Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 0039

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 11 өдөр   

  Дугаар 221/МА2018/0039

Улаанбаатар хот

 

 

Ж.С-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ц, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0778 дугаар шийдвэртэй, Ж.С-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Л.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Д.Х нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0778 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн Ж.Ж, Л.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.С-т Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайтын богины аманд хуулийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Ж-ийн гарааш байрлаж байгаа газрыг давхардуулахгүйгээр газар эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах тухай шаардлагын зарим хэсэг болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн Ж.Ж, Л.Д нарт холбогдох хэсгийг гуравдагч этгээд Ж.Ж, Л.Д нарын эзэмшиж байгаа газрын давхцалтай хэсгийг буюу Ж.С-ийн хүсэлт гаргаж буй газрын 638,4 м.кв кадастрын зургаас 463,79 м.кв газарт холбогдох хэсгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас орц гарц гаргаж, ариун цэврийн буюу нийтийн бие засах байгууламж, гараашийг ашиглах эрхийг хөндөхгүйгээр уг газраас дээрх байдлуудыг тогтоон хасах замаар хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл хэсэгчлэн 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох ““Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн давхцаагүй хэсгийг хүчингүй болгуулах”, “Ж.С-т Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайтын богины аманд хуулийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэлжээ.

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Л.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Д.Х нар давж заалдах гомдолдоо: “...шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/428 дугаар захирамжийн давхцаагүй хэсгийг хүчингүй болгуулах” гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байгаа нь нэхэмжлэгчийн ямар шаардлагыг бичээд байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өөрийнх нь бусдын газартай давхардуулсан байдлаар гаргаж, орц, гарцыг хааж, нийтийн эзэмшлийн талбайд байрлах 00, нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн давхардуулан хийлгүүлсэн зургийг баримтлан шийдвэр гаргаад байгаа нь шүүхийн шийдвэр хэсэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, хуульд нийцсэн байх хуулийн нөхцөл шаардлагыг хангасангүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг бүрэн үндэслэж шийдвэрийг гаргалгүй хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчид боломж олгож, улмаар шаардлага гаргаагүй байхад шаардлага гаргасан болгож, хэрэгсэхгүй болгосон шаардлагаа хэрэгсэхгүй болгоогүй мэтээр бичиж, мөн ямар ч ойлгомжгүй шаардлага бичиж тогтоох хэсэгт оруулж хэрэг маргааныг шийдвэрлэсэн байгаа нь хэргийг бүрэн гүйцэд судалж үзээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үндэслэж шийдвэрээ гаргасангүй.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” хэлнэ гэж заасан. Ж.Ж, Л.Д нар нь маргаан бүхий газарт өөрийн эзэмшлийн газрыг 1997 оноос өнөөдрийг хүртэл 20 жилийн хугацаанд эзэмшиж, ашигласаар өнөөдрийг хүрсэн байдаг. Энэ нь Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/176 дугаар захирамжаар нотлогддог. Маргаан бүхий газарт нэг ч хашаа, нэг ч шон хатгаагүй байхад энэ гуравдагч этгээд нар өөрийн төрсөн ах Л.Угтаабаярын хамт хил залгаа газар эзэмших эрхтэй иргэдтэй нийлж газар эзэмших эрхийг хуулийн дагуу материалаа бүрдүүлэн олж авсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 2007 оноос хойш Ж.Ж, Л.Д нар газар эзэмшээд 10 жил болсны дараа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 255 дугаар захирамжаар 700 м.кв газрыг эзэмшихээр хууль бус шийдвэрийг гаргуулан авсан байдаг. Дээрх 2007 оны 255 дугаар захирамжаар эзэмшсэн 700 м.кв газар нь 1997 онд эзэмших эрхээ олж авсан гуравдагч этгээд нарын ертөнцийн зүгээр урд талд нь газрыг 226.1, 133.7 м.кв буюу 359.8 м.кв газраар давхцуулан кадастрын зургийг хийлгүүлэн хууль бус баримт бичиг бүрдүүлэн авсан байсан. Үүнийг Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 215 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь 2007 оны 255 дугаар захирамжаар 700 м.кв газрыг олгосон нь Ж.Ж, Л.Д нарын газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчсөн. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд эзэмших эрхээ өмнө нь олж аваад газраа зориулалтын дагуу ашиглаж, эзэмшиж байгаа иргэдийн газраас давхардуулан газар эзэмших эрхийг олгож, орц, гарцыг хааж газар эзэмшүүлсэн шийдвэр хууль бус болжээ гэдгийг дүгнэж, 3 шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Ийм байдлаар шүүхийн шийдвэр гарч хэрэгжээд байхад нэхэмжлэгчийн зүгээс дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргаж, шүүх түүнийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлээд байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал үүссэн болно. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шатны шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байна. Тэгвэл 700 м.кв газрыг 255 дугаар захирамжаар газар давхардуулан олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж нь хуульд нийцээгүй гэдгийг тогтоож шүүх нэгэнт шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл эцсийн шийдвэрийг шүүх гаргачхаад байхад дахин шүүх шийдвэр гаргаад байгаа нь өөрөө шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын богиноны аманд орц, гарцаар тусгаарлагдсан, хүрээлсэн хашаа бүхий 7 айлын газар байгаа бөгөөд тэрхүү айлуудын орц, гарцыг хааж, дээрээс нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын газартай давхцалгүй байна гэсэн заалтыг зөрчиж газар олгох гээд байгаа шийдвэр нь хуульд болон бодит байдалд огт нийцээгүй байна. Бодит байдал дээр хэмжилт хийсэн шинжээчийн дүгнэлт, газрын үзлэг зэргээр Ж.С-ийн кадастрын зураг хууль бусаар хийлгэж, эзэмшихийг хүсээд байгаа газрын урд хэсгээр бүхэлдээ орц, гарц, нийтийн бие засах газар байрлаж байгааг тодорхойлж нотолж гаргаж ирсэн байдаг. Энэ байдлаас үзэхэд шүүх боломжгүй нөхцөл байдлаар бусдын эзэмшил газарт шууд халдаж 226.1, 133.7 м.кв газрыг тасчин авч энэ газар дээр огт амьдраагүй, амьдрах битгий хэл нэг ч шон, хашаа хатгаагүй хүнд эзэмшүүлэх нь зүйтэй гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

Түүнчлэн Ж.Ж, Л.Д нар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хэмжээнээс хэтэрч, газар эзэмшсэн, нэг гэр бүлийн хүмүүс нэг, нэг газар эзэмшсэн гэдэг дүгнэлтийг өгсөн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний үндсэн эрхийг эдлэх боломжгүй мэтээр бичиж үндсэн эрхийг зөрчсөн дүгнэлтийг хийсний зэрэгцээ Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшүүлдэг байгууллага нь боломжтой гэж үзэн олон жил газар эзэмшиж байгаа хоёр хөгшинд 500, 600 м.кв газар олгосныг буруутган дүгнэх нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад “...заавал 700 м.кв гэхгүйгээр Ж.Ж-ийн гараж байрлах газрыг хасаад үлдсэн газар дээр газар эзэмших шийдвэр гаргахыг даалгаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэл байхгүй болохыг анхан шатны шүүхийн шийдвэрийг нэгдүгээр нүүр, тогтоох хэсгээс хангалттай, тодорхой харж болохын зэрэгцээ, нэхэмжлэгч ийм шаардлагыг бичгээр болон шүүх хуралдаанд гаргаагүй болно. Өөрөөр хэлбэл 2015 оны А/428 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаас бусад 2 шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон. Заавал 700 м.кв газар гэхгүйгээр газар эзэмшүүлэх хүссэн шаардлага гаргаагүй байхад байгаа мэтээр дүгнэж бичээд байгаа нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зарчимд үндэслэж хэрэг маргааныг шийдвэрлээгүй байна. Шүүхийн шийдвэрт Улсын Дээд шүүхийн 2014 оны 215 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойших холбогдох баримтад дүгнэлт өгч шийдвэрлэсэн гэж шүүхийн шийдвэрийн 16 дугаар талд бичиж, энэ хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн гэжээ. Угтаа бол газрын маргаан анх хэрхэн, яаж үүссэн, одоо эзэмшил хэнд байгаа, газар олгоход бусдын газар эзэмших эрх зөрчигдсөн эсэх зэрэг өргөн хүрээгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх учиртай. Энэ хүрээнд нь шүүх шийдвэрээ бичсэн байдаг. Гэтэл энэ бичсэн байдлаа үгүйсгэж дээрх байдлаар үндэслэл бүхий дүгнэлт хийлээ гээд байгаа нь ойлгомжгүй.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газар эзэмшихээр заасны дагуу Ж.Ж, Л.Д нар нь 1997 оноос эзэмшиж, ашиглаж ирсэн газраа 2015 онд шинэчлэн эрхийн гэрчилгээ, гэрээтэй болсон. Тэрнээс шинээр газар эзэмших хүсэлтийг гаргаж, эзэмшил газар аваад байгаа үйлдэл ерөөс биш болох нь ойлгомжтой  байгаа. Иймд шүүхийн 2017 оны 778 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Л.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Д.Х нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад зохих өөрчлөлтийг оруулав.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжаар Ж.С-т Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайтын богинын аманд зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд Ж.Ж Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжийн Ж.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 201 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 270 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 215 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн байна.

Ийнхүү хянан шийдвэрлэхдээ “Ж.Ж нь Ж.С-ийг тухайн газарт газар эзэмших эрхтэй эсэх талаар биш зөвхөн өөрийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрын асуудлаар маргаж байгааг үндэслэн тухайн маргаж байгаа газрын хил хязгаарыг ялгамжтайгаар тогтоож, шийдвэрлэхэд шүүхийн энэхүү тогтоол саад болохгүй болох” талаар дүгнэсэн ба Ж.Ж-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг нь үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрын асуудлаар маргаж байгаа бол Ж.С-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг нь Ж.С гараж байрлаж байгаа газраас бусад газрыг эзэмших эрхтэй эсэх талаар маргаж байх тул гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Л.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Д.Х нарын давж заалдах гомдолдоо “...Ж.Ж, Л.Д нарын эзэмшлийн газрын ертөнцийн зүгээр урд талын газраас 226.1, 133.7 м.кв талбайг Ж.С-т олгож болохгүй энэ газарт давхардуулан дахин газар эзэмших эрхийг олгож болохгүй гэдэг зүйлийг дүгнэчихсэн...” гэж дурдсаныг хүлээн авах боломжгүй юм.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хорооны Хандгайтын богинод байрлах 405 м.кв газрыг гуравдагч этгээд Л.Д-д, 661 м.кв газрыг Ж.Ж нарт зуслангийн зориулалттайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000590902, 000590901 дугаартай гэрчилгээнүүдийг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус олгожээ.  

Нийслэлийн Засаг даргын 1997 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/176 дугаар захирамжаар Х.Угтаабаяр нарын 5 иргэдэд амины орон сууцны зориулалтаар 3000 м.кв газрыг эзэмшүүлсэн ба анх эзэмшүүлсэн иргэдийн нэрс дунд Ж.Ж-ийн нэр байгаа талаар талууд маргадаггүй бөгөөд газрын хэмжээг нэмэгдүүлж 5132 м.кв болгож анх газар эзэмшсэн 5 иргэд тухайн газарт тус бүр 700 м.кв газрыг эзэмшиж байгаа нь Л.Цогзолмаа /186411331736227/, Н.Сувд /18641331735247/, Ц.Балдорж /18641331805254/, Н.Ганхуяг /18641331812241/ нарын кадастрын зураг болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 1/18 дугаар албан бичгийн 6 дугаар хавсралтаар тус тус тогтоогдож байх тул гуравдагч этгээд Ж.Ж, Л.Д нар нийт 1066 м.кв газрыг эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй юм.

Ж.Ж анх 698 м.кв газрыг /нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн зурганд хөндлөн/ эзэмшиж байсан гэдэг нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 1/504 дүгээр албан бичгийн хавсралт зургаар тогтоогдож байгаа бөгөөд сүүлд тухайн газраа хуваан кадастрын зургийг босоо болгож мэдээллийн санд зургаа оруулж нэхэмжлэгчийн маргаж буй газартай давхацжээ.

Анхны газар эзэмшсэн 5 иргэдийн нэрс дунд Ж.С-, Л.Д нарын нэр байгаагүй бөгөөд хэн хэнд нь бусад иргэдийн газартай давхцуулалгүйгээр газар эзэмших эрх нь нээлттэй ба Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 255 дугаар захирамжаар эзэмшүүлсэн маргаан бүхий газрыг Ж.С түрүүлж эзэмших талаар хүсэлт гарган маргаж байхад хариуцагч 2015 онд Л.Д-д уг газрын тодорхой хэсгийг давхцуулан газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 215 дугаар тогтоолоор Ж.С тухайн газрыг эзэмших эрхтэй эсэх талаар бус Ж.С-ийн газарт байрлаж буй гараж нь Ж.Ж-ийн өмч гэж үзэн нэхэмжлэгчийн уг газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тэрхүү газрыг Ж.Ж болон Л.Д нар эзэмших эрхтэй, Л.Д өмнө авсан газраа сүүлд баталгаажуулж авч байгаа гэж үзэхгүй тул “Ж.Ж, Л.Д нар нь 1997 оноос эзэмшиж, ашиглаж ирсэн газраа 2015 онд шинэчлэн эрхийн гэрчилгээ, гэрээтэй болсон. Тэрнээс шинээр газар эзэмших хүсэлтийг гаргаж, эзэмшил газар аваад байгаа үйлдэл ерөөс биш болох нь ойлгомжтой” гэх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх энэхүү давхцалтай хэсэгт үл хөдлөх ямар нэгэн эд хөрөнгө байхгүй ч захиргааны байгууллага зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа айл өрхүүдийн орц, гарц, нийтийн бие засах байгууламжийн асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж үзэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн Ж.Ж, Л.Д нарт холбогдох хэсгийг гуравдагч этгээд Ж.Ж, Л.Д нарын эзэмшиж байгаа газрын давхцалтай хэсгийг буюу Ж.С-ийн хүсэлт гаргаж буй газрын 638,4 м.кв кадастрын зургаас 463,79 м.кв газарт холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хэсэгчлэн 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн зөв байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших эрхтэй гэж үзсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Ж.С-т Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайтын богины аманд хуулийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Л.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Д.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0778 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “зйүлийн” гэснийг “зүйлийн” гэж, “....“Ж.С-т Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайтын богины аманд хуулийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай”...” гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Л.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Д.Х нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                     Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

          ШҮҮГЧ                                                                               Ц.САЙХАНТУЯА