Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Ц.Сүхбат,  

Шүүгдэгч Б.О /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхжин овогт Базаррагчаагийн Отгонбаатар холбогдох эрүүгийн 1709001140033 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2018 оны 02 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 5 дугаар гудамжны 104 тоотод оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй. Энхжин овгийн БО, /РД: УВ/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 7 сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 9 дүгээр гудамжны 16 тоотод иргэн Д.Цогтбаярыг дахин пиво уулгахгүй гэж одоо болно гэхэд танд хамаагүй гэж хэлснээс болж целлодон шанагаар цохиж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 1709001140033 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.О нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Цогтбаярын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их харамсаж байна. Би Цогтбаярын биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал хуйхны язарсан шарх зэрэг гэмтлүүдийг гараараа болон целлодон шанагаар цохиж үүсгэсэн. Би эмчилгээний зардалд 130.000 төгрөг бэлнээр өгсөн. Хэрэг болсон газар нь Сүхбаатар дүүргийн 20-р хороо Цолмонгийн 9-р гудамж 16 тоот хашаа дотор байрлах байшинд болсон. Манай хадам дүү Наранхүүгийн эзэмшлийнх хадам эх Ганхуяг тухайн үед амьдарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Цогтбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн баз хүргэн Отгонбаатартай Наранхүү гэж эхнэрийнхээ ахын гэрт 1 шил 0.75-ын архи уусан. Би тэр архинаас уугаагүй пиво уусан. Намайг байшингийн 2 давхар руу гарах гэсэн чин Отгоо дуудсан байсан. Тэгээд Отгоо бид хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнийхээ дээр гарах л гэсэн юм шиг байна лээ. Тухайн үед би согтуу байсан болохоор санахгүй байна. Тэгээд Отгоо миний толгой руу хатуу зүйлээр цохиж, миний толгойг хагалсан. Толгойндоо 6 оёдол тавиулсан. Эмчилгээний мөнгө гэж 100.000 төгрөгийг манай эхнэр Өнөрөөр дамжуулж өгсөн байсан. Гомдол, санал байхгүй..." гэсэн мэдүүлэг /15-16, 18 дугаар хуудас/,

 

Гэрч О.Ариунаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...намайг Булган аймаг явсан хойгуур манай гэр манай ээж үлдсэн. Тэгээд хадам дүү нар гэрт ээж дээр очсон юм байна лээ. Тэгээд архи дарс уугаад Отгонбаатар ах Цогтбаярыг цохиж зодсон гэсэн. Надад мэдэх юм алга. Манай шанага хагарсан байдалтай байсан. Би шанага хагарсан байсан болохоор хаясан. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй..."/26/

 

          Гэрч Л.Өнөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 9-16 тоотод бэр эгч, Ариунаа эгчийн гэрт байсан... Дээд талын өрөөнд амрах гээд хэвтэж байхад нэг давхрын өрөөнд нөхөр Цогтбаяр болон хүргэн ах Отгонбаатар хоёрын дуу гараад хэрүүл маргаан болоод байх шиг болохоор нь очсон чинь Отгонбаатар ах манай нөхөр Цогтбаяртай зодолдоод Цогтбаярын толгой хэсгээс нь цус гарсан, хамрын дээд хэсгээс цус гарсан байдалтай зогсож байсан...Би зодолдож байхад нь хажууд нь байгаагүй. Цогтбаяр миний нүүр толгой ийм болсон байхад би зүгээр байж чадахгүй гээд цагдаад дуудлага өгсөн…" гэсэн мэдүүлэг /27-28 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8964 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...

  1. Б.Цогтбаярын биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулайн хуйхны язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  
  3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэлийн ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэжээ. /хх-ийн 30 дугаар хуудас/,  

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/, Б.Оын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 9 дүгээр гудамжны 16 тоотод иргэн Д.Цогтбаярыг “дахин пиво уухгүй одоо болно” гэж шаардлага тавьсаныг эсэргүүцсэнд уурлан маргаан үүсгэж улмаар Д.Цогтбаярын хамар, толгойн хэсэгт нь целлодон шанагаар цохиж эрүүл мэндэд нь хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Цогтбаярын мэдүүлэг, гэрч Л.Өнөр, ШШҮХ-ийн шинжээчийн №8964 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Тодруулбал шүүгдэгч нь хохирогч Д.Цогтбаярыг зодож, цохисноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүх шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

          Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчоос нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзнэ.  

 

Шүүгдэгч Б.От ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт авагдсан хохирогч Д.Цогтбаяраас бичгээр гаргасан хүсэлтэд “Отгонбаатартай эвлэрсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. /хх-ийн 44 дүгээр хуудас/,  

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Энхжин овогт Б Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.От урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН