Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 02

 

    Д.Есенкелдид холбогдох хэргийн
тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч К.Өтепийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Есенкелдид холбогдох 201607000020 дугаартай эрүүгийн хэргийг  2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
 Монгол улсын иргэн, казак, 1990 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн,  боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, охин, ээжийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, гавьяа шагналгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ханкелди овогт Дастаны Есенкелди,     
Д.Есенкелди нь 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 1945 УНА дугаартай шар өнгийн “Daewoo” маркийн автобус жолоодож яваад Д.Энхбат жолоочтой “KIA BONGOFRONTIER” маркийн цагаан өнгийн 05-70 ГАА дугаарын автомашинтай мөргөлдөж Д.Энхбат нас барсан, Ш.Эрдэнэчимэг, К.Хуягбат нарын биед хүндэвтэр гэмтэл, Х.Алтансувдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
Анхан шатны шүүхийн шүүгч захирамждаа: “...К.Өтеп нь шүүгдэгч Д.Есенкелдийн 2016 оны 02 дугаар сарын 4-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт жолоодож явсан 19-45 УНА улсын дугаартай шар өнгийн “Daewoo” маркийн автобусны жолооч бөгөөд “... тээвэрлэлтийн зай 500 километрээс дээш зайнд зорчигч тээвэрлэж байгаа жолооч заавал ээлжийн жолоочтой явах ба ээлжийн жолооч MNS 2008 стандартын шаардлага хангасан таних тэмдэг, мэргэшсэн жолоочийн үнэмлэх авсан байна. Таних тэмдэг, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй жолоочид жолоо шилжүүлэхийг хатуу хориглоно” гэсэн гэрээний заалтыг зөрчиж мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй жолоочид жолоогоо шилжүүлсэн байна. 
  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар К.Өтепийг татаж, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Цээпил нь тухайн үед талийгаач Д.Энхбатын жолоодож явсан “КIA  BONGOFRONTIER” маркийн цагаан өнгийн 05-70 ГАА улсын дугаартай автомашины өмчлөгч болох нь хавтаст хэрэгт авагдсан 00995551 дугаартай тээврийн хэрэгслийн 

гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд өөрөө талийгаач Д.Энхбатад уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Б.Цээпилийн “... багцаагаар 15 цаг өнгөрч байх үед над дээр дахиж ирээд машин олдохгүй байна чи машинаа өгч бай гэсэн. Тэгээд би гэрт очоод асаагаад аваад яв гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч К.Хуягбатын “... талийгаач Д.Энхбат хүний пронтер маркийн машиныг жолоодоод кабин дотор нь талийгаачийн хажууд Алтансувд, түүний хажууд би суугаад миний зүүн өвдөг дээр жаахан эмэгтэй хүүхэд суугаад бид нар уурхай руу явсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батболдын “... миний өмнө талийгаач Д.Энхбат, Б.Цээпил гэдэг хүний машиныг жолоодоод ... явсан” гэх зэрэг мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна. 

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар К.Өтеп, Б.Цээпил нарыг иргэний хариуцагчаар тогтоох үндэслэлтэй байна гэж үзэн иргэний хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэжээ.

К.Өтеп давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэсэн Д.Есенкелдид холбогдох эрүүгийн хэрэгт К.Өтеп миний бие Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдож байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон билээ. Энэ хэргийн улмаас миний биед хүндэвтэр гэмтэл учирч эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохирол хүлээсэн юм. Гэтэл шүүгч Ч.Мөнхтуяа нь миний хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчиж намайг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсан явдалд туйлын гомдолтой байна.
Шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн хууль бус үндэслэлгүй байна. Энэхүү авто ослын улмаас миний хөл хугарч бие эрхтнээрээ хохирсоны зэрэгцээ эд хөрөнгийн хохирол хүлээсэн тул мөрдөн байцаалтын шатанд намайг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий этгээдээс тогтоол гаргаж хохирогчоор тогтоосон билээ. Гэтэл намайг энэ хэрэгт хохирогчоор тогтоосон шийдвэр ямар нэгэн байдлаар хүчингүй болоогүй, хүчин төгөлдөр байхад энэ хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр иргэний хариуцагчаар татах тухай захирамж гаргасан нь хохирогч К.Өтеп надад Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, хэргийн оролцогч миний хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан байна. 
Мөн энэ хэрэгт намайг иргэний хариуцагчаар татахыг хүссэн М.Энхзаяа өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай урьд гаргасан шийдвэр хүчин төгөлдөр /шүүгчийн захирамж/ байгаа.
Хэдийгээр иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу, эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд иргэний хариуцагч гэж ямар этгээд байх талаар тодорхой заасан байна. Үүнд:44.1-д “Иргэний хариуцагчаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль  ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно” гэж заасан байна. Харин К.Өтеп миний бие шүүгдэгч Д.Есенкелдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч биш гэдэг нь бол хэнд ч тодорхой байгаа. Шүүгч хохирогч К.Өтеп намайг хуулийн этгээд гэж андуурсан бололтой. Иргэний хуулийн 25 дугаар зүйлд Хуулийн этгээд гэж хэнийг хэлэх талаар заахдаа       25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа 

бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах  тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэсэн байна. Харин би бол хуулийн этгээд биш хувь хүн. Хувь хүн намайг энэ эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. 
Нөгөөтэйгүүр 19-45 УНА улсын дугаартай шар өнгийн “Daewoо” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчээр миний бие бүртгэгдээгүй байгаа. 
Гэтэл намайг шууд өмчлөгч буюу эзэмшигч гэж таамаглаад иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна.
Шүүгчийн захирамжид К.Өтеп намайг 19-45 УНА улсын дугаартай автобусны жолооч бөгөөд”..гэрээний заалтыг зөрчиж мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй жолоочид жолоогоо шилжүүлсэн гэж дүгнээд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татсан байна. 
Гэтэл Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэж заасан байна. Эндээс үзэхэд намайг автобусны жолооч нь гэж буруутгаж иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. “Газрын-Од” ХХК-ний дунд байгуулсан гэрээ хууль, дүрэм биш шүү дээ. Миний бие хууль зөрчөөгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд D-ангилалын тээврийн хэрэгслийг D-ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй 21-ээс дээш насны хүн жолоодохоор заасан байдаг. Д.Есенкелди нь хууль дүрэмд заасан энэ болзол шаардлагыг бүрэн хангасан байна. 
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмэнд мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй хүнд D ангилалын тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглосон заалт байхгүй юм.
Автобусны жолооч гэм хорыг арилгах үүрэгтэй бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар жолооч нь Д.Есенкелди байсан тул тэр хариуцан арилгах үүрэгтэй.
Ер нь энэ зам тээврийн осол гаргасан гол гэм буруутай этгээд хэн байсан, осол гарахад нөлөөлсөн гол шууд шалтгаан нь юу байсан гэдгийг анхааралдаа авахыг хүсэж байна. /Д.Есенкелдийн мэргэшсэний үнэмлэх байгаагүйгээс болж осол гараагүй шүү дээ/ Зам тээврийн осол гаргасан гол гэм буруутай этгээд Д.Энхбат нас барж хохирлыг төлж чадахгүй болсон болохоор түүний буруутай үйлдлээс болж учирсан хохирлыг амьд үлдсэн биднээс гаргуулах гэж ингэж улайран зүтгэж болохгүй шүү дээ. 

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. 
Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Д.Есенкелдид холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч К.Өтепийг “Газрын-Од” ХХ К-тай гэрээ хийж улмаар уг гэрээний 3 дугаар заалтын 3.2-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар иргэний хариуцагчаар татах нь үндэслэлтэй байна гэж үзэн анхан шатны шүүхээс иргэний хариуцагчаар татах тухай захирамж гаргажээ.

 

К.Өтепийн жолооч Д.Есенкелдид жолоогоо шилжүүлсэн үйлдэл нь хохирогч нарт учирсан хохиролтой шалтгаант холбоогүй бөгөөд К.Өтепийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид гэм хор учирсан болох нь тогтоогдоогүй байна.

Түүнчлэн түүнийг иргэний хариуцагчаар татсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байгаа тухай К.Өтепийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаар захирамжаар Прокуророос Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Д.Есенкелдид холбогдох эрүүгийн хэрэгт К.Өтепийг иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, К.Өтепийн давж заалдсан гомдлыг хангасугай.

2.Магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЖАРГАЛСАЙХАН
                                     
                                       ШҮҮГЧИД                                   Б.НАМХАЙДОРЖ

                                                                                           Ч.ЭНХТӨР