Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,  

Шүүгдэгч У.П /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Уранчимэгийн Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 1709025210026 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хууль сахиулахын их сургуулийн 3-р курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчид 14-р гудамжны 580 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Уранчимэгийн П /РД: УК/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч У.П нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл” ресторанд Ц.Бямбарагчаагийн гээсэн гар утсыг түүний эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй…” гэв.

Эрүүгийн 201725020898 дугаартай хэргээс:

Шүүгдэгч У.П нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай сургуулийн Баттөмөр багшийн хурандаагийн цолны хүндэтгэлийн арга хэмжээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Сөүл” ресторанд болсон. Тэр арга хэмжээнд би очсон бөгөөд Баттөмөр хурандаагийн машиныг барьж явсан. Тэгээд орой 22 цагийн үед арга хэмжээ дуусаад багш нар явахаар болцгоосон. Тэгэхэд би машинд нь багш нарыг хүлээж байсан. Тэгээд 00 цагийн үед Бямбарагчаа багш гарч ирээд гадаа бие засчихаад орж ирэхдээ гар утсаа газарт унагаасан. Тэгээд би Бямбарагчаа багшийг орсных нь дараа гар утсыг нь очиж авсан. Тэгээд удалгүй Баттөмөр багш гарч ирээд би машиныг нь бариад түүнийг гэрт нь хүргэж өгөөд өөрөө гэртээ харьсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

            Хохирогч Ц.Бямбарагчаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Сөүл” ресторанд зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцоод шөнийн 00 цаг 30 минутанд тэндээс гараад дуудлагаар ирсэн таксинд суугаад хороолол явах замдаа гар утсаа санаад эргээд “Сөүл” рестораны хамгаалагчтай уулзахад танай шавь нар зохицуулсан байхаа явахдаа та гар утсаа асууж гэхээр нь буцаад хороолол явсан. Ресторан дотор л алдсан байх гэж бодож байна. Шаргал өнгийн “Самсунг эс 7 эдж” маркийн бор гэртэй утас байсан. Гар утсаа гээсэн ч байж магадгүй би сайн санахгүй байгаа. Гар утас алга болсон байхаар нь хулгайд алдлаа гэж анх цагдаагийн байгууллагад хандсан. Би хэргийн материалтай танилцахгүй шүүх хуралд суухгүй. Би гар утсаа олж авмаар байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

            Эд зүйлийн үнэлгээ: “…

  • “Самсунг эс 7 эдж” маркийн гар утас 1 ширхэг  - 500.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Юнител ХХК-ийн албан бичигт “...140-1/5613 тоотын хариу 357220072206942 имэй кодтой утсанд 80929820 дугаарыг 2017 оны 11 сарын 26-ны өдрөөс хийж ашигласан байна. 80929820- Уранчимэг Пүрэвдорж, УК95011937, Улаанбаатар, Налайх, 1-р хороо, 14-579...” гэжээ. /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

Хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 15 дугаар хуудас/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 16 дугаар хуудас/, У.Пийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 17 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч У.П нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл” ресторанд Ц.Бямбарагчаагийн эзэмшлийн гээсэн “Самсунг эс 7 эдж” маркын гар утсыг түүний эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч У.П нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Бямбарагчаагийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, Юнител ХХК-ийн албан бичиг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь  хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь хохирогчийн эзэмшлийн эд хөрөнгөө гээснийг мэдсээр байж авсан талаар мэдүүлсэн,  хохирогч эд хөрөнгө болох гар утсаа гээсэн талаар  мэдүүлж, шүүгдэгч гар утсыг авч ашигласан талаар Юнител ХХК-ийн албан бичгээр тогтоогдсон,  хохирогчид хохирол учирсан хохирлын хэмжээг тогтоосон эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч У.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

   Иймд шүүх шүүгдэгч У.Пийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

  

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай санаа, зорилгоо хэрэгжүүлсэн нөхцөл байдал шалтгаалсан байна.

Шүүгдэгч У.Пид ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд У.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

  Хохирогч Ц.Бямбарагчаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Самсунг галакси 7 эджи утсыг 2016 оны 3 сарын 17-ны өдөр 1.520.000 төгрөгөөр худалдан авсан. Би утсаа гаргуулан авах үгүй бол 1.000.000 төгрөгийг гаргуулах...” гэсэн хүсэлтийн хамт  гар утас худалдан авсан гэрээ бусад баримтыг хавсаргасан байх үүнийг шүүх хангах үндэслэлгүй байна.

 

Учир нь мөрдөн байцаалтын явцад хохирогч Ц.Бямбарагчаад учирсан хохирлыг тогтоосон эд зүйлийн үнэлгээгээр 500.000 төгрөгөөр тогтоосон, хохирогч үнэлгээтэй танилцаж ямар нэг хүсэлт гаргаагүй ба шүүх хэрэгт цугларсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн тухайн нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргах тул хохирогчийн дээрх хүсэлтийг хүлээн аваагүй болно.

 

Харин шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан хохирлын мөнгөн дүн болох 500.000 төгрөгийг төлөөгүй тул шүүгдэгчээс хохирлын 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бямбарагчаад олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Поос “...би хохирогчид учирсан хохирлыг барагдуулж, нөхөн төлнө...” гэж хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэв.

 

Хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч У.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Боржигон овгийн Уранчимэгийн Пийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Пид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Пид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Поос 500.000 төгрөгийг /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн 18-р хороо 43-р байрны 76 тоотод оршин суух Авжи овогт Цэрэнжавын Бямбарагчаад /УС72040314/ олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Пид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН