Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 129/ШШ2022/00017

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 129/ШШ2022/00017

Архангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Л овогт П.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б овогт Д.Ө-т холбогдох

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Д.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Б нь А аймгийн Ц сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн .... тоот захирамжаар А аймгийн Ц сум, А багийн Х гэх газарт 10,000 мкв газар эзэмших албан ёсны зөвшөөрөл авч эзэмшиж байгаа юм. Гэтэл Д.Ө гэгч нь миний эзэмшил хашаанд дур мэдэн гэрүүд барьж хашаа хашиж, одоо бүр модон шовгорууд барьж байна. Энэ талаар сумын Цагдаагийн газарт олон удаа хэлсэн боловч арга хэмжээ аваагүй. Би энэ хугацаанд газрынхаа төлбөрийг бүрэн төлж ирсэн боловч захирамжаар олгогдсон газраа бүрэн ашиглаж чадахгүй байна. Иймд энэ байдлыг минь харгалзан үзэж газар албадан чөлөөлөх тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ээ. Учир нь миний олон жил амьдарсан хаваржаа зуслангийн газрыг хүч түрэн өөрийн газрыг сунгаж хашаалах гэж байгаа нь хууль бус байна. П.Б-ийн газар нь 2017 онд аймгийн Засаг даргад өгсөн хүсэлтийн дагуу гарсан ажлын 5 байгууллагын дүгнэлтээр хууль бус гэж тогтоогдсон. Дүгнэлтийн дагуу цуцалсан. Тус захирамжийг цуцалж хүчингүй болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Өөр ярих юм байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Д.Ө-т холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байсан болно.

А аймгийн Ц сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай ... дугаартай захирамжаар / хх-149х/ нэхэмжлэгч П.Б-д халуун усны жуулчны баазын горхины наана зуслангийн дэнж хэмээх газар дээр 25x25 харьцаатай газар эзэмшүүлэхийг зөвшөөрч хуульд заасны дагуу газрын цэг тэмдэг, хэмжилтийг хийж, гэрээ байгуулж гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэхийг газрын даамалд даалгажээ.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар өгсөн Иргэний газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээнд / хх-5х/ П.Б-д сумын засаг даргын 2008-02-01-ний өдрийн А/12 тоот шийдвэрийг үндэслэн А овоо багийн Х хаягт байрлах .... дугаар бүхий 10000 мкв газрыг сувилал аяллын зориулалтаар эзэмшүүлж эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэжээ.

Маргааны зүйл болох хариуцагч Б.Ө-ын одоо оршин сууж буй газар нь нэхэмжлэгч П.Б-ийн эзэмшлийн 25х25 хэмжээтэй газарт хамаарахгүй болох нь нэхэмжлэгч П.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хэдийгээр газрын гэрчилгээнд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын хэмжээ 10,000 м2 гэж бичсэн байх боловч уг газрын гэрчилгээг А аймгийн Ц сумын засаг даргын 2008 оны 02 сарын 01-ний өдрийн .... дугаартай захирамжийг үндэслэн олгосон байна. Хэрэгт авагдсан сумын засаг даргын захирамж .... дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээнд бичигдсэн дугаар ..... гэсэн байх боловч сумын засаг даргын 2008 оны 02 сарын 01-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай захирамжаар нэхэмжлэгч П.Б-д 25х25 харьцаатай газар олгосон үйл баримт маргаангүй тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч П.Б-йн эзэмшлийн 25х25 харьцаатай газрыг 10.000 м2 болгон нэмэгдүүлсэн шийдвэр нотлох баримтаар хэрэгт авагдаагүй, 10.000 м2 газар эзэмшүүлсэн гэрчилгээг үнэн зөв баримт гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд уг гэрчилгээг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Харин А аймгийн Ц сумын Засаг даргын 2008 оны 02 сарын 01-ний өдрийн .... дугаартай захирамж хүчин төгөлдөр болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул үнэн зөв ач холбогдолтой баримт гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч П.Б-ийн Ц сумын засаг даргын захирамжаар эзэмшсэн 625 м2 газарт хариуцагч Б.Ө оршин сууж нэхэмжлэгчийн эзэмшлийн газраа эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б-ийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л овогт П.Б-ийн хариуцагч Б овогт Д.Ө-т холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тушаасан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд , , 뺺, 㺺 шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН