Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/02906

 

 

 

 

 

 

 

 

2022 06 21

101/ШШ2022/02906

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Р.*******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******т холбогдох,

 

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: ... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2017/03515 дугаар шийдвэрээр ******* ББСБ ХХК-д 20,723,956 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Үүний дагуу миний өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, Цайзын 5а гудамж, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, 540.5 м.кв өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 56 м.кв хувийн сууц, 17.8 м.кв талбайтай өргөтгөлийн хамт шинжээч томилж уг эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 63,744,400 төгрөгөөр үнэлсэн. Гэвч уг эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ доод тал нь 220,000,000 төгрөг болно. Учир нь уг үл хөдлөх эд хөрөнгө газарт орж ойр орчмын бүх айл орон сууцанд орсон. Шинжээч уг нөхцөлд байдлыг харгалзан үзэлгүй миний өмчлөлийн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэнд миний зүгээс ихээхэн гомдолтой байна. Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, Цайзын 5а гудамж, ******* хаягт байрлах газар болон хувийн сууцыг 63,744,400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарт: ... Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3515 дугаар шийдвэрээр 20,723,956 төгрөгийг ******* ББСБ ХХК-д, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8812 дугаар шийдвэрээр 83,472,450 төгрөгийг Т.*******т, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2644 дүгээр шийдвэрээр 21,262,950 төгрөгийг Р.д тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн өмчлөлийн ******* ББСБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, ******* хороо, Цайз 5а гудамж, *******од байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай өмчлөлийн газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 56 м.кв талбайтай хувийн сууц зэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18261144/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18261144/03 дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр Дамно ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон. Шинжээч 24,676,147 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгчөөс хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 249 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 570 дугаар магадлалаар анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2103 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18261144/07 дугаар тогтоолоор хурааж, талуудад үнийн санал ирүүлэхийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18261144/10 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдэхэд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгч Р.******* 200,000,000 төгрөгөөр үнэлсэн, уг үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах тухай 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/10.30.01 дүгээр албан бичгээр хариу ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/550 дугаар шинжээч томилох тогтоолоор "Файн-Эстимэйт" ХХК-ийн үнэлгээчин Н.ийг томилсон. Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн үнэлгээний тайлангаар 54,117,500 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Төлбөр төлөгч Р.******* нь дахин шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00964 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 845 дугаар магадлалаар Файн эстимейт" ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Улмаар 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18261144/10, 16260815/10, 17262039/10 дугаар тогтоолоор дээрх газар, хувийн сууцыг хурааж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулан өгч, хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргаж өгөхийг мэдэгдэхэд нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 260,000,000 төгрөгийн үнийн санал гаргасныг төлбөр төлөгч хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилох талаар 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/22.04.08.01 дүгээр албан бичгээр хүлээн зөвшөөрөхгүй хариу ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/95 дугаар шинжээч томилох тогтоолоор ХХК-ийн үнэлгээчин 071200051 дугаар тусгай зөвшөөрөлтэй С.ыг томилсон. Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн үнэлгээний тайлангаар 63,744,400 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4-189/8629 дугаар мэдэгдэл, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ үндэслэлтэй тогтоогдсон ба нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж 3 удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж 4 жил төлбөр төлж барагдуулахгүй төлбөр авагчид эдийн засгийн ноцтой хохирол учруулж, дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчийн нотлох баримт: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл 2022.04.22 №4-189/8629, 2022.04.28 №4-189/9028, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол 2022.04.26 №5/43, ХХК-ийн үнэлгээний тайлан.

 

4.Хариуцагчийн нотлох баримт: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол 2018.05.25 №18261144, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018.06.14 №18261144/01, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2018.06.14, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг 2017.08.28 №3/20827, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2021.03.25 №101/ШШ2021/00964, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2021.05.24 №845, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2021.07.09 №101/ШЗ20021/10945, эд хөрөнгө хураах тухай тогтоол 2022.03.24 №182611144/10, 16260819/10, 17262039/10, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2022.03.24, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, мэдэгдэл 2022.03.24, Р.*******ын үнийн санал, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2022.04.04, ******* ББСБ ХХК-ийн хүсэлт 2022.04.08 №А/22.04.08.01, шинжээч томилох тухай тогтоол 2022.04.11 №4/95, ХХК-ийн үнэлгээний тайлан, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2022.04.22, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл 2022.04.22 №4-189/8629, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2022.04.25, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл 2022.04.28 №4-189/9028, 4-189/9031, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2022.04.28, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол 2022.04.26 №5/43.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Баянзүрх дүүрэг, ******* хороо, Цайзын 5а гудамж, ******* хаягт байрлах газар болон хувийн сууц, өргөтгөлийг нийт 63,744,400 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18261144 дүгээр тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00964 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 845 дугаар магадлалаас үзэхэд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03515 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчээс 20,723,956 төгрөг гаргуулан ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үүсгэжээ.

 

5.Улмаар ******* ББСБ ХХК-ийн барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* хороо, Цайзын 5а гудамж, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, 540.5 м.кв талбайтай газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 56 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр битүүмжилсэн байна.

 

6.Мөн хариуцагчийн тайлбарт дурдсанаар дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг 24,676,147 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02103 дугаар шийдвэрээр, 54,117,500 төгрөгөөр үнэлсэн "Файн-Эстимэйт" ХХК-ийн үнэлгээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00964 дугаар шийдвэрээр тус тус хүчингүй болгосон байна.

 

7.Үүний дараа хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 182611144/10, 16260819/10, 17262039/10 дугаар бүхий тогтоолоор дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг дахин хурааж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн байх ба төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

8.Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18261144 дүгээр мэдэгдэх хуудсаар хураагдсан газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн байх ба төлбөр төлөгч нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 260,000,000 төгрөгөөр, төлбөр авагч нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр төлөгчийн 260,000,000 төгрөгийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр шинжээч томилуулах тухай хүсэлт тус тус ирүүлжээ.

 

9.Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/95 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг, ******* хороо, Цайзын 5а гудамж, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 56 м.кв талбайтай хувийн сууц, өргөтгөлийн хамт, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, 540.5 м.кв талбайтай өмчлөлийн газрыг үнэлүүлэхээр ХХК-ийн үнэлгээчин С.ыг шинжээчээр томилсон байна.

 

10.Дээрх ажиллагааны талаар зохигчид шүүхэд маргаагүй ба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчнээр тогтоолгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр тус тус заасныг зөрчөөгүй.

 

11. ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн үнэлгээний тайланд Баянзүрх дүүрэг, ******* хороо, Цайзын 5а гудамж, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 56 м.кв талбайтай хувийн сууц, өргөтгөл, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, 540.5 м.кв талбайтай өмчлөлийн газрыг нийт 63,744,382.70 төгрөгөөр үнэлсэн байх ба нэхэмжлэгч уг үнэлгээг эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгө газарт орж, ойр орчмын бүх айл орон сууцанд орсон учраас зах зээлийн бодит үнэлгээ доод тал нь 220,000,000 төгрөг, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж марган шүүхэд нэхэмжлэл гаргасныг дор дурдсан үндэслэлээр хангах нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал,

 

а.Нэхэмжлэгч дээрх үнэлгээний тайлантай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр танилцаж, шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчөөгүй байна.

 

б.Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00964 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 845 дугаар магадлалаас үзэхэд Файн-Эстимэйт ХХК-аас газар, үл хөдлөх эд хөрөнгийг 54,117,500 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгохдоо ... төлбөр төлөгч нь барьцааны эд хөрөнгөд 112 м.кв /56+56/ талбайтай өргөтгөл хийсэн, уг өртгөтгөл нь барьцаалсан 56 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс болон газраас салгах боломжгүй талаар ... тайлбарласан ... барьцааны газар дээр орших, барьцаалсан 56 м.кв талбайтай хувийн сууц, бусад өргөтгөлүүд нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 85.2 дахь хэсэгт заасан эд юмсын бүрдэл хэсэг болох бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалагдаагүй хөрөнгө гэдгээр үнэлгээнд оруулаагүй нь хэргийн бодит нөхцөл байдал нийцэхгүй гэж дүгнэжээ.

 

в. ХХК-ийн үнэлгээний тайлангийн 2.1 дэх хэсэгт ... газарт залгаа баригдсан 2 орон сууц, өргөтгөлийн хамт байрлаж байгаагаас ногоон болон хөх өнгөөр хүрээлсэн хөрөнгүүд үнэлгээнд хамрагдсан, Дөрөв.Үнэлгээний үр дүнг хэрэглэх, хязгаарлах нөхцлүүд гэсэн хэсэгт ... Тус үнэлгээнд захиалагчийн тогтоолд заасан 540.5 м.кв өмчилсөн газар, 56.0 м.кв Ү-******* дугаар бүхий хувийн сууц, 17.8 м.кв тус хувийн сууцны зүүн талд залгаж барьсан өргөтгөлийн хэсэг хамрагдаж байна. Харин тус хувийн сууцны зүүн талд залгаж барьсан 27.9 м.кв хувийн сууц, нэг машины авто граж /блокон/, ... зэрэг бусад хөрөнгүүд үнэлгээнд хамрагдаагүй болохыг тэмдэглэж байна гэж тусгасан байх ба хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрт заасны дагуу үнэлгээг дахин хийлгэхдээ барьцааны газар дээр байрлаж буй 17.8 м.кв талбай бүхий өргөтгөлийг үнэлүүлсэн байх боловч хувийн сууцны баруун талд залгаж барьсан 27.9 м.кв хувийн сууц, нэг машины авто гараж зэрэг хувийн сууц болон газрын бүрдэл хэсгийг үнэлүүлээгүй байна.

 

г.Үүнээс гадна давж заалдах шатны шүүхийн магадлалд ... нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газар нь дахин төлөвлөлтөд орсон, хөрш зэргэлдээх газар үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговрын үнэлгээг тогтоож, орон сууцаар сольж байгаа талаарх ХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг, гэрч Ц.гийн мэдүүлэг авагдсан байна. Иймд нөхөн олговрын үнэлгээний талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй бөгөөд тодруулах нь зүйтэй ... шинжээч нь барьцааны газар болон үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох өргөтгөлийг үнэлгээнд оруулаагүй, дахин төлөвлөлтөд орсон зэргэлдээ газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харгалзалгүй үнэлгээ гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй ... гэж дүгнэжээ.

 

д.Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 260,000,000 төгрөгийн үнийн санал өгөхдөө ... Одоогоор БЗД Цайз гудамжнаас бусад нь газарт орж нүүсэн болно. Нүүсэн айлууд Нисэх Буянт-Ухаа руу нүүсэн байгаа. Урд эгнээний айлууд манайхтай адилхан, түүнээс бага газартай айл 2 өрөө байр 1 ш, 1 өрөө байр 1 ш байраар авсан нь ОСК тогтоосон байгаа гэж хүсэлтдээ тусгасан байна.

 

е. ХХК-ийн үнэлгээний тайланд Цайз захын хойно байршилтай 400 м.кв газартай 2018 онд ашиглалтад орсон 60 м.кв хувийн сууцыг гаражийн хамт 55.0 сая төгрөгөөр, мөн Цайзын уулзвараас хойшоо 900 метр зайд байршилтай 315 м.кв газартай, 2012 онд ашиглалтад орсон 73 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 90.0 сая төгрөгөөр тус тус худалдах мэдээлүүдийг сонгон авсан байх боловч дээрх шүүхийн шийдвэр болон нэхэмжлэгчийн үнийн саналд тусгагдсанаар дахин төлөвлөлтөд орсон зэргэлдээ газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

ё.Үнэлгээний тайлангийн 2.1 дэх хэсэгт ... НОСК-ийн газар чөлөөлтөд хамрагдсан газрын дэргэд байрладаг ..., Дөрөв хэсэгт ... Нийслэлд 2018 оноос хойш хэрэгжиж буй дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийн төслүүдийн хүрээнд тус Баянзүрх дүүрэгт 9, 17, 19, 24 дүгээр хороо, Шар хад дэд төвүүдэд байрлаж буй иргэн аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна. БЗД-ийн 19-р хороонд 4.3 га газарт НОСК-аас орон сууц барихаар төлөвлөн нэг м.кв газар чөлөөлөлтийг 75,000 төгрөгөөр хэрэгжүүлж байна гэж тусгасан байх боловч энэхүү нөхцөл байдлыг үнэлгээнд харгалзсан эсэх нь тодорхой бус байна.

 

ж.Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй байна. Шинжээч томилох тухай тогтоолд барьцаа хөрөнгө болох газар, хувийн сууцаас гадна өргөтгөл гэж тусгасан байх боловч түүнд хаана байрлах ямар хэсэг хамаарахыг тодорхой тусгаагүйгээс шинжээч хувийн сууцны зүүн талд байрлах 17.8 м.кв хэсгийг өргөтгөл гэж тодорхойлон үнэлж, харин баруун талд байрлах 27.9 м.кв хувийн сууц, нэг машины авто гараж зэргийг үнэлгээнд хамааруулаагүй.

 

з.Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар заасан ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзахаар заасан боловч дээр дурдсанаар дахин төлөвлөлтөд орсон зэргэлдээ газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харгалзсан эсэх нь тодорхой бус байна.

 

12.Дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүрэг, ******* хороо, Цайзын 5а гудамж, ******* хаягт байрлах газар болон хувийн сууц, өргөтгөлийг нийт 63,744,400 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээг хууль ёсны ажиллагаа гэж үзэх боломжгүй.

 

13.Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

14.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, ******* хороо, Цайзын 5а гудамж, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, 540.5 м.кв талбайтай газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 56 м.кв талбайтай хувийн сууц болон 17.8 м.кв талбайтай өргөтгөлийг нийт 63,744,400 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА