Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/03624

 

 

 

 

 

 

 

2022 08 29

101/ШШ2022/03624

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.******* -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.******* ,

 

Хариуцагч: Ү.******* ,

 

Хариуцагч: ******* ХХК нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* ХХК оролцсон,

 

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 969 дүгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 970 дугаар зээлийн гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20-303 дугаар барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүрэг, Хотхон ******* хаягт байрлах 263 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон нэгж талбарын ******* дугаартай газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, өмгөөлөгч О.*******, хариуцагч Ү.*******, Б.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... Би худалдаж авсан газартаа амины орон сууц бариулахаар ******* ХХК-тай тохиролцож хөрөнгө оруулалт хийсэн ба барилгын карказ суурийг босгож өгсөн. Барилгын ажил явагдахгүй, гацалттай удаашралтай байсан, П. захирал миний мөнгийг өөр газар оруулчихсан гэсэн учир би Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл өгсөн. Үүнтэй зэрэгцэн хажуу талын цэцэрлэгийн эрхлэгч Ү.******* барилгаа зарчихаач гэж гуйсныг би зөвшөөрч, нотариатч дээр гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах яриа бидний хооронд амаар байсан боловч зээлийн гэрээ хийсэн, татвар төлөхгүйн тулд ийм гэрээ хийдэг гэсэн тайлбар хэлсэн, би газраа үнэгүй шилжүүлээд өгчихсөн, дүр эсгэсэн гэрээ хэлцэл надтай хийсэн. Анхнаасаа Ү.******* миний барилга, газрыг шилжүүлж авахдаа худал хэлсэн. У.ийн Засгийн газраас хэдэн тэрбумын хөрөнгө орж ирнэ, улсын 3 дугаар цэцэрлэг байргүй болчихоод манай цэцэрлэгийн байрыг түрээсэлж байгаа гэж ярьж байсан ч улсаас мөнгө орж ирэх асуудал нь худал болсон, Хятадаас хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж ярьсан, сүүлдээ Нарантуулын боссоос хүүтэй мөнгө зээллээ гэж ярьсан, хамгийн сүүлд *******ны зээлийн эдийн засагч Анхбаяр гэдэг хүнд хахууль өгсөн, зээл удахгүй шийдвэрлэгдэнэ гэж ярьсан, үнэхээр шийдвэрлэгдчих юм болов уу гээд найдан хүлээсэн.

Би сүүлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнаас миний барилга ******* ХХК-д шилжээд *******ны барьцаанд тавьсан гэдгийг мэдсэн. Ү.******* өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцохдоо барилга миний нэр дээр байгаа гэж ярьсан, алхам тутамдаа худал яриад хуураад байна. Хариуцагч Ү.*******, Б.******* нар 304,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сард авчихаад төлбөр төлөөгүй. ******* ХХК-тай үгсэн хуйвалдаж, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн шүүхийн шийдвэр гаргуулсан, 5,000,000 төгрөгөөс өөр зээлээ огт төлөхгүй байсаар байгаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулсан. Банкинд бүрдүүлж байгаа материал дээр 435,000,000 төгрөг, улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтаар 20,000,000 төгрөгөөр худалдсан мэтээр гэрээ байгуулаад түүнд ногдох татварыг төлсөн, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүсэлтээ өгөөд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээл нь гарсан, 2 хоногийн дотор зээл гаргана гэдэг дээр эргэлзээ төрж байгаа. Үүнтэй холбоотойгоор хүсэлтээ гаргасан.

Зээлийн гэрээгээр халхавчлан худалдах, худалдан авах гэрээ хийсэн, мөн хууран мэхэлж хэлцэл хийсэн, эд хөрөнгийг шилжүүлэн аваад төлбөр төлөх боломжтой болсон ч төлбөрийн нөхцөлөөс зайлсхийж байгаа идэвхтэй үйлдэл нь хууран мэхлэх гэж Улсын дээд шүүх тайлбарласан байдаг. Иймээс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 969 дүгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 970 дугаар зээлийн гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20-303 дугаар барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүрэг, Хотхон ******* хаягт байрлах 263 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон нэгж талбарын ******* дугаартай газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2.Хариуцагч Ү.*******, Б.******* нарын тайлбар, татгалзалд: ... Талуудын хувьд зээлийн гэрээг зээл биш байсан, 300,000,000 төгрөгийн асуудал байсныг маргахгүй, Ү.******* энэ талаар, мөн барилгаа шилжүүлээч, худалдаач гэж нэхэмжлэгчид хандсан талаар болон үнийн дүн дээр маргахгүй. Тийм учраас худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгө болоогүй хөрөнгийг худалдсан, нэхэмжлэгч барилгын карказ боссон байсан гэж хэлж байна. Тухайн хөрөнгийг талууд 300,000,000 төгрөгөөр тохирч, үүнээс хариуцагч 80,000,000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж болох юм. Харин худалдах, худалдан авах гэрээний хувьд хэрхэн төөрөгдөлд орсон, хуурсан, үнийг хэрхэн төлөх талаар хуурсан гэдэг асуудал яригдаад байгаа болохоос энэ объектыг заръя гэдэг хүсэл зориг байсан дээр маргаан байхгүй, түүнийгээ ч илэрхийлээд 80,000,000 төгрөг авсан, мөн анх 220,000,000 төгрөг нэхэмжлээд худалдах, худалдан авах гэрээний агуулга яригдаж байсан. Хариуцагчийг гэрээний үүрэг биелүүлээгүй гэж яриад байгаа нэхэмжлэгчийн тайлбар нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ шаардаад байгаа хүсэл зориг уу, тодорхой бус байна. Ү.*******, Б.******* нараас 263 м.кв объектыг шаардах боломжгүй, хууль ёсны дагуу эрх шилжээд дуусгавар болсон, 263 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгоё, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол нотлох баримтаа нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргаж өгөх ёстой. Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар талуудын хөрөнгө нийлсэн, холилдсон гэж үзэх нөхцөл байдал байгаа гэж үзвэл энэ хөрөнгийн ихэнх хэсгийг хэн гаргасан, хэн өмчлөгч, эзэмшигч гэдгийг нотлох ёстой. Нэхэмжлэгч өмнө нь 90 хувийн гүйцэтгэлтэй байсан гэж ярьдаг, сая карказ боссон байсан гэж хэлж байна. Хэдэн хувийн гүйцэтгэлтэй байсныг мэдэх боломжгүй, 90 хувийн гүйцэтгэлтэй гэсэн дуусаагүй барилгын гэрчилгээ хэрэгт байхгүй, үүнийг шинжилсэн үнэлгээний компанийн үнэлгээ байхгүй. Ү.******* 367,000,000 төгрөгийн батлагдсан төсөвтэй барилга байсан, би 200,000,000 гаруй төгрөг гаргасан гэж тайлбарладаг, түүнийгээ зарлагын падаан, дансны гүйлгээ, ажил гүйцэтгэсэн ажилтан, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлож байгаа. Б.*******гээс газрыг авъя, даалгая гэдэг шаардлага гаргасан, одоо хэлцлийг хүчин төгөлдөр бус болгоё гэж үндэслэлээ тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар эрхээ шилжүүлсэн, тус хуулийн зохицуулалтаар шилжүүлэх гэж байгаа хүсэл зориг буюу нотариатаар орж кадастрын зураг авч байгаа этгээдүүдийн өргөдөл хүсэл зориг зэргийг төрийн байгууллага анхаардаг. Энэ талаар захиргааны хэргийн шүүх дээр хүчингүй болгосон зүйл байхгүй, эрх шилжүүлэхэд талуудын хүсэл зоригийг ярихаас биш, мөнгөө өгөхгүй болохоор нь хүчин төгөлдөр болгуулъя гэдэг агуулга байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хэрэгжих боломжгүй. Гэрээний оролцогч тал биш этгээд ямар үндэслэлээр банктай байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж байгаа талаараа тайлбарлаагүй. Нэхэмжэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэрэгжих боломжгүй шаардлага байна гэв.

 

3.Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзалд: ... Нэхэмжлэгч нь ******* ХХК-аар тухайн барилгыг бариулж байсан, ингэхдээ төлбөр мөнгөний боломжгүйгээс барилга Ү.*******, Б.******* нарт шилжсэн байсан. Ү.*******, Б.******* нар үргэлжлүүлэн бариулах явцдаа ******* ХХК-д барилгыг худалдах санал тавьсан. Энэ хүрээнд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.*******, Ү.******* нараас худалдан авсан нь үнэн. Улмаар ******* ХХК барилгаа *******ны барьцаанд тавьсан. Нэхэмжлэгчийн яриад байгаа Ү.*******тай холбоотой маргаан нь гэрээний дагуу тусдаа шийдэх ёстой асуудал байх. Энэ нэхэмжлэлийн шаардлага ******* ХХК-д огт хамааралгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд *******тай хийсэн манай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байр суурь нэг байна. Анх нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа худалдах, худалдан авах гэрээний дагуу гаргасан байсан. Энэ хэрэгт манай тал огт хамааралгүй гэв.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт ... ******* ХХК нь *******наас 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 04/20-302 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж зээл авсан бөгөөд үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72-р хотхон гудамж, хаягт байрлах, улсын бүртгэлийн 339.7 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэгдсэн, 81 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ, мөн барьцааны гэрээний 2.4-т ... Энэ гэрээнд заасны дагуу барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд байлгана. Барьцааны зүйл нь эрхийн зөрчилгүй биет байдлын доголдолгүй байна. Барьцааны зүйлийн талаар гуравдагч этгээдээс маргаан гарсан тохиолдолд барьцаалагч нь Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.7 дахь хэсэгт заасны дагуу уг гуравдагч этгээдээс давуу эрхтэй байх бөгөөд өмчлөх, эзэмших, захиран зарцуулах, түүнээс хүртэх үр шимийг эдлэх эрх барьцаалуулагчаас гуравдагч этгээдэд шилжсэн тохиолдлоос үл хамааран энэ гэрээнд заасан барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг ******* ХХК нь хуульд заасан үндэслэлэээр барьцаалсан болно.

Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн ажилтныг авлига авсан гэж тайлбарлаж байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарахаас нааш хүнийг гэм буруутайд тооцож болохгүй. Авлигатай тэмцэх газраас шалгаж шүүхийн шийдвэр гараагүй байхад шүүх хуралдаанд ийм байдлаар хэлж болохгүй, тайлбар үндэслэлгүй. ******* ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан болоод ******* ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хангагдсан. Хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан учраас барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ******* ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэв.

 

5.Хэргийн нотлох баримт:

 

а.Нэхэмжлэгчийн нотлох баримт: 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 969 дүгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 970 дугаар зээлийн гэрээ, барилгын ажлын төсөв гүйцэтгэлийн тайлан тэнцэл акт, нэхэмжлэгчийн *******ин дахь депозит дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгө хүлээлцсэн акт, гар бичмэл, ******* ХХК-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн барилгын ажлын гэрээ, ******* ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар албан бичиг, техникийн хураамж төлсөн баримт, ажлын төсөв, ХХК-тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Баянзүрх дүүргийн Газрын албанд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан өргөдөл.

 

б.Хариуцагч Ү.*******, Б.******* нарын нотлох баримт: амины орон сууцны барилгын ажлын угсралтын төсөв, барилгын загвар зураг, барилгын ажлын санхүүгийн баримтууд, фото зургууд, *******ин дахь Б.*******гийн депозит дансны хуулга, Хаан банкин дахь Б.ийн тоот дансны хуулга, Н.тай 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, Б.тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, М.тэй 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ.

 

в.Хариуцагч ******* ХХК-ийн нотлох баримт: зээлийн дансны хуулга, Б.*******, П. нарын байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт.

 

г.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн нотлох баримт: ******* ХХК-тай байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20-302 дугаар зээлийн гэрээ, ******* ХХК, Б.******* нартай байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20-303 дугаар барьцааны гэрээ, итгэмжлэл, Б.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Б.*******, ******* ХХК нарын байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг.

 

д.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай хувийн сууцны лавлагаа, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн ******* нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх зүйн харилцаа үүссэн баримт материал, ТӨХК, Ус сувгийн удирдах газар, ХК-ийн техникийн нөхцөлүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 19/006 дугаар инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ, Нийслэлийн онцгой байдлын газрын барилгын зураг төслийн хяналтын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 009/130 дугаар дүгнэлт, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай хувийн сууцны бүртгэлийн хувийн хэрэг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн ******* нэгж талбарын дугаартай газрын хувийн хэрэг, шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлүүд, гэрч Б., Т. нарын мэдүүлгүүд, шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дүгээр дүгнэлт, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01-08/4110 дугаар лавлагаа.

 

Шүүх хуралдаанаар зохигч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч нь анх хариуцагч Ү.*******, Б.******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 220,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Ү.*******, Б.******* нарт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 969 дүгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 970 дугаар зээлийн гэрээг тус тус, хариуцагч Б.*******, ******* ХХК нарт холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20-303 дугаар барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн Баянзүрх дүүрэг, Хотхон ******* хаягт байрлах 263 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон нэгж талбарын ******* дугаартай газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулахаар шаардсан ба хариуцагч нар хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дор дурдсанаар тодорхойлсон:

- хариуцагч Ү.*******, Б.******* нартай байгуулсан зээлийн гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг худалдах, худалдан авах гэрээний татвараас зайлсхийх зорилгоор халхавчилж хийсэн, хууль тогтоомж зөрчсөн, мөн хууран мэхэлж хийсэн,

- хариуцагч Б.*******, ******* ХХК нарын байгуулсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг татвараас зайлсхийх зорилгоор өөр өөр үнийн дүнтэй хийж, 2 хоногийн хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлж хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл,

- хариуцагч Б.*******, ******* ХХК нарын ******* ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тус тус тайлбарласан.

 

4.Хариуцагч нар дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан:

- хариуцагч Ү.*******, Б.******* нар зээлийн гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг худалдах, худалдан авах гэрээний татвараас зайлсхийх зорилгоор халхавчилж хийснийг үгүйсгээгүй боловч хуурч мэхэлсэн зүйл байхгүй, гэрээний үнэд 80,000,000 төгрөг төлсөн, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг зохих шатны Засаг дарга хянаж гэрчилгээ олгосон, үүнийг хууль зөрчсөн гэж тогтоогоогүй,

- хариуцагч Б.*******, ******* ХХК нар хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг 20,000,000 төгрөгийн үнийн дүнгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлснийг хууль зөрчсөн гэж тогтоосон баримтгүй,

- хариуцагч Б.*******, ******* ХХК нарын ******* ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэж тус тус тайлбарласан.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК нь талуудын маргаанд банк буруугүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж тайлбарласан.

 

6.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дор дурдсан үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

а.Нэхэмжлэгч болон хариуцагч Ү.*******, Б.******* нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 970 дугаар зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгчээс хариуцагч нарт 300,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ (хэргийн 1 дэх хавтас 10-11 дэх тал).

 

б.Мөн нэхэмжлэгч болон хариуцагч Б.******* нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 969 дүгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгчээс хариуцагчид эрхийн улсын бүртгэлийн Э- дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, Хотхон-72, 64 хаягт байрлах 84 м.кв талбайтай газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцжээ (хэргийн 1 дэх хавтас 4 дэх тал).

 

в.Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн газрын хувийн хэрэг болон лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр олгогдсон дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эрхийн улсын бүртгэлийн Э- дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, Хотхон-72, 64 хаягт байрлах 84 м.кв талбайтай газрыг эзэмшиж эхэлсэн байх ба нэхэмжлэгч, хариуцагч Б.******* нар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн газар шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гарган улмаар хариуцагч Б.*******д 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна (хэргийн 2 дахь хавтас 162-217 дахь тал). Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дээрх газар хариуцагч Б.*******гийн эзэмшилд бүртгэлтэй хэвээр байна (хэргийн 4 дэх хавтас 212 дахь тал).

 

г.Нэхэмжлэгч, хариуцагч Б.******* нар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж, газар эзэмших эрх шилжүүлэх 969 дүгээр гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, Хотхон-72, 64 хаягт байрлах 263 м.кв бүхий дутуу баригдсан карказ барилгыг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар дурджээ (хэргийн 1 дэх хавтас 15 дахь тал).

 

д.Хариуцагч Б.*******гээс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 19,850,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10,150,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох *******ин дахь нэхэмжлэгч, хариуцагч Б.******* нарын депозит дансны хуулгууд, талуудын тайлбараар тогтоогдож байна (хэргийн 1 дэх хавтас 14 дэх тал, 3 дахь хавтас 61-63 дахь тал).

 

е.Нэхэмжлэгч болон хариуцагч Ү.*******, Б.******* нар дээр дурдсан зээлийн гэрээгээр тэдний хооронд зээлийн харилцаа үүсээгүй, харин Баянзүрх дүүрэг, Хотхон-72, 64 хаягт байрлах дутуу баригдсан барилга, газрыг 300,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар амаар харилцан тохиролцох үедээ татвар төлөхгүй үүднээс 300,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг, мөн газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээг тус тус бичгээр байгуулсан болохоо шүүхэд хүлээн зөвшөөрсөн.

 

Дээр дурдсан үйл баримтын талаар шүүхэд маргаагүй.

 

Нэг.Хариуцагч Ү.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 969 дүгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 970 дугаар зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар.

 

7.Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч Ү.*******, Б.******* нар нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр маргаан бүхий дуусаагүй барилга болон газрыг 300,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар амаар харилцан тохиролцсоноос үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Гэвч талууд хөрөнгө борлуулсны татвар төлөхгүй байх зорилгоор зээлийн гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр хийсэн гэж тайлбарласан, энэ талаар шүүхэд маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл, талуудад зээл өгөх, авах, мөн газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, харин хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулан, худалдах, худалдан авах гэрээг халхавчлан зээлийн гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3 дахь хэсэгт өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасныг үндэслэн эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэстэй.

 

Нөгөө талаар талууд дуусаагүй барилгыг газрын хамт худалдах, худалдан авах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдээгүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт заасны дагуу бичгийн хэлцэл хийгээгүй тул амаар хийсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

 

8.Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Ү.*******, Б.******* нар анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх зорилгогүйгээр хэлцэл хийсэн, нөхцөл байдлын талаар удаа дараа худал ярьсан, хариуцагч ******* ХХК-тай үгсэн хуйвалдаж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэн банкинд барьцаалуулсан зэрэг үндэслэлээр хууран мэхэлж гэрээ хийсэн гэж маргасан.

 

9.Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн баримтаар (хэргийн 2 дахь хавтас 74-103, 104-119, 127-143 дахь тал) дор дурдсан үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

а.Хариуцагч Б.******* 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар хотхон гудамж, 64 хаягт байрлах, 339.7 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгүүлэн, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ авчээ.

 

б.Дээрх мэдүүлэгт нэхэмжлэгчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хүсэлт хавсаргагдсан байх ба Б.*******д амины орон сууцны барилгын карказ, газрыг шилжүүлсэн үндэслэлээр техникийн нөхцөлүүд, дагалдах бичиг баримтыг Б.*******гийн нэр дээр шилжүүлэхэд татгалзахгүй талаар дурдагджээ.

 

в.Улмаар хариуцагч Б.******* 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

г.Хариуцагч ******* ХХК нь *******тай байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

10.Дээр дурдсан баримтуудаар хариуцагч Б.******* нь дуусаагүй барилгыг гүйцээн барьж, улмаар 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад гэрчилгээ авахаар хандахдаа нэхэмжлэгчээс бичгээр зөвшөөрөл (хүсэлт) авсан байх ба 2020 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд нийт 80,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэд нэхэмжлэгчид шилжүүлсэн нөхцөл байдалтай харьцуулан үзвэл хариуцагч тал бодит нөхцөл байдлын талаар ташаа зүйл илэрхийлсэн буюу Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийх зорилгоор нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

11.Нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дүгээр дүгнэлт, шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгүүдийн тэмдэглэлээр хариуцагч Ү.******* нь нэхэмжлэгчид мөнгө төлөхтэй холбогдуулан Засгийн газраас хийсэн ажлын мөнгө авах, улсын төсвөөс цэцэрлэгийн хүүхдийн мөнгө орж ирэх, Хятадаас хөрөнгө оруулалт орж ирэх, иргэнээс, банкнаас зээл авах зэргээр хөөцөлдөж байгаа талаар, мөн хариуцагч ******* ХХК-ийн захирал П. нь Б.*******гээс барилгыг шилжүүлэн авч өмчлөгчөөр бүртгүүлэн *******инд барьцаалан зээл авсан, зээлийг хариуцагч Ү.*******д шилжүүлсэн талаар тус тус нэхэмжлэгчтэй ярьсан үйл баримт тогтоогдсон (хэргийн 4 дэх хавтас 26-33, 61-68, 95-101 дэх тал).

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай бөгөөд хуурч мэхлэн хэлцэл хийгдсэн гэж үзэх өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй тул мөнгө төлөх агуулга бүхий дээрх яриаг нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй байна.

 

Хоёр.Хариуцагч Б.*******, ******* ХХК нарт холбогдуулан гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20-303 дугаар барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар.

 

12.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******, ******* ХХК нарын байгуулсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг татвараас зайлсхийх зорилгоор өөр өөр үнийн дүнтэй хийсэн, хариуцагч Б.*******, ******* ХХК нарын ******* ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн, мөн эдгээр гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлээр дээрх шаардлага гаргасныг хариуцагч нар татгалзаж, шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

 

13.Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч болон хариуцагч Ү.*******, Б.******* нарын амаар хийсэн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байгаа нь нэр бүхий хариуцагч нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд шууд нөлөөлөхгүй. Тодруулбал,

 

а.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан хариуцагч Б.******* маргаж буй барилгын өмчлөгч бөгөөд тэрээр мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэн худалдах, худалдан авах гэрээгээр барилгыг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн.

 

б.Хариуцагч ******* ХХК-д Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүссэн бөгөөд өмчлөгчийн эрхийн хүрээнд ******* ХХК-тай барьцааны гэрээг байгуулсан.

 

в.Хариуцагч Б.******* нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны газар эзэмшигч бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт заасан барьцаалах эрхийн дагуу ******* ХХК-д зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулах итгэмжлэл олгосноор барьцааны гэрээ байгуулагдсан.

 

г.Дээрх гэрээний талууд Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн бие даасан байдлын зарчмын хүрээнд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан бичгийн хэлцлүүд хийсэн байна.

 

д.Эдгээрээс үзэхэд, нэхэмжлэгч болон хариуцагч Ү.*******, Б.******* нарын худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болсноор тус гэрээнүүдийн эрх зүйн үндэслэл үгүйсгэгдэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

14.Үүнээс гадна нэхэмжлэгч нь гэрээний тал биш тул хариуцагч нар өөр өөр үнийн дүн бүхий (20 сая, 250 сая, 435 сая) гэрээ хийсэн нь татварын хууль тогтоомж зөрчсөн эсэх, мөн өмчлөх эрх шилжсэнийг болон барьцааг улсын бүртгэлийн байгууллагад богино хугацаанд бүртгэсэн нь улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцсэн эсэх үндэслэлээр шаардлага гаргах эрх түүнд хуулиар олгогдоогүй. Өөрөөр хэлбэл, хэлцлийн хүчин төгөлдөр бус болохыг нотолж шаардах эрхийг гагцхүү гэрээний талууд өөрсдөө хэрэгжүүлнэ.

 

15.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Б.*******, ******* ХХК нарт холбогдуулан гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20-303 дугаар барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт хариуцагч ******* ХХК-аас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг (хэргийн 4 дэх хавтас 36-37 дахь тал), бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг (хэргийн 4 дэх хавтас 150-151 дэх тал) тус тус хавсаргуулсан бөгөөд нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардлага гаргасан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тодруулж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав.Баянзүрх дүүрэг, Хотхон ******* хаягт байрлах 263 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон нэгж талбарын ******* дугаартай газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар.

 

16.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасан.

 

17.Нэхэмжлэгч болон хариуцагч Ү.*******, Б.******* нарын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр амаар байгуулсан дуусаагүй барилга, газар эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээ болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 969 дүгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 970 дугаар зээлийн гэрээ тус тус хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******гийн эзэмшилд бүртгэлтэй байгаа, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, Хотхон-72, 64 хаягт байрлах, 84 м.кв талбайтай газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

18.Харин нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжсэн дуусаагүй барилгыг хариуцагч Ү.*******, Б.******* нараас шаардах эрхтэй боловч хэргийн баримтаар уг эд хөрөнгө хариуцагч Б.*******гийн өмчлөлөөс өөр гэрээний үндсэн дээр ******* ХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдсон, тухайн гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид хуулиар олгогдоогүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ямар үндэслэлээр юу шаардах нь түүний бие даан тодорхойлох асуудал бөгөөд нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага, үндэслэлийн хүрээнд, тодруулбал хариуцагч Б.*******, ******* ХХК нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах замаар барилгыг буцаан авахаар шаардсан энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан болохыг дурдах нь зүйтэй.

 

19.Мөн нэхэмжлэгчийн дуусаагүй барилга ямар өртөгтэй, ямар хэмжээний гүйцэтгэлтэй байсан, хариуцагч Б.******* ямар зардлаар, ямар ажил гүйцэтгүүлж бүрэн (100 хувь) гүйцэтгэлтэй болгосон талаар талууд тайлбар, холбогдох нотлох баримт гаргасан ч маргааны зүйл болгоогүй буюу эсрэг талдаа холбогдуулан шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Тухайлбал, нэхэмжлэгчийн зүгээс барилга барихтай холбоотой зөвшөөрлийн баримт бичгүүд (Нийслэлийн онцгой байдлын газрын барилгын зураг төслийн хяналтын байцаагчийн 2019 оны 009/130 дугаар дүгнэлт, ТӨХК, Ус сувгийн удирдах газар, ХК-ийн техникийн нөхцөлүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар, инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ зэрэг)-ийн дагуу барилгын ажлыг ******* ХХК-аар гүйцэтгүүлсэн, гүйцэтгэл 90 хувь гэж тайлбарлан 134,304,000 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын ажлын төсөв гүйцэтгэлийн тайлан тэнцэл акт (хэргийн 1 дэх хавтас 12-13 дахь тал, 2 дахь хавтас 29-33, 46-66, 69-72 дахь тал), хариуцагч Ү.*******, Б.******* нарын зүгээс барилгад 200 гаруй сая төгрөгийн ажил нэмж гүйцэтгүүлсэн гэж тайлбарлан барилга угсралтын ажлын төсөв, барилгын загвар зураг, ажил гүйцэтгэх гэрээ, зарлагын баримтууд, дансны хуулга зэрэг баримтуудыг (хэргийн 1 дэх хавтас 188-250, 2 дахь хавтас 1-26, 3 дахь хавтас 64-129, 150-162 дахь тал) тус тус шүүхэд гаргаж, мөн гэрч Б., Т. нараас мэдүүлэг авахуулсан.

 

20.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч болон хариуцагч Ү.*******, Б.******* нарын байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 969 дүгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 970 дугаар зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, Хотхон-72, 64 хаягт байрлах, 84 м.кв талбайтай газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.*******д даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

21.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан бол түүнд тооцогдох хэсгийг хариуцагч төлөх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 2,334,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.*******, Б.******* нараас 1,728,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******од олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******, хариуцагч Ү.*******, Б.******* нарын байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 969 дүгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 970 дугаар зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч М.*******од эрхийн улсын бүртгэлийн Э- дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, Хотхон-72, 64 хаягт байрлах, 84 м.кв талбайтай газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.*******д даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч Б.*******, ******* ХХК нарт холбогдуулан гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20-303 дугаар барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүрэг, Хотхон ******* хаягт байрлах 263 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,334,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.*******, Б.******* нараас 1,728,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******од олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА