Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 121

 

“Т- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/00772/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  10 дугаар сарын 23-ны өдрийн 1076 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Т- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Э-,

                   Т.О- нарт холбогдох

“3.356.817,31 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“Хариуцагч Т.О-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэгч “Т- Б-” ХХК-д холбогдох 1.440.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянгын давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О- онлайнаар, хариуцагч Х.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Т- Б-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Иргэн Х- овогтой Э- нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Т- Б-ны Сэлэнгэ салбарын харьяа Хушаат тооцооны төвтэй №151300069539 тоот зээлийн гэрээг байгуулж 7.100.000 төгрөгийн зээлийг мал худалдан авах, хувийн хэрэгцээнд байшин барих зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний төлбөрийг авсан хугацаанаас хойш удаа дараа хугацаа хэтрүүлдэг. Х.Э- нь тодорхой тогтсон ажилгүй хувиараа ажил эрхэлдэг. Хамтран зээлдэгч Т.О- нь тодорхой тогтсон ажилгүй хувиараа ажил хийдэг. Зээлийг Х.Э- холбогдож төлүүлэх боломжгүй үед гэр бүлийн хүн болох хамтран зээлдэгч Т.О-т шаардлага тавьж аман болон бичгээр шаардлага тавьдаг боловч төлөлт огт хийхгүй хугацаа хожиж худлаа амлалт өгсөөр ирсэн. Х.Э-, Т.О- нараас зээлийн үлдэгдэл 1.773.559,45 төгрөг, түүний хүү 1.383.181,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195.676,09 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 3.352.417,31 төгрөг, нотариатын хөлс 2.400 төгрөг, оршин суух хаягийн тодорхойлолт 2.000 төгрөг, бүгд 3.356.817,31 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Э- болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Би авсан зээлээ хангалттай төлсөн. Би 8.350.000 төгрөг хавьцаа мөнгө эхнэртэй зээл төлөх мөнгө гэж өгсөн. Манай эхнэр надад мөнгийг банканд төлсөн. Өр байхгүй гэж хэлсэн. Би эхнэртээ л мөнгө өгдөг байсан. Эхнэр төлсөн гэж хэлсэн тул өргүй л гэж бодож явсан. Би 10 жилийн хорих ялаар шийтгүүлэн хорих байгууллагад ял эдэлж байгаа тул ажил хөдөлмөр эрхлэх, төлбөр төлөх боломжгүй. Тэгсэн ч би төлөх ёстой зүйлээ төслөн учир дахин мөнгө төлөхгүй. ...Иргэний хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Т.О- шүүхэд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагч Т.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарыг дуустал 3 хүүхдийн сар бүрийн 20.000 төгрөгийг Т- Б- зээлдээ татан авсан. Сарын 20.000 төгрөгийг 24 сараар үржүүлэхээр 1.440.000 төгрөг болж байгаа. Нэг хүүхэд нь Хаан банкаар хүүхдийн мөнгөө авдаг байсан. Хаан банкаар авдаг хүүхдийн мөнгө сар бүр орж ирсэн. Гэтэл Т- Б-аар авдаг хүүхдүүдийн мөнгө нь орж ирэхгүй байсан. Хүүхдийн мөнгө нь улсаас хүүхдүүдэд үзүүлж буй халамжийн мөнгө. Хүүхдүүдэд л зориулагдах ёстой. Гэтэл уг Т- Б- Т.О-ийн өрөнд хууль бусаар суутгасан байсан. Т- Б- дээрх үйлдлээ тайлбарлахдаа Т.О- асран хамгаалагч нь тул Т.О-ийн өрөнд суутгасан гэж хэлж байгаа юм. Т- Б- ямар хууль зүйн үндэслэлээр хүүхдийн мөнгөнд халдаж байгааг ойлгохгүй байна. Т- Б- нь хүүхдийн мөнгөнд хууль бусаар халдсан, хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд Т- Б-наас хүүхдийн мөнгөнд суутгасан 1.440.000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

...Хүүхдийн мөнгө хүүхдийн дансанд ороод автоматаар Т.О-ийн данс руу ордог байсан нэг ёсондоо хүүхдийн мөнгөний данс биш Т.О-ийн өөрийн нэр дээрх данснаас зээлийн мөнгийг татсан байдаг. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд зааснаар хамтран эзэмшигчийн данснаас уг мөнгийг үл маргах журмаар татах заалт байгаа. Гэрээний дагуу банк мөнгийг суутгаж авсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1076 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан Т- Б- ХХК-ний гаргасан Х.Э-, Т.О- нараас 3.356.817,31 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Т.О-ийн гаргасан Т- Б- ХХК-аас 1.440.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.589 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О-ийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У- давж заалдсан гомдолдоо:

            Хариуцагч Х- овогтой Э-, хамтран хариуцагч Тогтоол овогтой О- нар Т- Б-ны харьяа Хушаат тооцооны төвд 2014.04.30-ны өдөр байгуулсан малчны зээлийн 14/188 тоот гэрээний дагуу 7.100.000 төгрөгийн зээлийг авсан.

1. Т- Б-ны харьяа Хушаат тооцооны төв Т- Б-тай 2014.04.30-ны өдөр байгуулсан малчны зээлийн 14/188 тоот гэрээний дагуу 7.100.000 төгрөгийн зээлд тус тус дараах төлөлтийг хийсэн байна. Үүнд: 2014.10.20-ны өдөр үндсэн зээлд 120.938,50 төгрөг зээлдэгч Х.Э-ын 151300038130 тоот харилцах данснаас, 2014.10.21-ны өдөр үндсэн зээлд 1.999.000,88 төгрөг зээлдэгч Х.Э-ын 151300002111 тоот харилцах данснаас, 2014.10.28-ны өдөр үндсэн зээлд 880.108,85 төгрөг зээлдэгч Х.Э-ын 151300002111 тоот харилцах данснаас, нийт 3.000.048,23 төгрөг төлсөн байна.

2015 оны 05-р сарын 25-ны өдөр үндсэн зээлд 970.251,98 төгрөг хамтран хариуцагч Т.О-ийн 151300040576 тоот данснаас, нийт 3.970.300,21 төгрөг

2015 оны 05-р сарын 25-ны өдөр үндсэн зээлд 970.251,98 төгрөг хамтран хариуцагч Т.О-ийн 151300040576 тоот данснаас, нийт 3.970.300,21 төгрөг

2016 оны 02-р сарын 26-ны өдөр үндсэн зээлд 118.800 төгрөг хамтран хариуцагч Т.О-ийн 151300040576 тоот данснаас,

2017 оны 01-р сарын 07-ны өдөр үндсэн зээлд 251.500 төгрөг хамтран хариуцагч Т.О-ийн 151300040576 тоот данснаас,

2017 оны 04-р сарын 05-ны өдөр үндсэн зээлд 118.500 төгрөг хамтран хариуцагч Т.О-ийн 151300040576 тоот данснаас,

2017 оны 05-р сарын 04-ны өдөр үндсэн зээлд 299.328,34 төгрөг хамтран хариуцагч Т.О-ийн 151300071816 тоот данснаас,

2017 оны 06-р сарын 21-ны өдөр үндсэн зээлд 79.612,00 төгрөг хамтран хариуцагч Т.О-ийн 151300040576 тоот данснаас,

2017 оны 06-р сарын 28-ны өдөр үндсэн зээлд 40.000 төгрөг хамтран хариуцагч Т.О-ийн 151300040576 тоот данснаас,

2017 оны 06-р сарын 28-ны өдөр үндсэн зээлд 40.000 төгрөг хамтран хариуцагч Т.О-ийн 151300071816 тоот данснаас,

2017 оны 08-р сарын 31-ны өдөр үндсэн зээлд 39.600 төгрөг хамтран хариуцагч Т.О-ийн 151300040576 тоот данснаас,

2017   оны 12-р сарын 22-ны       өдөр   үндсэн зээлд 79.800 төгрөг хамтран хариуцагч Т.О-ийн 151300040576 тоот данснаас,

2017 оны 12-р сарын 22-ны өдөр үндсэн зээлд 40.000 төгрөг хамтран хариуцагч Т.О-ийн 151300071816 тоот данснаас, нийт 1.107.140,34 төгрөг

2019 оны 03-р сарын 31-ны өдөр үндсэн зээлд 249.000 төгрөг зээлдэгч Х.Э-ын 151300002111 тоот харилцах данснаас, нийт 5.326.440.55 төгрөг төлсөн байна.

Энэ нь 7.100.000 төгрөгийн зээлээс 5.326.440,55 төгрөг нь үндсэн зээлээс, 1.588.731,47 төгрөг нь хүүний төлбөрт, 100.885,68 төгрөг нь нэмэгдүүлсэн хүүний төлбөрт төлөгдсөн байгаа ба одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл 1.773.559,45 төгрөг, хүүгийн төлбөрт 1.578.857,86 төгрөг ба одоогийн зээлийн үлдэгдэл нийт 3.356.817,31 төгрөг байна.

2. Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1076 тоот шийдвэрээр Т- Б-наас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль эрхзүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.” гэж заасан. Хариуцагч 2019 оны 03 дугаар сарын 31-ны өдрөөс хойш зээлийн төлөлтийг хийгээгүй бөгөөд тухайн өдрөөс Т- Б-анд шаардах эрх үүссэн байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа Зээлийн гэрээний хугацаагаар тооцож буруу тоолсон байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Т- Б-” ХХК хариуцагч Х.Э-, Т.О- нарт холбогдуулан зээлийн төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 1.773.559,45 төгрөг, түүний хүү 1.383.181,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195.676,09 төгрөг, нотариатын хөлс 2.400 төгрөг, оршин суух хаягийн тодорхойлолт 2.000 төгрөг нийт 3.356.871,31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдийн мөнгө 1.440.000 төгрөгийг хууль бусаар суутгаж авсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Т- Б-” ХХК-ийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа буюу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны дотор зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ алдсан байна, хариуцагчдыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэж тус тус дүгнээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Х.Э-, Т.О- нар “Т- Б-” ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь Хушаат салбар тооцооны төвтэй 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 7.100.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, мал худалдан авах, гэр ахуйн хэрэглээндээ байшин барих зориулалтаар авсан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Энэхүү гэрээний харилцаанд хариуцагч Х.Э- үндсэн зээлдэгч, хариуцагч Т.О- хамтран зээлдэгчээр оролцсон байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусжээ.

Гэвч зээлдэгч нар хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 15 удаагийн банкны шилжүүлгээр зээлийн төлбөрт 5.326.440,55 төгрөг төлсөн болох нь хэргийн 67-73, 80-84 дүгээр талд авагдсан дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Анхан шатны шүүх зээлийн гэрээ 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дууссан, нэхэмжлэгч тал хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж хууль буруу тайлбарлан хэрэглэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талын шаардах эрхийг зээлийн гэрээ байгуулсан үеэс биш харин гэрээний үүргээ зөрчсөн үеэс тооцох нь хуульд нийцнэ. Хариуцагчийн 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр буюу сүүлийн зээлийн төлбөр хийсэн үеэс тооцох нь зөв байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Т.О-ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд хүүхдийн мөнгө 1.440.000 төгрөгийг хууль бусаар суутган авсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох талаарх баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч Т.О- холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх  эрх нь нээлттэй болно. 

Хариуцагч Х.Э- Эрүүгийн хуульд заасан гэм буруутайд тооцогдож Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хоригдон ял эдэлж байгаа нь зээлийн гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцох ёстой гэсэн давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1076 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан Т- Б- ХХК-нтий гаргасан Х.Э-, Т.О- нараас 3.356.817,31 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Т.О-ийн гаргасан Т- Б- ХХК-аас 1.440.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Хариуцагч “Т- Б-” ХХК-ий давж заалдсан гомдлыг хангаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус зааснаар хариуцагч Х.Э-, Т.О- нараас 3.356.817,31 төгрөг гаргуулж, “Т- Б-” ХХК-нд олгож, хариуцагч Т.О-ийн “Т- Б-” ХХК-аас 1.440.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Т- Б- ХХК-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.650 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

 

                                                                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                               ШҮҮГЧИД                               М.МӨНХДАВАА            

                                                                                                                                                               Л.АМАРСАНАА