Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2018/0004

 

2017 оны 12 сарын 26 өдөр

  Дугаар 221/МА2018/0004

 Улаанбаатар хот

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0713 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.О нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0713 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх Эрүүгийн цагдаагийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж,

2 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн албан тушаал бууруулан ажиллуулсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмын дагуу тооцож нөхөн төлөхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.О нар давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Б.Б-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “... зайлшгүй шилжүүлэн ажиллуулах албан шаардлага байсан гэдгээ хариуцагч нотолж чадаагүй, мөн энэ талаарх баримт хэрэг хянан шийдвэрлэх явцад тогтоогдоогүй ...” гэж дүгнэжээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийг ... албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон, ... байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно” гэж заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, “Эрүүгийн цагдаагийн газар”-ыг “Эрүүгийн цагдаагийн алба” болгон өөрчлөн тогтоосон.

Шинэчлэн батлагдсан бүтэцтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/23 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны чиг үүрэг, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоосон бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

Иймд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулж, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Б.Б “...Эрүүгийн цагдаагийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн тушаалд ... чөлөөлөх үндэслэл бус төрийн албан хаагчийн баталгааны заалтыг үндэслэсэн ... хуулийг буруу хэрэглэсэн ... хуульд заасан ... үндэслэлүүдийн нэг нь ч тогтоогдоогүй байхад албан тушаалаас чөлөөлж бууруулан томилсон нь үндэслэлгүй ... цалингийн сүлжээ бууруулж ТТ15-5 болгосон нь эдийн засгийн хувьд болоод эрх зүйн хувьд хохироосон ...” гэх үндэслэлээр “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаал бууруулан ажиллуулсан хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар батлагдаж, улмаар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилснээр хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд цагдаагийн байгууллагад бүтэц, зохион байгуулалт хийгдэх шаардлага бий болсон. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаар тогтоолоор ... Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, Эрүүгийн цагдаагийн газрыг Эрүүгийн цагдаагийн алба болгон өөрчлөн тогтоосон ... Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/55 тоот тушаалаар ... Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг ... албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг ... хавсралтаар баталсан ... Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/23 дугаар тушаалаар ... Эрүүгийн цагдаагийн албаны албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоосон ... Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл ... Б/121 тоот тушаалын Б.Б-д холбогдох хэсгийн хуулийн үндэслэлд ... Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг нэмэлтээр оруулахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгаж тушаалыг хууль зүйн үндэслэлтэй болохыг хүлээн зөвшөөрсөн ... албан ажлын шаардлагаар, ажил сайжруулах зорилгоор Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн даргаар томилсон ...” гэж тайлбарласан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж шүүхийн үүргийг, 32.2-д “захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж нотлох баримт гаргаж өгөх бусад этгээдийн үүргийг, 32.3-д “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” хэргийн оролцогчдын нотлох баримттай холбогдуулан хүлээх үүргийг, 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж шүүхийн нотлох баримт үнэлэх зарчмыг тус тус зааж хуульчилжээ.

Анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр[1] Цагдаагийн ерөнхий газарт хандаж Эрүүгийн цагдаагийн албаны даргын ажлын байрны тодорхойлолт, мөн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/9872 дугаар албан бичгээр[2] Эрүүгийн цагдаагийн газрын даргын албан тушаалын чиг үүрэг нь ямар хэлтэс албанд шилжсэн талаарх ... нотлох баримтуудыг шаардсан атлаа хариуцагч талаас шаардсан баримтыг бүрэн ирүүлээгүй байхад “....нэхэмжлэгч Б.Б-ийн эрхэлж байсан Эрүүгийн цагдаагийн газрын даргын албан тушаалын нэр өөрчлөгдсөн ч хэрэгжүүлэх чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул...” гэж дүгнэж “хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан хуулийн шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хариуцагчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг үндэслэн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн даргаар Б.Б-ийг томилсон “тушаалыг хүчингүй болгуулах, мөн урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байхад шүүх нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан Эрүүгийн цагдаагийн газрын даргын албан тушаалын чиг үүрэг нь тус газар Эрүүгийн цагдаагийн алба болж өөрчлөгдсөний дараа хэвээр хадгалагдан үлдсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр маргаж буй захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй эсэх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар мөн нэхэмжлэлийн “ажилд эгүүлэн тогтоолгох” болон бусад шаардлагад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх байжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Эрүүгийн цагдаагийн газар нь Эрүүгийн цагдаагийн алба болж өөрчлөгдсөн болох нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгчээс “...урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх “урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Мөн хариуцагчийн “ажлын шаардлагаар шилжүүлсэн“ гэх тайлбар, үндэслэлтэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан урьдач нөхцөлүүдийн зарим хэсэгтэй холбогдуулан тухайн нөхцөл байдал үүссэн эсэх талаар шүүх дүгнэлт хийсэн атлаа тус хэсэгт заасан “албан ажлын шаардлага гарсан” гэх нөхцөлийг “тушаалаар зохицуулж буй харилцаанд хамааралгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх заалтын 4-т заасан даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын санд урьдчилан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг цагдаагийн албан хаагч болон ажил олгогч урьдчилан төлдөггүй, харин Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөс санхүүжүүлдэг, санхүүжилтийг нийгмийн даатгалын санд улсын төсвөөс шилжүүлдэг, өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагч болон ажил олгогч нь алба хаасан хугацаанд нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөггүй, харин улсын төсвөөс төлөгддөг тул албан тушаал бууруулан ажиллуулсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас нөхөн төлүүлэх үндэслэлгүй байхад шүүх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасан нь буруу байна.

Дээрх нөхцөл байдал засагдаагүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ