Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 246

 

Д.Ою-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Г.Наранбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Га-, иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Бааст, түүний өмгөөлөгч Б.Пүрэвхүү, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 325 дугаар магадлалтай 201726030338 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Г.Наранбаатар нарын гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Д.Ою- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ою-ийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 2 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс 15.000.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Га-т олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ою-, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Д.Бааст гаргасан гомдолдоо “...Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэйг хуульчилсан боловч Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 6.1.4, 6.2.3, 6.2.4, 6.3 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг арилгахыг, эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нөхцөлд мөнгөөр нөхөн төлүүлж болохгүй талаар тус тус заажээ.

Гэтэл шүүх сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлал, журам, байхгүй, Иргэний хуульд хохирлын хэмжээг хэрхэн тогтоох, үнэлэх арга замыг хуульчлаагүй байтал Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгийг баримтлан сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хангасан нь буруу болжээ. Мөн шүүх оршуулгын зардалд нэхэмжилсэн бүхий л баримтыг нягтлан үзэлгүй оруулгын зардалд оруулан тооцсон байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хянаж гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Г.Ми- нь эмч Д.Ою-ийн эмнэлэгт хэвтүүлэлгүй буцаасан үйлдлийн улмаас өвчтөн нас бараагүй, харин төрөлхийн зүрхний ховдол хоорондын цоорхой /1.2 см диаметртэй/ гажиг хөгжлийн хүндрэл болох цусны эргэлтийн хямрал, уушгины цус зогсонгишлийн улмаас үүссэн хатгаа өвчтэй байсан нь үхэлд хүргэсэн болох нь Эмгэг судлал болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2 удаагийн дүгнэлтээр эргэлзээгүй нотлогдсон. Эмнэлэгт хэвтүүлээгүй нь буруутай үйлдэл боловч гэм буруутай үйлдэл болон нас барсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоогүй болох нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй.

Шинжээчийн 543, 762 тоот дүгнэлтийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд зааснаар зөвшөөрөөгүй боловч уг дүгнэлтүүдийг яагаад зөвшөөрөөгүй үндэслэлээ заагаагүй. Цогцост задлан шинжилгээ хийсэн эмгэг судлаач Г.Ганхүү нь амь хохирогч Г.Ми-ыг зүрхний төрөлхийн ховдол хоорондын таславчийн цоорхой гажиг, уушгины артерийн даралт ихдэлт, хатгалгааны улмаас нас барсан гэж оношилсон бөгөөд шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр дээрх оношийг үндэслэлтэй зөв гэж дүгнэсэн. Эмгэг судлаач Г.Ганхүүгийн тогтоосон үндсэн өвчний онош, түүний хүндрэлийг анагаах ухааны үүднээс стандартын дагуу ойлгоход тийм ч хүнд биш бөгөөд “Г.Ми- нь үндсэн өвчин болох зүрхний төрөлхийн ховдол хоорондын таславчийн цоорхой нүх бүхий өвчтэй байж байгаад уг зүрхний гажиг цоорхой нүхний улмаас уушгины цусны эргэлт алдагдаж улмаар хатгалгаа хүндэрч нас барсан. Уг хүндрэл нь үндсэн өвчин болох зүрхний гажигтай холбоотой үүссэн” байгааг шүүх зөв ойлгоогүй болно.

Г.Ми- нь дан ганц хатгалгаа өвчин түүний хүндрэлээр нас бараагүй бөгөөд үндсэн өвчин нь “Зүрхний төрөлхийн гажиг өвчин” байсан. Уушгины өвчнийг оношлох боломжтой байсан нь уг хүүхдийн амь насыг аврах боломжтой шалтгаант холбоогүй, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүх ямар үндэслэлээр 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ огт заагаагүй атлаа тусгай мэдлэг шаардсан асуудлыг өөрсдийн таамаглалаар дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Мөн магадлалд нотлох баримтаар үнэлээгүй нотлох баримт болох Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч Д.Соёлмаагийн дүгнэлт, түүнтэй холбогдуулан гэрчээр өгсөн мэдүүлгийг магадлалын үндэслэл болгосон нь шүүх хэт нэг талыг барьж дүгнэлт хийснийг нотолж байна. Иймд Д.Ою-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч Д.Ою-ийг амь хохирогч Г.Ми-ын амь насыг хохироож, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Эмч мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд заавал авах ёстой анхны тусламж үйлчилгээг үзүүлээгүй, эсхүл үзүүлэхээс татгалзсан үйлдлээр илэрдэг бол дээрх тохиолдол нь эмчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас үл хамаарах нөхцөл байдлын улмаас үүссэн болох нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Д.Ою-ийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэж үзэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Амин үзүүлэлтүүдийг үзэж энэ тухай өвчтөний амбулаторийн картанд тодорхой бичсэн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Га-ийн мэдүүлэгч ч энэ талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын заавал байх тогтоох үндсэн шинж бол шалтгаант холбоо бөгөөд эмчийн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ хүүхдийн нас барсан хор уршгийн шалтгаан болж буй эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн үнэлж үзээгүй нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл эмчийн үйлдэл нь тухайн тохиолдолд тодорхой хор уршгийг бий болгох бодит боломж агуулсан эсэх, хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байсан талаар 543, 762 тоот дүгнэлтүүдэд дурдсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Д.Ою-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Пүрэвхүү хэлсэн саналдаа “Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс гэм хорын асуудалтай холбоотойгоор гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс иргэний хариуцагчаас 15.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэгт гэм хорыг арилгахтай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн 2009 оны тогтоол байдаг. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зөвхөн шаардах эрхийг тодорхойлж өгсөн. Гэтэл шүүх шаардах эрхийн дээрх заалтыг баримталж сэтгэл санааны хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд сэтгэл санааны хохирол болох 9 сая гаруй төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн тухайн эмнэлэг нэг сарын 200.000.000 төгрөгийн төсөвтэй бөгөөд 160 гаруй ажилтантай байгууллага юм. Хэрвээ сэтгэл санааны хохиролд дээрх мөнгөн дүнг эмнэлгээс гаргуулахаар шийдвэрлэх юм бол тухайн эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдох аюулд орох юм” гэв.

Прокурор А.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Ою- нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байхдаа өвчтөнд зохих эмнэлгийн тусламж үзүүлээгүй, өвчтөнийг үзэхдээ оношоо буруу тогтоосон, амин үзүүлэлт хийгээгүй, мөн тавьсан онош нь зөрсөн, яаралтай тусламж үзүүлэх хуудсыг стандартын дагуу бичээгүйн улмаас, яаралтай хэвтэх бүхий бичигтэй хатгалгаа хүндэрсэн гэх оношийг анхааралгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлээгүйгээс хохирогч нас барсан. Энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэрэв зохих үүргээ биелүүлсэн бол хүндэрсэн хатгалгааны улмаас нас барахгүй эдгэрэх бүрэн боломжтой байсан. Мөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар уушгины хүндэрсэн хатгалгаанаас болж нас барсан гэсэн дүгнэлтийг эсэргүүцэн тайлбарлаж байна гэж үзэж байна. Тухайн өвчтөн Д.Ою- эмчид үзүүлснээс хойш 8 цагийн дараа нас барсан. Хэрэв тухайн цагт хэвтүүлэн эмчилсэн бол хүндэрсэн хатгалгааг эмчлэх бүрэн боломжтой байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хэргийн зүйлчлэлд тохирсон, ял шийтгэлийг оногдуулахдаа гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байна. Үүнд шинжээчээр мэргэжлийн хяналтын байцаагч явуулсан тухай асуудал ярьж байна. Энэ талаар шинжээчийн түүхтэй танилцаж шинжээчээр оролцсон болохоос мэргэжлийн хяналт шалгалтыг тухайн дүгнэлтийг гаргахад хийгээгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Ою- нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт их эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа түргэн тусламжаар хүргэгдэж ирсэн бага насны хүүхэд Г.Ми-д үзлэг хийхдээ амин үзүүлэлтийг харгалзан үзэлгүй, бодит үзлэгийг дутуу хийж, өвчтөнийг эрэмбэлэн ангилахгүйгээр эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж буцаасны улмаас Г.Ми-ын амь нас хохирсон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Д.Ою-ийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хорих ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Га-ийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хор, хор уршигт хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

 

Иймд шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Г.Наранбаатар нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс 5.268.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Га-т олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 325 дугаар магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Г.Наранбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН