Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 42

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Т.Солонго

улсын яллагч Д.Энх-Оргил

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И М овогт Б-ын М-д холбогдох эрүүгийн 1711004090123 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "Сүнжин Гранд" зочид буудалд зөөгчөөр ажилладаг гэх, ам бүл 6, ах, эгч дүүгийн хамт амьдардаг, ................................... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2 удаа ял шийтгэгдэж байсан. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тоггоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 08 cap хорих ялаар шийтгүүлсэнийг Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 12 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 cap 02 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, И М овогт Б-ын М /РД: .................../

                                                                                                                                 

Холбогдсон хэргийн талаар: Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлгэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Яргайтын” 34 дүгээр гудамжны 525 тоотод оршин суух хохирогч Б.Сайнзаяагийн өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж “Сони” загварын 40 инчийн смарт лед зурагт, фужицу загварын нөүтбүүк зэрэг эд зүйлс хулгайлж нийт 700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Тэгээд Бадрахын гэрийн ойролцоо байх айлын хойд талын хашааг даваад орсон. Тэгээд байшингийн хойд талын вакум цонхыг түлхэж орсон. Тэгээд гэрт байсан 42 инчийн Сони загварын зурагт, Фужицу загварын зөөврийн компьютерийг аваад гарсан би уг гэмт хэргийг ямар нэгэн хүнтэй бүлэглэж үйлдээгүй.., ..Би энэ гэмт хэргийг үйлдсзнээ хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг /хх-ийн 47-49х/,

хохирогч Б.Сайнзаяагийн гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн: “..Тэгээд эргээд 14 цаг өнгөрч байхад гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ортол манай байшингийн гал тогооны хэсгийн хойд талын цонх онгойсон, шил нь хагарсан байдалтай байхаар нь би зочны өрөө лүүгээ хартал зурагт болон нөүтбүүк алдагдсан байсан. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлээ олж авмаар байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/

гэрч Б.Цэендоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “..Үзлэг хийж дууссаны дараа гэртээ ортол манай зочны өрөөнд байсан 40 инчийн Сони брендийн смарт зурагт болон Фужицу брендийн 12 инчийн дэлгэцтэй Дуалкори 2 үзүүлэлтэй нөүтбүүк хоёр алдагдсан байна. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлзэ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/

Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: “...Тэндээс Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 34-525 тоот хаягыг заагаад цэнхэр өнгийн хаалгатай, хашааны хаалган дээр арга билгийн дүрс бүхий хаалгатай хаалган дээр хашааны тоотыг бичсэн, хэргийн яллагдагч би тухайн айлын хойд талын блокон хашаан дээгүүр даваад хойд талын 1 давхарын жижиг порчикоор дотогш нэвтрэн ороод Сони загварын 42 инчийн зурагт, фужицу загварын нөүтбүүк зэрэг эд зүйлийг хулгайлж аваад түүнийг өөрийн найз Бадрахтай 11 дүгээр хороололд ломбарданд тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-29х/

Иргэний нэхэмжлэгч Г.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн ломбарданд ажлаа хийж байхад Б.Бадрах гэх залуу 40 инчийн Сони зурагт барин орж ирээд "зурагт тавих гэсэн юм мөнгөний хэрэг гарсан" гэж хэлээд бичиг баримт байгаа юу гэхэд байхгүй гэсэн бичиг баримтгүй хүнд үйлчилэхгүй гэж хэлсэн. Тэгээд иргэний үнэмлэхээ орхисон байна гээд эхнэр бололтой хүнрүү залгаад бичиг баримтаа авч ирүүлсэн. Тэгээр иргэний үнэмлэхийг шалгаад Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 баг Мандал 6 гудамж 7 тоотод оршин суух хаягтай Бат-Өлзий овогтой Бадрах РЙ92031511 залуу байсан.., ..зурагт тавьсан үнийн дүн 240.000 төгрөг түүнээс хойш 8 дугаар сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд 2 сарын хүү гэж бодохоор 24.000 төгрөг нийт 264.000 төгрөгний хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 30х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Б.Мийг  нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирог Б.Сайнзаяагийн гэрээс шүүгдэгч Б.М нь 300.000 төгрөгийн үнэлгээтэй “Сони” маркын 40 инчийн смарт зурагт, 400.000 төгрөгийн үнэлгээтй “Фүжицү” маркийн  зөөврийн компютер зэргийг хулгайлан авч /хх-ийн 30х/, иргэний нэхэмжлэгч Г.Болормаагийн ажиллуулдаг барьцаат зээлийн газарт “Сони” маркын смарт зурагтыг 240.000 төгрөгөөр барьцаалсан зээлж уг зургтыг барьцаат зээлийн газраас хураан авч хохирогч Б.Сайнзаяад буцаан өгсөн  байх тул одоо шүүгдэгч Б.Мээс нийт 640.000 төгрөг гаргуулан 400.000 төгрөгийг хохирогч Б.Сайнзаяад, 240.000  төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Болормаад тус тус олгуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Мэд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд өмнө удаа дараа хулгайн гэмт хэрэгт шийтгэгдэж байсан хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч И М овогт Б-ын М-ийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Мэд шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Мийн цагдан хоригдсон нийт 16 /арван зургаа/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мээс нийт 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг хохирогч Б.Сайнзаяа /РД:ЧТ83011665/-д, 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Болормаа /РД:ЧГ74090100/-д тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ