Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0673

 

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0673

Улаанбаатар хот

 

 

“М Т” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0573 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “М Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0572 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М Т” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаар шийдвэрийн “М Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ХV-018685 тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг бүртгэж, тусгай зөвшөөрөлд бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Харин захиргааны байгууллагын уг мэдэгдэл хүргүүлсэн албан бичгийг төлбөр төлөх хугацаанаас хойш нэхэмжлэгч компани хүлээж авсан нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх тусгай зарчмыг захиргааны байгууллагаас захиргааны үйл ажиллагааны явцад баримталсан, нөгөө талаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөлгүй” гэх үндэслэл нь төрийн захиргааны байгууллагаас холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах шууд үндэслэл болж, үүгээрээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаар шийдвэрийн “М Т” ХХК-д холбогдох хэсэг нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.” хэмээн дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын үндэслэлийг бүхэлд нь буруутгаж, захиргааны байгууллагын хууль зөрчсөн шийдвэрийг хамгаалахын тулд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг үнэлээгүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна. өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэргийг хянаад дор дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тухайн жилийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр “М Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-018685 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Нэхэмжлэгч “М Т” ХХК  нь ашигт малтмалын хайгуулын XV-015642 дугаар тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлөх ёстой байсан хэдий ч төлөөгүй, Ашигт малтмалын газрын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6/4441 дугаар мэдэгдлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 2 дахь жилийн үндсэн төлбөр 2 157 500 төгрөг, мөн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр алданги 194 700 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд уг үйл баримттай  хэргийн оролцогчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлснээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд харин тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги төлөх боломжит хугацаанд “М Т” ХХК-ийн захирал Б.Б гадаадад зорчсон, мөн эмчлүүлж байсан” гэж тайлбарлан холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн, түүнчлэн тусгай зөвшөөрлийн төлбөр болон алданги төлөгдөж нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс багагүй хугацааны дараа хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцалсан нь бодит байдалд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах”-аар, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар зааснаас үзвэл ашигт малтмалын газар хэтэрсэн хоногийн алдангийг ногдуулах, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ногдуулсан алданги төлөх, 30-аас илүү хоног хэтрүүлээгүй бол тусгай зөвшөөрөл нь цуцлагдахгүй байх, хэрэв хэтрүүлсэн хоногийн алдангийг төлөөгүй, төлбөр, алдангийг бүрэн төлөөгүй, эсвэл хэтэрсэн хоног 30-аас дээш бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар байна.

Түүнчлэн тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс цуцлагдах үндэслэл бүрдэж байгаа талаар болон хуульд заасан хугацааны алдангийг төлж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хангах боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд заасан хугацаанд заавал мэдэгдэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнд дурдагдсан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлж мэдэгдлийн үндэслэлийг хянуулах боломжтой талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.5 дахь хэсэгт заажээ.

Хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ажлын 14 дэх хоног дээр буюу 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн  6/4441 дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан ... мэдэгдэл өгөх ... хуулийн зохицуулалтад нийцээгүйн дээр нэхэмжлэгч нь 6/4441 дугаартай мэдэгдэлд заасан үндэслэлтэй маргаагүй, харин төлбөр, алдангийг нөхөж, төлөхдөө хуулиар хязгаарласан 30 хоногт багтаан төлөөгүй буруутай байх боловч төрийн захиргааны байгууллага нь төлбөр төлөгдсөнөөс хойш 6 сар, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр алданги төлөгдсөнөөс хойш сар гаруй хугацааны дараа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргасан нь уг шийдвэрийнхээ зорилгод нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй гэж үзэхээр байна.

Хариуцагч нь “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн” гэж  нэхэмжлэгчийг буруутгаж байгаа тохиолдолд хуульд заасны дагуу “...ажлын 10 хоногт багтаан” мэдэгдэл өгөх, нэхэмжлэгчээс мэдэгдэлд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр, хэтрүүлсэн хоногийн алданги төлөөгүй, эсхүл ямар нэгэн хариу огт ирүүлээгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хугацаа дуусмагц цуцлах үүргээ хэрэгжүүлэх ёстой байтал төлбөр, алданги төлөгдөж, нөхцөл байдал өөрчлөгдсөний дараа “төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр “цуцлах”  шийдвэр гаргасныг шууд зөвтгөх боломжгүй.

Дээр дурдсан нөхцөл байдалд үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаар шийдвэрийн “М Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ХV-018685 тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг бүртгэж, тусгай зөвшөөрөлд бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ