Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0359/З |
Дугаар | 128/ШШ2024/0688 |
Огноо | 2024-09-12 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2024/0688
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.А*******
Нэхэмжлэгч: О.М*******
Нэхэмжлэгч: Ж.Э
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжийн З.А*******, О.М******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.Эийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг Ж.Эт шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгч З.А*******, О.М******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.-Очир, нэхэмжлэгч Ж.Эийн өмгөөлөгч Б.Зо, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Со, хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба, иргэдийн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.А*******, О.М******* нараас ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжийн З.А*******, О.М******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Ж.Эаас ...Ж.Эийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг Ж.Эт шилжүүлэхийг даалгах-аар маргаж байна.
2. Маргааны үйл баримтын талаар.
2.1 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/23 дугаар Төлөвлөгөө батлах тухай тогтоолын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтын 2.1-т Эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох хэсгийн 61 дугаарт Чингэлтэй дүүргийн -р хороо, Гд байрлах газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 иргэнд газар эзэмшүүлэхээр тогтоосон байна.
2.2 Маргаан бүхий газрыг анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/185 дугаар захирамжаар иргэн З.А*******т Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, -р хороо, Г гудамж, нэгж талбарын 84 дугаартай, 6 м.кв талбай бүхий газрыг /зуслан/-ийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон.
2.3 Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/185 дугаар захирамжаар иргэн О.М*******д Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, -р хороо, Г гудамж, нэгж талбарын 85 дугаартай, 6 м.кв талбай бүхий газрыг /зуслан/-ийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон.
2.4 Иргэн З.А*******, О.М******* нараас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэн Ж.Этай байгуулжээ.
2.5 Нэхэмжлэгч Ж.Эаас 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 7-20, 6-20 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай утга бүхий өргөдлүүдийг Чингэлтэй дүүргийн бичиг хэрэгт өгсөн байна.
2.6 Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 05/607 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж ...З.А******* нь Ж.Эт газрын эзэмших эрхээ 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлж, 3200******* тоот нэхэмжлэлийн дугаартай эрх шилжүүлэх албан татвараар 2,671,578 төгрөг төлсөн нь үнэн гэх албан бичгийг хүргүүлжээ.
2.7 Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай А/705 дугаар захирамжаар иргэн З.А*******, О.М******* нарын газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
2.8 Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1/40 дугаар Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичгээр нэгж талбарын 84 дугаар З.А*******ийн, 85 дугаар О.М*******гийн газрууд нь ойн сан бүхий газартаа бүхэлдээ давхацсан байдлыг харуулсан байна.
2.9 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч З.А*******, О.М******* нараас ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжийн З.А*******, О.М******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Ж.Эаас ...Ж.Эийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг Ж.Эт шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
2.10 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0234 дугаар магадлалаар ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
2.11. Иргэдийн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Ойн тухай хуульд заасан газар байсан бол анхнаасаа олгох нь буруу. Газрын гэрчилгээ хүчингүй болсон шийдвэрийг хүчингүй болгохгүй сэргээж Эийн нэр дээр шилжүүлэх нь зөв гэж бодож байна. Эсвэл гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд Эт газрын албанаас 80 сая төгрөгийн гаргаж өгөх ёстой гэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч З.А*******, О.М*******, Ж.Э нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч З.А*******, О.М*******, Ж.Э нараас гаргасан ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжийн З.А*******, О.М******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.2. Маргаан бүхий захиргааны акт болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай А/705 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 49.3.5, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.6, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалт, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дахь хэсгийг тус тус үндэслэн Газрын тухай хууль болон иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Ойн сан, усан сангийн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн, шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй хавсралтад дурдсан иргэн, хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай гээд хавсралтын 47-д З А*******, 48-д О М******* -р хороо Гүнт, 6 м2 гэж дурджээ.
2.3. Нэхэмжлэгч нар уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, эзэмшил газар дээрээ хашаа барьсан, газрын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, шилжүүлэн авах хүсэлт гаргасан байхад уг эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргав.
2.4. Маргаан бүхий захиргааны акт болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай А/705 дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 49 дүгээр зүйлийн 49.3.5, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.6, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дахь хэсгийг тус тус үндэслэсэн.
2.5. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно, 48.2.2-д бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 33 дугаар зүйлийн 33.6-д Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж, Ойн тухай хуулийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж тус тус заажээ.
2.6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/650 дугаар захирамжаар нэгж талбарын 84 дугаар /Чингэлтэй дүүргийн -р хорооны Зуслан, Гд байрлах 6 м.кв/ газрыг иргэн М.О*******т, нэгж талбарын 85 дугаар /Чингэлтэй дүүргийн -р хорооны Зуслан, Гд байрлах 700 м.кв/ газрыг иргэн Э.Б******* нарт тус тус эзэмшүүлж, уг захирамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр иргэн М.О*******т 78, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн Э.Б*******ад 20 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг олгосон.
2.7. Газар эзэмшигч М.О*******ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, иргэн З.А******* нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 822 дугаар гэрээгээр Чингэлтэй дүүргийн -р хорооны Зуслан, Гд байрлах 6 м.кв гэрчилгээний дугаар 000620078, нэгж талбарын 84 дугаар газар эзэмших эрхийг нэхэмжлэгч З.А*******т, Э.Б*******ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, иргэн О.М******* нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 823 дугаар гэрээ-гээр маргаан бүхий Чингэлтэй дүүргийн -р хорооны Зуслан, Гд байрлах 700 м.кв гэрчилгээний дугаар 20, нэгж талбарын 85 дугаар газар эзэмших эрхийг нэхэмжлэгч О.М*******д тус тус шилжүүлсэн байна.
2.8. Дээрх газрын эрх шилжүүлэх захирамжууд болон нэхэмжлэгч З.А*******, О.М******* нарын гаргасан хүсэлтүүдийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/185 дугаар захирамжаар нэгж талбарын 84 дугаартай, Чингэлтэй дүүргийн -р хорооны Зуслан, Гд байрлах 6 м.кв газрыг нэхэмжлэгч З.А*******т, нэгж талбарын 85 дугаар, Чингэлтэй дүүргийн -р хорооны Зуслан, Гд байрлах 700 м.кв газрыг нэхэмжлэгч О.М*******д тус тус эзэмшүүлж шийдвэрлэж, нэхэмжлэгч Б.А*******т 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15 дугаар, нэхэмжлэгч О.М*******д 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 14 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг тус тус олгосноор Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай №16, №15 дугаар гэрээнүүдийг 15 жилийн хугацаатай байгуулсан үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.
3.1. 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр Ж.Э нь нэхэмжлэгч Б.А*******, О.М******* нартай маргаан бүхий газруудын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар мөн өдрийн 0*******, 0******* дүгээр гэрээнүүдийг байгуулж улмаар нэхэмжлэгч Б.А*******, О.М******* Ж.Э нар нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр дээрх газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнүүд болон холбогдох баримтуудыг хавсар маргаан бүхий газруудын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ж.Эийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн агуулга бүхий хүсэлтүүдийг хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан, уг хүсэлтийг хариуцагч захиргаа хүлээн авсан нь хэрэгт авагдсан Өргөдөл гомдлын бүртгэл хяналтын карт болон түүний хавсралт баримтуудаар тогтоогдож байна.
3.2. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж...болно, 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсара 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо 38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт 38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт гэж, 38.4-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гара гэж тус тус заасан, нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлт бусад баримтууд нь хуулийн дээрхи шаардлагад нийцсэн болох нь тогтоогдов.
3.3. Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нарын, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар гаргасан тус тусын хүсэлтүүдийг шийдвэрлээгүй атлаа маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай А/705 дугаар захирамжаар Газрын тухай хууль болон иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Ойн сан, усан сангийн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн, шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй гэх ерөнхий үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.А*******, О.М******* нарын газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.
3.4. Нэхэмжлэгч Ж.Э нь хуульд заасан журмын дагуу холбогдох баримтууд хавсаргасан хүсэлтээ гаргаснаар захиргаанд итгэж тухайн газар дээр 2020 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр хийц ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр 6,900,000 төгрөгөөр хашаа, 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр иргэн Г.Г*******тай байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-гээр 56,800,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө бариулсан, тухайн газар нь ойн бүсэд хамаарч байгаа нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон болно.
3.5. Хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Ойн тухай хуулийн 8.6-д заасныг зөрчсөн тул хүчингүй болгосон гэж тайлбарласан хэдий ч нэхэмжлэгч Б.А*******, О.М******* нарын тухайд, Газрын тухай хуульд заасан журмын дагуу тухайн газрыг эзэмших эрхийг мөн бусдаас хууль ёсоор шилжүүлэн авсан, газар эзэмшигчийн эрх үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлж ирсэн, түүнчлэн тухайн газрын эрхээ хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэх хүсэлт гаргасан байхад нэхэмжлэгч Б.А*******, О.М******* нарын газар эзэмших эрхийг энэ үндэслэлээр шууд хүчингүй болгосон нь хууль бус гэж үзнэ.
3.6. Өөрөөр хэлбэл, захиргаа нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтүүдийг хүлээн авсан атлаа шийдвэрлээгүй, ийнхүү шийдвэрлээгүй байх хугацаандаа шилжүүлэхээр хүсч буй газрын эрхийг нь хүчингүй болгосон, уг захиргааны актад нэхэмжлэгч нарын тухайд чухам ямар зөрчил үүсээд байгааг тодорхой заагаагүй, энэ талаархи нотлох баримтыг ирүүлээгүй атлаа шүүхэд маргаан үүссэний дараа Ойн тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим, 4.2.5-д заасан шийдвэр нь хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг зөрчсөн байна.
3.7. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй гэх тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27.1-т Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасан боловч захиргаа хуулийн дээрхи заалтыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч нарт захиргааны актын талаар мэдэгдсэн, сонсох ажиллагаа явуулсан нь тогтоогдоогүй.
3.8. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.А*******, О.М******* Ж.Э нараас Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжийн З.А*******, О.М******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3.9. Харин нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын Ж.Эийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг Ж.Эт шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:
3.10. Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т зааснаар эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.
3.11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Э нь хуульд заасан журмын дагуу хүсэлтээ ирүүлснийг захиргаа хүлээн авсан нь тогтоогдсон ба шүүхийн энэ шийдвэрээр нэхэмжлэгч З.А*******, О.М******* нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Чингэлтэй дүүргийн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/705 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул Ж.Эийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3.12. Харин, Ж.Эийн шилжүүлэн авахаар хүсэлт гаргасан газар нь Ойн сан бүхий газарт хамаарч байгаа, энэ талаар хэргийн оролцогчид маргадаггүй, нөгөө талаар Ж.Эийн хүсэлтийг шийдвэрлэх нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээ, сонгох боломжид хамаарах тул шүүх газар эзэмших эрхийг Ж.Эт шилжүүлэхийг захиргааны байгууллагад шууд даалгах боломжгүй.
4. Иргэдийн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд Ойн тухай хуульд заасан газар байсан бол анхнаасаа олгох нь буруу. Газрын гэрчилгээ хүчингүй болсон шийдвэрийг хүчингүй болгохгүй сэргээж Эийн нэр дээр шилжүүлэх нь зөв гэж бодож байна. Эсвэл гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд Эт газрын албанаас 80 сая төгрөгийн гаргаж өгөх ёстой гэсэн дүгнэлт гаргасан ба түүний дүгнэлт шүүхийн энэ шийдвэрээр дэмжигдэж байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.А*******, О.М*******, Ж.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжийн З.А*******, О.М******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Эийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР