Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Г.Соронзонболд, улсын яллагч С.Болорчулуун, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Ганболд /ҮД:0968/, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндолгор, шинжээч Г.Энхбаатар, Д.Соёлмаа, гэрч Б.Сарангэрэл, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Э.Ганбат /ҮД:0662/ нарыг оролцуулан тус хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Илжигт овогт Даваасамбуугийн Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726030338 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Илжигт овогт Даваасамбуугийн О

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороонд байрлах Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт их эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Г.Мын биеийг үзэхдээ амин үзүүлэлтийг үзэлгүй, бодит үзлэгийг дутуу хийж, өвчтөнийг эрэмбэлэн ангилахгүйгээр, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж буцааж, Г.Мын амь насыг хохироож, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г: “...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны өрхийн эмнэлэгт Нарантуяа эмчид хүүхдээ үзүүлэхэд хамрын хоёр угалз хөхрөлтэй, хүчилтөрөгч дутмаг гээд хэвтэх бичиг өгсөн. Бичгээ аваад 16 цагт Яармагийн эмнэлэгт очсон, эмнэлэгт дараалал ихтэй байсан болохоор нь хүлээвэл удах юм байна гээд хэвтэх бичгээ тэнд байсан эцэг, эхчүүдэд үзүүлж урдуур орсон. Эмч рүү ороход хоёр хүүхэд үзэж байсан бөгөөд энэ хүүхдүүдийн дараа орж ирээрэй гээд, үзүүлж байсан хоёр хүүхдийн нэг нь гарахаар нь зөрж ороод эмчид үзүүлсэн. Эмч хувцасыг нь тайлж үзлэг хийх үед хэвтэх бичигтэй ирсэн гэдгээ хэлсэн, тухайн үед сувилагч эмч нар өөд өөдөөсөө хараад ширээний хоёр талд сууж байсан. Сувилагч өвчний түүх нээх үү гэхэд О эмч эхлээд хүүхдийг үзээдхэе гэж хэлээд үзсэнийхээ дараа цэртэй болохоос халуураагүй байна, хэвтэх шаардлагагүй гээд буцаасан. Сайжруулсан амоксцилин бичиж өгөөд эрхийн эмнэлгээрээ утлага хийлгээрэй гэсэн. Тэгэхээр нь бид хоёр ханиад хүрсэн цагаас хойш сайжруулсан амоксцилин уусан, өөр эм бичиж өгч болохгүй юу гэхэд үргэлжлүүлээд уу гэж хэлсэн. Тэндээсээ гараад замаараа эмийн сан орж бичиж өгсөн эмийг нь аваад шууд гэртээ харьсан. Орой 21 цагийн үед хүүхэд унтаж байгаад гэнэт сэрээд огиж эхэлсэн, огих үед юу ч гарахгүй нүүр нь хөх болохоор нь хүүхдийн түргэн рүү ярихад цээжин дээр нь тогш гээд утсаа тасалсан. Тэгээд дахин огихоор нь 103 руу дахин залгаад огиод байна гэхэд хөлийг нь горчичникт дүр гээд утсаа дахиад тасалсан. Тэгээд цаг гарны дараа түргэн ирсэн. Бид хоёрыг аваад замаараа нэг хүүхэд үзчихээд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Нэгдсэн эмнэлэг рүү ороход эмч нар үзээд хүйтэн халуурал явагдаад байна, хүүхдийн гаранд судас тариа хийнэ гээд хэд хэдэн удаа хатгаад, судас нь олдохгүй байсан, удалгүй хүүхдийн толгой нь унжаад, хоёр хацар нь хөхрөөд эхэлсэн. Тэгээд би хүүхэд яачихваа эмчээ дууд гэхэд эмч ирээд зүрхний массаж хийсэн. Тэгээд найдваргүй боллоо, ар гэрээсээ хүн дууд гэсэн. Яагаад ингэж байгаа юм бэ, би өмнө нь эмнэлэгт хүүхдээ ирж үзүүлсэн. Тухайн үед та нар арга хэмжээгээ аваад хэвтүүлэхгүй яасан юм бэ?, яагаад ийм байдалд оруулчихваа гэхэд тухайн үед ямар эмч байсныг мэдэхгүй, юу ч гэсэн харъя гээд журналаа хараад хэлсэн. Яагаад буцаасныг бид нар мэдэхгүй, бөглөх ёстой хуудсаа бөглөөгүй байна гэсэн. Гэм хорын хохиролд 15 сая төгрөг нэхэмжилж байна. Үүнээс оршуулгын зардалд 5.268.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 9.732.000 төгрөг нэхэмжилж байна. Өрхийн эмнэлэг хэвтэх бичиг хийж өгөөд явуулсан байхад Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг ийм байдалд оруулсанд харамсаж байна...” гэв.

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндолгор: “...Жил бүрийн 10 дугаар сард хүүхдүүд ханиад хүрэх нь ихэсдэг, 12 дугаар сард ачаалал их байсан. Энэ үед зар өгөөд гаднаас хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нараас шалгалт авч байгаад 3 эмч ажилд авсан. О эмч 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж ажилд гарсан. О эмчтэй нэмэлт гэрээ хийгээд ажиллуулсан. О эмч хүүхдийн биеийн байдал дутуу үзээд бичих ёстой юмаа бичээгүй хүүхэд буцаасан, бичиг баримтыг гүйцэд хөтлөөгүй байна. Нэхэмжлэлийн хувьд эхний шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч, дараагийн шинжээч эмч нар хэлэхдээ хүүхэд эндэх шалтгаан бол О эмчийн үйл ажиллагаатай холбогдохгүй байна гэсэн. Ийм дүгнэлт гарсан учир манай байгууллага нэхэмжлэлийг төлөх үндэслэл байхгүй гэж ойлгож байна...” гэв.

                                                                                                                

Гэрч Б.Сарангэрэл: “...Д.Оюун-Эрдэнийг эмнэлэгт нэмэлтээр ажлуулах тушаал гарч, Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлуулсан. Хөдөлмөрийн гэрээ бол байгуулаагүй. Эмнэлэгт хүн авах эсэх талаар тушаалыг хүний нөөц бэлдээд, ерөнхий эмч хянадаг. Д.О эмч 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр яаралтай тусламжийн тасагт хүүхдийн үзлэг хийж байсан. Үндсэн эмч нар тасагт хэвтэж байгаа хүүхдүүдийг үздэг, нэмэлтээр ажиллаж байгаа эмч нар бол анхан шатны үзлэг оношилгоо хийгээд явдаг, мэргэжлийн хувьд ялгаа байхгүй. Тухайн үед Д.О эмчид хүүхдийн эмчийн ажлын байрны тодорхойлолтыг уншиж танилцуулсан. Д.О эмчийг ажилд томилж буй тушаал, гэрээ хоёр нэг он сартай байх ёстой, тухайн үед эмнэлэгт байгууллагын хэвлэмэл хуудасны хэвлэлтээс шалтгаалаад хоёр өөр он сартай гарсан, өөрөөр хэлбэл Д.О эмчийг ажилд авах үед хэвлэмэл хуудас байгаагүй учир тушаал нь гараагүй байсан, хэвлэмэл хуудас ирсны дараа тушаалыг гаргасан учир он сар өдөр сүүлд гарсан...” гэв.

 

Шинжээч Х.Энхбаатар: “...Эмгэг судлалын оношоор зүрхний ховдлын цоорхой үндсэн өвчин, үхэлд хүргэсэн шалтгаан буюу хүндрэл нь хоёр талын уушигны хатгалгаа гэж тавьсантай санал нэг байна. Хүүхдийн уушигны хатгалгааг оношилсон бол хүүхдийн амь аврагдах боломж багатай гэж дүгнэлт гаргасан боломжгүй гэсэн үг биш. Д.О эмч тухайн үед эрэмбэлэн ангилалтыг зөв хийсэн бол уушигны хатгалгаа өвчний хүнд хэлбэрийг оношлох боломжтой байсан. М нь уушигны хатгалгаа өвчний улмаас нас барсан. Цогцост үзлэг хийх үед зүрхийг өмнө нь олон төрлийн шинжилгээ хийсэн, хайчилбар хийсэн байсан тул байдлыг бүрэн тогтоох боломжгүй байсан. Зүрхний тосгуур ховдол хоорондын таславчинд 1х0,8 см зуувин дугуй хэлбэрийн цоорхойтой өөрчлөлттэй байсан. Гэхдээ аль хэсэгт гэдэг нь тодорхойлогдохгүй байсан. Энэ тохиолдолд хүүхэд уушигны хатгаагаар нас барсан...” гэв.

 

  Шинжээч Д.Соёлмаа: “...Эмнэлгийн яаралтай тусламжинд ирж байгаа үйлчлүүлэгчид эмч, сувилагч нь эхний ээлжинд эрэмбэлэн ангилалт хийгээд тухайн үйлчлүүлэгчийг ангилж хэвтүүлэх үү, буцааж явуулах уу гэдгийг шийддэг. Гэтэл энэ ангилалтын эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсыг үзэж байж нотлох шаардлагатай. Энэ хуудсыг эмч Д.О бөглөөгүй байсан. Журамд зааснаар энэ хуудас хоёр хувь бөглөгдөөд нэг нь тухайн үйлчлүүлэгчид нэг нь эмнэлэгт үлдэх ёстой. Эрэмбэлэн ангилалтын ерөнхий зарчим нь өвчнийг оношлох биш тухайн өвчтөнийг үнэлэхэд суурилагдаж явдаг. Эрэмбэлэн ангилалтыг 2-3 минутын дотор хийгээд улаан эрэмбэлсэн бол 2 минутын дотор тусламж авах журамтай. Эрэмбэлэн ангилалтыг үзлэг дээр 4 ангилдаг. Эхний эрэмбэлэн ангилалтууд дээр амьсгалын замын байдал чөлөөтэй юу, чөлөөтэй биш үү гэдгийг 4 ангилаад явна, амьсгалын тоо, судасны лугшилт зэргээр ангилдаг. Энэ хүүхдийн даралт, хүчилтөрөгчийн ханамжаар тус тус ангилдаг. Амин үзүүлэлт гэдэгт амьсгалын тоо, зүрхний судасны тоо, захын судасны хүчилтөрөгчийн ханамж, хүүхдийн биеийн халуун орж байгаа. Яаралтай тусламж үзүүлсэн бол заавал үзлэгийн хуудсыг бөглөх ёстой...” гэв.

 

  Шүүгдэгч Д.О: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 08:30 цагаас орой 16:30 цаг хүртэл 2 эмчтэй ажиллах ёстой байсан боловч нэг эмч ирээгүй тул би ганцаараа ажиллаж байсан. Тухайн өдөр өндөр ачаалалтай байсан. 16 цагт би өвчтөн Мыг үзээд одоогоор хэвтэх шаардлагагүй буюу амьсгал дутлын шинжгүй тул өрхийн эмнэлгийн хяналтанд гэрт нь буцаасан. Хэрэв яаралтай шинж илрэх юм бол буцаад ир, одоогоор хэвтэх шаардлагагүй гэж буцаасан. Тухайн өдөр баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр байсан учраас эмнэлэг ачаалал ихтэй, оргүй, өдөртөө 100 хүүхэд үзэж байсан. Тухайн үед яаралтай тусламжийн хуудас бөглөх боломжгүй байсан. Стандартаараа тухайн үзлэгийн хуудсыг 30 минут бөглөх байсан. Маш их ачаалалтай байсан тул яаралтай тусламжийн хуудсыг бөглөх боломж байгаагүй. Чирэгдэлгүй үйлчлэхийн тулд маш их хичээж байсан. Итгэл үнэмшлээрээ хэвтэх шаардлагагүй гэж үзсэн...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...М 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод Нэгдүгээр төрөх эмнэлэгт төрсөн. ...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М ханиалгаж, хоолой нь өвдөөд эхэлсэн. Тухайн өдөр буюу Даваа гарагт Мыг өрхийн эмнэлэгт үзүүлсэн. Өрхийн эмч эм уулгаад, дахин эм бичиж өгсөн. Ямар өвчнөөр өвдсөн тухай тайлбарлаж хэлээгүй. Сайжруулсан амоксцилин, витамин С, бор  шилтэй дуслаар уудаг эм бичиж өгсөн. Энэ гурван төрлийн эмийг хэрэглэсэн. 2016 оны 12 дугаар сарын 27-ны орой гайгүй болж байх шиг санагдсан. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө Мын цээж нь хэржигнүүртэй уйлаад босож ирсэн. Тухайн өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан учраас хорооны өрхийн эмнэлгийг ажиллаж байгаа талаар лавлахад ажиллаж байгаа гэсэн. Тэгээд 12 дугаар хорооны өрхийн эмнэлэгт очоод дугаарлаж байгаад Нарантуяа эмчид үзүүлсэн. Нарантуяа эмч үзлэг хийчихээд хамрын хоёр угалз хөхрөлттэй байна, та хоёр хэвт гээд хэвтэх бичиг хийж өгсөн. Нарантуяа эмч чагнаж үзсэн, халууныг үзсэн, хувцасыг нь сөхүүлж үзэж байсан. Хэвтэх бичгээ аваад гэртээ очиж, юмаа бэлдээд хэвтэх бичгээ аваад гарсан. Тухайн үед манай нөхөр хөдөөнөөс орж ирсэн байсан. Аавыг нь дагуулаад хүүхдээ аваад Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 16 цаг 00 минутын үед ирсэн. О гэх эмч жижүүртэй байсан. О эмч Мыг үзсэн. Амьсгалыг тоолсон, савхаар хоолойг нь дарж үзсэн, халууныг хэмжсэн, чагнуураар чагнаж үзсэн. О эмч та хоёр өрхийн эмнэлгээр утлага хийлгүүлж, эм уу гэж бичиж өгсөн. Сайжруулсан амоксцилин, цэр шингэлдэг эм, пулмикан эмээр утлага хий гэж бичиж өгсөн. Би амоксцилин хэрэглэсэн гэж хэлэхэд нэмээд уу гэж хэлсэн. Мыг аваад гэртээ ирсэн. Нарантуяа эмчид утсаар хэлсэн чинь өрхийн эмнэлэг хагас ажлаад амарсан, маргааш ирээд утлаганд орж болно гэж хэлсэн. Тэр өдрийнхөө 22 цагийн үед хүүхэд унтаж байснаа босч ирэнгүүтээ хий огиж хөхрөөд эхэлсэн. Би хүүхдээ цэрэндээ хахаж байна гэж бодоод цээжин дээр нь тогшоод, тэврээд, сандарсан. Тэгээд 103 руу түргэн дуудаж манай хүүхэд цэрэндээ хахаж байгаа юм шиг огиод байна гэхэд нуруун дээр нь тогшилт хийж өгөөрэй гэж хэлсэн. Бид дахиад залгаад хүүшээ огиод хөхрөөд болохгүй байна гэсэн чинь горчичникт хөлийг нь дүр гэж хэлээд салгасан. Хөлийг нь горчичникт дүрэх гэхэд дүрүүлэхгүй байхаар нь дахин 103 руу залгаж болохгүй байна гэхэд за дуудлагыг хүлээж авлаа гэсэн. Тэгээд түргэн ирэхгүй цаг орчмын дараа ирсэн. Түргэний эмч ирж үзээд амьсгалыг нь тоолж үзээд за эгчээ явах уу гэсэн. Би охиноо хувцасыг нь өмсүүлж хөнжилөөр ороогоод явсан. Түргэний эмч доошоо малчны хэсэгт очиж хүн үзээд гарсан. Тэгээд бид хоёрыг Яармагийн эмнэлэгт авчирч өгсөн. Бид хоёрыг оруулаад ирэхэд жижүүр эмч нь хүүхэд чинь хүйтэн халуурал явагдаад байна гээд бужигнасан. Тэд эрчим оруулаад дараа нь дээшээ аваад явья гэсэн. Мын зүүн гуянд тариа хийсэн. Би юу тарьсан бэ гэхэд унтуулдаг, тайвшруулдаг тариа гэж хэлсэн. Хүүхдийг эрчимт эмчилгээний тасагт оруулж хамар руу нь гуурс хийж хүчилтөрөгч залгасан. Сувилагч тариа тарих гээд хөл рүү нь хатгахад судас нь хагараад олдохгүй байсан. Охиноо тэврээд зогсож байхад толгой гулжийж гар дээр унжсан байсан. Би охиныхоо толгойг өргөх гэхэд хацар нь хатуураад эвгүй болоод ирсэн. Би юу болсон бэ, эмчээ дууд гэхэд эмч нь ирсэн. Эмч нь ирээд зүрхний массаж хийсэн. Тэгээд өнгөрсөн. ...Нэгдүгээр төрөх дээр түнхний ЭХО-д л харуулсан, зүрхний ЭХО-д харуулаагүй. Надад зүрхний ЭХО-д харуул гэж ямар нэг эмч зөвлөж байгаагүй юм. ...Нэгдүгээр төрөхөд байхад нярайн эмч чагнуураар цээж хэсгийг чагнаж үзсэн. Хэвтэх бичгийг жижүүр эмч Од өгсөн. О эмч хэвтэх бичгийг үзээд эхлээд хүүхдийг чинь үзээдхэе гэсэн. ...О эмч чагнаж үзэж байсан. Амьсгалыг нь тоолж өөрийн гар утсаар секунд хэмжээнд үзсэн. Гарын хуруунд нэг юм хавчуулж үзсэн. Хоолойг нь үзсэн. Бид хоёрыг хэвтүүлээгүй учир хэвтэх бичгээ би буцаагаад авч явсан. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 15 минутад миний хүүхдийг буцаасанд гомдолтой байна. Хэрэв тэр өдөр миний хүүхдийг хүлээж аваад эмчилгээ, эм тариа хийсэн бол ингэж гомдол гаргаж явахгүй. Би Од эмчид маш их гомдолтой байна...” /1-р хх-ийн 106-112/ гэсэн,

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндолгор мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.О манай байгууллагад гэрээгээр  нэмэлт эмчээр ажилласан. Тухайн үед хүүхдийн амьсгалын замын үрэвсэл ихэсч, үзлэг нэмэгдэж хүн хүч дутагдалтай байсан учраас гэрээ байгуулж нэмэлт эмчээр орсон. Тухайн үед Оэс гадна Норовсүрэн, Энх-Амгалан, Золзаяа гэх эмч нарыг нэмэлтээр ажиллуулж байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн түр ажиллуулахаар тушаал гарсан байх, тушаал гарсан эсэхийг би тодорхой мэдэхгүй. Энэ талаар хүний нөөц хариуцсан ажилтан Б.Сарангэрэл мэдэх байх, Б.Сарангэрэл одоогоор ажиллахгүй байгаа тухайн үед жирэмсэн хүний оронд түр ажиллаж байгаад одоо гарсан. ...Тушаал гараагүй, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй хүнийг ажлуулах ёсгүй юм...” /2-р хх-ийн 191-192/ гэсэн,

 

Гэрч М.Нямсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 00 цагийн үед би Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт жижүүр эмчээр ажиллаж байхад хүлээн авахаас хүнд хүүхэд ирлээ гэж дуудсан. Тэгээд ирэхэд 3 сартай биеийн байдал маш хүнд, толгой дохилзож, ухаантай, амьсгалын дутагдалтай маш хүнд хүүхэд байсан. Хүүхэд тайван бус, уйлагнасан, 37.9 градусын халуунтай, нүдээ анисан, дөрвөн мөч хүйтэн, арьс эрээнтсэн, захын судсанд пульс буюу судасны цохилттой хүүхэд байсан. Яаралтай тусламжийн өрөөнд анилген 0,1, демидрол 0,3, потокойн 0,5 мл хөлийн булчинд хийлгээд хүчилтөрөгч өгсөн. Энэ хугацаанд хүлээн авахын эмч сувилагч хоёр өвчний түүх нээж байсан. Ээжээс нь асуугаад эрчимт эмчилгээний тасагт оруулсан. Судсыг хоёр удаа хатгахад судас олдоогүй. Тэгж байтал хүүхэд амьсгалаа татаж амьсгал зогссон. ...30 минутын турш сэхээн амьдруулах арга хэмжээг гурван удаа давтан хийсэн боловч амьсгал, зүрх судас нэг ч удаа орж ирээгүй. ...Уушгины хатгалгааны хүнд хэлбэр, амьсгал зүрх судасны хурц дутагдал, тунгалаг төлгүйжилтэсийн дутмагшил, сульдаа өвчин  нэгдүгээр цочмогууд явцтай гэсэн онош тавьсан. Шөнө 00 цагийн үед ирэхэд амь насыг аврах оролдлого хийсэн боловч амьсгал зүрх судас нь сэргэж орж ирээгүй. Амь насыг аврах боломж байгаагүй, оношилгоо хийх хугацаа маш богино байсан. Шөнө ирээд 30 минутын дараа нас бараад, 30 минут сэхээн амьдруулах арга хэмжээ авсан. Миний бодлоор энэ хүүхэд ядаж 22 цагийн үед ирсэн бол цус эргүүлгийн хямралыг дэмжинэ, амьсгалын замыг дэмжиж эрчимт эмчилгээ хийсэн бол амь насыг тодорхой хугацаагаар уртасгах боломжтой байсан. ...ны хатгаа өвчнийг эмчлээгүй удсанаас амьсгалын дутагдалд орсон. Сэрээ булчирхайн томрол, сульдаа өвчин буюу рахит нь хүндрэх шалтгаан болсон...” /1-р хх-ийн 113-116/ гэсэн,

 

Гэрч Ч.Цэцгээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Эмгэг судлалын шинжилгээ 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмгэг анатомийн байранд хийгдсэн. Эмгэг судлалын шинжилгээгээр хүүхдийн хэвлий хөндий, гавал тархийг нээж шинжилж үзсэн. Эмгэг судлалын эмч зүрхний гажигтай, сэрээ булчирхай нь том, хатгаа өвчтэй гэж хэлсэн. ...Зүрхний төрөлхий гажигтай байдлын улмаас хатгалгаа хүндэрч нас барсан байна гэж хэлсэн. ...Энэ хүүхэд өдөр нь ирэхэд хэвтүүлээгүй буцаагаад явуулсан талаар сонсоод Д.О эмчээс асуухад биеийн байдал гайгүй байсан зөвөлгөө өгөөд буцаасан гэж хэлсэн. О эмч өдөр үзэхдээ яаралтай тусламжийн хуудсыг бөглөөгүй байсан. ...Өрхийн эмнэлгээс хэвтэх бичигтэй ирсэн хүүхдийг хэвтүүлэх ёстой. Яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилах алгоритм байдаг юм. Манай байгууллагын дотоод журмын эмнэлэгт өвчтөн хэвтүүлэх гэсэн хэсэгт өрхөөс хэвтэх бичигтэй ирсэн хүүхдийг зохих журмаар хэвтүүлнэ гэсэн заалттай. ...Г.Мын үндсэн онош нь зүрхний гажиг гэж гарсан. Энэ хүүхдийг эмчлэгч эмч нар чагнаж үзэхэд ямар нэг шуугиан сонсогдоогүй байсан. Мөн хүүхэд амьсгалын дутагдалтай байсан учраас зүрхний гажиг шуугиан сонсогдохгүй байх боломжтой. Тухайн богино хугацаа байсан учраас эмч нар хийх эмчилгээгээ хийсэн гэж дүгнэсэн. О эмч хүүхдийн биеийн байдлыг дутуу үнэлээд буцаасан нь эмчийн алдаа болсон байна гэж дүгнэсэн. ...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед уушгины хатгаа хүнд хэлбэртэй байсан гэж үзэж байна. Найман цагийн дотор уушгины хатгаа хөнгөнөөс хүнд хэлбэр рүү шилжих боломжгүй. ...Амьсгалыг тоолж, амин үзүүлэлтийг үзэх шаардлагатай, уушгийг чагнаж хэржэгнүүртэй байвал рентген зураг авахуулж оношлуулах зэрэг үзлэн оношилгоог хийж уушгины хатгаа хаана, ямар хэмжээтэй, ямар байрлалтай байгааг үзэж уушгины хатгааны хүнд, хөнгөнийг ялгана...” /1-р хх-ийн 119-121/ гэсэн,

 

Гэрч Г.Ганхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын байранд 4 сартай, эмэгтэй Гийн М гэх хүүхдийн цогцост эмгэг судлалын шинжилгээ хийсэн.

...Г.Мын цогцост шинжилгээ хийж үндсэн онош, хүндрэл, дагалдах өвчин гэж оношийг тогтоосон. Г.Мын үндсэн онош нь зүрхний тосгуур  хоорондын таславчийн цоорхой 1,2 см хэмжээтэй, энэ өвчний олон улсын ангилал Q21.0, хүндрэл нь уушгины артерийн даралт ихсэлт, хоёр талын уушгины хатгалгаа амьсгууртас, тархи уушгины хаван, дотор эрхтний тэжээл хувирал болон цус эргэлтийн хямрал, бөөрний сувганцарын голомтлог үхжил, дагалдах өвчин нь тунгалаг дутмагшлын шүүдэст эмзэгшил-дархлаа дутмагшил, сэрээ булчирхайн томрол 33,1 грамм, тунгалагийн булчирхайн тархмал томрол, дэлүүний фолликулын олширол томрол, бөөрний дээд булчирхайн хатангиршал, аденом гэж онош тогтоогдсон. Г.М нь төрөлхийн зүрхний гажигтай байсны улмаас цус эргэлтийн алдагдал үүсч, баруун ховдолын ачаалал нэмэгдэж уушгины артерийн даралт ихсэлт үүсдэг. Уушгины артерийн даралт ихэссэн нь уушгины эмгэгээр өвчлөх, өвчин хүндрэх магадлалтай юм. Г.М нь дээрх өвчний улмаас хүндэрч амьсгал, хүчилтөрөгчийн дутмагшил гүнзгийрч нас барсан.

...MNS553772004 гэсэн дугаартай эмгэг судлалын задлан шинжилгээ хийх болон оношийн талаарх стандарт байдаг юм. Энэ стандартаар эмгэг судлалын оношийн нэгдүгээрт тавигдсан онош нь үндсэн онош, хоёр дээр тавигдсан онош нь хүндрэл буюу шууд үхэлд хүргэсэн шалтгаан болдог. Гуравт дугаарласан онош нь үхэлд нөлөөлөөгүй боловч тухайн бие махбодид байсан өвчнийг тодорхойлдог. Г.Мыг үхэлд хүргэсэн онош бол уушгины артерийн даралт ихсэлтийн суурин дээр үүссэн хоёр талын уушгины дэлбэнгийн хатгалгаа өвчний улмаас амьсгал хүчилтөрөгчийн дутмагшлаар нас барсан гэж дүгнэсэн. Иймээс уушгины артерийн даралт ихсэлтийн суурин дээр үүссэн хоёр талын уушгины дэлбэнгийн хатгалгаа өвчний улмаас амьсгал хүчилтөрөгчийн дутмагшил өвчнийг эмгэг судлалын оношийн хоёрт бичсэн байгаа юм. Г.Мын үндсэн онош зүрхний төрөлхийн ховдол хоорондын таславчийн цоорхой өвчин байсан.

...Найман цагийн дотор амь тэнссэн байдалтайгаар уушги нь хатгалгаа өвчин нь хүндэрнэ гэж бодохгүй байна. Эмнэлзүйн тохиолдолоос үзэхэд хөнгөн зэргийн хатгалгаатай байсан хүүхэд найман цагийн дотор амь тэнссэн шокын байдалтай болж хүндрэх боломжгүй байдаг юм...” /1-р хх-ийн 124-125/ гэсэн,

 

Гэрч А.Норовсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цаг 40 минутанд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүлээн авахад жижүүр эмчээр ажилд гарсан. Шөнө 00 цаг 20 минутын үед М гэх 4 сартай хүүхдийг түргэн тусламжийн машинаар авчирч хүлээлгэж өгсөн. ...М гэх хүүхдийг үзэхэд уйлагнасан, царай цонхигор, хүнд, сэхээнд орох заалттай, амьсгаадсан, уйлагнасан байдалтай хүнд хүүхэд байсан. Ээж нь тухайн үед сандраагүй, хүнд гэдгээ мэдээгүй байсан. Ээжээс нь асуумж авахад хүүхэд халуураагүй, уйлаад байсан гэж хариулсан. Хэмжиж үзэхэд 37,9 градусын халуунтай. Энэ хүүхдийн мөчдүүд нь хүйтэн, толгой, цээж хэсэг нь халуун байсан. Зүрхний цохилт минутанд 200 гаруй, хүчилтөрөгчийн ханамж буюу сатураци 95-аас дээш байх ёстой байтал 83 орчим, 4 сартай хүүхэд 50-иас дээш гарах ёсгүй байхад амьсгалын тоо 60-аас дээш байсан. Хүүхдийн тасгийн жижүүр эмч рүү залгаж хүнд хүүхэд ирлээ гэж мэдэгдсэн. ...Нямсүрэн эмч дахин амин үзүүлэлтийг үзээд ямар ч байсан эхлээд халуунаа бууруулаад, ороо зохицуулж хүүхдээ хүлээж авья гэсэн. Халуунтай байсан учраас өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй “Тайвшруулах хольц” буюу “Смесь” нэртэй эмийг булчинд тарьж, хүчилтөрөгч хамраар өгч байсан.

Би Мд цээжний шахалт хийж тусалсан. Амьсгал зүрхийг хянахад зүрх орж ирэхгүй 30, 40 минут болсон. ...Г.Мын амбулаторийн дэвтэр дотор өрхийн эмнэлгийн хэвтэх бичиг сул явж байсан. Энэ бичгийг үзэхэд хүүхдийн үндсэн оношийн талаар дурьдаагүй энгийн ханиад “Острын бронхит” гэсэн онош, хэвтүүлэх тухай заалт байсан. Энэ хэвтэх бичиг дээрх хүүхдийн биеийн байдлыг маш хөнгөнөөр тавьсан байсан. Намайг үзэхэд хүүхдийн биеийн байдал хүнд байсан. ...Шөнө намайг үзэхэд уушгины хатгаа хүнд явцтай байсан юм чинь тэр өдөр 16 цагийн үед мэдээж хүнд явцтай байсан байх гэж үзэж байна...” /1-р хх-ийн 126-129/ гэсэн,

 

Гэрч Ө.Алтансувд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 30, 40 минутын үед Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ээлжийн сувилагчаар гарсан. Би ажил хүлээж авахад энэ хүүхдийг хэвтэх бичигтэй ирснийг буцаасан гэснийг сонссон. Надаас өмнө Нямдаваа эгч сувилагчаар гарч байсан. Шөнө 01 цагийн үед 4 сартай М гэх хүүхдийг түргэний машинаар авчирсан. Хүүхэд бачуурдсан их хүнд байдалтай ирсэн. Хүүхдийг ирэхэд өвчний түүх нээлгүй шууд эрчимт эмчилгээний тасагт оруулсан...” /1-р хх-ийн 130/ гэсэн,

 

Гэрч Д.Нарантуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 12-13 цагийн хооронд Г гэх эмэгтэй хүүхдээ үзүүлэхээр ирсэн. Энэ эмэгтэй эхлээд дуудлага өгөх гээд ирэхэд нь би хүүхдээ аваад ир гэж явуулсан шиг санагдаж байна. Мыг ээж нь авчирч үзүүлсэн. Хүүхдийг үзэхэд амьсгаадсан хэвтэхээр хүүхэд байсан. Амьсгаадна, халуурна, цээж нь хэржигнүүртэй, уйлагнана зэрэг зовиуртай байсан. Амьсгал нь минутад 57 удаа, цээж нь хонхолзоно, нярайн пулсоксометр байхгүй учраас зүрхний цохилтыг үзээгүй, биеийн халуун 38 градустай байсан. Биед нь үзлэг хийхэд цээж хонхолзоно, зүрхийг чагнаж үзэхэд ямар нэг дуу чимээ шуугиан сонсогдоогүй, йг сонсоход амьсгал суларсан, хэржигнүүртэй байсан. Илт харагдах тууралт, хоолойд нь илэрхий улайсан юм байгаагүй. Энэ хүүхдэд уушгины хатгалгаа гэсэн онош тавьж яаралтай хэвтэж эмчлүүл гэж хэвтэх бичиг хийж өгсөн. ...Дараа нь Г 16-17 цагийн хооронд Яармагийн эмнэлэгт очсон чинь хэвтүүлэхгүй байна, утлага бичиж өгсөн гэж хэлсэн. Би утсаар манай өрхийн эмнэлэг дээр утлага хийдэг, та хоёр маргааш ирж утлага хийлгүүлээрэй, болохгүй бол түргэн дуудаарай гэж хэлсэн. ...Би Мт уушгины хатгалгаа гэх онош тавьсан. ...Уушгины хатгалгаа нь хэвтэх ёстой заалттай юм. ...Эмчийн үзлэгийн бүртгэл дээр тавьсан онош буюу ЖИ-10 /J-10/ гэсэн кодыг тавьж Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэх бичиг хийж өгсөн тухай тэмдэглэсэн...” /1-р хх-ийн 135-136/ гэсэн,

 

Гэрч Д.Болортунгалаг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Сувилагч Алтансувд 16 цаг 30 минутаас ажилдаа гарах ёстой байсан ба 16 цаг 30 минутын үед ирчихээд хүнд мөнгө өгөх ёстой юм, түр гарчихаад ирье гээд гараад явсан. Энэ үед би жижүүрийн хүлээн авахын өрөөнд сувилагчаар түр гарч байсан. Би яаралтай эмчилгээний тасгийн хүлээн авахад биш, эрчимт эмчилгээний тасагт ээлжийн сувилагчаар гарч байсан. Алтансувд сувилагч түр гарсан үед Г.Мыг эх нь авчирч үзүүлсэн. ...Би Г.Мын халууныг үзээд байж байсан. Энэ үед Алтансувд сувилагч хүрээд ирсэн. Би Алтансувд сувилагчид энэ гурван хүүхэд ирснийг бүртгэчихлээ гэж хэлээд тасаг руу орсон. ...Би халууныг хэмжсэн, О эмч чагнаж, хоолойг нь үзсэн. Хүчилтөрөгчийн хангамжийг би үзээгүй. Зүрхний цохилтыг эмч өөрөө чагнуураар чагнаж үздэг юм, би үзээгүй. О эмч Г.Мын зүрхний цохилтыг үзсэн эсэхийг мэдэхгүй байна. ...Тухайн үед хүүхэд орчиндоо харьцаатай биеийн байдал дунд байсан. ...Намайг байхад эмч амьсгалын тоог үзээгүй...” /1-р хх-ийн 140-141/ гэсэн,

 

Гэрч М.Хасар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн үед 4 сартай хүүхэд бөглөрших гэсэн дуудлагыг хүлээн авсан. Дуудлагын дагуу 23 цаг 20 минутын үед очсон. Очиход ээж нь “Өнөөдөр өрхийн эмнэлэгт үзүүлсэн. Өрхийн эмнэлэгт үзүүлэхэд эмнэлэгт хэвтэх бичиг хийж өгсөн. Орой 16 цагийн үед хүүхдээ аваад Яармагийн эмнэлэгт очиж хэвтэх бичгээ өгч хүүхдээ үзүүлэхэд хүүхэд чинь халуураагүй юм чинь гэрээр утлага хий гээд буцаасан” гэж хэлсэн. Би хүүхдийг үзэхэд биеийн байдал хүндэвтэр, амьсгалын дутагдлын шинж илэрсэн байсан тул Яармагийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. ...Амьсгал нь олширсон, биеийн байдал хүндэвтэр, эмнэлэгт хэвтэх шаардлагатай байсан. Би урьдчилсан байдлаар уушгины хатгалгаа гэсэн. Уушгины хатгалгааны хүнд хэлбэртэй байсан шиг санагдаж байна...” /1-р хх-ийн 142-143/ гэсэн,

 

Гэрч Д.Соёлмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хүлээн авахад жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Д.О эмч эрэмбэлэн ангилалтын хуудас бөглөж бичээгүй буюу эмнэлгийн анхан шатны бүртгэл маягтыг хөтлөөгүй. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 тоот тушаалд зааснаар хүлээн авахад эрэмблэн ангилалтын маягт бөглөх ёстой гэсэн заалттай. Хүлээн авахын эмч нь өвчтөний бүх амин үзүүлэлтийг үзэж эрэмбэлэн ангилалтын хуудсанд бичих ёстой байсан. Гэвч энэ хуудас байгаагүй. ...Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаалаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг. Уг ёс зүйн хэм хэмжээнд эмнэлгийн мэргэжилтнүүд бие биенээ хүндэтгэх ёстой гэсэн заалттай. Д.О эмчийн тухайн өрхийн эмчээс энэ хүүхдийг хэвтэж эмчлүүлье гэж байхад хүндэтгэж үзэлгүй, хайхрамжгүй хандсан. Жижүүр эмч Д.О яаралтай тусламж шаардлагатай хүүхдийг буцаасан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3-т заасан, 20 дугаар зүйлийн 20.2.1-20.2.3 дахь заалт, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 тушаалаар хүүхдийн амин үзүүлэлтийг үзээд биеийн байдал хүнд байвал яаралтай тусламж үзүүлэх тухай заалтыг зөрчсөн байна...” /1-р хх-ийн 146-149/ гэсэн,

 

Гэрч Ц.Алтантуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гийн М нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл-Өргөө амаржих газарт төрсөн байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрийн 3, 15, 47, 48 хуудсанд үзэж харсан тухай миний бие тэмдэглэл хөтөлсөн байна. Ажил үүргийн хуваарийн дагуу ээжийн асаргаанд байгаа эрүүл нярай хүүхдэд өдөрт нэг удаа үзлэг хийдэг. Үзлэгээр биеийн ерөнхий байдал, хөдөлгөөний идэвхи, биеийн халуун, булчингийн хүчдэл, нярайн рефлексүүд, зулайн байдал, саа саажилт, зүрхний цохилт, зүрхний хэм, зүрхэнд ямар нэг шуугиан байгаа эсэх, амьсгал, амьсгалын хэм тоо, хэвлий, элэг, хүй, баас шээсний байдал аюултай ерөнхий шинжүүдийг үздэг. Г.Мын хувьд үзлэгүүд бүрэн хийгдсэн үзсэн. Дутуу орхигдсон зүйл байхгүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээс үзэхэд намайг үзэх үед Г.М нь зүрхний цохилт хэвийн, нэг минутад 138 удаа цохилттой, эмгэг шуугиангүй, зүрхний хэм жигд, эмгэг шуугиан сонсогдоогүй байсан. Үзлэг хийх үед зүрхний гажигтай хүүхдэд тодорхой шинж тэмдэг илэрдэг. Жишээлбэл төвийн болон захын хөхрөлт, амьсгаадах, хөлрөх, хөхөндөө муудах, төрөх үедээ жин багатай байх зэрэг шинж илэрдэг. Эдгээр шинжүүд намайг үзлэг хийх үед аль нь ч илрээгүй байна. Мөн зүрхний гажигууд тэр дундаа 1см-ээс том цоорхой нь шуугиан үүсэгдэггүй учраас чагнуураар оношлох боломжгүй...” /1-р хх-ийн 150-151/ гэсэн,

 

Гэрч Д.Отгонтуяа мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Г нь өөрийн охин Мыг манай өрхийн эмнэлэгт авчирч үзүүлж байсан. Би М гэх хүүхдийг нэгээс хоёр удаа үзсэн. Вакцин тариулах үед эх Г авчирч үзүүлсэн. Намайг үзэх үед Г нь охин Мыг хаяа нэг ханиалгана гэсэн зовиур хэлж байсан. Би энэ хүүхдийг чагнуураар чагнаж, жин, уртыг нь үзсэн. Зулайг тэмтэрч биед үзлэг хийж ямар нэг тууралт байсан эсэхийг харсан. Үзэх үед ямар нэг эмгэг өөрчлөлт илрээгүй. ...Мыг хоёр сартай байхад нь йг чагнаж үзэхэд хэвийн буюу цулцангийн амьсгалтай байсан. Мөн 4 сартай байх үед нь уушги, зүрхийг чагнаж үзсэн, ямар нэг эмгэг шуугиан сонсогдоогүй...” /1-р хх-ийн 154-155/ гэсэн,

 

Гэрч П.Бямбадорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14, 15 цагийн үед Улаанбаатар хотод ирж байхад Г над руу утасдаж М өвдөөд хорооны эмнэлэгт Нараа эмчид үзүүлсэн чинь эмнэлэгт хэвт гэнээ, хэвтэх бичиг авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би замын унаагаар шууд гэртээ ирсэн. Намайг ирэх үед охин М унтаж байсан бөгөөд Г Нараа эмч хэвтэх бичиг хийж өгсөн гэж нэг бичиг үзүүлсэн, би яг сайн ажиглаж хараагүй. ...Г охиноо авч ороод удалгүй гарч ирээд, эмч гайгүй, утлага хийх юм байна гэсэн. Эмч ямар эмчилгээ бичиж өгснийг би нэг бүрчлэн хараагүй, уншаагүй. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс гараад шууд гэртээ ирсэн. Г хорооны эмч Нараатай утсаар яриад утлага хий гэнэ гэж хэлсэн. Нараа эмч өнөөдөр амралтын өдөр тул маргааш ирээрэй гэж хэлсэн. Орой 21, 22 цагийн үед М гэнэт огиод хачин болоод ирсэн. Энэ үед түргэн дуудсан. Түргэн дуудуулж, дуудуулж 23 цагийн үед ирсэн. Түргэний машинаар Г, Мыг аваад эмнэлэг явж, би гурван хүүхдээ хараад гэртээ үлдсэн. Шөнө 01 цагийн үед Г утасдаад М өнгөрчихлөө гэж хэлсэн...” /2-р хх-ийн 188-189/ гэсэн,

 

Гэрч Д.Шүрэнтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.О нь 2016 оны 12 дугаар сард тус эмнэлэгт гэрээгээр ажилласан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй юм. Ажилд авсан тухай тушаал ч гараагүй. Энэ талаар 2016 оны 12 дугаар сарын захирлын тушаал, хөдөлмөрийн бүх гэрээнүүдийг шүүж үзэхэд байгаагүй. Эмнэлгийн тусламжийг нэмэлтээр үзүүлэх гэрээ л байсан. Д.Оюун-Эрдэнийг 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс яаралтай тусламж эрчимт эмчилгээний тасагт хүүхдийн эмчээр ажилд авсан тухай Б/18 дугаартай тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. ...2016 оны 12 дугаар сард Д.О эмчийг гэрээ байгуулж нэмэлтээр ажиллуулж байсан...” /2-р хх-ийн 193-194/ гэсэн,

 

Гэрч Г.Одончимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 01 дүгээр сарын сүүлд цалин хөлс бодоход Д.О 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс хойш буюу 12 удаа жижүүрт нэмэлтээр ажилласны хөлс 360.000 төгрөгийн хөлс олгосон. Д.Оюун-Эрдэнийг нэмэлтээр ажлуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/08 тушаалаар Д.Од хөлс бодож олгосон...” /2-р хх-ийн 195-196/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагаас 17 цагийн үед өвчтөн Г.Мыг үзэж амьсгал дутлын шинжгүй, одоогоор хэвтэх шаардлагагүй тул зөвлөгөө өгч гэрээр эмчилгээ хийлгэхээр зөвлөж буцаасан. Г.Мын хэвтэх бичгийг үзүүлээгүй. Мын амин үзүүлэлтийг үзсэн. Халуунгүй, амьсгалын тоо хэвийн, цусан дахь хүчилтөрөгчийн хангамж хангалттай, цээж хонхолзоогүй, захын судасны цохилт хангалттай тэмтрэгдэнэ, зүрхний авиа тод, зүрхний хэм жигд, нэг минутад багцаагаар 130-аас 135-ын хооронд байсан. Амин үзүүлэлтүүд тогтвортой хэвийн байсан. ...Надад хэвтэх бичгээ үзүүлээгүй, хэвтэх бичигтэй ирсэн гэж хэлээгүй. ...Өвчний амбулаторын картанд үзлэг хийсэн тухай бичиж тэмдэглээд гуурсан хоолойн үрэвсэл гэсэн онош тавьсан. Амбулаторын картанд амин үзүүлэлтийг бичээгүй, тухайн үед хүүхдийн үзлэгийн тоо 100 гаруй, таван минутын зайтай нэг хүүхдийг үзэж байсан, ачаалал хэт их байсан учраас яаралтай тусламж үзүүлсэн тухай маягт бөглөөгүй юм. Би Гт гэрээр эмийн эмчилгээ хийлгэх, тухайлбал флемоксинсалвтаб 125 мг-аар нэг ширхэгээр хоногт 8 цагаар, 5 хоног, витамин С хоёр хувийн 200 мл-ээр цайны халбагаар өдөрт 3 удаа 5 хоног, Калийн иод 2 хувийн 100 мл-ээс цайны халбагаар өдөрт 3 удаа хэрэглэх, хэрэв яаралтай шинж илэрвэл буцаж ирэх, өрхийн эмчийн хяналтанд буцаасан. ...Пулмикан нь Будесонит нэртэй эм нь дааврын гаралтай, утлагаар үрэвсэл намдаах зорилгоор хэрэглэдэг эм юм. Г.Мт утлага хийлгүүлэхээр заалт бичээгүй...” /1-р хх-ийн 224-225, 226, 227, 2-р хх-ийн 197-198/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №543 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Эмгэг судлаач эмч Г.Ганхүүгийн онош үндэслэлтэй байна.

2. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны өрхийн эмч Д.Нарантуяа, хүлээн авсан эмч А.Норовсүрэн, эмчлэгч эмч М.Нямсүрэн нарын талийгаач Мт тавьсан онош үндэслэлтэй байна. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Оюун-Эрдэнийн талийгаач Г.Мт тавьсан онош үндэслэл муутай байна.

3. 4. 5. 8. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Д.О нь бодит үзлэг хангалтгүй хийснээс онош буруу тавьсан ба Мыг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай байжээ. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны өрхийн эмч Д.Нарантуяа, хүлээн авсан эмч А.Норовсүрэн, эмчлэгч эмч М.Нямсүрэн нар шаардлагатай зохих үзлэг, эмчилгээг хийсэн байна.

6. 7. Талийгаач Г.М нь зүрхний төрөлхийн гажиг ховдол хоорондын таславчийн цоорхой, тунгалаг дутмагшлын шүүдэст эмгэгшил дархлаа дутмагшил өвчтэй байсан ба дээрх эмгэгтэй хүүхэд уушгины хатгалгаагаар өвчлөхөд өвчин маш цочмог, түргэн явцтай, тавилан муутай бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврах боломж муутай.

9. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл өргөө нэгдүгээр төрөх эмнэлэгт төрөх үед зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхойг оношлоогүй байна.

10. Г нь 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 4 сартай жирэмсэн байх үедээ “Влабур” эмнэлэгт ЭХО хийлгэсэн бөгөөд дээрх шинжилгээгээр урагт ховдол хоорондын таславчийн цоорхой оношлогдоогүй байна. Хоёр сарын дараа давтан харуул гэсэн боловч дахин ЭХО-д шинжлүүлсэн гэх бичиг байхгүй байна...” /1-р хх-ийн 174-178/ гэсэн,

 

Мөн хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №762 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 Эмгэг судлаач эмч Г.Ганхүүгийн онош зөв байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 543 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

3.Талийгаач Г.М нь уушгины хатгалгаа өвчний улмаас нас барсан байна.

4.8 Зүрхний төрөлхийн гажиг ховдол хоорондын таславчийн цоорхой, тунгалаг дутмагшлын шүүдэст эмгэгшил, дархлаа дутмагшил, цус эргэлтийн хямрал, уушгины артерийн даралт ихсэлт зэрэг өвчин нь уушгины хатгалгаа өвчнийг хүндрэхэд нөлөөлсөн байна.

5. Талийгаач Г.М нь хоёр талын уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа өвчтэй байсан байна.

6. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үеийн байдлаар уушгины хатгалгаа өвчин нь хүнд явцтай байсан байх боломжтой. Учир нь үүнээс хойш богино хугацаанд биеийн байдал нь муудаж үхэлд хүрсэн байна.

7. Энгийн ханиад, гуурсан хоолойн хурц үрэвсэл нь ямар хугацаанд хүндэрч уушгины хүнд хэлбэрийн хатгалгаанд шилжихийг нарийвчлан тогтоох боломжгүй.

9. Дөрвөн сартай хүүхдийн сэрээ булчирхайн хэвийн хэмжээ 21-35 грамм байдаг ба Г.Мын сэрээ булчирхай 33.1 грамм байгаа нь хэвийн хэмжээнд байна.

10. Зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой төрөлхийн гажигтай байсан нь амь насанд аюултай боловч шинж тэмдэг өгч зүрхний дутагдал илрэх хүртлээ оношлогдохгүй байх боломжтой. Хэдий хугацааны дараа шинж тэмдэг илрэх эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.

11. Зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой төрөлхийн гажиг нь шинж тэмдэг өгч зүрхний дутагдал илрэх хүртлээ оношлогдохгүй байх боломжтой ба зүрхний хэт авиан шинжилгээ /ЭХО/ болон бусад багажийн шинжилгээг хийсэн тохиолдолд оношлогдох боломжтой. Талийгаачид шинж тэмдэг илрээгүй, багажийн шинжилгээ хийгээгүй байх тул оношлохгүй байх боломжтой.

12. Талийгаач Г.М уушгины хатгалгаа хүнд хэлбэртэй ба бусад өвчин эмгэгтэй хавсарсан тул эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, эмчилгээ хийгдсэн ч амь насыг аврах боломж бага.

13. Талийгаач Г.Мын 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед , мөн 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх үед зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой өвчин, эмгэгийг зөв оношилж, улмаар яаралтай түргэн тусламж үзүүлсэн ч бусад өвчин эмгэгтэй хавсарсны улмаас өвчлөл хүнд хэлбэртэй, цочмог түргэн явцтай байгаа тул амь насыг аврах боломж бага байна.

14. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч Д.О бодит үзлэг хангалтгүй хийснээс онош буруу тавьж бүрэн гүйцэд оношлогдоогүй байна.

15. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч Д.О нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өвчтөн Г.Мын биеийн байдал, амин үзүүлэлт, эмнэлзүйн шинж тэмдэгүүд зэргийн буюу бодит үзлэгийг бүрэн гүйцэд хийж, эрэмбэлэн ангилах ажиллагааг шуурхай хийсэн бол Г.Мын үхэлд хүргэсэн уушгины хатгалгаа өвчнийг бүрэн оношлох боломжтой байсан...” /1-р хх-ийн 208-213/ гэсэн,

 

Эмгэг судлаач эмч Г.Ганхүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №ХУ-03.2016 тоот Эмгэг судлалын шинжилгээний протоколд “...Эмнэлзүйн онош  1. Хоёр уушгины хүнд хэлбэрийн хатгаа цочмог явцтай J18.

2. Амьсгал дутагдлын хүнд хэлбэр. Гуурсан хоолойн бөглөрших хам шинж. Халдвар хордлогын хам шинж /титэм судасны хурц дутагдал/.

3. Тунгалаг төлжилгүйдлийн дутагдал. Сульдаа өвчин цочмогдуу явцтай. Тархины О2 цусан хангамжийн дутагдал.

Эмгэг судлалын онош

1. Цус эргэлтийн тогтолцооны төрөлх гажиг: Ховдол хоорондын таславчийн цоорхой -1.2 см ӨОУА-Q21.0

2. Уушгины артерийн даралт ихсэлт /Хит-Эдвардс III шат/ Хоёр талын уушгины дэлбэнгийн хатгалгаа, амьсгуурстас. Тархи уушгины хаван. Дотор эрхтнүүдийн тэжээл хувирал болон цус эргэлтийн хямрал. Бөөрний сувганцарын голомтлог үхжил.

3. Тунгалаг дутмагшлийн шүүдэст эмзэгшил-Дархлаа дутмагшил: Сэрээ булчирхайн томрол-33.1 гр, тунгалагийн булчирхайн тархмал томрол, дэлүүний фолликулын олшрол, томрол бөөрний дээд булчирхайн хатингаршил, аденом.

...Эмнэлзүй, эмгэг судлалын дүгнэлт: ...Эмнэлзүй, эмгэг судлалын шинжилгээний өөрчлөлтөөс дүгнэхэд хүүхэд зүрхний төрөлх гажиг ховдол хоорондын таславчийн цоорхойтой, тунгалаг дутмагшилын шүүдэст эмгэгшил, дархлаа дутмагшил, цус эргэлтийн хямрал, уушгины артерийн даралт ихсэлттэй байсан ба уушгины хатгалгаагаар өвчлөн амьсгал хүчил төрөгчийн дутмагшил гүнзгийрэн нас барсан байна.

Эмнэлзүй болон эмгэг судлалын онош үндсэн өвчнөөс зөрсөн, зөрөөний шалтгаан бодит оношлох хугацаа богино.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг эрэмблэн ангилалт хийгээгүй, үзлэг хангалтгүй, биеийн байдлыг дутуу үнэлэн буцаасан, шокын эсрэг гарааны эмчилгээ хожуу авсан зэрэг нь эмчилгээ дутагдал болно...” /2-р хх-ийн 11-13/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Өргөдөл /1-р хх-ийн 4-5/,

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 13-26, 27-28, 80, 91, 2-р хх-ийн 178-186/,

- Г.Мын өвчний түүх, төрөлтийн түүх, жирэмсэн эхийн хяналтын дэвтэрийн хуулбар, хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 31-38, 82-90, 92-101, 102-103, 231/,

- Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэгсдийн хуулбар /1-р хх-ийн 40/,

- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эмнэлгийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас болон бусад баримтууд /1-р хх-ийн 41-44, 45-50, 2-р хх-ийн 18-25/,

- Эмнэлзүй, эмгэг судлалын ярилцлага /1-р хх-ийн 51-79/,

- 2 сараас 5 хүртэлх насны өвчтэй хүүхдийн үзлэгийн маягт /1-р хх-ийн 167-168/,

- Цогцосыг оршуулсан газраас гаргаж, үзлэг хийсэн, буцааж оршуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 194-197, 198-202/, 

- Ял шалгах хуудас /1-р хх-ийн 228/,

- Хүүхдийн тусламж үйлчилгээг нэмэлтээр үзүүлэх гэрээ /1-р хх-ийн 243/,

- Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 244-245/,

- Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын хуудас /2-р хх-ийн 42/,

- Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн “Нэмэлтээр ажилтан ажлуулах тухай” тушаал /2-р хх-ийн 176-177/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 232, 236-242, 2-р хх-ийн 56, 60-61/,

- Монгол улсын стандарт /2-р хх-ийн 68-70/,

- Хохирлын баримтууд /2-р хх-ийн 116-131/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

I. Гэм буруу болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Д.О нь Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт их эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Г.Мын биеийг үзэхдээ амин үзүүлэлтийг үзэлгүй, бодит үзлэгийг дутуу хийж, өвчтөнийг эрэмбэлэн ангилахгүйгээр, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж буцааж, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч 4 сартай Гийн М “уушгины артерийн даралт ихсэлт, хоёр талын уушигны дэлбэнгийн хатгалгаа, амьсгууртас” өвчний улмаас нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн “...Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 16 цаг 00 минутын үед ирсэн. О эмч жижүүртэй байсан, О эмч Мыг үзсэн. Амьсгалыг тоолсон, савхаар хоолойг нь дарж үзсэн, халууныг хэмжсэн, чагнуураар чагнаж үзсэн. О эмч та хоёр өрхийн эмнэлгээр утлага хийлгүүлж, эм уу гэж бичиж өгсөн. Сайжруулсан амоксцилин, цэр шингэлдэг эм, пулмикан эмээр утлага хий гэж бичиж өгсөн. Би амоксцилин хэрэглэсэн гэж хэлэхэд үргэлжлүүлээд уу гэж хэлсэн. ...Хэвтэх бичгийг жижүүр эмч Од өгсөн, О эмч хэвтэх бичгийг үзээд эхлээд хүүхдийг чинь үзээдхэе гэсэн. ...Бид хоёрыг хэвтүүлээгүй учир хэвтэх бичгээ би буцаагаад авч явсан...” /1-р хх-ийн 106-112/ гэсэн,

Гэрч М.Нямсүрэнгийн “...Уушгины хатгаа өвчнийг эмчлээгүй удсанаас амьсгалын дутагдалд орсон. Сэрээ булчирхайн томрол, сульдаа өвчин буюу рахит нь хүндрэх шалтгаан болсон...” /1-р хх-ийн 113-116/ гэсэн,

Гэрч Ч.Цэцгээгийн “...Энэ хүүхэд өдөр нь ирэхэд хэвтүүлээгүй буцаагаад явуулсан талаар сонсоод Д.О эмчээс асуухад биеийн байдал гайгүй, зөвлөгөө өгөөд буцаасан гэж хэлсэн. О эмч өдөр үзэхдээ яаралтай тусламжийн хуудсыг бөглөөгүй байсан. ...Өрхийн эмнэлгээс хэвтэх бичигтэй ирсэн хүүхдийг хэвтүүлэх ёстой. Яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилах алгоритм байдаг юм. Манай байгууллагын дотоод журамд эмнэлэгт өвчтөн хэвтүүлэх гэсэн хэсэгт өрхөөс хэвтэх бичигтэй ирсэн хүүхдийг зохих журмаар хэвтүүлнэ гэсэн заалттай. ...Г.Мын үндсэн онош нь зүрхний гажиг гэж гарсан. Энэ хүүхдийг эмчлэгч эмч нар чагнаж үзэхэд ямар нэг шуугиан сонсогдоогүй байсан. Мөн хүүхэд амьсгалын дутагдалтай байсан учраас зүрхний гажиг шуугиан сонсогдохгүй байх боломжтой. Ийм шалтгаанаар онош зөрсөн байсан гэж ярилцсан. Тухайн үед богино хугацаа байсан учраас эмч нар хийх эмчилгээгээ хийсэн гэж дүгнэсэн. О эмч хүүхдийн биеийн байдлыг дутуу үнэлээд буцаасан нь эмчийн алдаа болсон байна гэж дүгнэсэн. ...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед уушгины хатгаа хүнд хэлбэртэй байсан гэж үзэж байна. Найман цагийн дотор уушгины хатгаа хөнгөнөөс хүнд хэлбэр рүү шилжих боломжгүй. ...Амьсгалыг тоолж, амин үзүүлэлтийг үзэх шаардлагатай, цээжийг чагнаж хэржигнүүртэй байвал рентген зураг авахуулж оношлуулах зэрэг үзлэг оношилгоог хийж уушгины хатгаа хаана, ямар хэмжээтэй, ямар байрлалтай байгааг үзэж уушгины хатгааны хүнд, хөнгөнийг ялгана...” /1-р хх-ийн 119-121/ гэсэн,

Гэрч Г.Ганхүүгийн “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын байранд 4 сартай, эмэгтэй Гийн М гэх хүүхдийн цогцост эмгэг судлалын шинжилгээ хийсэн. ...MNS553772004 гэсэн дугаартай эмгэг судлалын задлан шинжилгээ хийх болон оношийн талаарх стандарт байдаг юм. Энэ стандартаар эмгэг судлалын оношийн нэгдүгээрт тавигдсан онош нь үндсэн онош, хоёр дээр тавигдсан онош нь хүндрэл буюу шууд үхэлд хүргэсэн шалтгаан болдог. Гуравт дугаарласан онош нь үхэлд нөлөөгүй боловч тухайн бие махбодид байсан өвчнийг тодорхойлдог. Г.Мыг үхэлд хүргэсэн онош бол уушгины артерийн даралт ихсэлтийн суурин дээр үүссэн хоёр талын уушгины дэлбэнгийн хатгалгаа өвчний улмаас амьсгал хүчилтөрөгчийн дутмагшлаар нас барсан гэж дүгнэсэн. Иймээс уушгины артерийн даралт ихсэлтийн суурин дээр үүссэн хоёр талын уушгины дэлбэнгийн хатгалгаа өвчний улмаас амьсгал хүчилтөрөгчийн дутмагшил өвчнийг эмгэг судлалын оношийн хоёрт бичсэн байгаа юм. Г.Мын үндсэн онош зүрхний төрөлхийн ховдол хоорондын таславчийн цоорхой өвчин байсан.

...Найман цагийн дотор амь тэнссэн байдалтайгаар уушигны хатгалгаа өвчин нь хүндэрнэ гэж бодохгүй байна. Эмнэлзүйн тохиолдлоос үзэхэд хөнгөн зэргийн хатгалгаатай байсан хүүхэд найман цагийн дотор амь тэнссэн шокын байдалтай болж хүндрэх боломжгүй байдаг юм...” /1-р хх-ийн 124-125/ гэсэн,

Гэрч А.Норовсүрэнгийн “...Шөнө 00 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 12-р хороонд оршин суух хаягтай М гэх 4 сартай хүүхдийг түргэн тусламжийн машинаар авчирч хүлээлгэж өгсөн. М гэх хүүхдийг үзэхэд уйлагнасан, амьсгаадсан, царай нь цонхигор, сэхээнд орох заалттай хүнд хүүхэд байсан. ...Хэмжиж үзэхэд 37,9 хэмийн халуунтай, хүүхдийн мөчдүүд нь хүйтэн, толгой, цээж хэсэг нь халуун, зүрхний цохилт минутанд 200 гаруй, хүчилтөрөгчийн ханамж буюу сатураци 95-аас дээш байх ёстой байтал 83 орчим, 4 сартай хүүхэд 50-иас дээш гарах ёсгүй байхад амьсгалын тоо 60-аас дээш байсан. ...Шөнө намайг үзэхэд уушгины хатгаа хүнд явцтай байсан, тэр өдөр 16 цагийн үед мэдээж хүнд явцтай байсан байх гэж үзэж байна...” /1-р хх-ийн 126-129/ гэсэн,

Гэрч Д.Нарантуяагийн “...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 12-13 цагийн хооронд Г гэх эмэгтэй хүүхдээ үзүүлэхээр ирсэн. ...Хүүхдийг үзэхэд амьсгаадсан хэвтэхээр хүүхэд байсан. Амьсгаадна, халуурна, цээж нь хэржигнүүртэй, уйлагнана зэрэг зовиуртай байсан. Амьсгал нь минутад 57 удаа, цээж нь хонхолзоно, нярайн пулсоксометр байхгүй учраас зүрхний цохилтыг үзээгүй, биеийн халуун 38 хэмтэй, биед нь үзлэг хийхэд цээж хонхолзоно, зүрхийг чагнаж үзэхэд ямар нэг дуу чимээ шуугиан сонсогдоогүй, уушгийг сонсоход амьсгал суларсан, хэржигнүүртэй байсан. Илт харагдах тууралт, хоолойд нь илэрхий улайсан юм байгаагүй. Энэ хүүхдэд уушигны хатгалгаа гэсэн онош тавьж яаралтай хэвтэж эмчлүүл гэж хэвтэх бичиг хийж өгсөн. ...Уушигны хатгалгаа нь хэвтэх ёстой заалттай юм. ...Үзлэгийн 4-Б маягтад уушгины хатгалгаа гэсэн онош тавьж халуун бууруулах, яаралтай хэвтүүлэхээр хэвтэх бичиг хийж өгсөн, дулаан байлгах, эмнэлгээс гарахаар эргэж үзүүлэх гэсэн заалтуудаа тэмдэглэж бичсэн. Эмчийн үзлэгийн бүртгэл дээр тавьсан онош буюу Жи-10 /J-10/ гэсэн кодыг тавьж Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэх бичиг хийж өгсөн тухай тэмдэглэсэн...” /1-р хх-ийн 135-136/ гэсэн,

Гэрч Д.Болортунгалагийн “...Би Г.Мын халууныг хэмжсэн, О эмч чагнаж, хоолойг нь үзсэн, хүчилтөрөгчийн хангамжийг би үзээгүй. Зүрхний цохилтыг эмч өөрөө чагнуураар чагнаж үздэг, би үзээгүй. О эмч Г.Мын зүрхний цохилтыг үзсэн эсэхийг мэдэхгүй байна. ...Тухайн үед хүүхэд орчиндоо харьцаатай биеийн байдал дунд байсан. ...Намайг байхад эмч амьсгалын тоог үзээгүй...” /1-р хх-ийн 140-141/ гэсэн,

Гэрч М.Хасарын “...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дуудлагын дагуу 23 цаг 20 минутын үед очиход ээж нь “өнөөдөр өрхийн эмнэлэгт үзүүлэхэд эмнэлэгт хэвтэх бичиг хийж өгсөн, орой 16 цагийн үед хүүхдээ аваад Яармагийн эмнэлэгт очиж хэвтэх бичгээ өгч хүүхдээ үзүүлэхэд хүүхэд чинь халуураагүй юм чинь гэрээр утлага хий гээд буцаасан” гэж хэлсэн. Би хүүхдийг үзэхэд биеийн байдал хүндэвтэр, амьсгал дутагдлын шинж илэрсэн байсан тул Яармагийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. ...Амьсгал нь олширсон, биеийн байдал хүндэвтэр, эмнэлэгт хэвтэх шаардлагатай байсан. Би урьдчилсан байдлаар уушигны хатгалгаа гэсэн, уушгины хатгалгааны хүнд хэлбэртэй байсан шиг санагдаж байна...” /1-р хх-ийн 142-143/ гэсэн,

Гэрч Д.Соёлмаагийн “...Хүлээн авахад жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Д.О эмч эрэмбэлэн ангилалтын хуудас бөглөж бичээгүй буюу эмнэлгийн анхан шатны бүртгэл маягтыг хөтлөөгүй. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 тоот тушаалд зааснаар хүлээн авахад эрэмбэлэн ангилалтын маягт бөглөх ёстой гэсэн заалттай. Хүлээн авахын эмч нь өвчтөний бүх амин үзүүлэлтийг үзэж эрэмбэлэн ангилалтын хуудсанд бичих ёстой байсан. Гэвч энэ хуудас байгаагүй. ...Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаалаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг. Уг ёс зүйн хэм хэмжээнд эмнэлгийн мэргэжилтнүүд бие биенээ хүндэтгэх ёстой гэсэн заалттай, Д.О эмчийн тухайн өрхийн эмчээс хүүхдийг хэвтэж эмчлүүлье гэсэн байхад хүндэтгэж үзэлгүй, хайхрамжгүй хандсан. Жижүүр эмч Д.О яаралтай тусламж шаардлагатай хүүхдийг буцаасан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3, 20 дугаар зүйлийн 20.2.1-20.2.3, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 тушаалаар хүүхдийн амин үзүүлэлтийг үзээд биеийн байдал хүнд байвал яаралтай тусламж үзүүлэх тухай заалтыг зөрчсөн байна...” /1-р хх-ийн 146-149/ гэсэн мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №543 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Эмгэг судлаач эмч Г.Ганхүүгийн онош үндэслэлтэй байна.

2. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны өрхийн эмч Д.Нарантуяа, хүлээн авсан эмч А.Норовсүрэн, эмчлэгч эмч М.Нямсүрэн нарын талийгаач Мт тавьсан онош үндэслэлтэй байна. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Оюун-Эрдэнийн талийгаач Г.Мт тавьсан онош үндэслэл муутай байна.

3. 4. 5. 8. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Д.О нь бодит үзлэг хангалтгүй хийснээс онош буруу тавьсан ба Мыг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай байжээ. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны өрхийн эмч Д.Нарантуяа, хүлээн авсан эмч А.Норовсүрэн, эмчлэгч эмч М.Нямсүрэн нар шаардлагатай зохих үзлэг, эмчилгээг хийсэн байна...” /1-р хх-ийн 174-178/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №762 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 Эмгэг судлаач эмч Г.Ганхүүгийн онош зөв байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 543 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

3.Талийгаач Г.М нь уушгины хатгалгаа өвчний улмаас нас барсан байна.

4.8 Зүрхний төрөлхийн гажиг ховдол хоорондын таславчийн цоорхой, тунгалаг дутмагшлын шүүдэст эмгэгшил, дархлаа дутмагшил, цус эргэлтийн хямрал, уушгины артерийн даралт ихсэлт зэрэг өвчин нь уушгины хатгалгаа өвчнийг хүндрэхэд нөлөөлсөн байна.

5. Талийгаач Г.М нь хоёр талын уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа өвчтэй байсан байна.

6. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үеийн байдлаар уушгины хатгалгаа өвчин нь хүнд явцтай байсан байх боломжтой. Учир нь үүнээс хойш богино хугацаанд биеийн байдал нь муудаж үхэлд хүрсэн байна.

7. Энгийн ханиад, гуурсан хоолойн хурц үрэвсэл нь ямар хугацаанд хүндэрч уушгины хүнд хэлбэрийн хатгалгаанд шилжихийг нарийвчлан тогтоох боломжгүй.

9. Дөрвөн сартай хүүхдийн сэрээ булчирхайн хэвийн хэмжээ 21-35 грамм байдаг ба Г.Мын сэрээ булчирхай 33.1 грамм байгаа нь хэвийн хэмжээнд байна.

...14. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч Д.О бодит үзлэг хангалтгүй хийснээс онош буруу тавьж бүрэн гүйцэд оношлогдоогүй байна.

15. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч Д.О нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өвчтөн Г.Мын биеийн байдал, амин үзүүлэлт, эмнэлзүйн шинж тэмдэгүүд зэргийг буюу бодит үзлэгийг бүрэн гүйцэд хийж, эрэмбэлэн ангилах ажиллагааг шуурхай хийсэн бол Г.Мын үхэлд хүргэсэн уушгины хатгалгаа өвчнийг бүрэн оношлох боломжтой байсан...” /1-р хх-ийн 208-213/ гэсэн,

Эмгэг судлаач эмч Г.Ганхүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №ХУ-03.2016 тоот Эмгэг судлалын шинжилгээний протоколд “...Эмнэлзүйн онош  1. Хоёр уушгины хүнд хэлбэрийн хатгаа цочмог явцтай J18.

2. Амьсгал дутагдлын хүнд хэлбэр. Гуурсан хоолойн бөглөрших хам шинж. Халдвар хордлогын хам шинж /титэм судасны хурц дутагдал/.

3. Тунгалаг төлжилгүйдлийн дутагдал. Сульдаа өвчин цочмогдуу явцтай. Тархины О2 цусан хангамжийн дутагдал.

Эмгэг судлалын онош

1. Цус эргэлтийн тогтолцооны төрөлх гажиг: Ховдол хоорондын таславчийн цоорхой -1.2 см ӨОУА-Q21.0

2. Уушгины артерийн даралт ихсэлт /Хит-Эдвардс III шат/ Хоёр талын уушгины дэлбэнгийн хатгалгаа, амьсгуурстас. Тархи уушгины хаван. Дотор эрхтнүүдийн тэжээл хувирал болон цус эргэлтийн хямрал. Бөөрний сувганцарын голомтлог үхжил.

3. Тунгалаг дутмагшлийн шүүдэст эмзэгшил-Дархлаа дутмагшил: Сэрээ булчирхайн томрол-33.1 гр, тунгалагийн булчирхайн тархмал томрол, дэлүүний фолликулын олшрол, томрол бөөрний дээд булчирхайн хатингаршил, аденом.

...Эмнэлзүй, эмгэг судлалын дүгнэлт: ...Эмнэлзүй, эмгэг судлалын шинжилгээний өөрчлөлтөөс дүгнэхэд хүүхэд зүрхний төрөлх гажиг ховдол хоорондын таславчийн цоорхойтой, тунгалаг дутмагшлын шүүдэст эмгэгшил, дархлаа дутмагшил, цус эргэлтийн хямрал, уушгины артерийн даралт ихсэлттэй байсан ба уушгины хатгалгаагаар өвчлөн амьсгал хүчилтөрөгчийн дутмагшил гүнзгийрэн нас барсан байна.

Эмнэлзүй болон эмгэг судлалын онош үндсэн өвчнөөс зөрсөн, зөрөөний шалтгаан бодит оношлох хугацаа богино.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг эрэмбэлэн ангилалт хийгээгүй, үзлэг хангалтгүй, биеийн байдлыг дутуу үнэлэн буцаасан, шокын эсрэг гарааны эмчилгээ хожуу авсан зэрэг нь эмчилгээ дутагдал болно...” /2-р хх-ийн 11-13/ гэсэн дүгнэлтүүд, баримт бичигт үзлэг хийсэн “...2 сараас 5 хүртэлх насны өвчтэй хүүхдийн үзлэгийн маягт гэсэн гарчигтай ...Г.Мыг үзсэн маягт гэж Д.Нарантуяагийн өгсөн нэг хуудас бичиг баримтыг үзэхэд ...Хүүхэд ямар зовиуртай асуу гэсэн хэсэгт амьсгаадна, халуурна, цээж хонхолзоно, уйлагнана гэж бичсэн. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг 00 минут гэж огноо тавигдсан. Хүүхэд ханилгасан буюу амьсгал саадтай шинжтэй юу гэсэн асуултанд тийм гэж тэмдэглэсэн. Амьсгалыг нэг минутанд тоол гэсэн хэсэгт нэг минутад 57 удаа гэж бичсэн. Эхний мөрний хоёр дахь баганд “Уушигны хатгалгаа” гэж гараар бичсэн. ...Хуудасны арын хэсэгт ...2. Хүүхдийг яаралтай хэвтүүлэх ээжид хэвтэх бичиг өгөв. ...25 гэсэн дэс тооны ард Гийн М, 3 с хэвтэх гэж бичсэн байна. Хэвтэх гэх үгний урд оросоор бичсэн үг гаргацгүй байсан тул унших боломжгүй байв...

...Энэ хуудасны 16 гэсэн дугаарлалтын мөрөнд тэмдэглэгдсэн ба энэ мөрний арын хэсэгт “ХУД НЭ хэвтэх бичиг өгөх+ гэж хөх өнгийн балаар тэмдэглэж бичсэн байна...” /1-р хх-ийн 13-14, 15, 18-19, 22/ гэсэн тэмдэглэл, өвчний түүх /1-р хх-ийн 31-38/, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэлд “...29. XIII/29 1610 Г М УЖ16280804, DS: Острый обструктив/ бронхит Д.О...” /1-р хх-ийн 40/ гэсэн, Эмнэлзүй, эмгэг судлалын ярилцлага №8 /1-р хх-ийн 51-79/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /2-р хх-ийн 42/, Монгол улсын стандарт /2-р хх-ийн 68-70/ зэрэг баримтууд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл Д.О нь “Био-Асралт” БГБХН өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн төвийн Д.Нарантуяа эмчийн “уушигны хатгаа” оноштойгоор хэвтэх бичигтэй 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 1610 цагт Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн 4 сартай, эмэгтэй, Гийн Мыг хүлээн авч, үзэхдээ үзлэгийг дутуу хийж, яаралтай тусламжийн эрэмбэлэлт хийгээгүй, маягт бөглөөгүй, амбулаторийн картанд амин үзүүлэлтийг бичээгүй, үзэлгүйгээр “острый обструктив/ бронхит” буюу “гуурсан хоолойн үрэвсэл” гэж буруу онош тавьж яаралтай тусламж шаардлагатай үйлчлүүлэгчийг буцааж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

 

Прокурорын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1391 тоот яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...Д.О нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороонд байрлах Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт их эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Г.Мын биеийг үзэхдээ амин үзүүлэлтийг үзэлгүй, бодит үзлэгийг дутуу хийж, өвчтөнийг эрэмбэлэн ангилахгүйгээр, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж буцааж, Г.Мын амь насыг хохироож, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар...” /2-р хх-ийн 212/ гэж бичжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс...” гэж гэмт хэргийн хоёр шинжийг бичсэн байхад улсын яллагч “...үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүй...” гэж нийлүүлж бичсэнийг шүүх хэргийн зүйлчлэл болон бусад байдалд нөлөөлөхгүй тул засах боломжтой гэж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

Хэрэг 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг “...тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял...” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг “...нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял...” гэж тус тус заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруутай этгээдэд оногдуулах ялын төрөл нь торгох, зорчих эрхийг хязгаарлах болох хорих ялын төрөлтэй байхаас гадна 2015 оны Эрүүгийн хуулийн зургаа, долдугаар бүлэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журам, тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар хуульчилж, зохицуулснаас үзэхэд Д.Од 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул шүүх энэ хуулийг хэрэглэж, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүхээс Д.Оюун-Эрдэнийг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас 4 сартай, эмэгтэй Гийн Мын амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд баримтаар 5.268.000 төгрөг /2-р хх-ийн 116-131/, сэтгэл санааны хохиролд 9.732.000 төгрөг /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/, нийтдээ 15 сая төгрөгийг нэхэмжилснийг шүүх дараах үндэслэлээр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө,нийтийн болон үндэсний  ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж,

5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэгт холбогдох үедээ буюу 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн их эмчээр нэмэлт эмчээр ажиллаж байсан болох нь “Нэмэлтээр ажилтан ажлуулах тухай” гэрээ /2-р хх-ийн 167-177/, “Хүүхдийн тусламж үйлчилгээг нэмэлтээр үзүүлэх тухай гэрээ” /1-р хх-ийн 243/, гэрч Б.Сарангэрэл /2-р хх-ийн 199-200/, Г.Одончимэг /2-р хх-ийн 195-196/, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндолгор /2-р хх-ийн 190/, шүүгдэгч /2-р хх-ийн 197-198/ нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хохирогчид учирсан гэм хорын хохирлыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хариуцагч Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь өөрт учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд “...Мын амин үзүүлэлтийг үзсэн, халуунгүй, амьсгалын тоо хэвийн, цусан дахь хүчилтөрөгчийн хангамж хангалттай, цээж хонхолзоогүй, захын судасны цохилт хангалттай тэмтрэгдэнэ, зүрхний авиа тод, зүрхний хэм жигд, нэг минутанд барагцаагаар 130-аас 135-ын хооронд байсан. Өвчний амбулаторийн картанд үзлэг хийсэн тухай бичиж тэмдэглээд гуурсан хоолойн үрэвсэл гэсэн онош тавьсан. Амбулаторийн картанд амин үзүүлэлтийг бичээгүй юм. Тухайн үед хүүхдийн үзлэгийн тоо 100 гаруй, таван минутын зайтай нэг хүүхдийг үзэж байсан, ачаалал хэт их байсан учраас яаралтай тусламж үзүүлсэн тухай маягт бөглөөгүй...” /1-р хх-ийн 224/ гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...Мыг үзээд одоогоор хэвтэх шаардлагагүй буюу амьсгал дутлын шинжгүй тул өрхийн эмнэлгийн хяналтанд гэрт нь буцаасан. Хэрэв яаралтай шинж илрэх юм бол буцаад ир, одоогоор хэвтэх шаардлагагүй гэж буцаасан. Эмнэлэг оргүй коридорт хүмүүсийг авч байсан. Баярын өдөр байсан ба 100 хүүхэд үзэж байсан, тухайн үед яаралтай тусламжийн хуудас бөглөх боломжгүй, их ачаалалтай байсан, стандартаараа нэг хүүхдийн 30 минут үзэх ёстой. Энэ хугацаагаар ажиллавал хуудас бөглөх боломжгүй байсан. Би Мыг үзээд итгэл үнэмшлээрээ хэвтэх шаардлагагүй гэж үзсэн...” /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ гэж тус тус мэдүүлэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүгдэгчийн ингэж мэдүүлснийг буруутгахгүй ба Д.О гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тодорхой хугацаагаар хасаж, хорих ял оногдуулж, хорих ялыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн 201726030338 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах энь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Илжигт овогт Даваасамбуугийн Оюун-Эрдэнийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюун-Эрдэнийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г /Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгины 11-80 тоотод оршин суух, РД:ШЕ82102665/-т олгосугай.

 

6. Эрүүгийн 201726030338 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР