Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 116

 

“А- К- ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00716/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  10 дугаар сарын 01-ний өдрийн 1038 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “А- К-” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.О-т холбогдох

“12.157.655 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч А.О-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд хариуцагч А.О-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “А- К-” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч А.О-, С.У- нар нь манай байгууллагад 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хандаж автомашин худалдаж авахад мөнгө дутагдалтай байгаа тул 10.850.000 төгрөгийг 30 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэж 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 30 сарын хугацаатай сарын 3,2%-ийн хүүтэйгээр 10.850.000 төгрөгийг №16546 тоот зээлийн гэрээ болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан зээл олгосон.

Манай байгууллагын зүгээс зээлийн графикт хугацаанд төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч тодорхой хугацаанд зээлийн болон барьцааны гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацаа зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14.784,45 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2.669.383,08 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 9.473.487,76 төгрөг, нийт 12.157.655,29 төгрөгийг зээлдэгчийн барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.О- анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“А- К-” ББСБ-аас зээлээр машин авсан. Гэтэл уг машиныг хамтран зээлдэгч С.У- намайг хуурч мэхлэх аргаар авч зарсан. Энэ талаар Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир уг хэргийг шийдвэрлүүлэх боломжгүй. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь С.У- барьцаат машиныг зарж үрэгдүүлсэн тул тухайн зээлийг төлөх ёстой гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр А.О-, С.У- нарын хүсэлтийг үндэслэн 10.850.000 төгрөгийн зээл олгосон. Зээлдэгч нь гэрээний дагуу зээлээ төлөөгүй бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 565.000 төгрөг тус тус төлсөн. Түүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй тул нь үндсэн зээл болон түүний хүү буюу нийт 12.157.655 төгрөг шаардаж байгаа юм гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  10 дугаар сарын 01-ний өдрийн 1038 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч А.О-ээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14.784,45 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2.669.383,08 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 9.473.487,76 төгрөг, нийт 12.157.655,29 төгрөг гаргуулан “А- К-” ББСБ ХХК-нд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.473 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.О-ээс 209.473 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А- К-” ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.О- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй учир энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Эс зөвшөөрч буй үндэслэл нь

1. Намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй, нэг талыг барьж асуудалд хандсан,

2. Үндсэн хэргийн хариуцагч буюу зээлдэгч хүн би биш атал зээлийг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн,

3. Үйл баримтын үнэн зөв байдлыг тогтоох нотлох баримтыг шүүхээс үндэслэлтэй үнэлж үзээгүй,

4.  Монгол Улсын Иргэний хууль тогтоомжийг буруу ойлгон хэрэглэсэн болно.

Тухайлбал: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар хамтран хүлээх үүргийг дангаараа гүйцэтгэсэн тохиолдолд бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг ногдох хэсгээр шаардах эрхтэйг дурдсан атлаа А.О-ээс дангаар шаардаж байгаа нь “хууль зөрчөөгүй, үүрэг гүйцэтгэгч нь А.О- дангаар байгааг дурдаж байна хэмээн эсрэг буюу бие биеэ илтээр үгүйсгэсэн өөр өөр дүгнэлт өгчээ.

Үнэн хэрэг дээрээ үндсэн зээлдэгч нь С.У- гэдэг хүнд А.О- миний бие залилуулж, эд хөрөнгө болон бусад зүйлээрээ хохирч буй бөгөөд энэ талаараа цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан ба улмаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа одоо явагдаж байна.

Энэ талаарх тодорхойлолтыг аймгийн цагдаагийн газраас гаргуулж анхан шатны шүүхэд гаргаж өгсөн болно. Гэвч энэ талаар дүгнэлт хийсэнгүйд маш ихээр гомдолтой байгаагаа онцлон тэмдэглэе.

Ийм учир хэргийн үйл баримтыг болон зээлдэгч эзэн этгээдийн үнэн мөнийг зөвөөр нь ялган олохын үүднээс дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “А- К-” ББСБ ХХК-аас хариуцагч А.О-, С.У- нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 12.157.655 төгрөгийг гаргуулах, уг мөнгөн төлбөрийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлагуудыг гаргажээ.

Анхан шатны шүүх зөвхөн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэж, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул магадлалд дурдсан үндэслэлээр шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

1. Зээл болон фидуцийн гэрээний тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч А.О-, С.У- нар нь автомашин худалдан авах зорилгоор нэхэмжлэгч “А- К-” ББСБ ХХК-тай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10.850.000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, зээлдэгч нар нь авсан зээлээ хугацаандаа төлж, чадаагүй тохиолдолд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцон 30 сарын хугацаатай “Зээлийн гэрээ” байгуулжээ.

Мөн түүнчлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээг байгуулж, 2009 онд Япон улсад үйлдвэрлэгдэн, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсад импортлогдсон 6631 УНХ улсын дугаар бүхий “Toyota Corolla Axio 0” маркийн автомашиныг 10.850.000 төгрөгт үнэлэн үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлжээ, уг гэрээ нь зээлийн гэрээний салшгүй хэсэг байхаар зээлийн гэрээний 2.1.8, 3.4-т тус тус заасан.

Энэ талаар талууд маргадаггүй.

Үүрэг хүлээгч үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авах үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан.

Мөн үүрэг гүйцэтгэгч  хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг  гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар фидуцийн зүйлийг шаардах эрхтэй ба фидуцийн зүйлийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, энэ нь хүү бусад төлбөрийг төлж хүрэлцэхгүй бол үлдэгдэл төлбөрийг мөн шаардах эрх нь барьцаалагчид хэвээр үлдэхээр “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний 3.1.4-т заажээ.

Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч А.О-ээс улсын 6631 УНХ дугаартай, арлын NZ1446017492 дугаартай Toyota Corolla Axio 0 маркийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “А- К-” ББСБ ХХК-д олгуулах нь зүйтэй байна.

2. Давж заалдсан гомдлын тухайд:

Хариуцагч А.О-ээс фидуцийн зүйлийг хамтран зээлдэгч С.У- авсан тул зээлийг хариуцан төлөх ёстой гэжээ.

А.О-, С.У- нар нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэй.

Иймд А.О-ээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж, хамтран үүрэг гүйцэтгэгч С.У-аас татгалзсан нь нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан диспозитив эрхэд хамаарч байх тул анхан шатны шүүхийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж буруутгах боломжгүй.

Анхан шатны шүүх зээл зээлийн хүүгийн талаар хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж 12.157.655 төгрөгийг хариуцагч А.Отгонцэцэгээс гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчид А.Отгонцэцэгт шүүхэд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх товыг шүүгчийн захирамжаар тогтоож түүний 88159179 дугаарын утсаар 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасантай нийцсэн байна.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч А.О-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  10 дугаар сарын 01-ний өдрийн 1038 дугаар шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсэгт 2 дугаар заалт болгон “...Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т тус тус зааснаар үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд улсын 6631 УНХ дугаартай, арлын NZ1446017492 дугаартай 2009 онд үйлдвэрлэгдсэн “Toyota Corolla Axio 0” маркийн автомашиныг “А- К-” ББСБ ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч А.О-т даалгасугай...”  гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, “ТОГТООХ нь” хэсгийн дугаарлалтыг 1-4 гэснийг 1-5 болгон өөрчлөн дугаарлаж, хариуцагч А.О-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.473 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                                                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                            ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН      

                                                                                                                                                             М.МӨНХДАВАА