Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 136/ШШ2020/00166

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 04 29 136/ШШ2020/00166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, шүүгч Д.Наранцэцэг, шүүгч В.Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг, 142-р байр 59 тоотод оршин суух, Шавь боржигин овогт Дашдэлэгийн Нарангэрэл /РД:ЕП60062613/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11-т байрлах,

 

Хариуцагч: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Дорноговь салбар, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р багт байрлах /РД:5324165/

Хариуцагч: 1991 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Дорноговь аймаг Сайншанд сум 7-р баг Найрамдалын 119-4 тоотод тоотод оршин суух, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын тээвэр бүртгэлтийн мэргэжилтэн ажилтай, Боржигон овогт Дэлгэрсайханы Хоролсүрэн РД:/ЕЮ91072830/,

 

Хариуцагч: Шанд жолоо ХХК Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р багт байрлах, /РД:3313832/ нарт холбогдох

 

Гэм хорын хохирол 20 366 054 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр, хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Дорноговь салбарын төлөөлөгч Б.Хүдэрболд, Шанд жолоо ХХК-ийн төлөөлөгч Г.Намсрайтогтох, өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагч Д.Хоролсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н миний бие нь эхнэр Б.Наранцэцэг, хүү Н.Дамбийжанцан, охин Н.Дагзэдмаа нарын хамт амьдардаг байсан.Ингээд миний хүү болох Н.Дамбийжанцан нь 2017 онд Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 ангиа төгсөөд, 2017 оны 06-р сарын 13-ны өдөр 19.30 минутын орчим ангийнхаа 4 хүүхдүүдийн хамтаар Дорноговь аймгийн Сайншанд сум руу элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр Дорноговь аймгийн Сайншанд болон Замын-Үүд сум хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг Шанд Жолоо ХХК-ийн такси үйлчилгээний 98-13 ДГО улсын дугаартай Сонота-6 маркийн суудлын авто машины жолооч Ц.Манлайбаатарын машинд сууж яваад 22 цагийн орчим тээвэрлэж явсан тус автомашин нь 69-82 ДГО улсын дугаартай Норд Бенз маркийн ачааны машинтай зам дээр мөргөлдөж авто ослын улмаас талийгаач миний хүү Н.Дамбийжанцан болон ангийнхаа 2 хүүхдийн хамтаар харамсалтайгаар амь насаа алдаж аав, ээж, эгч, дүү төрөл төрөгсөдөд хүнд гарз учирсан билээ. Ингээд тухайн хэрэг явдал болж цагдаагийн байгууллагаар шалгуулж иргэний хариуцагчаар тухайн үед Шанд жолоо ХХК-ийн захирал Г.Намсрайтогтох, Дорноговь аймгийн Сайншанд сумын Авто тээврийн төвийн дарга ажилтай Б.Хүдэрболд, тус Авто тээврийн төвийн тээвэр бүртгэлийн мэргэжилтэн Д.Хоролсүрэн нарыг татаж шалгасан боловч 2019 оны 10-р сарын 23-ны өдрийн 5/116 тоот прокурорын тогтоолоор хаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хаасан юм. Иймд талийгаач Н.Дамбийжанцангийнхаа ажил явдалд хэрэглэсэн төлбөр болох хариуцагч нараас 20.366.054 төгрөгийг гаргуулж авах нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 18 000 000 төгрөг болгож, гэм хорын хохирлын мөнгийг Д. Хоролсүрэнгээс гаргуулах шаардлагагүй гэж үзлээ. Иймд үлдсэн 3 хариуцагчаас 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Дорноговь салбарын төлөөлөгч Б.Хүдэрболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГазрын Дорноговь салбар нь нэг л байгууллага юм. Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны А/137 тоот захирамжийн дагуу Шанд жолоо ХХК-тай хамтран ажилладаг байсан. Гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан. Сайншанд-Замын-Үүд, Замын-Үүд-Сайншанд гэсэн чиглэлд тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байсан. Тухайн компанийн тээврийн хэрэгсэлд жилд 2 удаа хяналт тавьж, холбогдох шаардлагуудыг танилцуулж, заавар зөвлөгөө өгч байсан. Харамсалтайгаар тухайн үед явж байсан Шанд жолоо ХХК-ийн жолооч ямар нэгэн очер дараалалгүй хүн авч яваад осол гаргасан байдаг. Тухайн аж ахуй нэгж байгууллага хяналт тавьж, дараалалд оруулж явуулах байсан боловч хяналт тавиагүй улмаас тухайн осол болсон байдаг. Тухайн осолд өртсөн жолоочтой манай байгууллага гэрээ байгуулаагүй. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Шанд жолоо ХХК-ийн төлөөлөгч Г.Намсрайтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шааддлагаас 6 000 000 төгрөгийг төлнө гэж нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

 

Хэрэгт цуларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Дорноговь салбар, Шанд жолоо ХХК, Д.Хоролсүрэн нарт холбогдуулан гэм хорын хохиролд 20 366 054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн орчим Дорноговь аймгийн Өргөн сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Замын-Үүд сумаас Сайншанд сум чиглэлийн замд Соната-6 маркийн 98-13 ДГО улсын дугаартай автомашины жолооч Ц.Манлайбаатар нь ЗХД-ийн заалт зөрчиж, Зам тээврийн осол гаргаж, зорчиж явсан Н.Дамбийжанцан, Э.Энх-Ертөнц, Т.Мөнхтөр болон жолооч Ц.Манлайбаатар нас барсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 2 366 054 төгрөгөөр багасгаж, 18 000 000 төгрөг гаруулахаар нэхэмжилсэн, хохирлын талаарх нотлох баримт хангалттай бүрдсэн байна.

 

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Д.Н гэм хорын хохирлыг хариуцагч Д.Хоролсүрэнгээс гаргуулахаас татгалзсан болохыг дурдъя.

 

Мөн хариуцагч Шанд Жолоо ХХК-ийн төлөөлөгч 18 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.

 

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Дорноговь салбарийн төлөөлөгч уг осол гаргасан жолооч зохих зөвшөөрөлгүй зорчигч тээвэрлэж, зам тээврийн осол гаргасан тул манай байгууллага гэм хорын хохирлыг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

98-13 ДГО Соната 6 маркийн авто машины жолооч Ц.Манлайбаатар нь МУ-ын ЗХД-ийн 8.2 эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 9.1, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 21.8 хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн /Тайлбар: Энэ тоонд 12 нас хүрээгүй хүүхдийг тооцохгүй бөгөөд харин уг тээврийн хэрэгслийн бодит жин бүх жингээс хэтрэхгүй байвал зохино/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Зам тээврийн осол гаргасан Ц.Манлайбаатар нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нас барсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байна.

Соната-6 маркийн 98-13 ДГО улсын дугаартай автомашины жолооч Ц.Манлайбаатар нь ЗХД-ийн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэм буруутай болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 18 000 000 төгрөгийн 50 хувь буюу 9 000 000 төгрөгийг гэм буруутай жолооч Ц.Манлайбаатар хариуцах үүрэгтэй этгээд байсан гэж үзлээ.

 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Дорноговь салбар, Шанд Жолоо ХХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орон нутгийн таксийн тээврийн үйлчилгээ эрхлэгчтэй хамтран ажиллах 01/2017 тоот гэрээ, Шанд Жолоо ХХК иргэн Ц.Манлайбаатар нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Орон нутгийн нийтийн тээврийн дуудлагын такси үзүүлэхэд жолоочтой байгуулах хөдөлмөрөөр хангах нэртэй гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

Автотээврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Автотээврийн салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагч нь автотээврийн үйлчилгээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй гэж заажээ.

 

Хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Дорноговь салбар хууль буюу гэрээнд заасан автотээврийн үйлчилгээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын биелэлтэд хяналт тавих зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг таслан зогсоох үүргээ биелүүлээгүй нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заажээ.

 

Автотээврийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Шанд Жолоо ХХК-д бүртэлтэй, нийтийн тээвэр эрхэлж буй жолооч нарт зохих хяналтыг тавьж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар сургалт явуулсан гэх тайлбарыг гаргаж байгаа боловч энэ талаараа нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй тул гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан бөгөөд хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Дорноговь салбараас гэм хорын хохиролыг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд Шанд Жолоо ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 6 000 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 18 000 000 төгрөгийн 50 хувь буюу 9000 000 төгрөгийг зам тээврийн осол гаргасан жолооч хариуцан арилгах үүрэгтэй байсан гэж үзэж, үлдэх 9 000 000 төгрөгийн 6 000 000 төгрөгийг түүний зөвшөөрсөн хэмжээнд буюу хариуцагч Шанд Жолоо ХХК-иас, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГазраас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Д.Н нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Автотээврийн Үндэсний төв ТӨҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөг, Шанд Жолоо ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Автотээврийн Үндэсний төв ТӨҮГазраас 3 000 000 төгрөгийг, Шанд Жолоо ХХК-иас 6 000 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д. Нарангэрэлд олгож, үлдэх 9 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Д. Нарангэрэл гэм хорын хохирлыг хариуцагч Д.Хоролсүрэнгээс гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Автотээврийн Үндэсний төв ТӨҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөг, Шанд Жолоо ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН