Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Х.Еркебулан,

Хохирогч Б.Сугар-эрдэнэ,   

Шүүгдэгч Д.У /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаагчин овогт Дэмчигийн Урианхайд холбогдох эрүүгийн 1709016030445 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2018 оны 02 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Увс аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний харьяа “Алдар” биеийн тамирын спорт хороонд тамирчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 12 дугаар байр 19 тоотод оршин суудаг /Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 9 дүгээр гудамж 365/Б тоотод оршин суух бүртгэлтэй/, урьд ял шийтгэлгүй, Цагаагчин овогт Д.У /РД:ОЮ/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.У нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Холливууд" бааранд хохирогч Б.Сугар-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу "зүй бус харьцсан" хэмээн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дотор буланд цус хуралт, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Хохирогч Б.Сугар-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хэрэг болдог өдөр би бааранд ажилладаг байсан. Хэдэн залуучууд орж ирж суусан. Камерын бичлэгийн өрөөнд сууж байхад хэдэн залуучууд зодолдоод байсан гэсэн. Тэгээд очоод “боль” гээд салгахад надтай маргалдаж эхэлсэн. Намайг гаръя гэхээр нь гарсан. Гадаа барьцалдаад байж байхад намайг цохиод хамар хугарсан. Хохирол төлбөрт 200.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал байхгүй…” гэв.

Эрүүгийн 1709016030445 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.У нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн “Холливууд” бааранд найзуудын хамт орж үйлчлүүлсэн. 2 давхарт гараад олон хүн суудаг том ширээн дээр бид нарыг өөр хүмүүстэй хамт суулгасан. Тэгтэл манай хоёр найз өөр танихгүй хоёр хүнтэй муудалцсан байсан. Тэгээд хамгаалагч нар нь салгасан. Тэгээд тэр хүмүүстэйгээ эвлэрээд гар бариад сууцгаах гэж байхад Сугар-Эрдэнэ гэдэг хамгаалалтын албаны дарга нь “пиздануудаа юу гээд орилоод байгаан бэ” гэх зэргээр томорсон тэгэхээр нь би урдаас нь “чи пизда гэж дууддаг хэн бэ” гээд маргалдсан. Тэгээд барьцалдаж аваад гадаа бүгдээрээ гарцгаая гээд гарцгаасан. Тэгээд гадаа байж байгаад бид нар явах гэсэн чинь Сугар-Эрдэнэ намайг явуулахгүй барьчихаад байсан тэгэхээр нь би Сугар-Эрдэнийг цохьсон. Тэгээд бид нар явцгаасан. Би өөр хамгаалагчийг цохиж зодоогүй. Би Сугар-Эрдэнийг цохиж гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна, хэргийг түргэн хугацаанд хөнгөнөөр шийдэж өгнө үү…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

          Хохирогч Б.Сугар-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 10 дугаар сарын 8-аас 2017 оны 10 дугаар сарын 09-нд шилжих шөнө “Холливууд” баарны хамгаалагчаар ажиллаж байх хугацаанд ширээн дээр хүмүүс муудалцаад байсан. Тэгээд юу болсон талаар асуухад тэр залуучууд бид нар руу дайраад “гараад ир” гэж хэлээд үл таних залуу нь баруун гараараа нүүрэн тус газар 1-2 удаа цохисон. Тэгээд миний хамарнаас цус гоожоод хамар далийсан. Араас нь хөөсөн боловч барьж чадаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹12913 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Сугар-Эрдэнийн биед баруун нүдний дотор буланд цус хуралт, хамар ясны хугарал тогтоогдов.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн  11 дүгээр хуудас/,  

 

Д.Угийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 18 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 21 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Ц.Билэгжаргалын мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.У нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Холливууд" бааранд хамгаалагчийн ажил үүргээ гүйцэтгэж байсан хохирогч Б.Сугар-Эрдэнийн “бусадтай маргаан үүсгэлээ, эмх замбараагүй үйлдэл гаргалаа” гэж шаардлага тавьсаныг эсэргүүцэж, маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дотор буланд цус хуралт, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Ун шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Сугар-Эрдэнийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №12913 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь хохирогч Б.Сугар-Эрдэнийг гараараа нүүрэн тус газар руу нь цохисноо өөрөө хүлээсэн, хохирогч гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

   Шүүх шүүгдэгч Д.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 Дээрх гэмт хэрэг гарахад нэг талаас шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, зан харилцааны түвшин дутагдсан, нөгөө талаас согтууруулах ундааны зүйлээр үйлчилж буй тухайн газар гэмт хэрэг үйлдэгдэхээс сэрэмжилэх зорилгоор зохих арга хэмжээг аваагүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Уд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Сугар-Эрдэнээс “Д.У нь хохирлын 200.000 төгрөгийг барагдуулсан тул бид хоёр эвлэрч байна” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Цагаагчин овогт ДУг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Уд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН