Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             Б.Дт холбогдох эрүүгийн

                             хэргийн тухай

 

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Б.Батсайхан

яллагдагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал

            нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нарыг оролцуулан,

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолтой, Б.Дт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 24-нд төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 26-2604 тоотод оршин суух, Г овгийн Бгийн Д

 

Насанд хүрээгүй яллагдагч Б.Д нь 2016 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, ТОСК-ын байрны гаднаас иргэн Ш.Даринчулууны эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоциклийг хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол, 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, УЦУОШТ-ийн 05-01 тоотын гаднаас иргэн О.Эрхэмбаярын эзэмшлийн Чансаа маркийн цагаан өнгийн мотоциклийг хулгайлж, 350 000 төгрөгийн  хохирол, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутагт иргэн С.Отгоны эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 1 500 000 төгрөгийн хохирол, 2016 оны 11, 12 дугаар сарын үед насанд хүрээгүй яллагдагч У.Үүрцайхтай бүлэглэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, УЦУОШТ-ийн 05-05 тоотод оршин суух иргэн Ч.Сарангуагийн гэрээс морин хуур, зодог шуудаг, малгай, 3 ширхэг өвлийн куртик, дээл зэрэг эд зүйлсийг хулгайлж, 595 000 төгрөгийн хохирол, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг 17-1700 тоотод оршин суух иргэн Х.Эрдэнэбилэгийн гэрээс Самсунг загварын гар утас 1 ширхэг, Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, Жи мобайлын модем 1 ширхэг, гоёлын зүүлт 1 ширхэг, бугуйвч 2 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг, чихэвч зэрэг зүйлсийг хулгайлж, 1 695 000 төгрөгийн хохирол, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг УЦУОШТ-ийн 05-01 тоотод оршин суух иргэн П.Ганбаатарын гэрээс хөөрөг 2 ширхэг, Нокиа загварын гар утас 1 ширхэгийг хулгайлж, 290 000 төгрөгийн  хохирол тус тус учруулсан гэмт хэргүүдийг үйлдэж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.

 

Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Жамбалсүрэн давж заалдах шатны шүүхэд бичсэн дүгнэлтдээ:

“...Өсвөр насны Бямбасүрэн овогтой Доржзодов нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдэж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан байна.

Тэрээр уг хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 42-03 тоотод оршин суух хохирогч Б.Амарсанаагийн байшинд цонхоор нь хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 124 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн 1712001070034 дугаартай хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд Бямбасүрэн овогтой Доржзодовт ял оногдуулсан Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, 1712001070034 дугаартай хэргийг эрүүгийн 201603000508 дугаартай эрүүгийн хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал яллагдагч Б.Д нь  2016 оны 09 дүгээр сарын 04-нөөс

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр  хүртэл хугацаанд нийт 6 удаагийн  үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, нийт 4 780 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.

 

Дээрх хэрэгт шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 42-03 тоотод оршин суух хохирогч Б.Амарсанаагийн байшинд цонхоор нь хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан, 124 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн 1712001070034 дугаартай хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татагджээ.

 

Аймгийн прокуророос Б.Дт холбогдох эрүүгийн 201603000508 дугаартай хэргийг эрүүгийн 1712001070034 дугаартай хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэн, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж ирүүлсэн нь зөв байна.

 

           Учир нь яллагдагч Б.Дын  шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн хэрэг, шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн нь оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болохгүй хэдий ч шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн хэрэг шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн  тохиолдолд оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай хэрхэн нэмж нэгтгэх талаар хуульд тусгаагүй, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг ийм тохиолдолд хэрэглэх боломжгүй юм.

 

            Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, хэргийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын үүднээс авч үзвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэн шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

 

Хэрэг прокурорт очтол яллагдагч Б.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 4.2, 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.13 дугаар зүйлийн 10.1, 10.2-д заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас

                                                   

                                                             ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

2.  Хэрэг прокурорт очтол яллагдагч Б.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                                Д.БЯМБАСҮРЭН

                                                                В.ЦЭЦЭНБИЛЭГ