Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00459

 

                                       “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн

                                           нэхэмжлэлтэй иргэний хэргийн

                                                тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1038 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 116 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 12,157,655.29 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,157,655.29 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.  

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1038 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14,784.45 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,669,383.08 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 9,473,487.76 төгрөг, нийт 12,157,655.29 төгрөг гаргуулан “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Худалдаа хөгжлийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 209,473 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 209,473 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 116 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1038 дугаар шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсэгт 2 дугаар заалт болгон “...Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т тус тус зааснаар үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд улсын 6631 УНХ дугаартай, арлын NZ1446017492 дугаартай 2009 онд үйлдвэрлэгдсэн “Toyota Corolla Axio 0” маркийн автомашиныг “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т даалгасугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, “ТОГТООХ нь” хэсгийн дугаарлалтыг 1-4 гэснийг 1-5 болгон өөрчлөн дугаарлаж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,473 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.01-ний өдрийн 1038 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.02-ны өдрийн 116 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хоёр шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй үндэслэл нь 1-рт. Намайг анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй, нэг талыг барьж асуудалд хандсан. 2-рт. Үндсэн хэргийн хариуцагч буюу зээлдэгч нь би биш атал зээлийг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. 3-рт. Үйл баримтын үнэн зөв байдлыг тогтоох нотлох баримтыг шүүхээс үндэслэлтэй үнэлж үзээгүй. 4-рт. Иргэний хууль тогтоомжийг буруу ойлгон хэрэглэсэн бөгөөд миний өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтийг хүлээн аваагүй, энэ талаар ямар ч тайлбар давж заалдах шатны шүүх хийгээгүй, хэлсэн ярьсан зүйлийг нь магадлалдаа огтхон ч тусгаагүй зэрэг болно. Тухайлбал, анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар хамтран хүлээх үүргийг дангаараа гүйцэтгэсэн тохиолдолд бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг ногдох хэсгээр шаардах эрхтэйг дурдсан атлаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс дангаар шаардаж байгаа нь “хууль зөрчөөгүй, үүрэг гүйцэтгэгч нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, дангаар байгааг дурдаж байна” хэмээн эсрэг буюу бие биеэ илтээр үгүйсгэсэн өөр өөр дүгнэлт өгчээ. Үнэн хэрэг дээрээ ... үндсэн зээлдэгч нь  ,,,,,,,,,,,,,,,,,,,,бөгөөд миний хувьд энэ хүнд залилуулж, эд хөрөнгө болон бусад зүйлээрээ хохирсон. Энэ талаар Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан ба эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

4.2. Энэ талаарх тодорхойлолтыг аймгийн Цагдаагийн газраас гаргуулж, анхан шатны шүүхэд өгсөн. Гэвч энэ талаар дүгнэлт хийсэнгүйд маш ихээр гомдолтой. Давж заалдах гомдолд дурдсан зүйлсийн талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт огт өгсөнгүй. Харин ч бүр анхан шатны шүүхээр нотлогдоогүй буюу үнэлэгдээгүй зүйлийн талаар дурдсан. Хэрэг маргааны объект болж буй автомашин нь одоо хэр нь хаана, хэнд байгаа нь үл мэдэгддэг,  Цагдаагийн байгууллага энэ талаар шалгалт явуулж байгаа. Уг ажиллагааны явцад  автомашиныг зээлдэгч болох  ,,,,,,,,,,,,,,,,,,,,нь махалж буюу задалж бусдад зарж үрэгдүүлсэн болох нь тогтоогдсон атал давж заалдах шатны шүүхээс автомашиныг нэхэмжлэгч тал болох банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлэн өгөх үүргийг хариуцагчид даалгаж байгаа нь нэг талаас биелэгдэх боломжгүй шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэхэд, нөгөө талаас хэрэг маргааны буюу гэрээний зүйл болох уг автомашин байхгүй нөхцөл байдлыг огт харгалзан үзээгүй нь хуулийг буруу хэрэглэхэд шууд хүргэсэн. Иймд хэргийн үйл баримтыг болон зээлдэгч эзэн этгээдийн үнэн мөнийг зөвөөр нь ялган олох үүднээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэх хуульд шууд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 12,157,655.29 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас нийт 12,157,655.29 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд фидуцийн зүйл болох автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгасан заалтыг нэмсэн.

8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлдэгч нартай 2019.04.16-ны өдөр 10,850,000 төгрөгийг 30 сарын хугацаатай сарын 3,2%-ийн хүүтэйгээр зээлийн гэрээ болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан олгосон. Манай байгууллагын зүгээс зээлийн графикт хугацаанд төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14,784.45 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,669,383.08 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 9,473,487.76 төгрөг, нийт 12,157,655.29 төгрөгийг зээлдэгчийн барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэжээ...” гэсэнд,

хариуцагч “... “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-аас зээлээр машин авсан. Гэтэл уг машиныг хамтран зээлдэгч  ,,,,,,,,,,,,,,,,,,,,нь хуурч мэхлэх аргаар авч зарсан. Энэ талаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир уг хэргийг шийдвэрлүүлэх боломжгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь  ,,,,,,,,,,,,,,,,,,,,барьцаат машиныг зарж үрэгдүүлсэн тул тухайн зээлийг төлөх ёстой...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний дагуу зээлийг олгосон, харин хариуцагч авсан зээлээ огт буцаан төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хууль болон талуудын байгуулсан гэрээний 7.1.4, 7.1.5-д зааснаар гэрээг дангаар цуцалж, зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-ын дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч буюу хамтран зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс шаардсан нь хууль зөрчөөгүй.

10. Иймд, зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14,784.45 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,669,383.08 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 9,473,487.76 төгрөг, нийт 12,157,655.29 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

11. Харин анхан шатны шүүх “... Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа бүрэн биелүүлээгүй учир “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх” 16546 тоот гэрээний 2.1.1-д зааснаар “Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа, бүрэн биелүүлсэн бол фидуцийн зүйлийг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг шаардах” эрхтэй боловч гэрээний зүйл болсон тээврийн хэрэгсэл бусдад шилжсэнээр энэ заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна...” гэж үзэн нэхэмжлэлийн “үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах” шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулан Иргэний хуулийн 235 дугаар зүйл болон талуудын хооронд байгуулагдсан “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний 3.1.4-ийн дагуу “... Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас фидуцийн зүйл болох автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг хийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй. Учир нь, хэрэгт авагдсан баримт болох зохигчийн хооронд байгуулагдсан “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний дагуу фидуцийн зүйл болох автомашины өмчлөх эрх нь нэхэмжлэгчид шилжсэн байх тул нэхэмжлэгчийн хувьд фидуцийн зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, боломжгүй тохиолдолд хариуцагчаар төлүүлж, автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх боломжтой.

12. Иймд, “...үндсэн хэргийн хариуцагч буюу зээлдэгч нь би биш атал зээлийг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтыг шүүхээс үндэслэлтэй үнэлж үзээгүй, Иргэний хууль тогтоомжийг буруу ойлгон хэрэглэсэн бөгөөд миний өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтийг хүлээн аваагүй, энэ талаар шийдвэр, магадлалдаа огтхон ч тусгаагүй, анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-ыг дурдсан атлаа “үүрэг гүйцэтгэгч нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, дангаар байгааг дурдаж байна” хэмээн эсрэг буюу өөр өөр дүгнэлт өгсөн...” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

13. Мөн “... үндсэн зээлдэгч нь  ,,,,,,,,,,,,,,,,,,,,гэдэг хүн бөгөөд энэ хүнд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, миний бие залилуулж, эд хөрөнгө болон бусад зүйлээрээ хохирсон. Энэ талаараа Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан ба улмаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад энэ байдлыг огт харгалзан үзээгүй, иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэх хуульд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэсэн (Тодорхойлох хэсгийн 4.2-т) гомдлыг хангах боломжгүй. Учир нь, хавтаст хэрэгт энэхүү маргаантай холбоотойгоор  ,,,,,,,,,,,,,,,,,,,,т эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа талаар ( ,,,,,,,,,,,,,,,,,,,,нь Алтанбулаг авто замын боомтоор 2019.08.02-ны өдөр улсын хилээр гарсан тухай Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 34/6/4854 тоот албан бичгээс өөр) ямар нэгэн баримт байхгүй, хяналтын шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд, хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны эсэхийг хянан шийдвэрлэхээс бус шинээр нотлох баримт хүлээн авч, түүндээ үндэслэн дүгнэлт хийх эрх зүйн боломжгүй юм.

14. Түүнчлэн, “... намайг анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй, нэг талыг барьж асуудалд хандсан...” гэх гомдлын тухайд, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 116 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 209,473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Б.МӨНХТУЯА