Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 600

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00541/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, ... овогт Ч-ын Л-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... багт байрлах Дархан-Уул аймаг дахь П.к /РД:9023232/-д холбогдох

 

Дархан-Уул аймаг дахь П.к-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н-гийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ... дүгээр “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаалыг хүчин болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч-ын Л миний бие нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай тушаалаар МСҮТийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 ОНЫ 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01408 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1990 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00012 дугаар тогтоолоор ажилдаа эгүүлэн томилуулахаар шийдвэрлүүлсэн билээ. Ийнхүү шүүхийн шийдвэр гарсан атал Батаагийн Нарантуяа өдгөө хүртэл 3 шатны шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн хууль бусаар захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласаар байгаа билээ. Б.Н нь хууль бусаар ажиллаж байгаа атлаа шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдсон хууль ёсны захирал Ч.Лг Дархан-Уул аймаг дахь Политехникийн дэд захирлаар томилсон хууль бус тушаал гарсан байна. Захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Н 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ...дүгээр “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаалдаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2 заалт болон 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ... ажилд эгүүлэн томилох буюу Ч.Лг захирлаар томилох тухай, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д Б.Нгийн ... хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Б.Нгийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай заалтууд заасан байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 ОНЫ 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01408 дугаар бүхий шийдвэрт ... Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны удирдлагад үүрэг болгож тусгасан байна. Иймд Б.Н нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх субъект биш төдийгүй Ч.Лг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Б.Нгийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллах тушаал мөн адил хүчингүй болж тэрээр хууль бус түр орлон гүйцэтгэгч болсон болно. Ийнхүү хууль бус түр орлон гүйцэтгэгч Б.Н нь хуулиар тогтоогдсон жинхэнэ захирлыг албан тушаал бууруулан “шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаал гаргасан нь сайдын эрх мэдэлд шууд халдсан ноцтой алдаа болсон гэж үзэж байна. Учир нь Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 8.4.13-т Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг шалгаруулалтын дүнг үндэслэн сайд томилохоор заасан байдаг билээ.

Түүнчлэн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нгийн гаргасан 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ...тоот тушаал нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д ... агуулгын илэрхий алдаатай, 47.1.3-т ... өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. 47.1.6-д ... иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7-д ... түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. 47.3-т ... Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэсэн заалтууд болон бусад хууль, дүрэм журмыг ноцтойгоор зөрчиж байгаа юм.

Иймд холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд шийдвэрлэж өгнө үү хэмээн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу шүүхэд хандаж байгаа болно гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь П.кийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус Дархан-Уул аймаг дахь П.кийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нгийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ...дүгээр “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэн Ч.Лгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Дархан-Уул аймаг дахь П.кийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нгийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ...дүгээр “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаалыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/907 тоот албан бичгийн дагуу гаргасан. Тус байгууллага нь Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага буюу МСҮТ гэсэн ангилал бүтэцтэй байсан бөгөөд зохих хууль, журмын шаардлагыг ханган ажиллаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/283 тоот тушаалаар П.кийн ангилалд шилжин өөрчлөн зохион байгуулагдсан. Мөн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/344 тоот тушаалаар тус коллежийн бүтэц, орон тоо батлагдсан. Тус коллежийн харьяалалд Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага буюу МСҮТ байхгүй бөгөөд МСҮТийн захирал гэсэн албан тушаал байхгүй тус албан тушаалтай дүйцэх албан тушаал нь П.кийн дэд захирлын албан тушаал болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Л нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь П.кид холбогдуулан Дархан-Уул аймаг дахь П.кийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нгийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ...дугаартай “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь МСҮТийн захирал гэсэн албан тушаал байхгүй тус албан тушаалтай дүйцэх албан тушаал нь П.кийн дэд захиралын албан тушаал тул шүүхийн шийдвэрийг биелүүлж дэд захирлаар томилсон тушаал үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Ч.Лг Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/17 дугаартай Захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилох тушаалаар Дархан-Уул аймаг дахь МСҮТийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн томилж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /П.к/ -ийн захирлыг Төрийн албаны тухай хууль тогтоомж, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.4.1-т зааснаар Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж шалгарсан хүнийг томилох зохицуулалтын дагуу мөн сайдын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/59 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/12 дугаартай захирамжаар ажил хүлээлцсэн байна. /хх-ийн 26-29/

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/79 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан Чулуунбаатарын Лхагвасүрэнг Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлаар 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн томилсон байх бөгөөд мөн сайдын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай тушаалаар өөрийнх нь хүсэлтийн дагуу мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 30-31/

 

Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч Ч.Л нь Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд албан тушаалд буцаан томилуулах, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгийн даатгалын шимтгэл болон, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ч.Л-г Дархан-Уул аймаг дахь МСҮТийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1990 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагчийн гомдлоор Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Ч.Л-г Дархан-Уул аймаг дахь П.кийн дэд захирлаар томилсон Дархан-Уул аймаг дахь П.к-ийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ...дугаар Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Засгийн газрын 2019 оны Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай 472 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт, Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 25 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, 2018 оны Журам батлах тухай 382 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны ... дүгээр тушаал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ... дугаартай шийдвэр, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1990 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай тогтоолыг үндэслэл болгосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй

халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж тус тус заасан байна

 

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай Ангилал шинэчлэн тогтоох тухай тушаалаар Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг П.к-ийн ангилалд шилжүүлж өөрчлөн зохион байгуулж, мөн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай тушаал, тушаалын хавсралтаар бүтэц орон тоог шинэчлэн баталсан байна. /хх-ийн 32, 35-36/

Хэдийгээр Дархан-Уул аймаг дахь МСҮТ нь бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орж П.к-ийн ангилалд шилжин өөрчлөлт орсон болох нь тогтоогдож байх боловч хариуцагч нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ...дугаартай шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тушаалын үндэслэлийг шүүхийн шийдвэр болон Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-г буюу өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох хуулийн заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна.

Хэдийгээр шүүхийн шийдвэрийг биелүүлж өмнөх ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслэл болгосон боловч өөр албан тушаал буюу Дархан-Уул аймаг дахь П.кийн дэд захирлын албан тушаалд томилсон нь тушаалын үндэслэл, шийдвэр зөрүүтэй гарсан байна.

Мөн хариуцагч нь П.кийн харьяалалд Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага буюу МСҮТ байхгүй тус албан тушаалтай дүйцэх албан тушаал нь П.к-ийн дэд захирлын албан тушаалд томилсон гэж маргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгосон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл ажилтныг адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохдоо ажилтантай тохиролцсон байх, ажилд эгүүлэн тогтоох тушаалын үндэслэлд дээрх хуулийн заалтыг үндэслэл болгох хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч нь Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг үндэслэл болгосон боловч дээр заалтууд нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилтныг эгүүлэн томилсон тохиолдолд тухайн ажилтны эрхэлж байсан ажил, албан тушаал дээр дараа нь авч ажиллуулсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэсэн зохицуулалт тул Ч.Л-г ажилд эгүүлэн тогтоох тушаалд хамааралгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймаг дахь П.кийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н-гийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ...дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймаг дахь П.к-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н-гийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ...дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг

 

дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА