Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 296

 

 Ц.Т, Л.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, С.Эрдэнэбат, шүүгдэгч Л.О-ы өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 344 дүгээр магадлалтай, 201301051597 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буянзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1961 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Ц-ийн Т,

2. Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Л-ийн О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдыг залилж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Т, Л.О нарыг бүлэглэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Ц.Т, Л.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Т-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Т-ийн өмгөөлөгч Д.Буянзаяа гаргасан гомдолдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан бөгөөд Ц.Т-ийн үйлдэлд гэм буруугийн ямар ч шинж тогтоогдохгүй байна. Учир нь У, О, Т нар нь хамтран ажиллах харилцан туслалцах гэрээг байгуулсан байна. Уг гэрээ иргэний хуулийн хамтран ажиллах гэрээний эрх, үүргээр тодорхойлогдож гэрээний чөлөөт байдлын зарчмыг баримтлан О, Т, У нар нь байгуулжээ. Мөн Ц.Т нь цагдаа, прокурор, шүүхэд удаа дараа Уранчимэгт 3 жил ажилласан “Техник форум” ХХК-ийн захирал Эрдэнэбилэгийн зөвшөөрлөөр ажлын хөлсийг суутгуулан авсан 25,000,000 төгрөгийн баримт, Уранчимэг нь хамтран ажиллах харилцан тохиролцох гэрээг 3 хувь үйлдэж авч ирснээ хүлээсэн мэдүүлэг, Ц.Т нь 7 ширхэг лицензийг өөр компани дээр гаргах боломжгүй талаарх мэдүүлэг, тайлбаруудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн хуулийн заалтыг огт хэрэглэхгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа нь илэрхий байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.5 дугаар зүйлийн 1.1-д “Гэмт хэргийн шинжгүй тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заасан байх ба Ц.Т-д холбогдох маргаан 6 жил гаруй хугацаанд үргэлжилж эд хөрөнгө болон нэр хүнд, эрүүл мэндээрээ хохироосон. Мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана” гэж хуульд заасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоол гаргахгүйгээр хохирол төлүүлэхээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй тохиолдлыг давж заалдах шатны шүүх ноцтой зөрчиж хэргийг хянан хэлэлцсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйл болох “гэмт хэрэг гарсан байдал”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг нотлоогүй байж итгэл эвдсэн гэдгийг Н.У болон гэрч Т нарын мэдүүлгүүдээр яллаж байгаа нь хэрэгт цугларсан баримтаар харагдаж байна. Хэргийг тал бүрээс нь бодитой үнэлж, дүгнэж шүүгдэгчийн эрх ашгийг илүү дээрдүүлсэн нөхцөлөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан тул Ц.Т-ийн гэмт хэргийн шинжгүй байдлыг тогтоон түүнийг цагаатгаж, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирлыг сэргээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.О-ы өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй. Учир нь шүүгдэгч нарт эрх зүйн туслалцаа үзүүлж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Нийт 50,000,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч тус бүрээс 25,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тогтоолоос хойш шүүгдэгч нарын ашиг сонирхол зөрчилдөж эхэлсэн учраас сайн дураараа өмгөөлөхөөс татгалзсан. Хэргийг тал бүрээс нь дүгнэж шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Тусгайлан гаргах санал байхгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа хэргийг хянан хэлэлцэж байгаа нь үндэслэлгүй гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар тодорхой заасан. Хэргийг шалгаж байх үед хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах зорилгоор удаа дараа хойшлуулж байгаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж байж гэм буруугийн шүүх хуралдаан болсон. Анхан шатны шүүх дүгнэлтдээ тодорхой дурдсан. Захиргааны хэргийн шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосоор байтал миний үйлчлүүлэгчээс мөнгө аваад байгаа үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна. “Техник форум” ХХК-нд ажиллаж байсан гэдэг нотлох баримт хэрэгт авагдаагүй. “Техник форум” ХХК-ийн захирал Э 7 ширхэг лицензийг өөр компани дээр гаргах боломжгүй талаарх мэдүүлэг, тайлбаруудаар нотлогдож байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд нийцсэн. Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хуулийн дагуу тогтоосон тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдэж, хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.Т, Л.О нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буянзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Т, Л.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Т, Л.О нар нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын гадна хохирогч Н.Уранчимэгтэй уулзаж, улмаар “Э А Э” компанийн эзэмшлийн ашигт малтмалын лиценз ашиглах эрхийг шүүхээр сэргээлгэж “Далд нууц эм эн” компанийн нэр дээр шилжүүлж өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хамтран ажиллах гэрээ байгуулан түүний 50,000,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Т, Л.О нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр Ц.Т, Л.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Э А Э” ХХК-ийн эзэмшлийн ....... дугаартай ашигт малтмалын лицензийг цуцалсан Ашигт малтмалын газрын шийдвэрт шүүгдэгч Ц.Т нь уг компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 547 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг мэдсээр байж Л.О-тай бүлэглэн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дээрх байдлыг нууж хохирогч Н.У-ийг төөрөгдөлд оруулж, дээрх лицензүүдийг “Далд нууц эм эн” компанийн нэр дээр шилжүүлэн өгнө хэмээн хамтран ажиллах гэрээ байгуулан Н.У-ээс 50,000,000 төгрөг авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Ц.Т-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн үр дагавартай гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буянзаяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 344 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буянзаяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН