Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 202/МА2020/00020

 

Д.Н-ннэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 136/ШШ2020/00166 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Д.Н-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...-т байрлах, “ А төв” төрийн өмчит үйлдвэрийн газар,

 

Хариуцагч: ...-т байрлах, “А төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Д салбар,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, Д.Х,

 

Хариуцагч: ...-т байрлах, “Ш” ХХК нарт холбогдох,

 

Гэм хорын хохирол 20366054 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэрболдын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Нарангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэрболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...миний хүү болох Н.Д нь 2017 онд Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийг төгсөөд 2017 оны 06-р сарын 13-ны өдөр 19 цаг 30 минутын орчим ангийнхаа 4 хүүхдийн хамтаар Дорноговь аймгийн Сайншанд сум руу элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр Дорноговь аймгийн Сайншанд болон Замын-Үүд сум хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг Ш ХХК-ийн такси үйлчилгээний 00 улсын дугаартай Соната-6 маркийн суудлын автомашины жолооч Ц.Мын машинд сууж яваад 22 цагийн орчим тээвэрлэж явсан тус автомашин нь 00 улсын дугаартай Норт бенз маркийн ачааны машинтай   зам дээр мөргөлдөж авто ослын улмаас талийгаач миний хүү Н.Д болон ангийнхаа 2 хүүхдийн хамтаар харамсалтайгаар амь насаа алдаж аав, ээж, эгч, дүү, төрөл төрөгсдөдөө хүнд гарз учирсан билээ. Ингээд тухайн хэрэг явдал болж цагдаагийн байгууллагаар шалгуулж иргэний хариуцагчаар тухайн үед Ш ХХК-ийн захирал Г.Н, Д аймгийн С сумын А төвийн дарга ажилтай Б.Хүдэрболд, тус А төвийн тээвэр бүртгэлийн мэргэжилтэн Д.Х нарыг татаж шалгасан боловч 2019 оны 10-р сарын 23-ны өдрийн 5/116 тоот прокурорын тогтоолоор хаасан. Ингэж хаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хаасан юм. Иймд талийгаач Н.Д-н ажил явдалд хэрэглэсэн төлбөр болох 20366054 төгрөгийг гаргуулж авах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна...” гэжээ.

 

Хариуцагч Ш ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Монгол Улсын Иргэний хуулийн 360, 361 дүгээр зүйлийг удирдлага болгон жолооч нартай гэрээ байгуулан ажиллаж байсан. Тус гэрээний 2.1-т заасан шаардлагын дагуу жилд 2 удаа буюу 3 болон 9 сард техникийн хяналтын үзлэг оношилгоонд тээврийн хэрэгслийг оруулж байсан. Гэрээний 2.2-т заасанчлан үйлчилгээний жигд ажиллагааг хангах үүднээс үйлчилгээний чиглэлийн хаяг, эмблем, суудлын байршил, санамж, ажлын хувцас, нэрийн хуудас зэргийг нэгдсэн журмаар захиалж, жигд хангаж өгсөн. Гэрээний 2.3-т заасны дагуу замын хуудас олгож хуваарийн дагуу явуулж байсан. Гэрээнд заасан эдгээр үйл ажиллагааны биелэлтийг хангахын тулд хөрөнгө мөнгө шаардагдаж байсан тул энэхүү зорилгоор гэрээ байгуулсан жолооч нараас сар бүр хураамж авч байсан. Тухайн үйл баримтын тухайд гэрээ байгуулан ажиллаж байсан жолооч Ц.М нь гэрээний 2.3-т заасны дагуу хуваарийн дагуу хүн тээвэрлэх ёстой боловч үүнийг зөрчиж, замын хуудас бөглөөгүй явсан байсан ба зорчигчид ч мөн билет авч яваагүй байсан. Эдгээр хүүхдүүдийн дунд зорчиж явсан хүүгийн ээж нь Ц.М-тай шууд холбогдож хүүхдүүдийг тээвэрлэсэн байсан. Үүнийг би мэдээгүй. Дээр дурдсанчлан зөвхөн хуулийн шаардлагын хүрээнд байгуулагдсан Ш ХХК нь өөрийн хөрөнгө байхгүй буюу тухайн үед такси үйлчилгээ эрхэлж байсан машинууд бүгд жолооч нарын өөрсдийнх нь эзэмшилд байсан. Ц.М жолоочийн унаж байсан 00 улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл ч түүний өөрийнх нь эзэмшлийн машин байсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ш ХХК биш тул хохирлыг нөхөн төлөх үүрэг үүсэхгүй үзэж байна. Мөн жолооч Ц.М-тай байгуулсан гэрээний 3.10-т “жолооч өөрийн буруутай үйлдлээс зам тээврийн осол, зөрчил гаргасан, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан бол хохирлыг өөрөө хариуцан 100 хувь барагдуулна гэж нарийвчлан зохицуулсан байдаг. Би энэхүү компанийг байгуулж ашиг олох зорилготой байгаагүй, олон жолоочийг ажилтай, орлоготой байхад үргэлж хувь нэмэр болж ажиллаж байсан нь намайг ийм асуудалд оруулж байгаад үнэхээр харамсалтай байна. Ш ХХК нь одоогийн байдлаар 1000 төгрөгийн ч хөрөнгөгүй, Х тайлантай байгаа. Тиймээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзаж байна...” гэжээ.  

 

Хариуцагч “ А төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Д салбар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Д аймгийн А төв нь “ А төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын салбар бөгөөд ямар нэгэн хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болно. Замын Цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 02 сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр осол гаргасан Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 21.8 Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолд зааснаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл болсон гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Ш ХХК нь Ц.М-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд гэм хорын хохирлыг ажил олгогч Ш ХХК нь хариуцна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Д.Х нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч “ А төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэрболд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Тус осол гаргасан Ш ХХК нь 2016 оноос эхлэн Сайншанд, Замын-Үүд чиглэлд орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн байдаг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын А талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан байдаг. Замын Цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 02 сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр осол гаргасан Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 21.8 Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолд зааснаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл болсон гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Ш ХХК нь Ц.Мтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд гэм хорын хохирлыг ажил олгогч Ш ХХК нь хариуцна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.    

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  А төв ТӨҮГазраас 3 000 000 төгрөгийг, Ш ХХК-иас 6 000 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Нарангэрэлд олгож, үлдэх 9 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Нэхэмжлэгч Д.Нгэм хорын хохирлыг хариуцагч Д.Хоролсүрэнгээс гаргуулахгүй гэснийг дурдаж,

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч  А төв ТӨҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөг, Ш ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж,


            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болохыг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдэж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэрболд давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийдвэрийн 4-р хуудсанд хариуцагч “ А төв” төрийн өмчит үйлдвэрийн газар, хариуцагч “ А төв“ төрийн өмчит үйлдвэрийн газрын Д салбар хууль, дүрэм журамд заасан үүргээ биелүүлээгүй, зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж шүүх дүгнэсэн. Анхан шатны шүүх олон төрлийн стандарт, журам зөрчсөн гэж дүгнэсэн боловч хуулийн ямар журам зөрчсөн талаар огт дурдаагүй. Мөн “ А төв” төрийн өмчит үйлдвэрийн газар зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж илтэд үндэслэлгүй хууль бус дүгнэлт гарахад нөлөөлсөн гэж дүгнэсэнд туйлын их гомдолтой байна. Учир нь аливаа зам тээврийн осол аваар нь дүрэм, журмаа баримтлаагүй жолооч болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас шууд хамааралтай. Дүрэм, журмаа баримтлаагүй жолоочийн гаргасан хариуцлагыг “ А төв” төрийн өмчит үйлдвэрийн газар буюу төрийн байгууллага хариуцах нь хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд гэм хорын хохирлыг учруулсан этгээд хариуцах талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т тодорхой заасан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4-р хуудсанд гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй бол гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. “ А төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь анхан шатны шүүхэд нотлох баримт болон хариу тайлбарыг хуульд заасны дагуу өгсөн байтал гэм буруугаа нотлоогүй гэдэг үндэслэлээр гэм хорын хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Энэхүү заалтанд гэм хорыг бодитой учруулсан этгээд хариуцах тухай тодорхой заасан агуулгатай байдаг. Шүүхээс гэм хор учруулсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй байтал илт үндэслэлгүй шийдвэр гаргаж “ А төв” төрийн өмчит үйлдвэрийн газраас гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 136/ШШ2020/00166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгч Д.Ндавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Автотээврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “А салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагч нь А үйлчилгээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй ажиллана” гэж заасан. Хариуцагч “ А төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Д салбар нь хууль буюу гэрээнд заасан хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын биелэлтэнд хяналт тавих, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг таслан зогсоох үүргээ биелүүлээгүйн улмаас уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. Бүхэл бүтэн 6 сарын турш тээвэрлэлт хийж байхад стандартын дагуу хяналтын төхөөрөмж байхгүй, дүрэм журмаараа явдаггүй байхад яагаад тээвэрлэлт хийлгэж байсан юм. Хэрэв өнөөдөр Б.Хүдэрболд нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бол ийм олон хүүхдийн амь нас эрсдэхгүй байсан байх. Иймд анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 01/2017 гэсэн гэрээг Ш ХХК-тай байгуулсан байдаг. “ А төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь салбарын дарга Б.Хүдэрболд нь батлаад тамга дарчихсан. Орон нутгийн такси үйлчилгээнд хийгдэж байгаа зөвшөөрөлгүй тээвэрлэлтийг таслан зогсоох зорилгоор А улсын байцаагч, тээвэр зохицуулагч нарыг шугам замын төлөвлөгөөт болон, төлөвлөгөөт бус хяналтанд хамруулна гэж байгаа. Тухайн үед Ш ХХК-тай зөвшөөрөлгүй тээвэрлэлтийг таслан зогсоох гээд гэрээ байгуулсан байдаг. Мөн гэрээний 2.3-т “Орон нутгийн такси үйлчилгээний талаар иргэдээс гарсан өргөдөл гомдол хяналт шалгалтыг хүлээн авч шийдвэрлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна”, 2.5-д “Орон нутгийн такси үйлчилгээ гэрээ байгуулаагүй жолооч нарыг захиргааны хуульд зааснаар арга хэмжээ авч, цаашид үйлчилгээнд явуулахгүй байх арга хэмжээг шийдвэрлэнэ”, 2.6-д “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа жолооч нь батлагдсан тариф чиглэлийн дагуу явахад хяналт тавьж ажиллана” гээд үүрэгт нь байгаа. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Ш ХХК-ийн такси тээврийн үйлчилгээнд явж байсан машин нь зам тээврийн осол гаргаж 3 хүүхдийн амь нас хохирсон. Мөн хамт явж байсан зарим хүүхдийн бие нь хүнд гэмтэл аваад хохироод үлдсэн. Төрийн байгууллага нь Ш ХХК-ийн гаргасан осолд хариуцлага хүлээхгүй гээд байгаа. Гэтэл гэрээнд зааснаар хариуцлагыг төрийн байгууллага хүлээнэ гээд 2 дугаар зүйл дээр заасан байгаа. Ш ХХК нь зорчигч тээврийн үйлчилгээ эрхлээд 1 зорчигч тутмаас 8 хувийн татвар авч санхүүждэг. Гэрээнд хамааралгүй гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээг байгуулахад 3.23 дугаар зүйлд тээврийн хэрэгсэлд хөдөлгөөний хяналтын системд хамрагдсан тээврийн хэрэгслийн хурдыг 80 километрээс хэтрүүлэхгүй байх GPS төхөөрөмж нь байхгүй учраас гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас хариуцагч тал гэрээ байгуулснаараа хариуцлага хүлээх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Д.Ннь хариуцагч Дорноговь аймгийн Атөв болон тус төвийн мэргэжилтэн Д.Хоролсүрэн, Ш ХХК-д тус тус холбогдуулан хүү Н.Д нас барснаас учирсан гэм хорын хохиролд нийт 20366054 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар “ А төв” ТӨҮГ-ыг зааж, хариуцагч Д.Хоролсүрэнд холбогдох нэхэмжлэлээс болон нийт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн 2366054 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 18000000 төгрөг болгон багасган өөрчилжээ.  

 

            Хариуцагч “ А төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэрболд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...жолооч Ц.М ... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ... заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан нь ... тогтоогдсон. ... Ш ХХК нь Ц.Мтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан тул гэм хорын хохирлыг Ш ХХК хариуцна” гэж маргажээ.

 

            Хариуцагч Ш ХХК-ийн төлөөлөгч Г.Намсрайтогтох нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Ш ХХК нь өөрийн хөрөнгө байхгүй буюу тухайн үед такси үйлчилгээ эрхэлж байсан машинууд бүгд жолоочдын өөрсдийнх нь эзэмшилд байсан. Ц.М жолоочийн унаж байсан ... машин ч түүний өөрийнх нь эзэмшлийнх байсан ... эзэмшигч нь Ш ХХК биш тул хохирлыг нөхөн төлөх үүрэг үүсэхгүй. ... гэрээний 3.10-т “жолооч ... хохирлыг 100% хариуцан барагдуулна” гэж зохицуулсан...” гэж маргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 6000000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчтэй эвлэрсэн байна.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж хариуцагч Ш ХХК-иас 6000000 төгрөг, хариуцагч “ А төв” ТӨҮГ-аас 3000000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч “ А төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэрболд эс зөвшөөрч “...  А төв нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж илтэд үндэслэлгүй хууль бус дүгнэлт хийсэн. ... Гэм хорын хохирлыг бодит хохирол учруулсан этгээд хариуцахаар заасан, ... гэм хор учруулсан үйлдэл нь тогтоогдоогүй нотлох баримт байхгүй атал үндэслэлгүй шийдвэр гаргасан...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч “ А төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэрболдын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Д.Н-нхүү Н.Д нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Сайншанд сум руу Ц.Мын эзэмшлийн 00 улсын дугаартай Соната-6 маркийн автомашинаар зорчиж яваад осолд орж амь нас хохирсон /хх60/, жолооч Ц.М нь  Ш ХХК-д бүртгэлтэй такси үйлчилгээ эрхэлдэг байсан /хх44-46/, мөн хариуцагч “ А төв” ТӨҮГ-ын харъяа Дорноговь аймгийн Атөвтэй Ш ХХК нь орон нутгийн такси тээврийн үйлчилгээ буюу зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэхээр гэрээ /хх52-55/ байгуулж ажиллаж байсан, уг осолтой холбоотойгоор 201710010144 дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан боловч яллагдагчаар татвал зохих Ц.М нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нас барсан үндэслэлээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5/116 дугаар прокурорын тогтоолоор /хх47-51/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ннь хариуцагчаар “ А төв” ТӨҮГ, Дорноговь аймгийн Атөвийг тус тус хариуцагчаар заасан байх ба Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 147 дугаар тогтоолоор батлагдсан “ А төв” төрийн өмчид үйлдвэрийн газрын дүрэм, зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар Дорноговь аймгийн Атөв нь “ А төв” ТӨҮГ-ын нэг салбар байхаар зохицуулагдсан тул анхан шатны шүүх гэм хорын хохирлын хариуцлагыг “ А төв” ТӨҮГ-т хариуцуулж, тухайн байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Хуулийн этгээд удирдах дээд байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно.”, 29 дүгээр зүйлийн 29.6-д “хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна.” гэж заасанд нийцжээ.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд учирсан хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс болсон буюу үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх  нь гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээлгэх үндэслэл болно.

 

            Нэхэмжлэгч хариуцагчаар хэд хэдэн этгээдийг заасан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь гэм хорыг хамтран хариуцах хэдий ч гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж гэм хор учруулсны хариуцлагыг хүлээлгэх учиртай.

 

            Анхан шатны шүүх ийнхүү гэм хор учруулсны хариуцлагыг хүлээлгэхдээ жолооч Ц.Мыг хохирлын 50 хувийг хариуцах үүрэгтэй этгээд гэж үзэн үлдэх хэсгийг хариуцагч нарт хуваарилсан нь дээрх хуульд нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй, энэхүү дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.

 

            Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар жолооч Ц.М нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч тэрээр өөрөө болон түүний автомашинд зорчиж явсан Н.Д ... нарын амь нас хохирсон байх ба жолооч Ц.М нь Ш ХХК-ийн такси үйлчилгээг эрхлэн явуулж байхдаа энэхүү ослыг гаргасан нь тогтоогдсон, хариуцагч Ш ХХК нь  зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч “ А төв” ТӨҮГ нь тээвэрлэлтийг зохион байгуулж зохицуулах, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай нь тогтоогдсон гэж үзэв.

 

            Тодруулбал Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг 6.1.4-т тээвэрлэлтийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн техник ашиглалтын талаар нийтлэг мөрдөх дүрэм, журам, норм, нормативыг батлах, тэдгээрийн биелэлтийг хангуулах, 6.1.9-д Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах дүнг мэдээлэх гэж, 20 дугаар зүйлийн 20.2-т Автотээврийн салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагч нь Автотээврийн үйлчилгээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй гэж, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1-д Автотээврийн хэрэгслийг ашиглах, тээвэрлэлтийн үйлчилгээг хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэхтэй холбогдсон захиргааны хяналтыг ... нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан стандарт, дүрэм, журмыг сахиулах, 21.1.2-т Автотээврийн хэрэгслийн ... нийтийн тээвэр эрхлэх үүргийн биелэлтийг хангуулах, 21.1.4-т нийтийн тээврийн чиглэл, цагийн хуваарь, үйлчилгээний журмыг мөрдүүлэх чиглэлээр  хэрэгжүүлэхээр тус тус заажээ.

 

            Мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 201 дүгээр тушаалаар батлагдсан /ЗТХС-ийн 2020 оны А/24 дүгээр тушаалаар хүчингүй болсон/ “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 2.1-д Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага нь автотээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, тээвэрлэлтийг зохион байгуулж зохицуулах, хяналт тавих эрх бүхий байгууллагуудын харилцан уялдааг хангаж ажиллана.” гэж заажээ.

 

            Энэхүү дурдсан хууль болон дүрэмд заасан чиг үүргийн хүрээнд дүрмийн 2.3-д заасны дагуу Дорноговь аймгийн А төв болон Ш ХХК нь ... зорчигчийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл, ...-ийг хангах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулж Автотээврийн байгууллагын хүлээх үүргийг гэрээний 2.1-д орон нутгийн такси тээврийн батлагдсан чиглэлд хийгдэж байгаа зөвшөөрөлгүй тээвэрлэлтийг таслан зогсоох зорилгоор Автотээврийн хяналтын улсын байцаагч, тээвэр зохицуулагч нарыг шугам замын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар ажиллуулах, 2.6-д “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний жолооч нь батлагдсан тариф, чиглэлийн дагуу явахад хяналт тавьж ажиллана.” гэж тохиролцож үүрэг хүлээжээ.

Харин Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “тээвэрлэгч” гэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг,  3.1.11-д  “нийтийн тээвэр” гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт, таксийн үйлчилгээг ойлгохоор тус тус зааснаас үзэхэд хариуцагч Ш ХХК-ийг хот орчмын такси үйлчилгээг буюу нийтийн тээвэр эрхэлж байгаа тээвэрлэгч гэж үзнэ.

 

Улмаар тээвэрлэгч буюу Ш ХХК-ийн хүлээх үүргийг Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1.-д “өөрийн тээвэрлэлтийн үйлчилгээний талаархи үнэн зөв мэдээллээр тээвэрлүүлэгчийг хангах, зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаанд аюул, хохирол учруулахгүй байх, 10.2.2-д “ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх” , 10.2.3-д “нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхдээ гэрээ байгуулсан байгууллагатай тохиролцсон цагийн хуваарь, чиглэлийг баримтлах”,  “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 2.6-д “Тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөлийг хангасныг шалгаж, замын хуудас баталгаажуулан олгох мэргэжлийн алба, хүмүүсийг зохион байгуулан ажиллуулна.” 3.11.2-д “... зорчигчийн ... аюулгүй зорчих нөхцөлийг хангасан байх”, 3.11.3-т “нийтийн тээврийн үйлчилгээний байнгын чиглэлд үйлчлэхдээ хөдөлгөөний нэгдсэн хуваарьт орж түүнийг мөрдөн ажиллах” гэж заасны гадна Д аймгийн А төвтэй байгуулсан гэрээний 3.18-д “Орон нутгийн такси тээврийн үйлчилгээг хот хоорондын болон орон нутгийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгсэл цагийн хуваарийн дагуу ажил ... үйлчилгээнд гарах”,  3.21-д “... хууль бус тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор шугам замын хяналт, шалгалт хийх ажилд хамтран ажиллах”, жолооч Ц.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т “үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн ажлын цагийн хуваарь, засвар үйлчилгээний график зэргийг гаргаж, удирдлага зохион байгуулалтаар хангах, замын хуудас олгохоор” тус тус заажээ.

 

Тухайн үйл баримтын хувьд авч үзвэл жолооч Ц.М нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Сайншанд сум хүртэл зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлэхдээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас осол гарч хүний амь нас, эрүүл мэнд хохирсон хэдий ч тэрээр тогтоосон хуваарь, дарааллын дагуу яваагүй, замын хуудас аваагүй буюу явах ёсгүй маршрут чиглэлд дахин явсан байхад Дорноговь аймгийн А төв болон Ш ХХК нь дээр дурдсан хууль, дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнд хяналт тавиагүй гэм буруутай байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь хууль, дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Ш ХХК нь жолооч Ц.М-ыг шугам замд гаргахгүй байх буюу түүнийг тогтоосон хуваарь, дарааллын дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлээгүй, удирдлага зохион байгуулалтаар хангаагүй, Дорноговь аймгийн Атөв нь ийнхүү хууль бус тээвэрлэлтэд хяналт тавих, уг үйлдлийг таслан зогсоож чадаагүй болох нь хэрэгт цугларсан зохигчдын тайлбар, гэрч Д.Баярсайхан /хх145-147/, Б.Гочоосүрэн /хх148-150/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул хариуцагч нарыг хүний амь нас хохирсон үйлдэлд гэм буруутай гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хариуцагч нарын гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж гэм хор учруулсны хохирлыг хариуцагч Ш ХХК-д 9000000 төгрөг, хариуцагч “ А төв” ТӨҮГ-т 3000000 төгрөг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус нийцжээ.

 

Иймд хариуцагч “ А төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэрболдын давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 136/ШШ2020/00166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “ А төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэрболдын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ