Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00845

 

“Б..” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00806 дугаар шийдвэр,

          Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Б..” ХХК

          Хариуцагч: “Б.. дөл” ХХК-д холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: 185,382,107 төгрөг гаргуулах тухай,

          Сөрөг нэхэмжлэл: 62,706,521 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ган-О-, хариуцагчйин итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

      Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “Б..” ХХК нь “Б.. дөл” ХХК-н нүүрсний тээвэрлэлтийг 2014-08-22-ны өдрийн өдрийн ачаа тээвэрлэлтийн гэрээгээр өнөөдрийг хүртэл хийж ирсэн. Энэ хугацаанд нийт 422,944,940 төгрөгийн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс манай компанид 307,685,150 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 115,259,790 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай компанийн зүгээс энэ төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан ч төлөгдсөнгүй. 2014-08-22-ны өдрийн өдрийн ачаа тээвэрлэлтийн гэрээ бол жинхэнэ гэрээ биш юм. 2015-05-16-ны өдөр гарын үсэг зуруулж, тамга даруулж авсан гэрээ бол “Б..” ХХК-ийн “Б.. дөл” ХХК-тай байгуулсан нүүрс тээвэрлэх гэрээ юм. Н.Э- бид нарт гэрээнд заасан шиг данс байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бидэнд хамааралгүй мөнгө бичээд байгаад гайхаж байна. Бид анх “Б.. дөл” ХХК-с дулааны нүүрс тээвэрлэлтийн хөлс 115,259,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. ХХША-ны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 70,122,317 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 185,382,107 төгрөг нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас 185,382,107 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан банкны дансаар хувь хүмүүст шилжүүлсэн төлбөр тооцоог “Б..” ХХК нь хариуцах ёсгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэл тодорхойгүй, анхан шатны санхүүгийн баримтгүй нэхэмжлэл гаргаж, 185,382,107 төгрөгийг санхүүгийн үндсэн баримтад тулгуурлаж байгаа нь ойлгомжгүй байна. “Б..” ХХК нь дизель түлшний үнийг НИК-ийн жишиг ханшаар тооцох боломжгүй бөгөөд “Б.. дөл” ХХК-ны худалдаж авсан дизель түлшний үнээр тооцсон.Талууд ИХ-н 380-р зүйлд заасан Тээвэрлэлтийн гэрээ, 381-р зүйл Ачаа тээвэрлэлтийн гэрээг бичгээр байгуулсан. ИХ-н 386-р зүйл Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан нь хэрэгт хавсаргагдсан. Ачаа тээвэрлэх гэрээний 6.1 гэрээний үнэ: Ховд аймгийн Жаргалант сумын Б.. дөл ХХК-ний дулааны станцын талбайд буулгасан нүүрсний 1 тонн/км тутмын тээвэрлэлтийн хөлс 115 төгрөг байна гэж тохирсон. “Б..” ХХК нь дизель түлшний үнийг Петровисийн үнээр төлөгч “Б.. дөл” ХХК нь худалдаж авсан дизель түлшний үнээр тооцсон. Гэтэл “Б..” ХХК нь тээврийн 1тонн/км-ыг 130 төгрөгөөр бодсон нь хууль бус юм. “Б..” ХХК нь 307,685,150 төгрөг авсан гэж дутуу бодсон бөгөөд “Б.. дөл” ХХК-ний тээврийн хөлс нотлох баримтаар 337,685,150 төгрөг төлсөн байна. “Б..” ХХК нь 307,685,150 төгрөг авсан гэжээ. Гэтэл 2017-05-21-нд “Б..” ХХК-ийн дансанд 3 сая төгрөг, 2017-11-16-ны өдөр 5 сая төгрөг, 2017-02-24-ны өдөр Д-ын дансанд тээврийн хөлсөнд 5 сая төгрөг, 2017-05-26-ны өдөр Д-, О-, Да- нарын тээврийн хөлсөнд 5 сая төгрөг, 2016-09-08-ны өдөр 5845........ тоот данс буюу Н.Э-ын дансанд, Д-ын тээврийн хөлс 5 сая төгрөг, 2016-11-16-ны өдөр 2 сая төгрөг, 2017-09-25-ны өдөр 58454.... тоот дансанд С.Э-ийн дансанд 5 сая төгрөг бүгд 30 сая төгрөгийг дутуу тооцсон байна. “Б.. дөл” ХХК нь Ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу төлөх ёстой тээврийн хөлсөө бүрэн төлсөн. Эцэст нь “...тарвагатай” ХХК-д 4834,2 тн нүүрс тээвэрлэсэн гэж хүснэгтээр тооцоолол оруулж ирсэн байна. “...тарвагатай” ХХК нь Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Б.. дөл” ХХК-д хамааралгүй, нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй 2 өөр компани, 2 өөр данс тооцоотой тул ИХШХШТХ-н 14.1-д заасны дагуу хариуцагч “...тарвагатай” ХХК-ний оршин байгаа нутаг дэвсгэрийн харъяалалаар гаргах нь зүйтэй гэж үзэж байна. ИХШХШТХ-н 115.2.3-д заасны дагуу “Б..” ХХК-ний гаргасан 185,382,107 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Б..” ХХК нь “Б.. дөл” ХХК-тай гэрээ дүгнээгүй, эцсийн тооцоо хийж тооцоо нийлээгүй атлаа “Б.. дөл” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж ачаа тээвэрлэлтийн хөлсийг дутуу төлсөн гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул “Б.. дөл” ХХК нь бүх тооцоо санхүүгийн баримтуудаа нягтлан бодогчоороо бодуулсан. Гэтэл “Б.. дөл” ХХК ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу “Б..” ХХК-ийн төлсөн тээврийн хөлсийг төлсөн санхүүгийн нотлох баримтаар тооцож үзэхэд 62,706,521 төгрөгийн илүү төлөлт хийсэн байна. Иймд “Б..” ХХК-с ачаа тээвэрлэлтийн хөлс төлөхдөө илүү төлсөн 62,706,521 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

   Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 153/ШШ2018/00806 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Б.. ХХК-ийн төлсөн 1,242,900 төгрөг, Б.. дөл ХХК-ийн төлсөн 471,484 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээжээ.

    Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00806 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан. ИХШХША-ны явцад “Б..” ХХК нь 70,122,317 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ нэмэгдүүлснийг  анхан шатны шүүх “Б.. дөл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан.  “Б.. дөл” ХХК-ийн төлөөлөгч “Б..” ХХК-ийн нийт 185,382,107 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар болон нотлох баримт гаргаж ХХША-нд оролцсон. “Б..” ХХК 2018-12-14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодруулж, бичгээр тайлбар гаргасантай хариуцагч эс зөвшөөрч шүүх хуралдаанд тайлбар гаргасан. ХХША-ны явцад “Б.. дөл” ХХК нь “Б..” ХХК-с Ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу тээврийн хөлс төлөхдөө илүү төлсөн 62,706,521 төгрөгийг гаргуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. “Б..” ХХК-ны захирал С.Э- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад хариу тайлбар өгсөн. Ийм байхад давж заалдах шатны шүүх “...Шүүхээс талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний заалтыг тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хэн аль нь биелүүлээгүй, тээвэрлэгч нь 2014-2018 он хүртэлх ачаа тээврийн хөлс нэхэмжилж байгаа эсэх, хэрэв 2014-2018 оны хоорондох хөлс нэхэмжилж байгаа бол тэдгээр онуудаас хэдэн оны хөлсний үлдэгдэл хэдэн төгрөг байгаа эсэх, мөн байгаа бол тэдгээр онуудаас хэдэн оны хөлсний үлдэгдэл хэдэн төгрөг байгаа эсэх, мөн тонн км-г хэдэн төгрөгөөр бодсон, ачаа тээвэр хийхэд хэдий хэмжээний хэдэн төгрөгний шатахуун зарцуулагдсан эсэх, талууд хэрхэн тооцоо нийлдэг байсан эсэх, тээвэрлүүлэгчийн тээврийн хөлсийг илүү төлсөн гэх шаардлагын үндэслэл тус бүрийг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын шалтгаан нөхцөл, үр дагаврын үндэслэл тус бүрийг нэг бүрчлэн тодруулах байжээ...” гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Нэхэмжлэгч хариуцагчаас нийт 185,382,107 төгрөгийг гаргуулах шаардлага, үндэслэл тодорхой байхад тодруулаагүй гэж шийдвэрийг үгүйсгэснийг ХХША-ны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч нь ХХША-нд нэхэмжлэгчид холбогдуулан ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгт илүү төлсөн 62,706,521 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг эргэлзээгүйгээр он сартай дансны хуулгаар тодорхой дурьдаж, холбогдох нотлох баримтуудыг хавсарган өгсөн. “Б.. дөл” ХХК ...нотлох баримтаа гаргаж өгсөн нь ИХШХШТХ-н 38.1-т заасан үүргээ биелүүлсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын шалтгаан нөхцөл, үр дагаврын үндэслэл тус бүрийг нэг бүрчлэн тодорхой бичсэн. 1-р хавтаст хэргийн 5-8 дугаар хуудаст Ачаа тээвэрлэлтийн гэрээг 2014-08-22-ны өдөр “Б.. дөл” ХХК-ны ерөнхий захирал Д.Сурмаажав, нөгөө талаас “Б..” ХХК-ны захирал С.Э- нар байгуулсан. Ачаа тээвэрлэлтийн гэрээний 6.1 гэрээний үнэ Ховд аймгийн Жаргалант сумын “Б.. дөл” ХХК-ны дулааны станцын талбайд буулгасан нүүрсний 1 тонн/км тутмын тээвэрлэлтийн хөлс 115 төгрөг байна гэж талууд гол нөхцөлөө тохиролцож гарын үсгээ зурсан. Ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу 2015-09-сараас 2017-12 сард тээвэрт явсан тооцоо нийт авсан түлш 178,410 литр, шатахуун 332,472,600 төгрөг, тээвэрлэсэн нүүрс 26,677,7 тонн, бодсон тээврийн хөлс 607,451,229 төгрөг, шатахуун хассан тээврийн хөлс 274,978,629 төгрөг. ИХШХШТХ-н 40.2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамараалтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх нотлох баримтуудыг... /хх1-ийн 55-85, 87-111, 114-116, 143-144, 150-164-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг ИХШХШТХ-н 44.2. Бичмэл нотлох баримтуудын шаардлага хангасан нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан. Энэ нь “Б..” ХХК нь “Б.. дөл” ХХК-д тээвэрлэсэн нүүрсний тонн тооцоолол нь тохирсон боловч “Б..” ХХК нь үндэслэлгүйгээр буулгасан тонн нүүрсний хэмжээг “Б..” ХХК-ны захирал гэх С.Э- нь 131,000 тонн, түүний өмгөөлөгч Ган-О- нь 131,799,02 тонн нүүрс тээвэрлэсэн гэж санхүүгийн нотлох баримтаасаа эрс зөрүүтэй тайлбарлаж ихэсгэж бодсон байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж өгсөн орлогын падааныхаа тонныг буруу бодож, илүү тээврийн хөлс нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй юм. Хариуцагчаас гаргаж өгсөн нүүрс тээвэрлэсэн орлогын падаан ...Нийт тээвэрлэсэн нүүрсний орлогын падаанаар-26,667.7тонн болсон нь зөрүүгүй байна. “Б.. дөлт” ХХК нь “Б..” ХХК-д Ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу нийт 337,685,150 төгрөг төлсөн нь ХХШ-д ач холбогдолтой нотлох баримтууд болон, нүүрс тээвэрлэсэн орлогын падаанууд, санхүүгийн баримт, банкны дансны хуулгаар 62,706,521 төгрөг илүү төлсөн байдаг. Энэ нь: Ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу “Б.. дөл” ХХК-с “Б..” ХХК-д төлсөн тээврийн хөлсний тооцоо 337,685,150 төгрөг байна. Дээрх тээвэрлэлтийн гэрээний дагуу “Б.. дөл” ХХК-с “Б..” ХХК-д төлсөн тээврийн хөлсний тооцоог бодохдоо /хх1-34-90, 91-111, 177-179, 234-244, 245-250/, С.Э-ийн Капитал банкны дансны дэлгэрэнгүй хуулга 2-н 9/, Н.Э-ийн Хаан бонкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10-11/, С.Э-ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12-19/, С.Э-ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 43-71/, Н.Э-ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 72-101/, С.Э-ийн Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 103-104 / зэрэг баримтуудаар “Бадамлөх дөл” ХХК-с “Б..” ХХК-д нийт 337,685,150 төгрөг төлсөн нотлогдсон. “Б.." ХХК-ны захирал С.Э- нь хувь хүмүүсийн данс руу орсон тухайлбал жолооч Д-, Да-, О- нарын тээврийн хөлс жолооч нарын хувийн данс руу нь орсон учир хамаагүй гэх хэрнээ дээрх хүмүүсийн тээвэр хийсэн нүүрсний орлогын падаанаар төлөгдөөгүй тээврийн хөлс гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж тээврийн хөлсийг нь нэмж нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй юм. /хх1-н 89,2-н 237-241/ 2018-12-14-ний өдрийн Ховд аймаг дахь Сум дундын ИХАШшүүхийн шүүх хуралдаанд “Б.. дөл” ХХК-ны нягтлан бодогч гэрч Б.Ганчимэгийн мэдүүлэгт “...Асуулт: Эхний хуудсанд 105 сая төгрөг, дараа нь 235,865,150 төгрөг гээд хүмүүсийн данс руу орсон гэж бичсэн байдаг. Үүнийг та дараа бодохдоо 105 сая төгрөг дээрээ 235,685,150 төгрөгөө нэмээд нийт 337,686,150 төгрөг гарсан гэж бодсон уу Гэрч Б.Ганчимэг: Тийм, компанийн дансанд орсоныг тусад нь гаргаад Н.Э-, С.Э-ийн дансанд орсоныг мөн тусад нь гаргасан. Тэгээд нийлбэр дүн нь 337,685,150 төгрөг гарсан. Гэрээгээр 115,000 төгрөг гэж хэлсэн 2014 оноос түүний дагуу бодож байсан. Гэрээнд зурсан гарын үсэг Д.Сурмаажавын гарын үсэг мөн. “Б..” ХХК нь 26,965,000 тонн нүүрс тээвэрлэсэн. Манайх 1 жилд 15 сая-16 сая тонн нүүрс түлдэг. Гэтэл “Б..” ХХК өөр машинтай зэрэгцэж тээвэр хийсэн болохоос дангаараа нүүрсийг хангаагүй. Жишээ нь 2017 онд 19,109,000 тонн нүүрс түлсэн. Манайх 1 сард 3,000 тонн нүүрс түлдэг...” гэх мэдүүлэг,/ хх 231-234/ гэрч Н.Э- нь мэдүүлэхдээ “...Би зөвхөн Хаан банканд 5845508857 дугаартай данс эзэмшдэг. Тухайн тээврийн хөлсийг “Б..” ХХК-ны захирал С.Э-д өгсөн. Баримт үйлдээгүй. Тухайн үед С.Э- Улаанбаатар хотод ажлаар явж байсан учраас данс руугаа мөнгө авах боломжгүй гээд миний дансаар дамжуулаад бэлнээр авсан...” гэх мэдүүлэг зэргээр ХХШ-д ач холбогдол бүхий гэрчүүдийн мэдүүлэгээр “Б.. дөл” ХХК-ны сөрөг нэхэмжлэл баримтуудаар нотлогдсон. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, “Б.. дөл” ХХК- ны Ачаа тээвэрлэлтийн хөлс төлөхдөө илүү төлсөн 62,76,521 төгрөг гаргуулж өгнө үү. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ХХША-ны журам зөрчсөн талаар: Магадлалын үндэслэх хэсэгт “...Талуудаас шүүхэд гаргаж өгсөн тээврийн хөлсний тооцооны баримтуудыг хэрхэн үнэлж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч болон хариуцагч нарын дээрх баримтын тооцооллыг шүүх хэрхэн яаж тооцоо хийж тэдгээрийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хэргийн бодит үйл баримтыг тогтоогоогүй байна. Үндсэн нэхэмжлэл 115 259 790 төгрөг нэмэгдүүлсэн шаардлага 70 122 317 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэл тус бүрийг тодруулаагүй байна. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс ХХША-ны журам зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. “Б.." ХХК-ны захирал С.Э- нь Ховд аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд гаргасан 2019-01-17-ны өдрийн гомдол нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, нотлох баримтуудын талаар өөрийн үзэл бодол, үнэлэлт, дүгнэлт, нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэлтэй хамааралгүй үйл явдал, зохигч нарын нэр хүндэд хэтэрхий халдах зэрэг хэлэлцэгдээгүй, ач холбогдолгүй асуудлыг гомдолдоо дурьдсан байтал давж заалдах шатны шүүх нь гомдлыг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл “Б..” ХХК нь ХХША-ны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийг буруу хэрэглэсэн, оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаагүй байхад гомдлыг хангасан нь үндэслэлгүй. “Б..” ХХК-ны нэхэмжлэл нь /хх1-2/ “Б..” ХХК нь 2018-05-10-ны өдрийн 77 дугаартай албан тоотоор Ховд аймаг дахь анхан шатны шүүхэд дулааны нүүрс тээвэрлэсний хөлс 115,259,790 төгрөг нэхэмжилсэн, Нэхэмжлэлийн үндэслэлд “Б..” ХХК нь “Б.. дөл” ХХК-ны нүүрсний тээвэрлэлтийг 2014-08-22-ны өдрөөс Ачаа тээвэрлэлтийн гэрээгээр өнөөдрийг хүртэл хийж ирсэн гээд нотлох баримтаар Ачаа тээвэрлэлтийн гэрээ 7 хуудас хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. хх-2-106/ Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018-11-16-ны өдөр нэхэмжэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж 70,122,317 төгрөгөөр ихэсгэж, нэхэмжлэлийн шаардлагаа 185,382,107 төгрөг болгон тодруулсан байна./хх2-196/ Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд 2018-12-14-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2017-10-31-нд 1482.9 тн, 2017-11-30-нд 2291.2 тн, 2017-12-31-нд 1774.7 тн буюу нийт 5548,8 тн нүүрс тээвэр хийсэн. 2013-07-10-ны өдрийн Зам тээврийн сайд А.Гансүхийн 162 тоот тушаалын дагуу 100 км-с дээш зайд ачаа тээшийг 216.56 төгрөгөөр бодож Монгол улсад мөрдөгдөж байгаа тухайн тушаалын дагуу 5548.8 тн нүүрсийг тээвэр хийсэн зай 210 км мөн тээврийн жишиг үнээр бодож авсан шатахуун буюу 37030 литр дизель түлш буюу 66,964,000 төгрөг хасаад авлага болох нийт тээврийн хөлс 185,382,107 төгрөгийг “Б.. дөл” ХХК-с гаргуулж авна гэж тодруулсан. “Б..” ХХК нь ИХШХШТХ-н 62.1.4, 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй. 1-р хавтаст хэргийн 3-8 дугаар хуудаст Ачаа тээвэрлэлтийн 2014-08-22-ны өдрийн гэрээний баруун доод хэсэгт “Б..” ХХК-ны захирал С.Э- гарын үсэг зурсан, хуулийн дагуу хүчин төгөлдөр гэрээ хавтаст хэрэгт авагдсан. ИХ-н 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсан тооцно. ИХ-н 42.8-д Талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийсэн. Хариуцагч “Б.. дөл” ХХК-ны зүгээс ИХШХШТХ-н 72-р зүйлд заасны дагуу тайлбар, нотлох баримтууд гаргаж өгсөн. Бодит байдалд “Б..” ХХК нь Ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу тээврийн хөлсөндөө 337,685,150 төгрөг авсан, илүү төлсөн 62,706,521     төгрөгний тооцооны баримтуудтай танилцаад хариуцагчийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэсэн, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. “Б..” ХХК нь өөрийн тээврийн хэрэгсэлгүй, жолооч нар нь өөрсдийнхөө тээврийн хэрэгслээр тээвэр хийсэн боловч “Б.." ХХК нь Ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр “Б.. дөл” ХХК-с 337,685,150 төгрөг авсан, 30 сая төгрөгийг үндэслэлгүйгээр хассан, тээвэрт явсан жолооч нарын тээврийн хөлсийг төлсөн эсэх нь эргэлзээтэй, тээврийн хөлсний захиран зарцуулалтын талаарх тооцоог компаний хувийн дотоод асуудал гэж тайлбарлаж баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүй Тээвэр хийсэн жолооч нарын тээврийн хөлс төлөөгүй нь Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018-5-30-ны өдрийн 153/ШШ2018/00311 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаас тодорхой харагдана. Мөн “Б..” ХХК-ны захирал С.Э- нь Ачаа тээвэрлэлтийн гэрээ 2014-08-22-нд байгуулаагуй хуурамч гэрээ, ШШГА-нд хэрэг болоод гэрээнд би гарын үсэг зурсан гэж тайлбарладаг. Гэтэл “Б..” ХХК 2018-05-10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 7 хуудас гэрээг нотлох баримтаар хавсаргаж өгсөн байтал 2018-05-30-ны өдрийн 153/ШШ2018/00311 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар гүйцэтгэлийн ажиллагаанд нөхөж гэрээ хийсэн гэж тайлбарлажээ. Зохигч үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй байтал урьд гаргасан нэхэмжлэл, баримтуудаа үгүйсгэсэн нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь ойлгомжгүй тодорхойгүй болжээ. “Б.. дөл” ХХК-ны зүгээс “Б..” ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй тул ‘‘Б..” ХХК-ны татварын тайлангууд, Н.Э-, С.Э- нарын татварын тайлангуудыг шүүхэд хүсэлт гаргуулж хавтаст хэрэгт хавсаргуулсан. Бодит байдалд “Б..” ХХК нь НӨАТ-н тухай хуулийн 5.2--т үйл ажиллагаа борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч албан татвар ногдуулан суутган авч төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар төлөгч байна гэжээ. НӨАТ-н тухай хуулийн дагуу “Б.. дөл” ХХК-д худалдан авалтыг “Б..” ХХК шивээгүй тайлангаас тодорхой харагдана. Энэ нь Компанийн тухай хуулийн 94.16.1 компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт үнэн зөв эсэх, мөн хуулийн 94.16.2 нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан, гаргалт, зохих журмын дагуу хийгдсэн эсэх, зөрчил илэрвэл уг зөрчлийг тохиолдол тус бүрээр тодорхойлох, мөн хуулийн 96.1 Компанийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна, Нягтпан бодох бүрттэлийн тухай хуулийн 8.1-д Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь дараах бүрапдэхүүнтэй байна. Үүнд санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөптийн тайлан, мөнгөн гуйлгээний тайлан, санхүүгийн тайпангийн тодруулга, мөн хуулийн 8.4 Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягглан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга тзмдэг дарж батапгаажуулах бөгөөд гуйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна, Татварын ерөнхий хуулийн 18.1.1 татвар ногдох зүйл, татвараар үнэн зөв, тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, мөн хуулийн 18.1.3-д анхан шатны болон нягтан бодох бүртгэпийг тогтоосон журам болон нягтлан бодох бүрттэлийн стандартын дагуу хөтөпж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, Татварын ерөнхий хуулийн 18.1.6 бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх, Татварын ерөнхий хуулийн 46.3.1. хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүрттэл, хувь хүний хувьд орлого, татварын бүртгэлийн дэвтэрийг үндэслэн тайлангаа үнэн зөв гаргана гэх хуулиудыг зөрчсөн. Энэ нь /хх2- 146-164/ “Б..” ХХК ны 2015 он, 2016 он, 2017 оны Татварын тайлангууд хавсаргагдсан бөгөөд “Б.. дөл” ХХК-с авлагатай эсэх талаар тусгагдаагүй, “Б.. дөл” ХХК-аас авлагагүй нь тогтоогддог. /хх2-227-231/ 2018-12-14-ны өдрийн Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрч Д.Балжиннямын мэдүүлэгт “...Би 2014 оноос хойш Ховд аймгмйн Аудитын газар аудитороор ажилласан. Би “Б..” ХХК-ны нягтлан бодогч биш. С.Э- бид хоёр нэг ангийн найзууд надад энэ тооцоог хийгээд өгөөч гэхээр нь би туслаад хийж өгсөн нь үнэн. Би С.Э-ийг гуйсан учраас тооцоог нь хийж өгсөн. Надад жолооч нарын цэнхэр падаан авч ирж өгдөг байсан. С.Э- яаж бодохыг нь хэлдэг тухайн үед шатахуун ямар үнэ ханштай байгааг нь би мэдэхгүй, хэлсэн үнээр нь боддог байсан. С.Э-ийн хэлсэн ханшаар л бодож өгсөн. Авсан шатахууны бичиг жолооч нарын падаан байхад болдог. Би ажлаа хаяаад үүрэгт ажлаа биелүүлэхгүйгээр хийгээгүй. Амралтын өдрүүдэд өөрийнхөө гэрт гэрийнхээ компьютер дээр 30 минут хийгээд өгдөг. Жолооч нарын падаан авч ирж өгдөг. Тэгээд С.Э- тээврийн хөлснийхөө үнийг хэлдэг. Шатахууныг нь тэдээр бодоод өгөөрэй гэдэг түүний дагуу боддог байсан. ..” гэх мэдүүлгээр “Б..” ХХК нь Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж санхүүгийн баримтанд тулгуурлахаас илүүтэйгээр С.Э-ийн хэлснээр баримжаагаар санхүүгийн тооцоогоо боддог байсан байна. Давж заалдах шатны шүүхийн 2019-02-26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Б..” ХХК-ны захирал С.Э-ийн өгсөн мэдүүлэг “...5548 тонн ачаа тээвэрлэх, зөрүү нь 5000 тонн нүүрсээ ямар үнээр бодох нь ойлгомжгүй болсон учраас бид жишиг үнийн тариф тогтоосон сайдын тушаалаар бодсон. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл Сайдын тушаал нь хувийн компанид үйлчлэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй...” гэх мэдүүлэг зэргээр анхнаасаа үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Сайдын тушаалаар “Б..” ХХК нь тээврийн хөлс нэхэмжилж, жишиг үнэлгээгээр ашиг авна гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. “Б..” ХХК 185,382,107 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлдээ МУ-ын Зам, тээврийн сайдын 2013-07-10-ны өдрийн 162 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт “Ачаа тээвэрлэлтийн 1тн.км-ийн жишиг тариф” 100-гаас дээш 216.56 төгрөгөөөр бодсон гэжээ. Гэтэл ИХ-н 3.5 Хуульд заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно. МУҮХ цэцийн 2003-02-9-ны өдрийн 1 дугаартай тогтоол “...энэ хуулийн 3.5 дахь хэсэгт эрх бүхий байгууллага, апбан тушаалтны.. гэсэн заалт нь МУҮХ 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч гагцхүү хуульд захирагдана” гэснийг зөрчсөн тул хүчингүй болсонд тооцсон...байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 67.2.3 Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын бүртгэлд бүртгэж. “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсэний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ, мөн хуулийн 67.3-т Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй, мөн хуулийн 63.4-т Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлсэнээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна. мөн хуулийн 67.5-т Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон баталсан байгууллагын цахим хуудсанд байршуулна. Өөрөөр хэлбэл,захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй бүртгэгдсэн дардасгүй зайлшгүй хэрэгжих үйлчлэлгүй эрх зүйн хэм хэмжээний актаар шүүхэд нэхэмжпэлээ ихэсгэсэн байна. Зам, тээврийн сайдын 2013-07-10-ны өдрийн 162 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт 1-р зэрэглэлийн ачааг, Ачаа тээвэрлэлтийн 1 тн,км-ийн жишиг тариф” 100-гаас дээш 216.56 төгрөгөөр бодно гэжээ. Гэтэл нүүрс 1-р зэрэглэлийн ачаанд ордог эсэхээ тогтоогоогүй, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй, эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан буюу legalinfo.mn сайтад бүртгэгдээгүй, сайдын тушаалаар тээврийн хөлс нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй болжээ. ИХ-н 380.1-д зааснаар ачаа тээвэрлэлтийн гэрээ хүчин төгөлдөр байгуулсан, тээврийн гэрээний гол нөхцөлийг тохирсон. “Б.. дөл” ХХК нь “Б..” ХХК-ны тээврийн хөлсийг бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-12-14-ний өдрийн 153/ШШ2018/00806 дугаар шийдвэр “Б..” ХХК-ний нэхэмжлэлтэй “Б.. дөл” ХХК-д холбогдох 185,382,107 төгрөг гаргуулах нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     “Б..” ХХК 2018-05-10-ны өдөр шүүхэд хандан, “Б.. дөл” ХХК-с  тээвэрлэлтийн хөлс 185,382,107 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө сөрөг нэхэмжлэл гаргаж, ачаа тээвэрлэлтийн илүү төлсөн хөлс 62,706,521 төгрөгийг шаарджээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй орхих нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Нэхэмжлэгч нь гэрч асуулгах хүсэлт гаргасныг /хх 2-н 22-24/ анхан шатны шүүх “... ач холбогдолгүй..” /хх2-н 26/ гэсэн үндэслэлээр татгалзсан нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.  

    Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.  Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

    Шүүх гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй атлаа “ач холбогдолгүй..” гэсэн дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг зөрчсөн байна.

   Түүнчлэн, “Б..” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...хариуцагч тээвэрлэлтийн хөлс 422,944,940 төгрөг төлөх ёстой ч 307,685,150 төгрөг төлсөн тул үлдэх 115,259,790 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн /хх1-1/ боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг үнийн дүнг 70,112,317 төгрөгөөр нэмэгдүүлсэн /хх2-н 106/ боловч үндэслэлээ тайлбарлаагүй байхад шүүх энэ талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь дутагдалтай болжээ.

    Анхан шатны шүүх хэрэгт буй баримтуудын талаар дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг нотлогдоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т нийцээгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байна.

     Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.     

    Шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан нотлох баримтын талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 480,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ