Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 729

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Мөнх-Од,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О,

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Г.Наранбаатар,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ад холбогдох эрүүгийн 201625022868 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Б.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2016 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудлын урд талын замын хажууд “монжоогоо авна” гэх үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн догшин авирлан танхайрч, Э.Бат-Эрдэнийн толгойн тус газарт нь гараараа цохиж, ... санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Баттөрийн Б.Ад холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Боржигон овогт Баттөрийн Б.Аыг хүнийг алсан гэмт хэрэг
үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон 236 /хоёр зуун гучин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар "тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү" нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолд заасан "хохирогчийн амь насанд аюултай, гавал тархины гэмтэл учруулах цохилтыг нэг санаа зорилготойгоор үйлдсэн, түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч биедээ хүнд гэмтэл авч, улмаар нас барсан" гэж дүгнэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан" гэж үзэж, өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэснээр, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас /хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан/ хохирогч нас барсан бол..." гэж хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан байх хор уршгийн шинжийг хүнийг санаатай алах гэмт хэргийн хор уршгийн шинжээс тусгайд нь салгаж авч үзэхээр тусгасан. Талийгаачид учирсан их, бага тархины аалзан бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл зэрэг нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т заасан хүнд гэмтэлд хамаархаар байна. Энэ талаар ч шинжээч эмч Т.Номинцэцэг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Гэтэл шүүх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар зүйлчилсэн нь эргэлзээтэй юм. Хүнийг алах гэмт хэргийг зүйлчлэх гол шинж нь "хүнийг санаатай алах гэм буруугаар үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл хохирогчийг үхэлд хүргэхийг хүсэж үйлдсэн байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар зүйлчлэгдэх боломжтой. Тухайн өдөр уулзалдаагүй удсан сайн найзууд уулзалдаж, бие биенээ нудрах, зөөлөн энд тэнд нь цохих зэргээр монжиж байсан болох нь гэрч С.Мөнхжаргал, Э.Бөхтулга, Э.Золбаяр нар "Б.А, талийгаач хоёр тоглоомоор гар, мөр рүүгээ цохиод байсан, бид бодохдоо тоглож байна гэж бодсон, тоглоод цохилцоод хөөцөлдөөд байсан, бид нар бааранд байхдаа ч тэр, гадаа ч тэр маргалдаж муудалцсан зүйл байхгүй" гэх мэдүүлгүүд, камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд амь хохирогч Б.А нарын хэн алинд нь муудалцах, маргалдах, өр авлага, өш хонзон болон бусад шалтаг, шалтгаан байгаагүй. Шүүгдэгчийн хувийн байдал болон талийгаач шүүгдэгчтэй их дотны найзууд байсныг, талийгаачийн эх Н.Мягмар, эхнэр Ш.О нар талийгаач, Б.А нарын хоорондын харилцааны талаар мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар талийгаачийг шууд алах санаа зорилготойгоор цохисон гэх үндэслэл харагддаггүй. Б.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдсэн, нэг цохилтын улмаас үхэлд хүргэх, хор уршиг учрах, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжгүй байсан боловч нэг цохилтоор нас барна гэдгийг мэдэлгүй үйлдсэний улмаас амь хохирогч нас барсан гэмт хэргийн шинжид үндэслэн зүйлчлэлийг зөв тодорхойлж, хэргийн нөхцөл байдлыг харгалзан зүйлчлэлийг өөрчилж, болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэж дүгнэх боломжтой юм. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд дурдсан их, бага тархины аалзан бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл тогтоогдсон, дүгнэлтийн 1 дэх хэсэгт заасан гэмтлээр нас барсан гэж шинжээч дүгнэсэн. Гэтэл дээрх дүгнэлтэд мөн тархины цүлхэн хагарснаас үүсэх шинжийг давхар дурдсан нь аль гэмтлээс болж хохирогч нас барсан гэдгийг тогтооход эргэлзээтэй юм. Суурин судасны цүлхэн хагарснаас үүсэх эмнэл зүйн шинжийг анагаахын шинжлэх ухаанд тодорхойлж томьёолохдоо "хөгжлийн улмаас цүлхийсэн судас гэнэт хагаран, аалзан бүрхэвчийн дорх завсарт цус нэвтрэн орох эмгэг" гэж тодорхойлсон. Энэ нь дүгнэлтийн 1 дэх хэсэгт заасан тархины аалзан бүрхүүлийн тархмал цус харвалт гэмтэлтэй давхцаж байгаа нь цүлхэнгээс болж нас бараагүй гэх шинжээчийн дүгнэлтийг няцааж, одоогийн анагаахын шинжлэх ухаанд тухайн хоёр хүчин зүйлийн аль нь түрүүлж үхэлд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй буюу цүлхэн өвчнөөс болж нас барсан байх боломжтой. Мөн "Топаз" зочид буудлын урд хэсгийг харуулсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийн 12 минут 23 секундэд гэрч С.Мөнхжаргал эмнэлгийн байгууллагад хүргэх гэж явахдаа "амь хохирогчийг мөрөн дээрээ үүрэн алхаж яваад үүрсэн чигээрээ газарт ар дагзаар нь автомашины зам дээр дээш харуулан унагаж байгаа" зэргээс үзэхэд шинжээчийн дүгнэлтэд байгаа гэмтлүүдийг яг хэн учруулсан болох нь мөн эргэлзээтэй юм. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан "хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэх, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр заасныг баримтлан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч талаас гаргасан давж заалдах гомдолтой санал нийлж байна.  Нэмж хэлэх санал, гомдолгүй. ...” гэв.

 

Прокурор Б.Мөнх-Од шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны 262 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Санаатай үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан гэж үзэж байна. Шүүхээс бусдыг алсан буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Хэргийн материалаас харахад хохирогчийг такси барих гээд зогсож байхад ялтан араас нь очиж цохьсон, улмаар нас барсан нөхцөл байдал байгаа. Суурин судасны цүлхэнээс болж нас бараагүй. Шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын давж заалдах гомдлоор Б.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор эсэргүүцэл бичсэн болон шүүгдэгч давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудлын урд талын замын хажууд “монжоогоо авна” гэх үл ялих зүйлээр шалтаглан Э.Бат-Эрдэнийн толгойн тус газарт нь гараараа цохиж, бие махбодид нь их, бага тархины аалзан бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, баруун хөмсөгний дээр, зүүн хавирганы нум орчим зулгаралт, доод уруулд зулгаралт, дотор салстад цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эрдэнэбулганы “...Өнөөдөр үүрээр буюу 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 04 цаг 21 минутад Амараагийн эхнэр гэх эмэгтэй миний 88156590 дугаарт 86090999 дугаараас залгаж, надтай холбогдоод "та Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж уулзаач Амараа, Золоо, Э.Б нар нэг хэрэг тарьчих шиг болсон байна" гэхээр нь би тус цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм. Тэгээд намайг ирэх үед талийгаач Э.Бат-Эрдэний эхнэр хамт ирэх гэхээр нь би үлдээгээд ганцаараа ирсэн. Ирээд цагдаа нараас өөрийн дүү Э.Бат-Эрдэнийг нас барсан талаар дуулж мэдсэн. Тухайн үед би хэнтэй хамт явж байгаад, яаж, ямар байдлаар нас барсныг мэдээгүй бөгөөд уг асуудлыг мэдэхийн тулд цагдаагийн байгууллагаар шалгуулж байна. ...” /1 дүгээр хавтас, 43-44 дүгээр хуудас/,

Гэрч С.Мөнхжаргалын “...2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ... Э.Бөхтулга, Б.А, Э.Б, Э.Золбаяр бид 5 натур пабаас гарсан. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын зам дээрээс такси барих гээд гараа өргөхөд жижиг тэрэг зогссон. Ямар өнгөтэйг нь санахгүй байна. Тэр машинд Э.Золбаяр суусан, Э.Б суугаад явсан. Тэгээд буцаж бууж ирээд “та нар намайг түрүүлж явуулаад архи уух гээд байна” гэж яриад буцаад буугаад ирсэн. Тэгэхэд нь Б.А “бид нар одоо харилаа. Нэмж архи уухгүй” гээд Э.Бат-Эрдэнийг машины суудлаас нь босгохгүй гээд дараад байсан. Тэгээд Э.Бөхтулга бид хоёр “манайх руу очиж хоноё” гээд яриад явж байхад ард ч юм уу, урд ч юм уу Э.Б газар унаад ухаангүй болсон байсан. Тэгээд татаж чангаагаад ерөөсөө сэрэхгүй байгаад байсан. Сэрэхгүй болохоор нь би Э.Бат-Эрдэнийг өргөөд мөрөн дээрээ үүрч байгаад уначихсан. Тэгээд Б.Атай Э.Бат-Эрдэнийг дамжилж өргөөд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиход “энэ хүн чинь ухаангүй байна. Ер нь найдлагагүй, нас барчихсан хүн байна” гэсэн. ..." /1 дүгээр хавтас, 46-47 дугаар хуудас/,

“...Бид нар зам руу дөхөөд такси барих гээд явсан. Бид нар тухайн үед цувралдаад алхаж байсан. Б.А, талийгаач Э.Б хоёр тоглоод бие биеэ гар хөлөөрөө хатгах юм уу, цохиж аваад байх шиг байсан. Тэгээд такси зогсоогоод ямар ч байсан хүмүүс суусан. Э.Бөхтулга бид хоёр манайд очиж хонох тухай ярьж байсан. Би тэр үед нилээд согтсон, зарим нэг зүйлийг тодорхой сайн санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь Э.Бөхтулга бид хоёрын ард 2-3 алхам зайтай талийгаач Э.Б газарт уначихсан Б.А зогсож байсан. Би очоод хартал талийгаач ямар ч ухаангүй газар хэвтээд байсан. Би дуудаад сэрээх гэтэл сэрэхгүй байсан. ...” /1 дүгээр хавтас, 48 дугаар хуудас/,

Гэрч Э.Бөхтулгын “...2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ...юм ярьж сууж байгаад Б.А, Э.Б нар гар  гар луугаа цохиод, мөр мөр лүүгээ цохиод байсан. Би тоглож байна гэж бодсон. ...Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын зам дээрээс такси барьсан. Тэр машинд Э.Золбаяр, Б.А 2 суусан. Талийгаач араас нь тухайн машин руу тонгойсон. Тэгээд ноцолдоод тоглоод байна даа гэж бодсон. Такси явсан. Тэгээд С.Мөнхжаргал талийгаач Э.Б бид 3 хойшоо алхаад явж байтал такси 100 метр явж байгаад зогссон. Дотроос нь Б.А бууж ирээд "Өө яаж байнаа'' гэж хэлээд шууд талийгаачийн толгой руу нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд талийгаач Э.Б хойшоо унах хооронд нь Б.А хөлөөрөө нэг удаа талийгаачийн бөгсөн хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд талийгаач унаад сэрэхгүй байсан. С.Мөнхжаргал хацар луу нь алгадаад сэрээх гэтэл сэрэхгүй байсан. С.Мөнхжаргал талийгаачийг мөрөн дээрээ үүрээд хэд алхаад дийлэхгүй унагаачихсан. Тэгээд унагаачихаад Б.А, С.Мөнхжаргал нар дамжлаад би такси барих гээд зогсож байсан. ...” /1 дүгээр хавтас, 51-52 дугаар хуудас/,

“....Тухайн үед бид нар пабаас гарч ирээд тарахаар болоод такси барих гээд явж байхад Б.А, талийгаач Э.Б хоёр тоглоод бие биенээ цохиж аваад гар хөлөөрөө хатгаад инээлдээд явж байсан. Тэгээд такси бариад Б.А, Э.Золбаяр нар суусан. Тэгтэл талийгаач тэр машинд суух гээд цээжээ хагас оруулаад болиод буцаад гараад ирсэн. Тэгээд такси хөдлөөд явсан. 100 метр орчим яваад зогсоод буугаад бид нарын өөдөөс ирж байсан. Э.Золбаяр машинтайгаа цаашаа яваад өгсөн. С.Мөнхжаргал бид хоёр урд нь 2-3 алхам зайтай, ард талийгаач Э.Б явж байсан. Тэгтэл Б.А “яаж байна” гээд хажуугаар гарсан. Би эргээд хартал Б.А талийгаач Э.Бат-Эрдэнийн зүүн шанаанд баруун гараараа цохиод авсан. Тэгтэл талийгаач унасан. Б.А талийгаачийн бөгс рүү зөөлөн өшиглөж аваад “өө уначихлаа” гэсэн. С.Мөнхжаргал бид хоёр эргэж очоод сэргээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгээд С.Мөнхжаргал талийгаачийг мөрөн дээрээ өргөөд Б.А хажуугаас нь түшээд дагаад явсан. Тэгээд жаахан яваад С.Мөнхжаргал даахгүй буулгаад намайг “төв замаас такси бариад ир” гээд би явж такси зогсоогоод буцаж ирээд суулгаад Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлтэл талийгаачийг “нас барсан байна” гэж хэлсэн. ...” /1 дүгээр хавтас, 53 дугаар хуудас/,

“...Талийгаач тэр үед С.Мөнхжаргал бид хоёрын ард ойрхон явж байсан. Б.А сууж явсан таксинаасаа буугаад өөдөөс алхаж ирээд хажуугаар зөрж өнгөрсөн. Эргээд харахад Б.А талийгаач Э.Бат-Эрдэнийг цохиж унагаасан. Ямар нэгэн зүйл яриагүй. ...” /1 дүгээр хавтас, 246 дугаар хуудас/,

Гэрч Э.Золбаярын “...Тэгээд намайг очиход Б.А, С.Мөнхжаргал, Э.Бөхтулга 3 пиво уугаад сууж байсан. Тэгээд удалгүй араас нь Э.Бат- Эрдэнэ орж ирсэн. Тэгээд тавуулаа 1 шил архи аваад ууж эхэлсэн. Тэр архиа ууж дуусаад дахин нэг 0,75 граммын архи авч уусан. Бас пиво ууцгаасан. Тэгээд бид хэд уугаад инээлдээд юм яриад сууж байсан. Тэгээд нэг сэрэхэд би шөнө 02-03 цагийн хооронд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...” /1 дүгээр хавтас, 56 дугаар хуудас/,

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...Энэ жижиг зулгаралт цус хуралтууд учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас барсан. …Энэ нь мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр 1 ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Биеэ хамгаалах чадвартай, үгүй эсэхийг хэлэх боломжгүй. Хүнд зэргийн согтолттой үед хувь хүний ухамсарт ухаан алдагдаж, өөрийн хяналтгүй зохицуулгагүй үйлдэл хөдөлгөөн хийх шинж тэмдэгүүд илэрдэг. Мөн тэнцвэрийн үйл ажиллагаа алдагддаг. ...” /1 дүгээр хавтас, 91-92 дугаар хуудас/,

“...Суурийн судасны цүлхэн гэдэг нь хүний тархины доод хэсгийн судасны эмгэг өөрчлөлт юм. Энэ нь өөрөө бие даасан өвчин мөн. Энэ нь олдмол, төрөлхийн аль алинд байж болно, үүнийг ялгах боломжгүй. Энэ цүлхэн нь хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. ...Суурийн судасны цүлхэн нь судасны ханийн өөрийнх нь давхаргын хэвийн байх бүтэц нь алдагдаж цусны урсгалын хүчээр нимгэрч тэлсэн хэсгийг хэлнэ. Энэ нь гэмтлийн шалтгаанаар үүсэхгүй, төрөлхийн болон олдмол өвчний шалтгаанаар үүсдэг юм. Энэ нь өвчин оношлогдоод мэдсэн тохиолдолд эмчилгээ авах боломжтой. Үүнийг хагалгаа хийж, цүлхэнтэй хэсэгт нь эмчилгээ хийж хавчаар тавьж болдог гэсэн үг. Талийгаачийн хувьд цүлхэн хагараагүй байсан ч тархины эдийн няцрал, тархины эсийн урт сэртэнгийн тархины гэмтэл учирсан тул энэ гэмтлээр нас барах боломжтой, энэ нь тухайн үед үүссэн байж болно. Дээрх гэмтлийг авсан учир эмнэлгийн анхны тусламж авсан ч амьдрах боломжгүй байсан. ...Энэ гэмтэл хүний толгойн хэсэгт мохоо зүйлээр цохилт доргилтоос үүснэ. ...Гавал тархины гэмтэл гэдэгт суурийн судасны цүлхэн тархины эдийн няцрал тархины эсийн урт сэртэнгийн тархмал гэмтлүүд бүгд хамаарна. ...” /1 дүгээр хавтас, 176-177 дугаар хуудас/,

Б.Аын яллагдагчаар өгсөн “...Би талийгаач Э.Бат-Эрдэнийг санаатай алаагүй. Бид хоёр маш дотно найзууд, бид хоёр тухайн үед тоглож байсан. Бид хоёр тэр орой уулзаад пабад архи ууж байхаасаа эхлээд бие биенээ оролдоод тоглож байсан. Тэнд архи ууж байгаад дуусаад гараад явах болоод пабын гадаа талийгаач намайг гараараа хатгах, хөлөөрөө өшиглөх, цохих зэргээр үйлдэл хийгээд бид хоёр тоглож байсан. Тэгээд явах болоод би таксинд суутал талийгаач миний араас бөгс рүү "би чамайг монжлоо" гээд өшиглөж авсан. Тэгээд би Э.Золбаярыг “саппороо явна” гэхээр нь “тэгвэл би үлдлээ” гээд ярьж байтал такси хөдлөөд явсан, тэгэхээр нь би зогсоогоод буугаад Э.Золбаяр нөгөө такситай цаашаа яваад С.Мөнхжаргал, Э.Бөхтулга, талийгаач Э.Б 3 үлдээд такси барих гээд зогсож байхад нь би очоод талийгаачийг “чи намайг сая араас өшиглөж, монжсон” гээд тоглож байгаад би түүнийг зүүн шанаа руу нь гараараа 1 удаа цохиж авсан. Тэгтэл талийгаач газарт унаад ухаан алдсан. Сэрээх гэтэл сэрэхгүй байсан. ...” /1 дүгээр хавтас, 111 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2266 дугаар шинжээчийн “...Талийгаач Бат-Эрдэнийн цогцост их, бага тархины аалзан бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, баруун хөмсөгний дээр, зүүн хавирганы нум орчим зулгаралт, доод уруулд зулгаралт, дотор салстад цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач суурийн судасны цүлхэнтэй байсан нь хагарсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачид тогтоогдсон гэмтэл нь амьддаа үүссэн байна. Талийгаач дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх зогсож нас баржээ. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 2016 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө 02 цагийн үед цогцосны гадна үзлэг хийгдэхэд талийгаач нас бараад 1-2 цаг болсон байна. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. …” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас,69-71 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 4-8 дугаар хуудас/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 9-13 дугаар хуудас/,

Хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 дүгээр хавтас, 14-16 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэгэлэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 18-20 дугаар хуудас/,

СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтас, 21-28, 29-40 дүгээр хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хуудас, 41 дүгээр хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэрч Э.Бөхтулгын “...Тэр машинд Э.Золбаяр, Б.А 2 суусан. Талийгаач араас нь тухайн машин руу тонгойсон. Тэгээд ноцолдоод тоглоод байна даа гэж бодсон. Такси явсан. Тэгээд С.Мөнхжаргал талийгаач Э.Б бид 3 хойшоо алхаад явж байтал такси 100 метр явж байгаад зогссон. Дотроос нь Б.А бууж ирээд "Өө яаж байнаа'' гэж хэлээд шууд талийгаачийн толгой руу нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд   талийгаач Э.Б хойшоо унах хооронд нь Б.А хөлөөрөө нэг удаа талийгаачийн бөгсөн хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд талийгаач унаад сэрэхгүй байсан. ...” /1 дүгээр хавтас, 51-52 дугаар хуудас/,

Б.Амаржагалын яллагдагчаар өгсөн “...Тэгээд явах болоод би таксинд суутал талийгаач миний араас бөгс рүү "би чамайг монжлоо" гээд өшиглөж авсан.Тэгээд би Э.Золбаярыг “саппороо явна” гэхээр нь “тэгвэл би үлдлээ” гээд ярьж байтал такси хөдлөөд явсан, тэгэхээр нь би зогсоогоод буугаад Э.Золбаяр нөгөө такситай цаашаа яваад С.Мөнхжаргал, Э.Бөхтулга, талийгаач Э.Б 3 үлдээд такси барих гээд зогсож байхад нь би очоод талийгаачийг “чи намайг сая араас өшиглөж, монжсон” гээд тоглож байгаад би түүнийг зүүн шанаа руу нь гараараа 1 удаа цохиж авсан. Тэгтэл талийгаач газарт унаад ухаан алдсан. Сэрээх гэтэл сэрэхгүй байсан. ...” /1 дүгээр хавтас, 111 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлахад, Э.Золбаяр, Б.А хоёрыг машинд /такси/ суух үед амь хохирогч Э.Б нь Б.Аын бөгсөн хэсэгт өшиглөсөн байх бөгөөд улмаар машин хөдлөн 100 метр орчим явсны дараа Б.А нь машиныг зогсоож, бууж ирээд "Өө яаж байнаа'' гэж хэлээд талийгаачийн толгой руу нь нэг удаа гараараа цохиж унагасан, мөн бөгсөн хэсэг рүү нь өшиглөсөн байх бөгөөд уг үйлдлийн улмаас амь хохирогч Э.Б тархины эдийн няцрал, тархины эсийн урт сэртэнгийн тархины гэмтэл авч нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Б.А нь архи ууж, согтуурсан үедээ амь хохирогч Э.Бат-Эрдэнийн толгойн тус газар санаатай цохисон байх бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирч, амь насаа алдаж болно гэдэг нь энгийн ухамсарын түвшинд ухамсарлагдсан байх ёстой асуудал гэж үзнэ.

Иймд Б.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, ... бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

Б.Аын согтуурсан үедээ, Э.Бат-Эрдэний толгой руу санаатай цохисон үйлдэлд гэмтэл учруулахгүй байж чадна гэж тооцоолсон санаа зорилго, шинж чанар тогтоогдоогүй байх тул түүнийг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. 

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...Талийгаачийн хувьд цүлхэн хагараагүй байсан ч тархины эдийн няцрал, тархины эсийн урт сэртэнгийн тархины гэмтэл учирсан тул энэ гэмтлээр нас барах боломжтой, энэ нь тухайн үед үүссэн байж болно. Дээрх гэмтлийг авсан учир эмнэлгийн анхны тусламж авсан ч амьдрах боломжгүй байсан. ...Энэ гэмтэл хүний толгойн хэсэгт мохой зүйлээр цохилт доргилтоос үүснэ. ...Гавал тархины гэмтэл гэдэгт суурийн судасны цүлхэн тархины эдийн няцрал тархины эсийн урт сэртэнгийн тархмал гэмтлүүд бүгд хамаарна. ...” /1 дүгээр хавтас, 176-177 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2266 дугаар шинжээчийн “...Талийгаач Бат-Эрдэнийн цогцост их, бага тархины аалзан бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, баруун хөмсөгний дээр, зүүн хавирганы нум орчим зулгаралт, доод уруулд зулгаралт, дотор салстад цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. …” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, 69-71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, амь хохирогч Э.Б нь тархины эдийн няцрал, тархины эсийн урт сэртэнгийн тархины гэмтэл авч, эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй нөхцөлд тэр даруйдаа нас баржээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэж орсон боловч уг нөхцөл байдал буюу хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж хэвээр байгаа болно.

Харин ямар тохиолдолд, аль зүйл хэсгээр зүйлчилж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүнд өгөх хууль зүйн үндэслэл, дүгнэлтээс хамаарахаар байна.

Б.Аын үйлдлийн шинж чанар буюу бусдын амь насанд аюултай үйлдэл санаатай хийсэн, амь хохирогч эмнэлгийн тусламж авсан ч амь насыг нь аврах боломжгүй гэмтэл авсан байдал нь хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байх тул түүний үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй.

Энэ хэрэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Б.А нь хохирлын төлбөрт 12.000.000 төгрөгийг сайн дураар төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн баримт хавтас хэрэгт авагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.