэр дээрхи 7 ширхэг лицензийн талаар мэдэхгүй, Уранчимэгийн ажлыг хөөцөлдөж байгаад ажлынхаа хөлсөнд 25.000.000 төгрөгийг авчихсан чинь намайг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн байна гэхээр нь би Тодгэрэл өмгөөлөгчийн урд нь хийсэн ажлын гүйцэтгэлийг тооцож үзээд 22.000.000 төгрөгийг суутгаж авахыг зөвшөөрсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 110х/,

гэрч Г.Төмөрбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би менежер хийхийн хажуугаар Уранчимэгийн машиныг барьж өгч жолоочийг нь давхар хийдэг байсан юм. 2012 оны үед Тодгэрэл нь алтны компаний хуулийн зөвлөх хийдэг, лиценз зарна гээд Оюунаа гээд авгайгийн хамт Уранчимэгтэй уулзаад яваад байдаг байсан. Тэд нарын ярианд би оролцож байгаагүй боловч ярианаас нь сонсоход Тодгэрэл, Оюунаа нар нь алтны компаний лицензийг зарна гээд өгч авалцахаар тохиролцож байсан. Захиргааны хэргийн шүүх, Ашигт малтмалын газрын үүдэн дэх Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын зогсоолын зүүн талд Уранчимэг бид 2 машинтайгаа очоод Тодгэрэл, Оюунаа нартай уулзаад 2 тортой мөнгө өгөөд 50.000.000 төгрөг шүү гээд өгсөн. Тэр 2 мөнгөө аваад Захиргааны хэргийн шүүхийн зүг рүү явсан юм. Мөнгө өгсөнөөс хойш хэсэг хугацааны дараа Уранчимэг надад “Тодгэрэл нөгөө лицензүүдээ шилжүүлэх гэж байгаа юм байна, чи компаний гэрчилгээг аваачаад өгчих гэж хэлээд “Далд нууц МН” компаний гэрчилгээний хуулбарыг өгөхөөр нь би аваад “Зоос гоёл”-ын зүүн талын залгаа байранд Тодгэрэлтэй уулзаад өгч байсан. Тэгж байтал нэг удаа Уранчимэг надад Тодгэрэл, Оюунаа нар худлаа ярьсан юм байна, лиценз зарах нь худлаа юм байна гэж хэлсэн. Тодгэрэл нь алтны компаний хуулийн зөвлөх, Оюунаа нь геологичоор ажилладаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 70х/,

Ц.Т, Л.О, Н.Уранчимэг нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах, харилцан туслалцах тухай гэрээ” /хх-ийн 33х/, Н.Уранчимэгээс 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ц.Т, Л.О нар 50.000.000 төгрөгийг хүлээн авсан тухай баримт /хх-ийн 35х/, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох “Тус хэлтсийн даргын 2009 оны 105 дугаар шийдвэрийн “Эй Ай Эм” компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын 10644Х, 10626Х, 10625Х, 10624Х, 10623Х, 10622Х, 10622Х тоот тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тухай Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 547 тоот шүүгчийн захирамж /хх-ийн 41-46х/, Монголын хуульчдын холбооны албан тоот /2хх-ийн 72х/, Оюуны өмчийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн “Эй Ай Эм” компаний лавлагаа /2хх-ийн 74х/, Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1050 тоот шийдвэр /2хх-ийн 19-21х/, Ц.Тийн ХААН банкны 5021105527 тоот дансны хуулга /1хх-ийн 199-200х/, Ашигт малтмалын газрын тосны газраас ирүүлсэн 7 ширхэг тусгай зөвшөөрлийн ашигт малтмалын талаархи мэдээлэл /2хх-ийн 84х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Т нь Лүй И гэх Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн захиралтай “Эй Ай Эм” компаний ашигт малтмалын хайгуулын 10644Х, 10626Х, 10625Х, 10624Х, 10623Х, 10622Х, 10622Х тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас цуцласныг, сэргээлгэхээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өмгөөлөгч Ц.Т нь итгэмжлэлээр оролцож нэхэмжлэл гаргасан боловч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 547 тоот шүүгчийн захирамжаар “Ц.Тийг БНХАУ-ын иргэн Луй Игээс итгэмжлэл авсан нь эргэлзээтэй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэтэл шүүгдэгч Ц.Т, Л.О нар нь бүлэглэн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дээрхи бодит байдлыг нуух замаар хохирогч Н.Уранчимэгийг төөрөгдөлд оруулж, урьд хохирогч Н.Уранчимэгтэй танил, хамтран ажиллаж байсан  харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж дээрхи “Эй Ай Эм" компанийн эзэмшлийн ашигт малтмалын лиценз ашиглах эрхийг шүүхээр сэргээлгэж "Далд нууц эм эн" компанийн нэр рүү шилжүүлж өгнө гэж хамтран ажиллах гэрээ байгуулан нийт 50.000.000 төгрөгийг залилж авсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Т, Л.О нарыг бүлэглэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүнэв.

Шүүгдэгч Ц.Т, Л.О нар нь хохирогч Н.Уранчимэгээс авсан 50.000.000 төгрөгөөс тус бүр 25.000.000 төгрөг авсан болохоо өөрсдөө мэдүүлсэн мөн хавтас хэрэгт авагдсан мөнгө хүлээн авсан баримт, банкны дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас тус бүр 25.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Уранчимэгт олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэч Ц.Т, Л.О нар нь бүлэглэн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн тул шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Ц-ийн Т, Ц овогт Л-ийн О нарыг бүлэглэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Т, Л.О нарт холбогдох эрүүгийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Т, Л.О нараас тус бүр 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Уранчимэг /РД:............../-т олгосугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т, Л.О нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.   

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж. шүүгдэгч Ц.Т, Л.О  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ