Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 11

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                           

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч Б.Батсайхан  

Шүүгдэгч Б.Д  нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б-ийн Д  холбогдох 1712001590051 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч:  Б.Д

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 

Яллагдагч Б.Д  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Ухаа гэх газарт засмал зам дээр 73-31 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Я ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын үед: 

 

Хохирогч Д.Я ын өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр авга ах Д, ангийн найз Баярболд, Золбаяр нарын хамт манай ах Буянхишигийн 73-31 арх улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Хотонт сумаас хойш Улаан хужир гэх газар луу хайрга ачиж ирэхээр явсан юм. Тэгээд хайргаа ачаад буцаад Хотонт сумын төв рүү орох гээд Ухаа гэх газар засмал зам дээр явж байтал машин дайвалзсан. Тэгээд нэг сэрэхэд Архангай эмнэлэгт сэрсэн. Манай авга ах Д машин жолоодож явсан харин манай ангийн найз Золбаяр, Баярболд бид гурав хажууд нь сууж явсан юм. Д ах тэр үед эрүүл байсан. Би яг хэдэн км цагийн хурдтай явж байсан эсэхийг мэдэхгүй байна. Зөөлөн явж байсан. Зогсоох арга хэмжээ авсан эсэх талаар би мэдэхгүй байна. Миний толгой зүүн дээд хэсгээрээ хагарсан, баруун чих ханзарсан, эмч хэлэхдээ зүүн талын тархинд цууралттай гэж хэлсэн одоо Улаанбаатар хот руу яаралтай явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн  25 хуу /

 

Гэрч Б.Баярболдын өгсөн: ... 2017 оны 09 сарын 13-ны өдөр 11-12 цагийн үед шиг санагдаж байна би Архангай аймгийн Хотонт сумын төвд сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байсан. Тэгтэл манай ангийн найз Золбаяр ирсэн. Тэнд тоглож байхад манай ангийн Янжиндулам өөрийн ах гээд Портер унасан ахтай ирээд Золбаяр бид 2-ыг хайрга ачаад өгөөч гэж гуйхаар нь бид хоёр за гээд суусан. Тэр ах сумын төвөөс гарч Улаан Хужир гэх газарт очсон юм. Бид тэр машины хажууд суусан дан кабинтай Портер машин байсан. Тэгээд хайргаа ачиж дуусаад Хотонт сумын төв рүү явсан. Тэгж яваад зам дээр гарч Портер машин онхолдсон. Би түхайн үед юу болсон талаар мэдэхгүй байна. Би маш их шоконд орсон байсан. Зам дээр зогсож байтал нэг машинтай хүн бид нарыг суулгаад сумын төв явсан. Би тэр машины жолоочийг танихгүй юм байна лээ. Миний бие яагаачгүй зүгээр байна.Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...нилээн их хайрга ачсан тэвшээ бол дүүргэсэн шүү зам дээр гараад их давхих гээд байсан 60 км/ц хурдтай бол явж байсан шүү... гэх мэдүүлэг /хх-ийн 37  хуу/

 

Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 81 дугаартай дүгнэлт

1. Жолооч Б.Д  Замын хөдөлгөөний дүрмийн ЗХД-н 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

2. Ослын газрын үзлэгийн тэмдэглэл, схем зурагт ажлын тоормозны мөр илрээгүй байгаа нь жолооч Б.Д  осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна.

3. Уг зам тээврийн осол нь жолооч Б.Д ын ЗХД-ийн 9.1-д заасан заалтыг зөрчсөнөөс гарсан байна. гэх дүгнэлт /хх-ийн 40 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 406 дугаартай дүгнэлт. 

1. Д.Я ын биед, зулайн баруун талд гавлын ясанд хугарал, тархи доргилт, хуйханд зүсэгдсэн шарх, хуйх хуулагдсан, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд учирчээ.

2. Гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл бөгөөд хэрэг гарах үед үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

4. Зулайн баруун талын хугарал нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3-1-2-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд. бусад гэмтлүүд нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2- 4-1 -д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

6. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана... гэх дүгнэлт /хх-ийн 70 хуу/

 

 Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 444 дугаартай нэмэлт дүгнэлтэнд:

1. Д.Я ын биед зулайн зүүн талд гавлын ясанд цөмөрсөн хугарал тархины 2 тал бөмбөлгийн таславч хооронд болон тенториумд цус харвалт сээрний 4, 5, 6-р нугаламын их биеийн дээд гадаргуугийн шахагдсан хугарал, тархи доргилт, хуйханд зүсэгдсэн шарх, хуйх хуулагдсан, хуйхны зөөлөн эдийн няцралт гэмтлүүд учирчээ.

2. Гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл бөгөөд хэрэг гарах үед үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

4. Зулайн зүүн талын цөмөрсөн хугарал, тархины 2 тал бөмбөлгийн таславч хооронд болон тенториумд цус харвалт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3-1 -2-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд, сээрний 4, 5, 6-р нугаламын их биеийн дээд гадаргуугийн шахагдсан хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-3- 1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд бусад гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%-иас дээш тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн  73 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Д ын гэх цус шинжилгээнд тэнцэнэ.

2. Б.Д ын гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй... гэх дүгнэлт /хх-ийн 48 хуу/

 

Яллагдагч Б.Д ын...яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Миний үйлдэл тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 86 хуу/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 хуу/

Схем зураг /хх-ийн  8 хуу/

Жолоочийн бүртгэлийн системээс лавлагаа авсан тэмдэглэл /хх-ийн 42 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 90 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн  92 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                              

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Д т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд: Б.Д  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Ухаа гэх газарт засмал зам дээр 73-31 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Я ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 81 дүгээр дүгнэлтээр тогтоогджээ.

Тухайн үед 73-31 АРХ улсын дугаартай, Хьюндай Портер маркийн автомашиныг Б.Д  нь жолоодож явсан, Б.Д  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Я , гэрч Б.Баярболд нарын мэдүүлэг, жолоочийн бүртгэлийн системээс лавлагаа авсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Д  нь энэ талаар маргаагүй байна. 

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Б.Д ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.

Б.Д  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 73-31 АРХ улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашин жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дахь хэсэгт заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Я ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Аймгийн Прокурорын газраас Б.Д ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Б.Д ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  И овогт Б-ийн Д ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар  Б.Д ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар  тэнссүгэй.

 

3.  Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180, 186 дугаар зүйлд заасны дагуу Б.Д т хяналт тавихыг Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Б.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Б.Д т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 180 дугаар зүйлийн 180.2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОДХҮҮ