| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2015/0729/З |
| Дугаар | 427 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 427
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Чинбатын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Монгол Улсын ерөнхий аудиторт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалыг хүчингүй болгуулан, Дундговь аймгийн Аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Чинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, гэрч Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: “Манай хамт олон Монгол Улсад хөндлөнгийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцоод цаашаа Хархорин, Өгий нуур. Хустайн нуруу зэрэг газраар зугаалан, Дундговь аймагт 2015 оны 7 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед ирсэн. Ирэнгүүтээ ажлын үүдэнд хамт олноороо зогсож байтал манай дарга Б.Долгорсүрэн хамт олон руу ямар шалтгаан нь тодорхойгүй уурлаж, “Батсайхан чи өглөө 9 цагт халагдах өргөдлөө авчир, одоk эхнэрийнхээ утсыг өг, тэнэг юмнууд" гэж удаа дараа хэлэн хүн болгоныг загнаж байсан. Тэгэхээр нь миний бие та яах гэж ингэж байдаг юм бэ, хол замыг туулаад мэнд амар ирлээ гээд даргыг тайвшруулах зорилгоор мөрөн дээр мь гараа тавьтал ууж байсан савтай усаараа толгойд цохьсон. Тэгээд дахин далайхаар нь гарыг нь зайлуулж түлхтэл замын хашлага дээр хий гишгэж хэлтийхээр нь гараас нь барьтал хамтдаа унасан. Тэгтэл аллаа гэж хашгиран босч ирээд хэл амаар доромжилж, цохиж, өшиглөж, дайраад байхаар нь гарыг нь холдуулж түлхтэл газарт унасан. Тэгээд хамт олон даргыг хорьж би холдсон. Ингээд бүгд амарсан ба маргааш нь дарга эмнэлэгт хэвтсэн, мөн миний талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан.
Миний бие Тэргүүлэх аудиторын үүрэг гүйцэтгэгч Б.Долгорсүрэнгийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн б/7 дугаар тушаалаар 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдэлж байсан билээ. Гэтэл Монгол Улсын Ерөнхий аудиторын 2010 оны 08 дугаар сарийн 05-ны өдрийн 195 дугаар тушаал гарч миний биеийг болон тэнд хамт байсан ахлах аудитор Т.Батсайхан нарын тодорхой бус шалтгаанаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан.
Ажлаас халах тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1 5, Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.3.11 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон байна. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д "харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” заасан байна.
Гэтэл тухайн үйл явдал болоход тэргүүлэх аудиторын үүрэг гүйцэтгэгч Б.Допгорсүрэнгийн хуульд нийцсэн ямар шийдвэр байсан юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Өөрийн удирдлагад байгаа ажилтнуудаа хэл амаар доромжлох, цохих зэрэг нь дарга хүний хувьд хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байгаа юм шиг санагдаж байна. Биднийг хэл амаар доромжлох, намайг цохих зэргээс өөр ямар нэг шаардлага тухайн үед тавиагүй гэдгийг манай хамт олон гэрчилнэ. Мөн төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д "төрийн албаны болон төрийн албан хаанийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" гэж заасан байна.
Миний хувьд тухайн үйл явдал болоход төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан гэж бодохгүй байна. Харин ч даргыг тайвшруулах, хамт олны уур амьсгалыг сайжруулах зорилгоор даргад хандаж үг хэлсэн. Гэтэл Б.Долгорсүрэн дарга маш ихээр уурлан чи юман түрүү дуугарч байдаг гэх мэтчилэн намайг цохиж, над руу дайрсан учраас би түлхэх үйлдэл л хийсэн. Миний энэ өөрийгөө хамгаалж даргыг түлхсэн үйлдэл нь "төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" гэсэн хуулийн дээрх заалтын алийг нь зөрчсөн юм бэ гэдэг нь тодорхойгүй юм. Гэтэл би Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд Үндсэн хуульд зааснаар халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Энэ эрхээ эдлэхийн тулд өөрийн зрх, эрх чөлөөний эсрэг чиглэсэн үйлдлийг таслан зогсоох, сарниулахын тулд үйлдэл хийх эрхтэй. Үүнийг Эрүүгийн хуулинд "Аргагүй хамгаалалт" нэрээр хуульчилсан байдаг. Тухайн үйл явдал болох үед С.Чинбат миний бие бус харин Б.Долгорсүрэн дарга дээрхи хуулийн заалтыг зөрчсөн юм биш үү. Гэтэл намайг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.3.11 дэх хэсэгт "Төрийн байгууллагын ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэх, шалгагдагч байгууллагын ажилтнуудаар зочлуулж, дайлуулах, зугаа цэнгээний арга хэмжээнд оролцохыг хориглоно” гэж заасан байдаг.
Тухайн үед би албан үүргээ гүйцэтгэж яваагүй ба ажлын бус цагаар амралт зугаалгаар явж байгаад Дундговь аймагт ирээд шөнийн 23 цагийн үед дээрх үйл явдал болсон. Ямар учраас намайг албан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй юм.
Иймд намайг Дундговь аймгийн Аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “С.Чинбат миний бие нь тус шүүхэд 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр "Дундговь аймгийн Аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт" нэхэмжпэл гаргасан юм.
Өмнө гаргасан нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлэн дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү,
Иймд миний нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ерөнхий Аудиторын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд:
2013 онд 2-3 удаа сахилгын зөрчлийн арга хэмжээ авагдсан гэж яриад байна. Энэ чинь хуулиараа хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан зүйл. 2015 оны 01 дүгээр сарын 15-нд сахилгын шийтгэлтэй байх байсан. Өмнөх асуудал бол хөөн хэлэлцэх хугацаагаараа дуусаад явна. Архи авч явсан, уусан гэдэг асуудал яригдаад байна. 2015 оны 07 дугаар сарын 22-ны орой буцаж явахад хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээс харахад зам дунд гуанзанд С.Чинбатын хамаатан нь гадаад явсны бэлэг гэж 1 шил архи өгсөн. Тэрийг нь овоонд өргөцгөөчхөөд явсан. Тэр архины тал нь байгаа гэдэг талаар хэрэгт нотлох баримтаар орсон байсан.
Нэгдүгээрт архи өөрөө авч яваагүй хүн таараад өгсөн, хоёрдугаарт архи уусан асуудал ярих гээд хэрэв архи амссан гэж үзвэл ажлын цаг гэдгийг Хөдөлмөрийн хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Өглөөний 09 цагаас орой 18 цаг нь ажлын цагт хамарна. Тухайн байгууллагын дотоод журмаас шалтгаалаад өглөөний 08:30-аас оройн 17:30 хүртэл байж ч болно. Тэрнээс хойш ажлын цаг биш. Хариуцагч тал томилолттой явсан гэж тайлбарласан. 2015 оны 07 дугаар сарын 17-оос 07дугаар сарын 20-ны хоорондох асуудал томилолттой холбоотой. Хэдий байгууллагаараа цалингаа бүтэн авсан гэж байгаа боловч оройн 22:00-23:00 цаг ямар ч тохиолдолд хүний амралтын цагт хамаарна.
Мөн даргаа зодсон гэж яриад байна. Энэ нь эрүүгийн хэргийн асуудал. С.Чинбатыг ажил албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдыг зодсон гэдэг асуудал ярих бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан ажлыг нь түдгэлзүүлж байгаад шалгаад үнэхээр гэм буруутай гэдгийг нь тогтоогоод гараад ирвэл, эрүүгийн хэрэг үүссэн нь тогтоогдсон бол өөр байдлаар халагдах тушаал гарах ёстой. Ийм учраас 195 тоот тушаалыг үндэслэлгүй гэж хэлээд байна. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5-т удирдах байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй гэсэн заалт байгаа. Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.18-т нэхэмжлэгч тайлбар хийсэн учир давхардуулаад яах вэ. Мөн Ажлын цагийн цалингаа бүтэн авсан гэсэн асуудал ярьдаг. Тэр бол ойлгомжтой Хөдөлмөрийн хуульд заасан байгаа. Бас нэг юм дурдахад ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд ажлаас халсан байдаг. 4 хоног ажилласан гэдэг нь ажил хүлээлцэх үеийн хөдөлмөрийн хуулийн 59 дүгээр зүйлд тодорхой заасан байгаа. Ажил хүлээлцэх үед ажил олгогч байгууллага түүнтэй холбоотой цалинг гаргана гэж байгаа. Тэр журмын дагуу авсан цалин гэж үзэж байна.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, түүний үндэслэлд: “...Дундговь аймгийн Аудитын газарт Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 95 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байсан Сайнхүү овогтой Чинбатыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалаар чөлөөлсөн болно.
Төрийн аудитын байгууллагаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан архи согтууруулах ундаа хэрэглэх талаар тогтоосон журмыг биелүүлэхэд анхаарч хөндлөнгийн хараат бус Төрийн хяналтын байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн нэгдсэн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Үндэсний Аудитын газраас аймаг, нийслэлийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор нарт архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, авч явахгүй байх тухай санамж бичиг хүргүүлж нийт албан хаагчдад танилцуулж ажилласан юм.
Иргэн С.Чинбат Дундговь аймгийн Аудитын газарт шинжээч, аудитроор ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13,1.5, Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.3.11 дэх заалтыг зөрчин архи согтууруулах ундааг ажлын цагаар албан үүрэг гүйцэтгэж байхдаа удаа дараа хэрэглэсэн, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удирдах ажилтны тавьсан шаардлагыг үл биелүүлсэн, биед нь халдаж гэмтэл учруулсан байх тул хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь захиргааны хариуцлага тооцож, Монгол Улсын Ерөнхий аудитор Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг гаргасан болно.
Мөн С.Чинбат Төрийн аудитын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, аймгийн Аудитын газрын Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчиж ажлын цагаар албан үүрэг гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундааг удаа дараа хэрэглэж захиргааны арга хэмжээ авагдаж байсан талаар дурьдвал:
- ажлын цагаар албан өрөөнд архи уусан зөрчил гаргасан тул аймгийн Ерөнхий
аудитор /УИХ-аас 2003 онд баталсан Төрийн аудитын тухай хуульд аймаг,
нийслэлийн аудитын газар нь Ерөнхий аудитортай байсан/-ын 2013 оны 10
дугаар тушаалаар "сануулах" сахилгын шийтгэл оногдуулж, мөн оны 6 дугаар сард
хийх Аппаратын зөвлөлгөөнд танилцуулахыг үүрэг болгосон;
-ажлын цагаар албан үүрэг гүйцэтгэж байхдаа архи уусан зөрчил гаргасан тул аймгийн Ерөнхий аудиторын 2013 оны 40 дүгээр тушаалаар "албан тушаалын
цалинг 20 хувиар 3 сарын хугацаагаар бууруулах" сахилгын шийтгэл оногдуулж,
шийтгэлийг мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсон;
-ажлын байранд ажлын цагаар архи уусан, ажлын байрыг эзэнгүй орхисон тул Үндэсний Аудитын газрын харьяа аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудиторын 2015 оны Б/1 дугаар тушаалаар "албан тушаалын цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах" шийтгэл оногдуулж, мөн оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тооцсон байна.
Түүнчлэн С.Чинбат 2015 оны 07 дугаар сарын 23-ны орой 00.00 цагийн үед аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Б.Долгорсүрэнг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гомдолд тус аймгийн Прокурорын газраас 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн 201512000185 дугаартай хэрэг үүсгэн аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсний дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа тухай албан бичгийг аймгийн Аудитын газарт 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 380/2305 тоотоор Цагдаагийн газраас ирүүлсэн байна.
Иймд иргэн С.Чинбатын Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан "...намайг Дундговь аймгийн Аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эруүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү" гэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол улсын ерөнхий аудитор Дундговь аймгийн Аудитийн газрын аудитор С.Чинбатын гаргасан үйлдэлд ажлаас, чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Монгол улсын Ерөнхий Аудитор зөвхөн нэг удаагийн зөрчил үйлдэлд уг шийтгэлийг ногдуулаагүй. Нэхэмжлэгч өмнө нь 2-3 удаа ёс зүйн зөрчил гаргасан байдаг. Эдгээрийг дурдвал 2013 оны 03 дугаар сарын 20-нд архи уусан. 2013 онд 2 удаа зөрчил гаргасан. 3 сард нэг удаа, 10 сард нэг удаа зөрчил гаргасан байна. Дараа нь 2015 оны 1 дүгээр сард уг зөрчлийг дахин гаргасан байгаа. Ерөөсөө гаргадаг зөрчил нь ажлын байранд архи уудаг, агсан согтуу тавьдаг, ажлынхантайгаа бусадтайгаа архиддаг гэсэн зөрчлүүд байдаг. С.Чинбат нь удаа дараа ажлын байранд архи уусан, тэгээд ажил тасалсан. Дээрх зөрчилд тухайн үед Аймгийн аудитын газар сахилгын шийтгэл ногдуулахдаа цалингийн 20 хувийг хассан. Эхний зөрчилд 3 сар цалингийн 20% хасч байсан бол сүүлийн зөрчилд дээр 1 сарын цалингийн 20% хассан. Энэ зөрчил нь дуусаагүй байхад Ерөнхий аудиторын шийдвэрийг зөрчсөн үйлдэл гаргасан.
Тухайн үед Төрийн аудиторын газрын 20 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу аймгийн аудиторын газруудад ямар нэгэн байдлаар архи, дарс авч явахгүй байх, очоод архи дарс хэрэглэхгүй байх, ёс зүйтэй байх, сахилга баттай байх талаар ерөнхий аудиторын шийдвэрийг бүх аймгийн аудиторын газруудад Үндэсний аудитын газрын тамгын газраас хүргүүлсэн байдаг. Үүнийг дандаа мэйлээр хүргүүлсэн, бүх ажилтнууддаа танилцуулсан байдаг. Үүний дагуу манай аймгийн аудитын газрууд ажилласан. Гэвч харамсалтай нь Дундговь аймгийн аудитын газрынхан ирж явах буюу буцах замдаа архидан согтуурч бие биенийгээ гэмтээсэн. Энэ нь шүүхээр тогтоосон, шүүхийн шийтгэлээ хүлээсэн байгаа.
Энэ бүх зөрчлүүдээс С.Чинбатыг албан тушаалдаа хайнга, хариуцлагагүй хандлаа гэдгээсээ илүү ёс зүйн зөрчилтэй нь холбогдуулж Монгол улсын Ерөнхий Аудиторын ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. С.Чинбатыг хэрэв архи, дарс уугаагүй байсан бол ямар нэгэн асуудлаар бид ийм шийдвэр гаргахгүй байсан. Бид шийдвэрээ гаргахдаа албан ёсны арга хэмжээ нь 07 дугаар сарын 17-оос 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд явагдсан боловч 07 дугаар сарын 25-ыг хүртэлх хугацаанд бүх аймгууд жишээ нь Дорнод аймаг, Баян-Өлгий аймгууд эндээс яваад ирэх хугацаа нь хамгийн сүүлд 07 дугаар сарын 25-нд очиж байгаа юм. Энэ хүмүүс бүгдээрээ адилхан ажилласан цагаараа тооцогдож ажлын цалин хөлсөө авсан байдаг. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар орсон байгаа. Тэгэхээр энэ хүн бол бид нар ажиллаагүй, амралттай байсан гээд байдаг. Ажлын цагаар та нар архи ууж явсан юм уу? гэж асуумаар байна. Энэ хүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна.
Ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой асуудлаар Ерөнхий Аудитор ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй. Ёс зүйн асуудалтай холбогдуулаад ажлаас халсан. Ажлын цагийн тухайд ажилласан гээд цалингаа бүтэн авсан. Ажлын цагаар тэгвэл архи уусан юм байна. Ёс зүй гэж юуг ойлгодог юм бол манай өмгөөлөгч. Ёс зүй гэж ер нь юуг хэлдэг юм бэ? Төрийн албаны тухай хуулиар бол Төрийн аудитын байгууллага төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага. Төрийн тусгай ажилтны эрх үүргийг тусгайлсан хууль Төрийн аудитын тухай хуулиар зохицуулдаг. Төрийн аудитын байгууллага дүрэмт хувцас өмсөөгүй боловч төрийн тусгай байгууллага, тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд ажилладаг, захирах захирагдах ёсыг баримталж ажилладаг. Тэрийгээ хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрмээрээ зохицуулдаг байгууллага. Энэ хүрээнд л гаргасан шийдвэр байгаа.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг асуудлыг хууль зүйн үндэслэл талаас нь тайлбарлая. Ерөнхийдөө 2 үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулаад байна гэж би хараад байгаа. Нэгдүгээрт харьяа дээд шатны байгууллагын үндсэн шийдвэрийг биелүүлээгүй. Үндэсний аудитын газрын удирдлагын зөвлөлийн шуурхай хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн энэ тэмдэглэлийн 19 дэх заалтаар нийт ажилчид архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, авч явахгүй, архигүй цугларалт болох ёстой. Мөн ёс зүй, сахилга баттай байна гэсэн удирдлагын зөвлөлийн хуралдааны шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл энэ нь дээд шатны байгууллагаас гарч байгаа шийдвэр юм. С.Чинбат энэ шийдвэрийг биелүүлэхгүй архи согтууруулах ундаа биедээ авч явсан, хэрэглэсэн, мөн хэрэглэсэн үедээ бусадтай зүй бусаар харьцаж ёс зүйн зөрчил гаргасан байна.
Ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг юугаар тогтоогоод байна гэхээр Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2-т төрийн аудитын байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид тавигдах ёс суртахууны нийтлэг шаардлагаас гадна энэ дүрмийн 2 дугаар бүлэгт тодорхойлсон шаардлагуудыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд эдгээр шаардлагад үл нийцэх үйлдлийг ёс суртахууны зөрчил гэж үзнэ. Мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.11-т “Төрийн аудитын байгууллагын ажилтан нь албан үүргээ гүйцэтгэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ заалтыг зөрчсөн бол та ёс суртахууны зөрчил гаргасан гэж үзнэ гэдгийг ёс зүйн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар тодорхой болж байна. Тэгэхээр ёс зүйн зөрчил гаргасан нь тодорхой юм. Дээрээс нь харьяалах дээд шатны байгууллага албан тушаалтны хуулийн дагуу гаргасан шийдвэрийг биелүүлээгүй зүйл ажиглагддаг.
Хэрэгт ээлжийн амралтын хуваарь баталсан тушаал байдаг. Энэ тушаал нь хуваарь баталсан тушаал болохоос биш, албан ёсоор тэднээс тэдний хооронд энэ хүн амралттай байсан гэдгийг харуулах тушаал биш. Үндэсний аудитын газрын хөдөлмөрийн дотоод журам байгаа. Дотоод журмын 32 дахь заалтад “ээлжийн амралт олгох мэдэгдлийг тамгын газар, санхүү болон ажилтанд хүргүүлж ээлжийн амралтын мөнгөн олговрыг бодуулж байна” гэж заасан байгаа. Нэхэмжлэгч мэдэгдлийг тамгын газар, санхүү болон ажилтанд хүргүүлэх асуудал яригддаг. С.Чинбатын ээлжийн амралт тэднээс тэдний хооронд эдэлнэ гэсэн ажилтанд хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар байхгүй. Мөн Монгол улсын Ерөнхий Аудиторын гаргасан тушаалыг танилцуулсан уулзалтад хариуцагч өөрөө ирж биечлэн оролцдог, байлцдаг, тушаалтай танилцдаг. Тэгэхээр тухайн үед ээлжийн амралттай байсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа.
Мөн 2015 оны 07 дугаар сард цалингаа бүтэн авсан буюу тухайн архи согтууруулах ундаа хэрэглэж зөрчил гаргах үедээ албан үүргээ гүйцэтгэж байсан байна гэдэг нь цалингийн хүснэгт, Дундговь аймгийн аудитын газраас ирсэн 2 удаагийн албан бичгээр нотлогдож байна. Эрүүгийн хэргийн асуудал Улсын дээд шүүхээр хамгийн сүүлд шийдвэрлэгдсэн байдаг. Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол байгаа. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 89 тоот тогтоол хэрэгт авагдсан байх ёстой. Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан С.Чинбатын хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн шалгагдаж байхад буюу шүүх хуралдааны явцад хөнгөн гэмтэл үйлдсэн нь тогтоогдоод 6 сар өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэдэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөгдсөн зүйл байгаа болохоос биш С.Чинбат нь гэмт буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй юм байна гэдэг үндэслэлээр чөлөөлөгдсөн юм биш.
Шийтгэх тогтоолыг гэм буруутайг нь тогтоосон хэсгийн заалт бол хэвээрээ буюу хүчинтэй байгаа. Дээд шүүхээс ийм шийдвэр гаргасан. Тийм учраас энэ хүн ёс зүйн зөрчил гаргажээ гэдэг нь харагдаж байна. Энд сахилгын зөрчлийн хамгийн хүнд хэлбэр болох ажлаас халах шийтгэл оногдуулсан байгаа. Өмнө нь удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж байсан. Дээрээс нь энэхүү ёс зүйн зөрчлийг гаргах явцдаа бусдын биед гэмтэл учруулж энэ нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон. Гэм буруутай нь тогтоогдсон бол гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр тушаалаа гаргахгүй яасан юм бэ гэж асуугаад байна. Тушаал гаргах үед энэ хүний гэм буруутай нь тогтоогдоогүй буюу асуудал дөнгөж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Ийм учраас өмнө нь ёс зүйн зөрчил гаргаж байсан. Согтууруулах ундаа хэрэглэж бусдын биед халдсан гэдэг нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг нөхцөл байдлуудаас үүдэн С.Чинбатад сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох ажлаас халах тухай сахилгын шийтгэлийг Ерөнхий Аудитор оногдуулсан. Улсын Ерөнхий аудитор бол тушаалыг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан. Ийм учраас сахилгын шийтгэл оногдуулсан тушаал үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр “Монгол Улсын ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалыг хүчингүй болгуулан, Дундговь аймгийн Аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэгч С.Чинбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дундговь аймгийн Аудитын газрын аудитор С.Чинбат нь ажлын байранд ажлын цагаар архи уусан, ажлын байрыг эзэнгүй орхисон зөрчил гаргасан үндэслэлээр Үндэсний аудитын газрын харьяа Дундговь аймгийн Аудитын газрын Тэргүүлэх аудиторын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар Төрийн албаны тухай 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу түүнд албан тушаалын цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Мөн С.Чинбат нь сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй байх хугацаанд буюу
Дундговь аймгийн Аудитын газарт шинжээч, аудитороор ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13,1.5, Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.3.11 дэх заалтыг зөрчин архи согтууруулах ундааг ажлын цагаар албан үүрэг гүйцэтгэж байхдаа удаа дараа хэрэглэсэн, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удирдах ажилтны тавьсан шаардлагыг үл биелүүлсэн, биед нь халдаж гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр Монгол Улсын ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалаар Төрийн албаны тухай 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3-д тус тус заасны дагуу түүнд төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
С.Чинбат Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “ Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно.” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Монгол Улсын ерөнхий аудиторын 2003 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.3.11-д “Төрийн аудитын байгууллагын ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ архи, согтууруулах ундаа хэрэглэхийг...хориглоно”, Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6. “Ёс зүйн дүрмийг Монгол Улсын Ерөнхий аудитор, төрийн аудитын байгууллагын ажилтнууд болон Үндэсний аудитын газрын нэрийн өмнөөс төрийн аудитын үйл ажиллагаанд оролцож буй хүмүүс нэгэн адил дагаж мөрдөнө.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Учир нь Үндэсний аудитын газрын удирдлагын зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шуурхай хуралдаанаар Монгол Улсын ерөнхий аудитор газрын дарга нарт “Төрийн аудитын байгууллагын нэгдсэн арга хэмжээнд Төрийн аудитын байгууллагын нийт ажилчид архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, авч явахгүй, архигүй цугларалт болох ёстой, мөн ёс зүйн сахилга баттай байх...талаар онцгой анхаарах” үүрэг даалгавар өгчээ.
Үүний дагуу Дундговь аймгийн Аудитын газрын дарга тэргүүлэх аудиторын үүрэг гүйцэтгэгч Б.Долгорсүрэн ажилчдад бүгдэд нь танилцуулсан байна.
Гэтэл С.Чинбат нь тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэрч Б.Долгорсүрэн, Б.Гантуяа, Т.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлэг -ээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргадаггүй.
С.Чинбат нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удирдах ажилтны тавьсан шаардлагыг үл биелүүлсэн, биед нь халдаж гэмтэл учруулсан тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан захирах, захирагдах ёс нь төрийн албаны үндсэн зарчмын нэг бөгөөд төрийн албан хаагч удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэрийг биелүүлэх, түүнд захирагдах үндсэн шаардлага юм.
Гэтэл нэхэмжлэгч удирдах албан тушаалтны шаардлага хууль бус гэж маргадаг боловч удирдлагынхаа өгсөн зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй, түүний биед гэмтэл учруулсан нь эрүүгийн хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр -ээр тогтоогдож байна.
С.Чинбат нь даргынхаа үүрэг даалгаварыг биелүүлэхгүй, түүний тавьсан шаардлагыг эсэргүүцэж, согтуугаар биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар С.Чинбат нь Төрийн жинхэнэ албан тушаалтан бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөдөг. Түүнчлэн төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, Монгол Улсын ерөнхий аудиторын 2003 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.3.11-д “Төрийн аудитын байгууллагын ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ архи, согтууруулах ундаа хэрэглэхийг...хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч С.Чинбат нь хариуцагч төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа намайг ээлжийн амралттай байх үед тушаал гаргасан. Мөн ёс зүйн зөрчил гаргасан гэх үйлдэл нь ажлын бус цагаар болж өнгөрсөн гэж маргадаг:
Гэтэл тэргүүлэх аудиторын үүрэг гүйцэтгэгч Б.Долгорсүрэнгийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө -нд дурдсанаар ойн арга хэмжээ 2 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд Булган аймагт зохион байгуулагдах арга хэмжээ 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд С.Чинбат нь хонь, айраг, цагаан идээ олж бэлтгэх ажлыг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Т.Батсайхантай хариуцан хийхээр төлөвлөгөөнд тусгагдсан байна.
Мөн дэд дарга, тэргүүлэх аудитор Б.Баттуяагийн баталсан Хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр -т дурдсанаар нэгдсэн арга хэмжээ 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжлэхээр хөтөлбөрт тусгагджээ.
Түүнчлэн 2015 оны 07 дугаар сарын Ажлын цагийн тооцоо, Цалингийн тооцооны хүснэгтээр С.Чинбатыг бүтэн ажилласанд тооцож, цалинг бүтэн бодож олгосон бөгөөд түүний ээлжийн амралтын хуваарь Үндэсний аудитын газрын харъяа Дундговь аймгийн аудитын газрын тэргүүлэх аудиторын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” Б/17 дугаар тушаалаар С.Чинбат нь 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл амрахаар ээлжийн амралтын хуваарь батлагдсан зэргээс үзвэл ойн арга хэмжээнд оролцсон ажилчид бүгд ажилласан гэж үзэх бөгөөд түүнийг ээлжийн амралттай байхад сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй, Харин Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэж хуульчилсны дагуу хариуцагч Монгол Улсын ерөнхий аудитор С.Чинбатын зөрчил гаргасан өдөр буюу 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хойш маргаан бүхий актыг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нь хуулийн хугацаа хэтрүүлээгүй байна. Мөн зөрчлийг заавал ажлын цагаар гаргаснаар ёс зүйн зөрчил болно гэж буй нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд харилцаанд өртөж буй этгээдүүд нь төрийн байгууллагын захирах захирагдах харилцаанд оролцогч болох удирдах удирдуулах албан тушаалтнуудын хооронд үүссэн зөрчил байх тул Монгол Улсын ерөнхий аудиторын 2003 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.1.2-д “Төрийн аудитын байгууллагын ажилтан удирдах, удирдуулах ёс, төрийн албаны дүрэм журмыг чанд сахин, бие биенээ харилцан хүндэтгэж, өөр хоорондоо нөхөрсөг, шударга, хамтач, ажил хэрэгч харилцаатай байна...” гэж заасныг зөрчсөн, мөн дүрмийн 22.5-д “...Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомжийг зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон...ажилтныг төрийн албанаас чөлөөлнө” гэж заасан байх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу С.Чинбатыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан Монгол Улсын ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Монгол Улсын ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалыг хүчингүй болгуулан, Дундговь аймгийн Аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэгч С.Чинбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ