Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 111/2017/0007/З |
Дугаар | 221/МА2018/0047 |
Огноо | 2018-01-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2018/0047
2018 оны 01 сарын 16 өдөр Дугаар 221/МА2018/0047 Улаанбаатар хот
Л.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг дарга З.М нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 111/ШШ2017/0036 дугаар шийдвэртэй, Л.Б-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 111/ШШ2017/0036 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаартай “Л.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Л.Б-ийг урьд эрхэлж байсан ажил буюу Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б-ийн ажилгүй байсан 9 сар 20 хоногийн цалин 8.413.520 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Л.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан “өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Л.Б нь Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсныг Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаар албан бичигт удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролгүйгээр томилогдсон нь зөрчилтэй томилгоо мөн гэдгийг нотолсон бөгөөд зөрчлийг арилгах шаардлагатай тухай дурдсан. Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын удирдах ажилтны сонгон шалгаруулалт хуулийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр явагдаж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолоор санал болгосон Д.Амарсайханыг томилон ажиллуулсан тул Л.Б-ийг уг албан тушаалд нь эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгож, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөх боломжгүй юм. Хариуцагч миний бие Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй санхүүгийн байгууллагад олон жил ажилласан. Төсвийн тухай хуулийн 4.1.36-д “төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд гэж заасны дагуу сумын төсвийн байгууллагуудын төсвийн зарцуулалт, гүйцэтгэлд тодорхой хугацаанд хяналт тавихад, тухайн үед сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Б нь санхүүгийн хувьд ихээхэн зөрчилтэй байгаа нь анзаарагдсан. Иймд зөрчлүүдийг дахин гаргуулахгүй байх, таслан зогсоох арга хэмжээг нэн даруй авах нь төсвийн ерөнхийлөн захирагчийн үүрэг мөн гэж үзээд ажлаас нь чөлөөлөх арга хэмжээг авсан. Тухайлбал, Л.Б нь нэг жил зургаан сар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа тэмдэгтийн хураамжийг огт төвлөрүүлээгүй /бүртгэл хөдлөөгүй/ байсан ба түүнийг чөлөөлснөөс хойш өнөөдрийг хүртэл есөн сарын хугацаанд 537720 төгрөгийн тэмдэгтийн хураамж төвлөрсөн байна.
Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны төлөвлөгөөт шалгалтаар санхүүгийн зөрчлүүд илэрч, аймгийн аудитын хорооны шийдвэрээр авилгатай тэмцэх газарт шалгуулахаар тогтоогдсон байна. Л.Б-ийг уг албан тушаалд нь эгүүлэн томилж дээрх зөрчлүүдтэй эвлэрч, хүлээн зөвшөөрч ажиллах боломжгүй юм. Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн оны үр дүнгийн гэрээний биелэлтээ гаргаж дүгнүүлэх, дараа оны үр дүнгийн гэрээний саналаа төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлэх үүрэгтэй. Гэвч Л.Б 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ хугацаанд нь гаргаж тайлагнаагүй, дүгнүүлээгүй учир албан тушаал бууруулах арга хэмжээ авах боломжгүй /Засаг даргын Тамгын газарт тохирох ажлын байр байхгүй, хууль бус томилгоо түүнээс өөр байхгүй/ учир ажлаас чөлөөлсөн.
Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 111/ШШ2017/0036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаар захирамжаар Л.Б-ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, улмаар Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцөд орсныг Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор бүртгэжээ.
Хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар Л.Б-ийг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилон ажиллуулж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 26 дугаар зүйлийн 26.7, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 10 дугаар зүйлийн 40 дэх заалтыг тус тус үндэслэн Л.Б-ийг уг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Л.Б-ийн хувьд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэний дараа Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдон ажилласан тул түүнийг хууль бусаар томилогдсон гэж үзэхгүй ба хариуцагчийн “удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролгүйгээр томилогдсон нь зөрчилтэй томилгоо мөн гэдгийг нотолсон бөгөөд зөрчлийг арилгах шаардлагатай” гэж давж заалдах гомдолдоо дурдсаныг хүлээн авах боломжгүй юм.
Тэрчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заасан ба төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр нь хууль бус тохиолдолд уг албан тушаалтыг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх бөгөөд одоо Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаа Д.Амарсайханы төрийн алба эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй тул хариуцагчийн “Д.Амарсайханыг томилон ажиллуулсан тул Л.Б-ийг уг албан тушаалд нь эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх боломжгүй” гэх гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийг “Сумын төсвийн орлогод төвлөрөх тэмдэгтийн хураамж /нотариатын үнэ/-ийг ажилд орсон цагаас хойш төвлөрлүүлэлгүй татварын хуулийг зөрчсөн” гэх зөрчил нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд ажлаас халах, уг үндэслэл тус бүр тодорхой байх төдийгүй нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатай ба Л.Б нь сумын төсвийн орлогод хэдэн төгрөгийн тэмдэгтийн хураамж төвлөрүүлэх байснаас хэдэн төгрөгийг төвлөрүүлсэн, түүнийг ямар нотлох баримтаар хэрхэн яаж тогтоосон гэдэг нь тодорхойгүй байна.
Түүнчлэн Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай танилцуулга, тус албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 19-02 дугаартай актууд нь маргаан бүхий 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар захирамжид хамааралгүй, цаг хугацааны хувьд сүүлд гарсан тул хариуцагчийн “...Л.Б-ийг уг албан тушаалд нь эгүүлэн томилж дээрх зөрчлүүдтэй эвлэрч, хүлээн зөвшөөрч ажиллах боломжгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэсгүй.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг дарга нь тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Б-тай 2016 онд хамтран ажиллах гэрээг байгуулж, уг гэрээнд төсвийн шууд захирагч гэрээний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор тайлагнаж, төсвийн ерөнхийлөн захирагч 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор биелэлтийг дүгнэхээр тусгасан ба 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч “Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг хугацаанд нь тайлагнаагүй” гэж үзэж “F” буюу хангалтгүй үнэлгээ өгсөн нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журамд нийцээгүй, уг журмыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх боломжгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “...хууль бусаар учруулсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах..” тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цалингийн картыг нотлох баримтаар авалгүйгээр Л.Б-ийн ажилгүй байсан 9 сар 20 хоногийн цалин 8.413.520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 111/ШШ2017/0036 дугаар шийдвэрийн 2 дахь заалтын “...цалин 8.413.520 төгрөгийг” гэснийг “...цалинг урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг бодон” гэж өөрчилөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА