Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 126

 

Н.Э-, С.С-, Д.Н-

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/00541/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Амарсанаа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  11 дүгээр сарын 02-ны өдрийн 1105 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Э-,

          С.С-,

          Д.Н- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э- Ү-” ХХК-д холбогдох

“Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/268, Б/269, Б/270 дугаар бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд нар онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Э-, С.С-, Д.Н- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэн Н.Э- би “Э- Ү-” ХХК-ийн Хангамжийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан билээ. Би ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан эрх үүргээ шударгаар биелүүлж ажиллаж байсан боловч 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн Ерөнхий захирлын Б/270, Б/269, Б/268 дугаар бүхий тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнд гомдолтой байна.

1.  Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл нь “Э- Ү-” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан... ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн байдаг. Тус үндэслэл нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгүүдийг зөрчсөн үндэслэлгүй байна.

2. “Э- Ү-” ХХК-ийн захиргаа Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ямар ч ажилтанг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас нь чөлөөлөх тохиолдолд урьдчилан мэдэгдэж хуулиар эрхээ хамгаалах боломжийг олгосон Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Ийнхүү Хамтын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны хууль ёсны эрхийг хамгаалах, дараагийн ажил албан тушаалаа олох зэрэг ажилтны амьдрах эх үүсвэрээ баталгаажуулахад чиглэсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна.

3. “Э- Ү-”; ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, томилох, өөр ажилд шилжүүлэх, дэвшүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа дээр дурдсан үндэслэлүүдийг ханган хэрэгжүүлэх эрхийг олгосон байтал Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, урьдчилсан нөхцөл, шаардлагыг ямар нэгэн байдлаар хангалгүй шууд тухайн ажилтанд хамааралгүй асуудлаар буруутган үндэслэлгүй халж байгаад гомдолтой байна.

“Э- Ү-” ХХК-ийн дүрэмд Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх эрх хэмжээ нь дүрмийн 9.17-д ТУЗ нь дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 9.17.19-д Компанийн бүтэц зохион байгуулалт, ажиллагсдын тоо, хүний нөөцийн бодлогыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих эрхийг олгосон ба өнөөдрийн байдлаар надад ТУЗ-өөс үйлдвэрийн бүтэц зохион байгуулалтад ямар нэгэн өөрчлөлт гарсан, орон тоо цөөрүүлсэн, орон тоо хасагдсан зэрэг асуудлаар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүйгээр хууль бус, үндэслэлгүй тушаал гарган ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Ерөнхий захирлын дугаар тушаалын үндэслэл болгож буй Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Монгол улсын Засгийн газар эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр батлагдсан хуулийн 1-д Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай. гэж мөн хуулийн 2-т Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино гэсэн агуулгыг багтаасан хуулийг үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Учир нь дээрх хуулийг үндэслэн гарсан Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолд дурдсан санхүүгийн ямар нөхцөл байдал үүсээд байгаа, түүнд ажилтан бид ямар хамааралтай болох, Засгийн газрын тогтоолоор бүтэц зохион байгуулалтыг ямар тушаал, шийдвэр, тогтоолоор өөрчлөөд байгаа түүнд яагаад зөвхөн бидний хэдэн ажилтнуудыг хамруулаад байгаа талаар урьдчилан мэдэгдэлгүй ялгаварлан гадуурхах байдлаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хуульд заасан үндэслэл, өөрийн мэдлэг ур чадвараа харамгүй зарцуулж бүхий л сэтгэл, зүрхээрээ ажиллаж байсан биднийг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Засгийн газарт эрх олгох хуульд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын аливаа гэрээ конвенцод заасан нөхцөлийг зөрчилгүй гүйцэтгэхээр заасан байтал энэхүү үүргээ үл тоон хэн нэгэн хүний үгээр ажиллаж байгаад Монгол улсын засгийн газар, “Э- Ү-” ХХК-ийн Ерөнхий захиралд гомдолтой байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг тус тус зөрчсөн байна. Монгол улсын Үндсэн хуулийн 14.1, 14.2, 16.4-т заасан зүйл даалтуудыг мөн зөрчиж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан нь ажил олгогч зөвхөн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр л ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халж, чөлөөлж болно гэсэн шууд утгыг илэрхийлдэг. Энэ ч утгаараа Ерөнхий захирлын Ажлаас чөлөөлөх тушаал дээрх хуулийн үндэслэлийг баримтлалгүй ажлаас чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн үндэслэлгүй байна. Мөн Э- Ү-ийн Ерөнхий захирал нь Монгол улсын үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хөдөлмөрийн тухай хуульд заасан бүхий л дагаж мөрдөх ёстой үүргээ зөрчиж ажлаас чөлөөлж байгаа нь Хууль дээдлэх үндсэн зарчмыг бүдүүлгээр үл хүндэлж байна гэж үзэхээр байна.

Иймд Э- Ү- ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/270, Б/268, Б/269  дугаар бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Эрдэнэд үйлдвэр” ХХК-ийн 2019 оны 03 дугаарын сарын 06-ны өдрийн Б/268, Б/269, Б/270 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал одоо нэр өөрчлөгдсөн байж болохуйц санхүү бүртгэлийн хэлтэс гэдэг нэр нь Санхүү нягтлан бодох хэлтэс болж өөрчлөгдсөн байна. Тус хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор С.С-ыг, мөн Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Н-ыг хөгжлийн хэлтсийн даргаар, Хангамжийн хэлтсийн орлогч дарга Н.Э-г худалдан авалт хангамжийн хэлтсийн орлогч даргаар тус тус эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн дээр дурдсан тушаалууд нь Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн 1 дүгээр зүйл, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолыг тус тус үндэслэсэн тушаал байдаг. Уг тушаалуудыг гаргахдаа “Э- Ү-” ХХК-ны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой чөлөөлсөн байдаг. Эдгээр тушаалыг гаргахдаа Монгол улсын үндсэн хуульд заасан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гаргасан гэж үзэж байна.

Мөн тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллага маань эс зөвшөөрч хариу тайлбараа бичгээр гаргахдаа нэхэмжлэгч нарыг Э- Ү--ийн 49 хувийг хууль бусаар олж авсан буюу Монголиан коппер корпорейшн компаний хүмүүс учраас халсан гэдэг утга агуулга бүхий үндэслэлгүй тайлбар гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монголиан коппер корпорейшн Компани эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан гэсэн нэг ширхэг монгол улсын нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа хүчин төгөлдөр шүүх, шүүхийн магадлал, тогтоол байхгүй.

Ажилтнуудыг бөөнөөр нь халсан үйлдэл нь Э- Ү--ийн үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан хамтын гэрээ, хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 45 хоногийн өмнө халах болсон мэдэгдлийг мэдэгдэх үүргийг байгууллага хүлээдэг энэ үүргээ биелүүлээгүй, мөн эдгээр албан тушаалтнуудад ямар нэгэн тэтгэмж олгоогүй, өнөөдрийн байдлаар хамтын гэрээ өөрчлөгдсөн эсэхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд мэдэх боломжгүй байна. Бүтэц зохион байгуулалтаар 2019 оны 03 дугаар сарын 06-ны халсан хэрнээ төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Э- Ү- ХХК-ийг Э- Ү- ТӨҮГ болгож бүтэц зохион байгуулалтыг баталж байгаа нь энэ бүтэц зохион байгуулалтыг сарын дараа баталж байгаа нь нэхэмжлэгч нарыг халсан үйлдэл нь цаг хугацааны хувьд үндэслэлгүй харагдаж байна. Тиймээс одоогоор албан тушаалын нэршил өөрчлөгдсөн ч албан тушаалууд нь хэвээр хадгалагдаж байх учир дээрх 3-н нэхэмжлэгч нарын ажлаас чөлөөлсөн тушаалуудыг хүчингүй болгож, ажил албан тушаалд нь эгүүлэн томилж өгнө үү ? гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр суурьтай санал нэг байна. Хариуцагч талын 3 хүнийг халсан шийдвэрийг 49 хувь, улс төрийн оролцоотой талаас нь ярьдаг, өнөөдөр бидний маргаад байгаа зүйл хөдөлмөрийн харилцаатай сэдэв байгаа. Нэхэмжлэгч нарын хууль бусаар халагдсан эсэх талаар л бид мэтгэлцэж байгаа. Тухайн үеийн нэршилээр Э- Ү- ХХК-ийн ерөнхий захирал Х.Б-гийн гаргасан 3 тушаалыг үндэслэх хэсэг илт хууль бус үндэслэлгүй байдаг. Тиймээс тухайн тушаалуудыг хүчингүй болгож, одоо нэршил нь солигдсон албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү? гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Нэхэмжлэгч нар нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс “Э- Ү-” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг маргаантайгаар эзэмшиж байсан Монголиан коппер корпорейшн ХХК-ийн талаас санал болгож томилогдсон, уг компанийн эрх ашгийг төлөөлөн “Эрдэнэт үйлвэр” ХХК-д ажиллаж байсан эрх бүхий удирдах албан тушаалтнууд юм.

2.  Нэхэмжлэгч нар нь “Э- Ү-” ХХК-нд бараа, ажил үйлчилгээ худалдан авах, ерөнхий журам, Худалдан авах комиссын үйл ажиллагааны журмын дагуу “Э- Ү-” ХХК-д шаардлагатай бүхий л бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт тавих эрхийг эдэлж ажиллаж байхдаа Монголиан коппер корпорейшн ХХК-д давхар ажиллаж байсан. Нэхэмжлэгч нар нь ажил олгогч Монголиан коппер корпорейшн ХХК-аасаа сар бүр 7.400.000 төгрөгийн цалин авч байснаас гадна “Э- Ү-” ХХК-д удирдах ажил албан тушаалд давхар ажиллаж байхдаа дунджаар 10,0 гаруй сая төгрөгийн цалин авч байсан.

3. Нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2019.03.06-ны өдрийн Б/268, Б/269, Б/270 тушаалуудын үндэслэл болсон Монгол улсын Засгийн газрын 2019.06.03-ны өдрийн 91 дүгээр тогтоолын үндэслэл нь Монгол улсын Их хурлын 2017 оны 2 сарын 10-ны өдрийн “Э- Ү-” ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоол болно. УИХ-ын 2017 оны 23 дугаар Тогтоолоор: МУ-ын ЗГ-ын 2016.06.13-ны өдрийн 330 дугаар тогтоолын “Э- Ү-” ХХК-ийн болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монголиан коппер корпорейшн ХХК-д эзэмшүүлэхийг зөвшөөрсөн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, “Э- Ү-” ХХК-ийн болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчийн үйлдвэрийн статустайгаар ажиллуулах арга хэмжээг авч ажиллахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Засгийн газар /Ж.Эрдэнэбат/ нарт даалгаж шийдвэрлэсэн байдаг.

УИХ-ын 2017 оны 23 дугаар Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар Тогтоолоор: Оросын холбооны улсын Засгийн газрын эзэмшлээс Монголиан коппер корпорейшн ХХК-д шилжсэн “Э- Ү-” ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400,27 сая ам.долларын төлбөрийг хавсралтад дурдсан эх үүсвэрийн дарааллаар суутган тооцох, “Э- Ү-” ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн арга хэмжээг зохион байгуулахыг Оюуны өмчийн улсын бүртгэлийн газарт /Ц.Ням-Осор/-т даалгаж шийдвэрлэсэн.

4. Дээр дурдсан УИХ-ын 2017 оны 23 дугаар Тогтоолыг хэрэгжүүлэхээр гарсан Засгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар Тогтоолын дагуу Э- Ү- ХХК-ийн 2 хувьцаа эзэмшигчээс Монголиан коппер корпорейшн ХХК гэсэн 1 хувьцаа эзэмшигч нь хасагдсан учир Э- Ү- ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд: “Э- Ү-” ХХК нь зөвхөн 1 хувьцаа эзэмшигчтэй гэсэн өөрчлөлтийг 2018.01.15-ны өдөр ОӨУБГазарт бүртгэсэн.

5. Нэхэмжлэгч нарыг санал болгож төлөөлөл болгож томилуулсан Монголиан коппер корпорейшн ХХК нь дээр дурдсан УИХ, Засгийн газрын тогтоол, Улсын бүртгэлийн дагуу 2017.02.10, 2018.01.15-ны өдрөөс “Э- Ү-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасагдсанаар Монголиан коппер корпорейшн ХХК-ийн “Э- Ү-” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг өмчлөх эрх Төрд буюу МУ-ын Засгийн газарт бүрмөсөн шилжсэнтэй холбоотойгоор тус компанийн төлөөлөл эдгээр нэхэмжлэгч нар нь 100 хувийн төрийн өмчит Э- Ү-ийн мөнгөн болон бусад эд хөрөнгө өмчийг захиран зарцуулах, хөгжлийн бодлогыг тодорхойлж, удирдан чиглүүлэх, бүх төрлийн гэрээ, хэлцэл, худалдан авах ажиллагааг удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах зэрэг удирдах ажил албан тушаал эрхлэх хууль эрх зүйн боломжгүй, үндэслэлгүй болсон учраас эдгээр нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

6. Нэхэмжлэгч нарыг Монголиан коппер корпорейшн ХХК-ийн төлөөлөл болгож Э- Ү-т ажиллуулах, томилох шийдвэр гаргасан нэхэмжлэгч нарын ажил олгогч Монголиан коппер корпорейшн ХХК нь “Э- Ү-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу Э- Ү-т ТУЗөвлөл ажиллахгүй болсон, нөгөө талаас Э- Ү-ийн цор ганц хувьцаа эзэмшигч Засгийн газрын гаргасан 2018.01.04-ний өдрийн 07 дугаар Тогтоолыг хэрэгжүүлэхээр гарсан 2019.03.06-ны өдрийн 91 дүгээр Тогтоолын дагуу Засгийн газар, ТӨБЗГазраас “Э- Ү-” ХХК-ийн Ерөнхий захиралд өгсөн чиглэл, олгосон эрхийн дагуу Ерөнхий захирал нь 2019.03.06-ны өдөр тушаал гаргаж үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй болно.

7. Нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хууль болон ЗГ-ын 2019 оны 91-р Тогтоол нь Үндсэн хуулийн зөрчсөн талаар ХЦэцээс аливаа дүгнэлт, тогтоол гараагүй болно.

8. Нэхэмжлэгч нар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн, ажил үүрэг, албан өрөөгөө хүлээлгэн өгсөн 2019.03.06-ны өдрөөс хойш 1 сар 02 өдрийн дараа, тушаалаа хүлээн авсан өдрөөс хойш 1 сар 02 хоногийн дараа буюу 2019.04.08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах 1 сарын хугацааг болон Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.4, 82 дугаар зүйлийн 82.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тус тус хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг болон хэргийг бүхэлд нь хүчингүй болгоно уу гэжээ.

Хариуцагч талын өмгөөлөгч С.Ганзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Учир нь нэхэмжлэгч С-ын хувьд “Э- Ү-” ХХК-д 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ерөнхий нягтлан бодогчоор, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Д.Н- хөгжлийн бодлогын газрын даргаар, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Н.Э- нь хангамжийн хэлтсийн даргаар тус тус ажилд орохдоо “Э- Ү-” ХХК-ний дагаж мөрддөг ажилтныг ажилд нээлттэй сонгон шалгаруулж авах гэдэг энэ сонгон шалгаруулалтад огт орохгүйгээр “Э- Ү-” ХХК-ний 49 хувийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс маргаантай эзэмшиж ирсэн Монголын зэс компорациас шууд томилогдож орсон байдаг. Энэ бүхэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Нэхэмжлэгч нар нь компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар тухайн Э- Ү- ХХК-ийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг эрх бүхий албан тушаалтанд тооцогддог. Мөн нэхэмжлэгч нар нь хэрэгт авагдсан баримтаар Э- Ү- ХХК-д ажиллаж байх хугацаандаа Монголиан коппер корпорейшн компаниас давхар ажиллаад цалинждаг баримт байдаг. Эндээс харахад нэхэмжлэгч нар нь Монголиан коппер корпорейшн компанитай хамаарал бүхий гэдэг харагдаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь Монголын зэс корпорациас томилогдсон эрх бүхий албан тушаалтан гэдэг нь ажилд орсон цаг хугацаа, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр ажилд орсон, мөн давхар цалин авдаг зэрэг баримтуудаас харахад нэхэмжлэгч нар нь Монголын зэс Корпорациас томилогдож “Э- Ү-” ХХК-д ажилд орсон нь нотлогдож байна. Монголын зэс Корпораци 49 хувийн хувьцааг яаж авсан бэ? гэхээр Засгийн газрын 330 дугаар тогтоолыг үндэслэж шилжүүлж авсан. Гэтэл Засгийн газрын 330 дугаартай тогтоолыг Улсын их хурлаас бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлээд Засгийн газрын 330 дугаартай тогтоолыг хууль зөрчсөн тогтоол хэмээн хүчингүй болгосон Улсын их хурлын шийдвэр байдаг. Үүний хүрээнд Монголын зэс Корпораци үндсэн хуулийн цэц-д хандсан Үндсэн хуулийн цэц-ээс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ хугацаанд 49 хувийн хувьцаатай холбоотой маргаан үргэлжлэхийн хажуугаар Э- Ү- ХХК-ийн эдийн засгийн байдал дордож байсан. Яагаад гэхээр Монголын зэс Корпорациас томилогдсон эрх бүхий албан тушаалтнуудын удирдлагаа хэрэгжүүлж байгаатай шууд хамааралтай байсан.  ...Энэ ажлын хүрээнд Э- Ү- ХХК-ний эрхийг хууль бусаар авсантай холбоотой үйлдвэрийн удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, чөлөөлөх чиглэлийг ерөнхий захирал Х.Б-д өгсөн. Тэгэхээр Х.Б- нь Засгийн газраас үүрэг болгосон ажлыг гүйцэтгэж ажилласан явдал байна. Мөн нэг зүйлийг тодруулж хэлэх шаардлагатай байна. Засгийн газрын 91 дүгээр тогтоолын тэмдэглэх хэсэг, болон үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн холбогдох хэсэгт үзлэг хийлгэе гэсэн хүсэлтийг гаргасан. Энэ нь ямар нөхцөл байдлыг тодруулах байсан бэ? гэхээр нэхэмжлэгч нарыг Монголын зэс Корпорацитай хамааралтай юм уу гэдэг нөхцөл байдлыг тэнд ярьсан учраас тэр тэмдэглэлд үзлэг хийлгэе гэсэн боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Хүсэлтийг хангаагүй ч гэсэн энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Нэхэмжлэгч тал хөдөлмөрийн тухай хууль ярьж байгаа бол хөдөлмөрийн тухай хуулинд заасан давхар ажил эрхлэх гэсэн заалт зөрчсөн нь харагдаж байгаа. Нэмж хэлэхэд Х.Б- гэдэг хүн өөрийн санал санаачилгаар эдгээр хүмүүсийг ажлаас халаагүй, Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг биелүүлж тушаал гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1105 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Э-, С.С-, Д.Н- нарын “Э- Ү-” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн 268, 269, 270 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.Э-г одоогийн бүтцээр Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч даргаар, С.С-ыг одоогийн бүтцээр Санхүү, ня-бо бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор, Д.Н-ыг одоогийн бүтцээр Хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Э-, С.С-, Д.Н- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Н.Э-гийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрийн сан 100210000941 тоот дансанд тушаасан 70.200 төгрөг /1 дүгээр хавтас 7 дугаар хуудас/, С.С-ын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрийн сан 100210000941 тоот дансанд тушаасан 70.200 төгрөг /1 дүгээр хавтас 65 дугаар хуудас/, Д.Н-ын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрийн сан 100210000941 тоот дансанд тушаасан 70.200 төгрөг /1 дүгээр хавтас 152 дугаар хуудас/-ийг тус тус төрийн сангийн орлогоос эргүүлэн гаргуулж олгож,

Нэхэмжлэгч Н.Э-, С.С-, Д.Н-, хариуцагч “Э- Ү-” ХХК нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрдүүлэн ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангаагүй, давхардсан нотлох баримт /1-р хавтас 12-15, 70-73, 113-117, 157-160., 2 дугаар хавтас 34-35, 40-41, 43-46, 159-160, 161-166, 3 дугаар хавтас 56-59, 194-195, 229-230, 232-242/-уудыг хэргээс нэрлэн буцааж өгөхийг шүүгчийн туслах Б.Мөнгөнцэцэгт даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Дугаар 1105 шийдвэрийг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /15-р талд/: “...Э- Ү- ХХК-ийн Ерөнхий захирал Х.Б-д даалгасны дагуу буюу өөрт нь олгосон эрх, үүргийн хүрээнд “Э- Ү-” ХХК-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн а/143 дугаар тушаалын хавсралтаар “Э- Ү-” ХХК-ийн үдирдлага, зохион байгуулалтын бүтэц /түр/-ийг баталж мөн өдрийн 5/270, Б/268, Б/269 дугаар тушаалуудаар нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Учир нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр “Э- Ү-” ТӨҮГазрын Ерөнхий захирлын тушаал...” хэсэгт Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг үндэслэн бүтцийг баталсан нь “2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр тушаал” зэргээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсоор байтал нэхэмжлэгч нарыг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй гэх боловч нийтлэг баримталдаг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлахгүй гэж тодорхойлсон боловч цаг хугацааны хувьд зөрүүтэй нөхцөл байдал байсаар байтал тушаалын үндэслэл болох бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн тушаал нь хойно буюу 1 сар 9 хоногийн дараа гарсныг Шүүх хууль зөрчөөгүй байна гэж үзэж байгаа нь шүүгч шүүх хуралдаанд аль нэг талыг хамгаалж буруутгахгүй гэх зарчмыг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны үед болон нэхэмжлэл түүний тодотгол зэрэгт Засгийн газрын тогтоолд ямар нэгэн байдлаар ажлаас чөлөөл гэсэн нэг үг үсэг байхгүй байх тул нарийвчилсан хууль хэрэглээг хэрэглэх буюу Хөдөлмөрийн тухай хууль Хамтын гэрээг үндэслэл болгон шийдвэрлэх хууль хэрэглээтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаад гомдолтой байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /16-р талд/: ...Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино гэснээр Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар 6 сарын хугацаагаар “онцгой дэглэм” тогтоосон хугацаанд, өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан тушаал байна гэж дүгнэсэн байгаад гомдолтой байна.

Учир нь Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1. “үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох гэж.” хэмээн дүгнэсэн нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн болон хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай уялдаагүй буюу хуульд үндэслэгдээгүй байна. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч нарыг “Э- Ү-” ХХК-ийн 49 хувьцаа эзэмшигчийн хүн мэт тайлбарлан ажлаас нь халсан тухайгаа хариу тайлбар болон шүүх хуралдаан, асуулт хариултын үед удаа дараа хэлдэг. Гэтэл Шүүхийн дүгнэснээр ...мөн хуулийн 2-д Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын уйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр...” гэж заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байтал хангасан мэт дүгнэж байгаа нь шүүх хууль хэрэглээг зөвхөн нэг өнцгөөр харсан, Засгийн газраас гарсан шийдвэртэй холбоотойгоор гарсан “Э- Ү-” ХХК-ийн ерөнхий захирлын тушаал нь хууль зөрчөөгүй байна хэмээн дүгнэж байгаад гомдолтой байна. Монгол Улсын иргэн хэн ч гэсэн Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд бичгээр болон амаар гаргасан тайлбарт нэхэмжлэгч нар нь “Э- Ү-” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл тул халсан гэсэн агуулга, тодорхой байдаг. Гэтэл Засгийн газарт эрх олгох тухай хууль, Засгийн газрын 91-р тогтоолуудад “Э- Ү-” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг ажлаас нь өчиггүй чөлөөл гэсэн ширхэг үг үсэг, агуулга байхгүй.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /16-р талд/: Иймд нэхэмжлэгч нарын “илүү нарийвчлан зохицуулсан” Хөдөлмөрийн хуулийг ажлаас чөлөөлсөн тухай баримтлаагүй нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. ” гэж үзэж байгаад гомдолтой байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан болон шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбартаа: нэр бүхий нэхэмжлэгч нар нь “Э- Ү-” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч Монголиан Коппер Корпрэйшн ХХК-ийн хүмүүс ба Монгол Улсын Их хурлын 23 дугаар тогтоолын биелэлттэй холбоотой Засгийн газраас үүрэг өгсний дагуу л халсан хэмээн тайлбарласаар байтал бүтэц, зохион байгуулалттай холбон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн тайлбарыг шүүхээс зөвтгөн хуулийг гуйвуулан тайлбарлаж дан ганц Хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар тодорхойлогдохгүй учир та бүхнийг ялгаварлан гадуурхсан нь хамаагүй мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зөв гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н. Э-, С.С- , Д.Н- нар нь “Э- Ү-” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны  өдрийн Б/268, Б/269, Б/270 дугаар тушаалыг хүчингүй болгож Н.Э-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох буюу одоогийн бүтцээр тус үйлдвэрийн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч  даргын, С.С-ыг одоогийн бүтцээр Санхүү, ня-бо бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор, Д.Н-ыг одоогийн бүтцээр Хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагыг гаргажээ.

            Дээрх албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлсөн нэхэмжлэлийн үндэслэлдээ “Э- Ү-” ХХК-ийн ерөнхий захирлын тушаал нь “Э- Ү-” ХХК-ийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан... ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн байдаг нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсгүүдийг зөрчсөн үндэслэлгүй байна гэжээ.

            Ерөнхий захирлын дээрх тушаалуудын үндэслэл болж буй “Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 91 дүгээр тогтоол нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон 1948 оны “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэж дурджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нар давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргахдаа  анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотолгооны ач холбогдолтой үйл баримтууд болон бичиг баримтыг үнэлэхгүй хэргийн нэг талыг баримталж шийдвэрлэсэн, хууль хэрэглээг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэжээ.

Хэрэгт цугларсан баримтууд болон талуудын шүүхэд гаргасан тайлбаруудыг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцүүлэн хянах нь давж заалдах шатны шүүхийн үүрэг юм.

Хэрэгт цугларсан баримтууд болох ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн тушаалуудад Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг баримтлаагүй. Мөн энэ талаарх журмыг болон хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлсэн хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээг баримтлаагүй байна.

Мөн хариуцагч тал ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн тушаалуудын хууль зүйн үндэслэлийн талаар хангалттай нотлох баримт, гаргаж мэтгэлцээгүй  байна.

Гэвч нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-д заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн байна.

            Энэ талаар хариуцагч тал татгалзлын үндэслэл болгож мэтгэлцсэн нь үндэслэлтэй байна.

Хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож хэргийг хянан шийдвэрлэж болох хэдий ч энэ нь анхан шатны шүүхийн хийх ажиллагаа  бөгөөд талуудын нотолгооны үүрэгт хамаарах юм.

Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

 

                                                                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА

                                                                                                               ШҮҮГЧИД                                  Л.АМАРСАНАА

                                                                                                                                                                  О.НАРАНГЭРЭЛ