Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 326

 

Б.Мэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Энх-Оргил,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Мэд холбогдох 1711004090123 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

И овогт   Б.М, 1998 оны 5 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сүнжин гранд” зочид буудалд зөөгчөөр ажилладаг гэх, ам бүл 6, ах, эгч, дүүгийн хамт ...................... тоотод оршин суух,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлсэнийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 12 дугаартай захирамжаар 2015 оны 11 дүгээр сарын 05- ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД: ..................../;

Б.М нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 34 дүгээр гудамжны 525 тоотод оршин суух иргэн Б.С-ийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж “Sony” загварын 40 инчийн, Smart Led зурагт, “Fujitsu” загварын зөөврийн компьютер зэрэг эд зүйлс хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Мэд шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Мийн цагдан хоригдсон 16 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Мээс 640.000 төгрөг гаргуулан 400.000 төгрөгийг хохирогч Б.С-д, 240.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Болормаад тус тус олгох, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэн. Би одоо Баянзүрх, Хан-Уул, Налайх зэрэг дүүргүүдэд шалгагдаж байгаа. Одоо тус дүүргүүдийн шүүх хуралдаанд дахин оролцоно. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй амьдарч ирээдүйгээ бодон бүх хэргийг үнэн зөвөөр хүлээсэн, хохирлоо төлж барагдуулах болно. Би нас залуу, цаашид хийж бүтээх боломж их байна. Миний хийсэн энэ болчимгүй үйлдэл нь бусдад ямар их хохирол учруулж байгааг ойлгож ухамсарласан. Тийм учраас энэ хийсэн хэргээ бусад хийсэн хэрэгтээ нэгтгүүлж, нэг мөр шүүхээр орох хүсэлтэй байна. Иймд миний ирээдүйг бодож, эрх зүйн байдлыг минь дордуулахгүй, энэ хэргийг бусад хэрэгтээ нь нэгтгүүлж шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Прокурор Д.Энх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Б.Мийн үйлдсэн хэргийг нотлогдсон хэмжээнд нь яллах дүгнэлт үйлдэж хэргийн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хамгийн доод хэмжээний  буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Бусад хэргүүдийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх боломжтой тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

                                                   ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.М нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 34 дүгээр гудамжны 525 тоотод оршин суух иргэн Б.С-ийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж “Sony” загварын 40 инчийн, Smart Led зурагт, “Fujitsu” загварын зөөврийн компьютер зэрэг эд зүйлс хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.С-ийн “... 2017 оны 8 дугаар сарын 15-ны өглөө 04 цагийн үед манай нөхөр ажилдаа явсан, би хүүхэдтэйгээ унтаж байгаад өглөө 09 цагийн үед гадуур ажил хөөцөлдөхөөр түр гарсан. Тэгээд эргээд 14 цаг өнгөрч байхад гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ортол манай байшингийн гал тогооны хэсгийн хойд талын цонх онгойсон, шил нь хагарсан байдалтай байхаар нь би зочны өрөө рүү хартал зурагт болон зөөврийн компьютер алдагдсан байсан. Тэгэхээр нь нөхөртөө мэдэгдэж дуудсан, мөн цагдаагийн байгууллагад хандсан...” /хх-12-13/,

Гэрч Б.Ц-ийн “... 2017 оны 8 дугаар сарын 15-ны үүрээр 04 цагт ажилдаа явсан. Харин манай эхнэр С нь өглөө 09 цагийн үед гадуур ажил хөөцөлдөхөөр гарсан. Тэгээд ажлаа хөөцөлдчихөөд гэртээ 14 цаг өнгөрч байхад ирээд, гэр лүүгээ орчихоод байшингийн хойд талын цонх хагараад, зочны өрөөнд байсан зурагт, зөөврийн компьютер алдагдсан байхаар нь над руу залгасан байсан. Би эхнэртээ “яаралтай цагдаа дууд, хулгай орсон юм шиг байна” гэж хэлээд, ажлаасаа чөлөө аваад гэртээ ирсэн. Би барилга дээр ажилладаг болохоор өглөө эрт яваад, орой гэртээ ирдэг. Өдрийн цагаар гэрт   эхнэр, хүүхэд маань байдаг. Тэгээд гэртээ иртэл цагдаа нар ирчихсэн, хэргийн газрын үзлэг хийж байсан. Үзлэгийг хийж дууссаны дараа гэртээ ороход зочны өрөөнд байсан 40 инчийн, “Sony” загварын зурагт болон “Fejitsu” загварын, 12 инчийн дэлгэцтэй, Dual core2 үзүүлэлттэй зөөврийн компьютер алдагдсан байсан...” /хх-10-11/,

Иргэний нэхэмжлэгч Г.Б-ийн “... 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн ломбарданд ажлаа хийж байхад Б.Б гэх залуу 40 инчийн, “Sony” загварын зурагт барьж орж ирээд “зурагт тавих гэсэн юм, мөнгөний хэрэг гарсан” гэж хэлэхээр нь “бичиг баримт байгаа  юу” гэхэд “байхгүй” гэсэн.  Би “бичиг баримтгүй хүнд үйлчлэхгүй” гэхэд “иргэний үнэмлэхээ орхисон байна” гээд эхнэр бололтой хүн рүү залгаад бичиг баримтаа авч ирүүлсэн. Иргэний үнэмлэхийг нь шалгахад Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар баг, Мандал 6 дугаар гудамжны 7 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хотод 7 буудлын орчимд хаягтай гэж хэлсэн. Б овогтой Б , регистерийн дугаар нь ............................гэсэн байсан. Уг залуу тухайн зурагтыг удирдлагын хамт тавьсан. Тухайн эд зүйлийг 7 хоногийн хугацаатай тавиад, түүнээс хойш сунгалт хийгдээгүй...” /хх-35-36/,

Шүүгдэгч Б.Мийн яллагдагчаар өгсөн “... 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед 7 буудлын орчим найз Бадрахын гэрт байж байгаад гарсан. Тэгээд Б-ын гэрийн ойролцоо байх айлын хойд талын хашааг давж орсон. Тэгээд байшингийн хойд талын вакум цонхыг түлхэж ороод гэрт нь байсан 42 инчийн “Sony” загварын зурагт, “Fujitsi” загварын зөөврийн компьютер хоёрыг аваад гарсан. Хулгайлсан эд зүйлээ тухайн айлын хашаанд орхиод өөрөө явж такси барьж ирсэн. Тэгээд Б-ын гэрт очоод, хамт 11 дүгээр хороололд байрлах ломбарданд зурагтыг 200.000 төгрөгөөр, Б-ын иргэний үнэмлэхээр тавьсан. Харин зөөврийн компьютерийг Бадрах авч яваад Сансар орчимд 80.000 төгрөгөөр зарсан байсан ...” /хх-48-49/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-9/, эд мөрийн баримтыг хураан авах тухай /хх-20/, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-21-22/, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-23-24/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-25-29/, эд зүйлийн үнэлгээ /хх-30/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Б.Мэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 Анхан шатны шүүхээс Б.Мийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.М нь “... Би энэ хийсэн хэргээ бусад хийсэн хэрэгтэйгээ нэгтгүүлж, нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд эрх зүйн байдлыг минь дордуулахгүй, энэ хэргийг бусад хэрэгтэй нь нэгтгүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан “АСАП” сангийн судалгаанаас харахад Б.М нь  дээрх гэмт хэргээс гадна 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд хулгайн гэмт хэрэгт холбогдсон гэж бүртгэгдсэн байгаа боловч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа өөр бусад нотлох баримт авагдаагүй байх тул давж заалдах гомдолыг хүлээн авах боломжгүй байна.    

Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж тусад нь заасан тул Б.Мийн үйлдсэн гэх хэргүүдийг тус тусад нь шалган шийдвэрлэж, дээрх зүйл, заалтад зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН