Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2016/0555

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар иргэн Ц.М*******гийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: Ц*******ийн М*******г 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******.

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгох”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М*******г болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Ц.М*******гт нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/75 тоот шийдвэрээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ногоон байгууламж, тохижилтын зориулалтаар 503 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нийслэлийн газрын албанаас 000******* дугаар бүхий гэрчилгээ олгож, гэрээ байгуулснаар 1864******* нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших эрх үүссэн болно. 

2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дугаартай захирамжаар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар өмчлөх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 

Нэхэмжлэгч нь Ц.М*******г нь Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол аймаг, нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан байна. 

Нэхэмжлэгч Ц.М*******г Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн үйлдэл гаргаагүй, энэ талаар нотлох баримт байхгүй байхад хуулийн энэ заалтаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хууль бус юм. Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий актыг гаргах үндэслэлдээ Ц.М*******гийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн Нийслэлийн өмчийн харилцааны газарт өгч газар эзэмших эрх олж авсан нь Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн шалгалтаар тогтоогдсон гэжээ. Авилгатай тэмцэх газраас Ц.Мөнхуягийг газар эзэмших эрх олж авсантай холбогдуулан шалгалт хийсэн боловч уг шалгалтын явцад энэхүү эрх олж авсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзсан болно. Түүнчлэн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай прокурорын тогтоолыг нотлох баримтыг гаргаж өгсөн. 

Харин тус байгууллагаас Нийслэлийн Засаг даргад хандан Ц.М*******гийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн мэтээр албан бичиг ирүүлсэн гэж байгаа боловч энэ талаар нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, бичгийг хуурамч гэж хэн тогтоосон нь тодорхой бус, эрүүгийн хэрэг үүсгээгүй аливаа шүүхийн байгууллагаас хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг тогтоосон шийдвэргүй байхад энэхүү Нийслэлийн Засаг даргын гаргасан акт нь хууль бус юм. 

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Ц.М*******гийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэн, Ц.М*******гийн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэв. 

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны дарга Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Иргэн Ц.М*******гт нийслэлийн Засаг даргын 2004 оны 455 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, гражийн зориулалтаар 1100мкв газрыг эзэмшүүлсэн. Ц.М*******гийн эзэмшил газар дээр нь гражууд байгаа боловч тэдгээр гражуудаа худалдсан учир 2010 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулаагүй.

2015 онд иргэн Ц.М*******г нь өөрийн эзэмшлийн гражуудыг болон өргөтгөл хийх газраа баталгаажуулахаар хүсэлт гаргасанаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/750 дугаар захирамжаар иргэн Ц.М*******гт хэдэн тооны гражуудыг оролцуулан илүү талбайд нь ногоон байгууламж тохижилтын ажлын зориулалтаар 503 мкв газар эзэмших эрх олгосон байна. 

Гэтэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн 06/7960 тоот албан бичигт хяналт галгалтаар Д.Батбаяр гэгч нь иргэн Ц.М*******гийн өмнө нь тухайн талбайд эзэмшиж байсан бичиг баримтыг ашиглан хуурамч баримт бүрдүүлэх замаар дээр дурьдсан газрыг эзэмшихээр гэрчилгээ гаргуулан авсан нь тогтоогдсон тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү гэж дурьдсаны дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дүгээр захирамж гарсан. 

2015 оны А/750 дугаар захирамжаар иргэн Ц.М*******гт олгогдсон газар нь урьд далан байсан бөгөөд 2012 оны зам засварын ажлаар далан руу шороо асгаж тэгшилснээр бий болсон газар бөгөөд цаашид суулт өгөх эрсдэлтэй тул эзэмшүүлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“: Анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 55 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гаражийн зориулалтаар 1100м.кв газрыг эзэмшүүлсэн. Ц.М*******гийн эзэмшлийн газар дээр гаражууд байгаа боловч гаражаа худалдсан учраас 2010 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болоход газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулаагүй байсан. 2015 онд иргэн Ц.М*******г нь өөрийн эзэмшлийн гаражууд болон өргөтгөл хийх газраа баталгаажуулахаар хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/750 дугаар захирамжаар иргэн Ц.М*******гт хэдэн тооны гаражийг оролцуулан илүү талбайд нь ногоон байгууламж, тохижилтын ажлын зориулалтаар 503м.кв газрыг эзэмших эрх олгосон байна. 

Иргэн Ц.М*******гийн өмнө нь тухайн талбайд газар эзэмшиж байсан бичиг баримтыг ашиглан хуурамч баримт бүрдүүлэх замаар дээр дурдагдсан газрыг эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан нь тогтоогдсон тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү гэж дурдсаны дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дүгээр захирамж гарсан. 2015 оны А/750 дугаар захирамжаар иргэн Ц.М*******гт олгогдсон газар нь урьд нь далан байсан бөгөөд 2012 оны зам засварын ажлаар далан уруу шороо асгаж, тэгшилж бий болсон газар бөгөөд цаашид суулт өгөх эрсдэлтэй тул иргэнд эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариу тайлбар өгч байна.

...Нэхэмжлэгч талаас манайд албан ёсоор хүсэлтээ өгөөд өөрт үлдсэн гаражийн суурийн хэмжээгээр газар эзэмших эрх нь нээлттэй байгаа. Уг хүсэлтээ гаргахдаа нэхэмжлэгч өөрөө юм уу, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргаж болно. Өмнө нь н.Батбаяр гэх хамааралгүй өөр хэн нэгэн этгээдээр дамжуулж хүсэлт өгсөн учир А/189 захирамжийг хүчингүй болох үндэслэлгүй” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ц.М*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Ц.М*******гт анх нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжийг үндэслэн нийслэлийн Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, дунд голын эрэгт 1100 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээ  олгожээ. 

Мөн нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/750  дугаар захирамжаар Ц.М*******гт ногоон байгууламж, тохижилтын зориулалтаар 503 мкв газрыг Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутагт эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Улмаар нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дүгээр захирамжаар “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 503 мкв газрыг иргэн Ц.М*******гт эзэмшүүлэхдээ хуурамч баримт бүрдүүлэн нийслэлийн Өмчийн харилцааны газарт өгч  гэзэр эзэмших эрх олж авсан...” гэсэн үндэслэлээр дээрх А/750 дугаар захирамжийн Ц.М*******гт холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.  

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... газар эзэмшүүлэх гэрээг зөрчөөгүй, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн эсэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан бөгөөд гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоогоогүй байхад газар эзэмших хүсэлт гаргахдаа хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж, хариуцагч, болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... 2010 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болгоход хугацааг сунгуулаагүй, ... хуурамч баримт бүрдүүлэх замаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан нь тогтоогдсон тул нийслэлийн Засаг даргын А/189 дүгээр захирамж үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.1-д зааснаар “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан байх ба нэхэмжлэгч Ц.М*******г нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” -г зөрчсөн талаар хариуцагч маргахгүй байна.

Мөн Ц.М*******г нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хот хариуцсан орлогч дарга С.Очирбатад хандаж гаргасан өргөдөлдөө  “өргөтгөл хийх...” гэж дурьдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан 1100 мкв газар нь маргаан бүхий актаар хүчингүй болсон 503 мкв газартай зарим хэсэг /нэхэмжлэгчийн өмчлөлийн гражын доорх газар/-ээрээ давхцалтай  болохыг талууд хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал” -д ...“газар эзэмших эрхийг гаргуулан авахдаа бүрдүүлбэл зохих баримтуудыг хуурамчаар үйлдэж, Ц.М*******гийн нэрийг ашиглан П.З*******т, Д.Батбаяр нар нь гэрчилгээг авсан болох нь шалгалтаар тогтоогдсон” талаар дурьджээ.

Мөн Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 257 дугаар “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоолд  “...дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авахдаа холбогдох ямар нэг албан тушаалтанд авилгал өгсөн болох нь тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хуурамч нотлох баримт бүрдүүлсэн эсэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан” гэсэн тайлбар үндэслэлгүй, харин “хуурамч нотлох баримт бүрдүүлсэн эсэх гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоогоогүй” гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна..

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Ц.М*******г нь өөрөө ажилтай байсан учраас өөр хүнээр баримт бичгээ бүрдүүлж захирамжаа авсан”  хэмээн тайлбарлан маргаж байх боловч өргөдлийг хэн бичсэнээс үл хамааран 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хот хариуцсан орлогч дарга С.Очирбатад хандаж гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалууд  нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан “Газар эзэмших тухай хүсэлт гаргах” зохицуулалтад нийцэхгүй байна. 

Тодруулбал, иргэн Ц.М*******гт өмнө нь буюу 2004 оны 455 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 1100мкв газрыг эзэмших эрх нь “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” -нд заасны дагуу 2010 онд дууссан байх бөгөөд газар эзэмшигч нь “... эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” хүсэлт гаргаж байгаагүй байх тул мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн 1100 м.кв газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзнэ.

Мөн дээрх гэрээний “Тав” дугаар зүйлийн 5.5-д “Газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг нэг жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд Ц.М*******г нь гэрээний хугацаа дуусмагц “...сунгуулах өргөдөл”-өө гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулаагүй” гэсэн тайлбар үндэслэлтэй. 

Иймд Ц.М*******гт газар эзэмшүүлэх гэрээний хугацаа дуусгавар болсон байхад тухайн газарт нэхэмжлэгчийн эд хөрөнгө/граж/ байгаа гэсэн шалтгаанаар газар эзэмших эрхийг сэргээх, өргөтгөж газар эзэмшүүлэх үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан журмын дагуу газрыг чөлөөлөх эрх зүйн зохицуулалттай байна. 

Гэтэл хариуцагчаас иргэн Ц.М*******гт маргаан бүхий 503 мкв газрыг эзэмшүүлэх тухай А/750 дугаар захирамжийг гаргахдаа “баталгаажигдах эх үүсвэр” гэсэн хэсэгт “Нийслэлийн Засаг даргын 455” гэсэн бичиглэл  хийснээс үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах замаар уг эрхийг олгосон гэж үзэхээр байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “...хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө ... хүсэлтээ гаргах” зохицуулалтад нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий газрын зарим хэсэгтэй давхцал бүхий газар/455 дугаар захирамжаар эзэмшиж байсан 1100мкв/-ыг өмнө нь эзэмшиж байсан нь тухайн газрыг ямар нэг шалгуургүйгээр дахин эзэмших давуу эрхийг олгохгүй бөгөөд “өргөтгөл хийх” хүсэлт гаргах давуу эрхийг мөн олгохгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Түүнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан байх ба энэ нь захиргааны байгууллагад “алдаатай шийдвэр”-ээ залруулах боломж олгож, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой зохицуулалт юм.

Маргаан бүхий актыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 06/7960 тоот албан бичигт үндэслэсэн хэдий ч Нийслэлийн өмчийн харилцааны газраас дотоодын хяналт шалгалт явуулж “Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн танилцуулга” гаргасан байх ба уг танилцуулгад: 

- Иргэний Ц.М*******гийн газар эзэмших эрх дуусгавар болсон,

- Ашиглалтын талбайг нэмэгдүүлсэн нь холбогдох журам зөрчсөн

- Иргэн Батбаяр нь иргэн Ц.М*******гийн нэрийн өмнөөс газар эзэмших хүсэлт гаргаж граж түрээслэх гэрээг хуурамчаар үйлдсэн... гэсэн үндэслэлүүдээр Газрын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдөж байгааг дурьдаж нийслэлийн Засаг даргын А/750 дугаар захирамжийн иргэн Ц.М*******гт холбогдох хэсгийг хүчингүй болгох санал гаргасан байна.

Маргаан бүхий газар нь үерийн усны хамгаалалтын зурваст хамаарах эсэхийг тогтоох боломжгүй байх  ба 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт” -д “...үйлдвэрийн бүс учраас албан байгууллага, орон сууцны суурьшлийн бүс байршуулахыг зогсоох шаардлагатай” гэж тэмдэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлт гаргахдаа газар эзэмших эрх нь дуусгавар болсон байхад газар эзэмших эрхтэй мэтээр төөрөгдүүлж бүрдүүлбэл зохих баримтуудыг үнэн зөвөөр бүрдүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөх үндэслэлгүй байна.

Мөн нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд “шинээр баталгаажуулах”  хэсгийг чагталсан, зориулалт хэсэгт “үйлчилгээ, граж” гэж тэмдэглэсэн, гарын үсэг зурагдаагүй, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас -д зориулалтыг “агуулах” хэсгийн доогуур зурсан, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээнд зориулалтыг “тохижилт, ногоон байгууламж” гэх зэргээр зөрүүтэй бичсэн байна.

Дээрхээс дүгнэн үзвэл, Ц.М*******гт маргаан бүхий 503 мкв газрыг эзэмшүүлэхдээ төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, иргэн Ц.М*******гаас бүрдүүлж өгсөн баримтуудыг үнэн зөв эсэхийг нягтлан шалгаагүй байх тул нийслэлийн Засаг даргын А/189 дүгээр захирамж нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж буй явдлыг таслан зогсоох зорилгодоо нийцсэн байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Ц.М*******гийн “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.МӨНХЗУЛ