Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 40

 

 

 

“Балхуун” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШШ2020/00289 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, 2684519 дугаарын регистртэй “Балхуун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг, Жаргалант суманд үйл ажиллагаа  явуулдаг “Бадамлах дөл” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны нүүрс тээвэрлэлтийн хөлс 185.382.107 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ачаа тээвэрлэлтийн хөлс төлөхдөө илүү төлсөн 62.706.521 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Балхуун” ХХК нь “Бадамлах дөл” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлтийг 2014 оны 08 дугаар 22-ны өдрийн өдрийн ачаа тээвэрлэлтийн гэрээгээр өнөөдрийг хүртэл хийж ирсэн. Энэ хугацаанд нийт 422.944.940 \ дөрвөн зуун хорин хоёр сая есөн зуун дөчин дөрвөн мянга есөн зуун дөч\ төгрөгийн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс манай компанид 307.685.150 \ гурван зуун долоон сая зургаан зуун наян таван мянга нэг зуун тавь\ төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 115.259.790 \ нэг зуун арван таван сая хоёр зуун тавин есөн мянга долоон зуун ер\ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай компанийн зүгээс энэ төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа “Бадамлах дөл” ХХК-д албан бичгээр мэдэгдсэн ч бодитой арга хэмжээ авахгүй байна. 2014 оны 08 дугаар 22-ны өдрийн ачаа тээвэрлэлтийн гэрээ бол жинхэнэ гэрээ биш юм. 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр надаар гарын үсэг зуруулж, тамга даруулж авсан гэрээ бол “Балхуун” ХХК-ийн “Бадамлах дөл“ХХК-тай байгуулсан нүүрс тээвэрлэх гэрээ юм. Н.Энхтөр бид нарт ийм данс байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бидэнд хамааралгүй мөнгө бичээд байгаад гайхаж байна. Бид анх “Бадамлах дөл” ХХК-аас дулааны нүүрс тээвэрлэлтийн хөлс 115,259,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 70,122,317 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 185,382,107 төгрөг нэхэмжилж байна. Иймд хариуцагч “Бадамлах дөл” ХХК-аас 185,382,107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: “Балхуун” ХХК-нь нэхэмжлэлийн шаардлагаа 70,122,317 /далан сая нэг зуун хорин хоёр мянга гурван зуун арван долоон/ төгрөгөөр ихэсгэж нийт 185,382,107 /нэг зуун наян таван сая гурван зуун наян хоёр мянга нэг зуун долоон/ төгрөг нэхэмжилснийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй, анхан шатны санхүүгийн нотлох баримт байхгүй, 185,382,107 /нэг зуун наян таван сая гурван зуун наян хоёр мянга нэг зуун долоон/ төгрөгийг санхүүгийн үндсэн ямар баримтад тулгуурлаж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч “Балхуун” ХХК нь дизель түлшний үнийг НИК-ийн жишиг ханшаар тооцох боломжгүй бөгөөд “Бадамлах” дөл ХХК-ны худалдаж авсан дизель түлшний үнээр тооцсон болно. Бадамлах дөл ХХК болон Балхуун ХХК-ний Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан Тээвэрлэлтийн гэрээ байгуулсан мөн хуулийн 381 дүгээр зүйл Ачаа тээвэрлэлтийн гэрээг бичгээр байгуулсан байна. Иргэний хуулийн 380 дугаар зүйл Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа. Энэ гэрээний 6.1-д тээвэрлэлтийн хөлсийг үнийг Ховд аймгийн Жаргалант сумын “Бадамлах дөл” ХХК-ний дулааны станцын талбайд буулгасан нүүрсний 1 тонн/км тутмын тээвэрлэлтийн хөлс 115 / нэг зуун арван таван/ төгрөг байна гэж тохирсон байна.

Гэтэл “Балхуун” ХХК нь тээврийн 1тонн/км-ыг 130 төгрөгөөр бодсон нь хууль бус юм.

“Балхуун” ХХК нь 307,685,150 төгрөг авсан гэж дутуу бодсон бөгөөд “Бадамлах дөл” ХХК-ний тээврийн хөлс нотлох баримтаар 337,685,150 төгрөг төлсөн байна. Энэ нь “Балхуун” ХХК нь 307,685,150 төгрөг авсан. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 21-нд “Балхуун” ХХК-ийн дансанд 3,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Дандарын дансанд тээврийн хөлсөнд 5 000 000 төгрөг, 2017 оны 05 сарын 26-ны өдөр Дандар, Очир, Даваадорж нарын тээврийн хөлсөнд 5 000 000 төгрөг, 2016 оны 09 сарын 08-ны өдөр 5845088857 тоот данс буюу Н.Энхтөрийн дансанд, Дандарын тээврийн хөлс 5 000 000 төгрөг, 2016 оны 11 сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 09 сарын 25-ны өдөр 5845409925 тоот дансанд С.Энхтөрийн дансанд 5 000 000 төгрөг бүгд 30 000 000 төгрөгийг дутуу тооцсон байна. "Бадамлах дөл ХХК нь Ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу төлөх ёстой тээврийн хөлсөө бүрэн төлсөн. Эцэст нь Хар тарвагатай ХХК-д 4834,2 тн нүүрс тээвэрлэсэн гэж хүснэгтээр тооцоолол оруулж ирсэн байна. “Хар тарвагатай “ХХК нь Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Бадамлах дөл” ХХК-д хамааралгүй, нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй 2 өөр компани, 2 өөр данс тооцоотой тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хариуцагч “Хар тарвагатай” ХХК-ний оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу “Балхуун” ХХК-ний гаргасан 185,382,107 /нэг зуун наян таван сая гурван зуун наян хоёр мянга нэг зуун долоон/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бадамлах дөл” ХХК нь “Балхуун” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сараас эхлэн ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу нүүрс тээвэрлүүлж тээврийн хөлсийг гэрээний дагуу төлж байсан. “Балхуун“ ХХК нь “Бадамлах дөл” ХХК-тай гэрээ дүгнээгүй, эцсийн тооцоо хийж тооцоо нийлээгүй атлаа “Бадамлах дөл” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж ачаа тээвэрлэлтийн хөлсийг дутуу төлсөн гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан “Бадамлах дөл” ХХК нь бүх тооцоо санхүүгийн баримтуудаа нягтлан бодогчоороо бодуулсан. Гэтэл “Бадамлах дөл” ХХК ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу “Балхуун” ХХК-ийн төлсөн тээврийн хөлсийг тээврийн хөлс төлсөн санхүүгийн нотлох баримтаар тооцож үзэхэд 62,706,521 төгрөгийн илүү төлөлт хийсэн байна. Иймд нэхэмжлэгч Балхуун ХХК-иас ачаа тээвэрлэлтийн хөлс төлөхдөө илүү төлсөн гэх шаардлагаа багасаж 59,706,521 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхтөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан банкны дансаар хувь хүмүүст шилжүүлсэн төлбөр тооцоог “Балхуун” ХХК нь хариуцах ёсгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШШ2020/00289 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасныг баримтлан хариуцагч Бадамлах дөл ХХК-иас 2017 оны 10-12 дугаар сард нүүрс тээвэрлэсний хөлс 55,256,435 /тавин таван сая хоёр зуун тавин зургаан мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Балхуун ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 130,125,672 /нэг зуун гучин сая нэг зуун хорин таван мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг, Балхуун ХХК-иас ачаа тээвэрлэлтийн илүү төлсөн хөлс 59,706,521 /тавин есөн сая долоон зуун зургаан мянга таван зуун хорин нэг/ төгрөг гаргуулах тухай Бадамлах дөл ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Бадамлах дөл ХХК нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтад нотлох баримтаа гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үүргээ биелүүлсэн. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан. Балхуун ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 38 .1-д заасан үүргээ биелүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Балхуун ХХК-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар Балхуун ХХК болон Бадамлах дөл ХХК-ний хооронд нүүрс тээвэрлэлтийн гэрээ хийгдэж 2015 оноос эхлэн 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус гэрээ дуусгавар болсон. 2017 оны 10,11, 12 сард Увс аймгийн хар тарвагатайн нүүрсний уурхайгаас Ховд аймгийн Жаргалант сум дахь дулааны Бадамлах дөл ХХК-ний хашаа хүртэл 210 км зайд нийт 5,548,8 тн түүхий нүүрс үйлдвэрлэсэн үйл баримтыг Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан хэлцэл хийсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 413 дугаар зүйлд зааснаар дүгнэсэн нь хууль зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 37дугар зүйлүүдийг зөрчсөн.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул түүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Нэхэмжлэгч “Балхуун” ХХК нь нүүрс тээвэрлэлтийн хөлс 115.259.790 төгрөг гаргуулах тухай шаардлагыг Ховд аймгийн дулааны “Бадамлах дөл” ХХК-д холбогдуулан гаргаж, шаардлагаа 70.122.317 төгрөгөөр нэмэгдүүлж, нүүрс тээвэрлэлтийн хөлс 185.382.107 төгрөгийг шаарджээ. Хариуцагч Ховд аймгийн дулааны “ Бадамлах дөл” ХХК- нь ачаа тээвэрлэлтийн хөлсөнд илүү төлсөн 62.706.521 төгрөгийг нэхэмжлэгч “Балхуун” ХХК-аас буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд уг шаардлагаа 59.706.521 төгрөг болгон багасгажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхтөр нь “...Балхуун ХХК-ийн 2017 оны 10, 11,12  дугаар  саруудад тээвэрлэсэн 5.548.8 тонн нүүрсийг 210 километр газар тээвэрлэсэн. Тонн километр тутмыг Засгийн газрын жишиг тариф   216 төгрөг 56 мөнгөөр бодоход 252.346.107 төгрөгийн нүүрс тээвэрлэсэн. Үүнээс 37,030 литр түлшний үнэ 66,964,000 төгрөгийн шатахуун авсныг хасаад үлдэгдэл 185,382,107 төгрөгийг Бадамлах дөл ХХК-аас гаргуулахаар шаардаж байна” гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлээ тодруулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар “Бадамлах дөл” ХХК нь “Балхуун” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2016 оны 5 дугаар сарын 01-ны өдөр хүртэл  хугацаанд ачаа тээвэрлэлтийн /нүүрс тээвэрлэх/ гэрээг 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулжээ. Уг гэрээний 2.3-т ачаа тээвэрлэх зай 210 км байна гэж, мөн гэрээний 6.1-д 1 тонн/км тутмын тээвэрлэлтийн хөлс нь 115 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхтөр “2017 оны 10 дугаар сард Д.Сурмаажав захирал Б.Алтанбадрал хоёр намайг  Бадамлах дөл ХХК-н ажлын байранд дуудаад энэ жил тээвэрлэлтээ хийчих, тээврийн хөлсний үлдэгдэл 78.000.000 төгрөгийг 2017 оны 12 сараас өмнө төлж барагдуулъя гэж Д.Сурмаажав захирал надад өөрөө хэлсэн. 2017 оны 12 сар хүртэл би нүүрсээ тээвэрлэсэн бөгөөд ачаа тээвэрлэх зайг 208 км-ээр тооцох, шатахууны үнэ буурсан тул 1 тонн километрээ 125 төгрөгөөр бодохоор амаар тохиролцсон” гэж тайлбарласан байна./4-хх-35,36х/ Харин хариуцагчийн төлөөлөгч Ж.Энхжаргал “С.Энхтөр гуайн 208 километрээр бодсон гэж тайлбарласныг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд бодоход манай зүгээс татгалзахгүй, маргахгүй, 2017 онд гэрээ байгуулаагүй учир 1 тонн километр тутмыг 125 төгрөгөөр бодож болно” гэж тайлбарлажээ.

“Бадамлах дөл” ХХК нь “Балхуун” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан байх бөгөөд 2017 онд талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй  боловч нэг тал нүүрс тээвэрлэхээр нөгөө тал нүүрс тээвэрлүүлэхээр тээврийн хөлсийг 1 тонн километр нүүрсийг 125 төгрөгөөр, тээвэрлэлтийн зайг 208 километр байхаар амаар харилцан тохиролцон байна. Талуудын энэхүү тохиролцооноос үзвэл “Бадамлах дөл” ХХК нь “Балхуун” ХХК-тай 2017 онд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зохигч буюу ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагджээ. Уг гэрээгээр тээвэрлэгч “Балхуун” ХХК нь 2015 оны 10, 11, 12 дугаар саруудад, 2016 оны 1, 2, 3 дугаар саруудад, 2017 оны 10, 11,12 дугаар саруудад Увс аймгийн Тариалан суманд байрлах Хар тарвагатай нүүрсний уурхайгаас тээвэрлүүлэгч “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станцад нүүрс тээвэрлэсэн байна.

Гэрээнд зааснаар тээвэрлэгч 2015 оны 10-12 дугаар саруудад 10.546 тонн нүүрс,  2016 оны 3 дугаар сард 2,560,7 тонн нүүрс тус тус тээвэрлэсэн,  тээвэрлүүлэгч нь  2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд  нийт 178,410 литр дизель түлшийг  тээвэрлэгчид өгсөн талаар, 2015 оны 10, 11 дүгээр саруудад 1 литр дизель түлшний үнийг 2,000 төгрөгөөр, 2015 оны 12 дугаар сард 1 литр дизель түлшний үнийг 1,820 төгрөгөөр, 2016 оны 2, 3 дугаар саруудад 1 литр дизель түлшний үнийг 1,690 төгрөгөөр тус тус тооцож байсан талаар талууд маргаагүй. Харин тээвэрлэгч нь  2016 оны 01 дүгээр сард тээвэрлэсэн нүүрсний хэмжээг  3,854.8 тонн  гэж,  тээвэрлүүлэгч тал 3,673.1 тонн нүүрс буулгасан гэж, 2016 оны 02 дугаар сард тээвэрлэсэн нүүрсний хэмжээг  тээвэрлэгч тал 4,454.7 тонн гэж,  тээвэрлүүлэгч тал 4,348.9 тонн нүүрс буулгасан гэж, тээвэрлүүлэгч нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал, 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд нүүрс тээвэрлэсний хөлсийг  тээвэрлэгчээс тухайн үед  өгсөн С.Энхтөр, Н.Энхтөр, “Балхуун” ХХК гэх 3 нэр бүхий эзэмшигчийн дансаар нийт 337,685,150 төгрөгийг  шилжүүлсэн  гэж тус тус маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар тээвэрлүүлэгч нь тээвэрлэгчид 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал, 2017 оны 10-12 дугаар сарыг дуусталх хугацаанд нүүрс тээвэрлэсний хөлсөнд нийт 314,685,150 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна. Шүүх  тээвэрлүүлэгчийн нүүрс тээвэрлэсний хөлсөнд төлсөн  314,685,150 төгрөгөөс  хэрэг авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй 23.000.000 төгрөг болон Увс дулааны станцад тээвэрлэсэн нүүрсний хөлс 35.365.100 төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэлтэй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 93-95, 99-107, 110, 112, 114, 2 дугаар хавтаст хэргийн 65, 79, 104, 179 дүгээр тал/ 

Шүүх 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд “Балхуун” ХХК нь “Бадамлах дөл” ХХК-д нийт 516,904,185 төгрөгийн нүүрсийг тээвэрлэснээс мөн хугацаанд авсан дизель түлшний үнэ нийт 257,962,500 төгрөгийг хасахад нүүрс тээвэрлэсний хөлс 258,941,685 төгрөг гэж, мөн  “Балхуун” ХХК нь “Бадамлах дөл” ХХК-д 2017 оны 10-12 дугаар саруудад нийт 144,268,800 төгрөгийн нүүрсийг тээвэрлэснээс мөн хугацаанд авсан дизель түлшний үнэ нийт 68, 634,000 төгрөгийг хасахад 2017 оны 10-12 дугаар саруудад нүүрс тээвэрлэсний хөлс 75,634,800 төгрөг гэж тооцсон нь нотлох баримтад үндэслэгдсэн байна. 

Иймд Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж   2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал, 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд тээвэрлүүлэгч “Бадамлах дөл” ХХК нь нүүрс тээвэрлэсний  хөлсөнд тээвэрлэгч “Балхуун” ХХК-д нийт  279,320,050 төгрөгийг төлсөн гэж дүгнэн  үүнээс  258,941,685 төгрөгийг хасаж /2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны нүүрс тээвэрлэсний хөлс/ 20,378,365 төгрөгийг “Бадамлах дөл” ХХК нь “Балхуун” ХХК-д 2017 оны 10-12 дугаар саруудад  тээвэрлэсэн нүүрсний  тээврийн  хөлсөнд төлсөн гэж үзэж, 2017 оны “Балхуун” ХХК-ийн нүүрс тээвэрлэсний хөлс 75,634,800 төгрөгөөс 20,378,365 төгрөгийг хасаж “Бадамлах дөл” ХХК-иас 2017 оны 10-12 дугаар сард нүүрс тээвэрлэсний хөлс 55,256,435 /тавин таван сая хоёр зуун тавин зургаан мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Балхуун” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 130,125,672 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ

Хэрэгт авагдсан баримтаар “Бадамлах дөл” ХХК нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал, 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд “Балхуун” ХХК-ийн нүүрс тээвэрлэсний хөлсийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул “Балхуун” ХХК-иас ачаа тээвэрлэлтийн илүү төлсөн хөлс 59,706,521 /тавин есэн сая долоон зуун зургаан мянга таван зуун хорин нэг/ төгрөг гаргуулах “Бадамлах дөл” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр  үндэслэлтэй, нотлох баримтад тулгуурласан байна.

Харин шүүх талуудын хоорондох маргааныг шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсгийг баримталсан атлаа хууль хэрэглэсэн үндэслэлийг тайлбарлаж бичээгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ талаар гаргасан талуудын давж заалдах гомдол үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн, хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлыг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Хуульд зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.084.860 төгрөгийг, хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 890.714 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгоно. Шүүх хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэрийг хэргийн оролцогч нарт 2020 оны 10 дугаар сарын 8-13-ны өдрүүдэд гардуулсан байгааг цаашид анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШШ2020/00289 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д” гэснийг “Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн, хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг зарим үндэслэлийг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар   нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхтөрийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  1.084.860 /нэг сая наян дөрвөн мянга найман дуун жаран/ төгрөгийг,хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 890714 /найман зуун ерэн мянга долоон зуун арван дөрвөн/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ӨМИРБЕК

 

                                                                                               Д.КӨБЕШ