Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 202/МА2020/00025

 

 

“Д” сууц өмчлөгчдийн холбооны

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2020/00268 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: “Д” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Б-д холбогдох

 

А.А 102-1 байрны 02 тоот зоорийн давхрын өрөө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Чулуун, хариуцагчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Д” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны доод хонгил нь орон сууцны өмчлөгчдийн дундын эд хөрөнгөнд хамаардаг ба сууц өмчлөгчдийн холбооноос иргэдийг дэмжих зорилгоор гэрээний үндсэн дээр иргэдэд түрээслүүлдэг юм. С.Б нь 2003 оноос тус сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн хөрөнгө болох А-н 102-1 байрны 02 тоот подвалийг түрээслэн гутал засварын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг бүрэн гүйцэт төлөхгүй, гэрээ хийхгүй, удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байгаа тул Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багт А-н 102-1 дугаар байрны 02 тоот подвалийг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Дээрх нэхэмжлэл нь 2016 онд “Д” СӨХ-ийн дарга С.О гаргаж байсан нэхэмжлэлийг одоо тус СӨХ-ийн УЗ-ын дарга Чулуун нэхэмжилсэн нэг асуудлыг 2 өөр хүн гаргасан байна. Оршин суугчдын 50 хувиас илүү нь хуралдаж байгаагүй. Чулууны хэзээ дарга болсныг мэддэггүй. Тус СӨХ нь 2018 онд АШУҮИС-ийн соёлын танхимд бүх гишүүдийн хурал болж татан буулгаж УЗ дарга, гишүүд, СӨХ-ийн даргыг шинээр сонгож тамга тэмдгээ авчирж өгөхийг шаардсан боловч өдий өгөөгүйгээс гадна хууль зөрчин байж бичиг баримттай болсныг гайхаж байна. Надад 3-р 58 айлын 2016 оны 9-р сард СӨХ-ийн бүх гишүүдийн дунд явуулсан судалгааг хавсаргав. Энэ хүсэлтийг “Д” СӨХ-ийн дарга, УЗ дарга нарс СӨХ-ийн 9.1, 9.2, 9.3, 9.4-д заасан хуулийн заалтыг зөрчсөн нь тодорхой байна. Тус подвалийг анх 2000 онд хаалга үүдгүй баас, шээс, хогоор дүүрэн байхад нь авч ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж ажлын байртай болсон. Хэдэн жил түрээсийн төлбөр төлж байсан боловч бохир дулааны шугам хагарч байхад нь мөн дээрээс ус алдаж байхад СӨХ-ийн дарга Одвал, УЗ дарга Чулуун нарт хэлэхэд арга хэмжээ авч өгөхгүй байсаар дубен шал маань пэмбийж овойгоод бас ханын затирка, будаг ховхорсноор засвар хийхээс аргагүй болгосон. Үүнээс хойш дахин засварлахдаа шалаа өндөрлөж хулдаас дэвсэж ханаа шохойдож будсан боловч бохир хальж орж ирдэг, дээрээс ус алддаг нь хэвээрээ, арга хэмжээ авдаггүй. СӨХ-д гомдол гаргаж гомдлоо барагдуулъя гэж бодлог боловч хууль бусаар байгуулагдсан СӨХ-тэй учраас ямар ч амжилт олохгүйг мэдэж ойлгосноос түрээсийн төлбөр төлөхөө байж өөрийн хөрөнгө мэт ус бохир мэт дулааны асуудал гарвал “Чандмань-Илч”-д засуулдаг болсон. Тухайн байрны орчин, нөхцөл бололцоо бүрдвэл мөнгө төгрөгийг нь өгч болно...” гэжээ.  

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар С сум, 2-р баг, А-н 102-1 байрны 02 тоот подвалийг С.Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр,

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Д” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бгаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч тал уг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дүүрэн нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Уг байрны 02 тоот подвалийг гэж шаардлага гаргасан байгаа боловч хэдэн мкв талбайг чөлөөлүүлэхээр хариуцагчаас шаардаад байгаа нь тодорхой бус байдаг. Мөн тухайн подваль нь Д СӨХ-ны бүртгэлд хэзээнээс яаж хамрагдаж, баталгаажуулж байсан гэдэг талаар баримт хэрэгт авагдаагүй байхад 02 тоот подвалийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь нотлох баримт бүрэн авагдаагүй гэдэг нь харагдаж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсний дагуу үндэслэх хэсэгт энэ талаар заасан байдаг. Гэтэл 02 тоот подваль нь “Д” СӨХ-ны өмч биш гэдэг нь Улсын дээд шүүхийн 2011 оны 06 сарын 30-ны өдрийн 01 тоот зөвлөмжөөр тодорхойлсон байдаг. Хэдийгээр СӨХ дундын өмчлөлийн эд хөрөнгийг бүртгэнэ, бүртгүүлнэ гэдэг нь өмчлөгч, эзэмшигч өөрийн өмчийн зүйлийг эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ гэснээс өөр ойлголт юм. Энэ нь СӨХ-ийн хөрөнгийн бүртгэл гэж үзэх нь зүйтэй гэсэн байдаг. Мөн СӨХ-ийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг тэнд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус, энэ нь дундын өмчийн эд хөрөнгө болохоос биш, СӨХ-ийн эд хөрөнгө биш гэсэн Улсын Дээд шүүхийн зөвлөмж гарсан байдаг. Гэтэл 02 тоот подвалийг Д СӨХ нь өөрийн өмч мэт шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг хэрэглэж байгаа нь хууль буруу хэрэглэж дүгнэлт хийсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “Холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно.” гэж заасан. Хэрэгт Д СӨХ ямарч дүрэм хэрэгт хавсаргаж өгөөгүй. Дүрэмдээ бүх гишүүдийн хурлаар уг подвалийг ямар байдлаар хэзээнээс яаж хариуцагчид шилжүүлж өгсөн юм бэ гэдэг нь тодорхой харагдахаар байхад дүрэм байхгүй учраас “Д” СӨХ-г подвалийг бусдад түрээслүүлэх эрхтэй гэж үзэх нөхцөл байдал хэргээс харагдахгүй байгаа. Хавтаст хэргийн 2-р хуудсанд 2017 оны 02-р сарын 19-ний өдрийн 01 дугаартай хурлын тогтоолоор удирдах зөвлөлийн даргыг сонгон баталсан тогтоол хавсаргасан байдаг. Тухайн баримтыг харахад ямар ч “Д” СӨХ-ны тамга тэмдэг дарагдаагүй баримтыг нотариатаар батлуулсан байгаа нь уг баримт нотлох баримтын шаардлага хангасан эсэх эргэлзээг бий болгож байна. “Д” СӨХ-ны удирдах дээд байгууллага нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар тухайн шатны засаг дарга байна гэж заасан. Гэтэл засаг даргын 2017 оны 06-р сарын 30-ны өдөр А/84 тоот “Д” СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гарсан. 2017 оны 04 сарын 20-ны өдөр 1/156 тоот чиглэл хүргүүлэх тухай засаг даргын албан бичиг байгаа боловч эдгээр нотлох баримтууд нь хэрэгт авагдаагүй. Энэ он сар өдрөөр үзэхэд хавтаст хэргийн 2-р хуудсанд авагдсан хурлын тогтоол гарснаас хойш гарсан байгаа юм. 2019 оны 01 сарын 16-ны өдөр “Д” СӨХ-ны гэрчилгээ гарсан байгаа. Уг гэрчилгээ гарснаас хойш холбооны дарга С.О маань хариуцагч талд гэрээ байгуулахыг шаардсан албан бичгийг өөрийнхөө тамга тэмдгийг дараад явуулсан байдаг. Үүнээс хойш ямар удирдах зөвлөл байгуулагдсан гэдэг нь тодорхойгүй байхад үүнийг анхан шатны шүүх үнэлж дүгнэхгүйгээр, тамга тэмдэггүй, нотариатаар батлуулсан баримтыг үнэлж байгаа нь хэргийн хувьд эргэлзээтэй байдлыг үүсгэсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.    

 

Хариуцагч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд учиргүй их хөрөнгө оруулаад ажлын байртай болсон учраас тухайн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Далайншанд СӨХ нь түрээсийн хэмжээг 100 000 төгрөгөөр үнэлээд байгаа юм. Улаанбаатар хотод дээрх хэмжээтэй зоорийн давхрын өрөө мөн 100 000 төгрөг гэж байгаа. Анх СӨХ-ны дарга Удвал гэх хүн ганц гуталчин, үсчин байлгана гэж хоорондоо тохироод гэрээ хийгээд явж байсан. Одоо надаас гадна гурван гуталчин бий болсон. Тухайн үед миний орлогыг бууруулчихаад түрээсийн үнээ нэмээд байсан. СӨХ-д түрээсийн мөнгө өгөхөөр хууль бус хяналтын зөвлөл Хишигт гэх хүнд хянуулдаггүй. Би тэр хүнээс СӨХ-ноос орж ирсэн мөнгийг ямар байдлаар зарцуулдаг юм бэ гэхээр би мэдэхгүй Удвал хариуцдаг гэж байсан. Би тухайн зоорийн давхрын өрөөг 20 жилийн хугацаанд түрээсэлж үйл ажиллагаа явуулсан. Үүний 10 гаруй жилийн хугацаанд түрээс төлсөн...” гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Чулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нийтийн эзэмшлийн зоорийн давхрыг дундын эзэмшлийнх гэдгийг заасан. Үүнийг удирдах зөвлөл болон бусад гишүүдийн хурлаар хэлэлцээд захиран зарцуулах, эзэмших, иргэдийнхээ ахуй хангамж хүсэлтийг үндэслэн шилжүүлдэг уламжлалтай. Анхны эх үүсвэр нь сууц өмчлөгчдийн холбооны удирдах, хяналтын зөвлөлийн хурал гүйцэтгэх захирлын эрх мэдлийн төлөө ажиллаж чадахгүй байгаа бусад зөвлөлөөс хууль бус хурал анагаахын сургуулийн зааланд хийснээс эхлэн явагдаж байгаа. Д сууц өмчлөгчдийн холбоо нь анхан шатны, хууль ёсны сууц өмчлөгчдийн холбоо үүнийг засаг, захиргаа хүлээн зөвшөөрч гэрчилгээ олгосон. Дорноговь аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрч аймгийн хэмжээнд нийт орон сууц өмчлөгчдийн холбоог хуралдуулж салбар хороог нь байгуулсан. Дорноговь аймгийн хэмжээнд том салбар зөвлөл 20 гаруй сууц өмчлөгчдийн холбоог удирдахаар чиглэлийг өгч ирэх оны төсөвт хөрөнгө мөнгө нь тусгагдаж засвар үйлчилгээ хийгдэж байгаа. Миний хувьд “Д” СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлаар 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр анх удаа албан ёсны сонгуулийг хүлээж авсан. Үүнд бүх гишүүдийн хурал болж энэ хурлаар тайлан блансыг хэлэлцэж удирдах, хяналтын зөвлөлийн шийдвэр гарсан. Тус хурлаар удирдах гишүүнээр 9 хүнийг сонгож Одгариг, Энхтуул, Баянхүү, Дагийнамжил, Зоригтбаатар, Буянцэцэг, Түвшинбаяр нарыг сонгоё гээд санал нэгтэй батлаад хурлын протоколд тэмдэглэгдсэн. Удирдах зөвлөл хуралдаад дундаасаа даргаа сонгоход нэг саналын илүүтэйгээр миний бие даргаар сонгогдсон. Батнасан хариуцагчийн хувьд удаа дараа түрээсийн мөнгөө төлөхгүй ажил хийгээд яваад байгаа. Улс, аймгийн хэмжээнд өмч хувьчлал явагдаад энэ олон жил болж байхад эзэнгүй юм гэж байхгүй. Тухайн зоорийн давхар нь удирдах зөвлөлийн дундын өмч учраас хууль зүйн дагуу гэрээ хийгээд сар, сардаа түрээсийн төлбөрөө төлж хэвийн үйл ажиллагаатай явах ёстой. Энэ үйл ажиллагаа хэвийн хэмжээнд төлөгдөхгүй байгаа учраас сууц өмчлөгчдийн холбооноос үүнийг хэвийн хэмжээнд байлгаж, нэг хүний эрх ашгийн төлөө биш нийтийн эрх ашгийн төлөө ажиллуулъя гээд нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэлээ дэмжиж байна. Д сууц өмчлөгчдийн холбооны дүрэм байгаа. Хариуцагч тал дүрмийг хавтаст хэрэгт хавсаргах, юу гэж заасан байгаа юм гэх талаар тайлбар гаргаагүй учраас манай зүгээс нэхэмжлэлдээ хавсаргаагүй...” гэв.

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч “Д” СӨХ нь хариуцагч С.Бд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг А-н 102-1 дүгээр байрны 02 тоот зоорийн давхарыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...Д СӨХ-ийг 2018 онд ... татан буулгаж удирдах зөвлөл, ... даргыг шинээр сонгож тамга тэмдгээ өгөхийг шаардсан боловч өгөөгүй, СӨХ-ийн дарга, УЗ дарга нар нь ... хуулийн заалтыг зөрчсөн, ... подвалыг өөрийн хөрөнгөөр засаж орсон хүмүүсийг гадуурхаж түрээсийн төлбөрөө ойр ойрхон нэмсэн, ...хяналтын зөвлөлдөө тайлан тооцоогоо гаргаж өгдөггүй... гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг эс зөвшөөрч “...хууль хэрэглээний хувьд илэрхий алдаатай дүгнэлт хийсэн, холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргааны зүйл болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг А-н 102-1 дүгээр байрны 02 тоот зоорийн давхар буюу доод хонгил нь “Д” Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарагдах орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох талаар болон хариуцагч С.Б нь уг зоорийн давхарт 2003 оноос хойш гутал засварлах үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тухайн эд хөрөнгийг түрээслэх, эзэмших, ашиглах талаар нэхэмжлэгч “Д” Сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулаагүй буюу нэхэмжлэгч тал гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлснийг хариуцагч хүлээн авсан боловч гэрээг байгуулаагүй, түрээсийн төлбөр төлөөгүй тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

            Харин хариуцагчийн хариу тайлбарын агуулгаас үзэхэд түүний нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан гол үндэслэлийг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлж болох ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

            Учир нь нэхэмжлэгч “Д” Сууц өмчлөгчдийн холбоог хариуцагчийн тайлбарт дурдсанчлан 2018 онд шинээр байгуулагдсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн гадна Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцох бөгөөд харин мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-т зааснаар тус холбоог 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж гэрчилгээ /хх-3/ олгосныг шинээр байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

            Тиймээс “Д” Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргаар М.Чулууныг сонгон баталсан тус холбооны удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоолыг цаг хугацааны хувьд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэх үндэслэлгүй ба “Д” Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга М.Чулуун шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.8.3, 10.10, 10.10.3-т нийцсэн, хариуцагч дээр дурдсан агуулга бүхий татгалзлаа нотлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь “Д” сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшүүлэх, ашиглуулах талаар гэрээ байгуулаагүй тул тухайн эд хөрөнгийг буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг А-н 102-1 дүгээр байрны 02 тоот зоорийн давхар буюу доод хонгилыг чөлөөлүүлэх тухай бөгөөд “Д” Сууц өмчлөгчдийн холбооны үүсгэн байгуулагдсан эсэх, түүний эрх зүйн байдлын талаарх асуудал нь маргаанд хамааралгүй, хариуцагч С.Б нь маргаан бүхий эд хөрөнгийг 2003 оноос гэрээгээр эзэмшиж байсан гэж тайлбартаа дурдсанаас үзэхэд тэрээр Д сууц өмчлөгчдийн холбоог шинээр байгуулагдаагүй болохыг үгүйсгээгүй гэж үзэхээр байна.

 

            Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзлын өөр нэг үндэслэл нь түрээсийн төлбөр өндөр, засвар үйлчилгээний зардлыг хувиасаа гаргадаг шалтгаанаар гэрээг байгуулаагүй гэсэн агуулгатай байх ба энэхүү нөхцөл байдал буюу түрээсийн төлбөр, эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой асуудал нь хариуцагчийг гэрээ байгуулахаас татгалзах зайлшгүй харгалзан үзэх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй ба ийнхүү үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

            Тодруулбал Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд  хэрэгт цугларсан баримтаар болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч гэрээний агуулга, нөхцөлийн талаар нэхэмжлэгчтэй хэлэлцсэн, гэрээнд саналаа хүргүүлсэн тухай үйл баримт тогтоогдоогүй ба харин хариуцагчийн хувьд “Д” сууц өмчлөгчдийн холбооны удирдлагыг хүлээн зөвшөөрөөгүйгээс гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэхээр байна.

 

            Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх бөгөөд хариуцагч нь “Д” Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарагдах орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг А-н 102-1 дүгээр байрны 02 тоот зоорийн давхар буюу доод хонгилыг гэрээ болон хуульд заасны дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

            Улмаар анхан шатны шүүх Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг А-н 102-1 дүгээр байрны 02 тоот зоорийн давхар буюу доод хонгилыг “Д” Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарагдах орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс уг эд хөрөнгийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т нийцсэн гэж үзнэ.

           

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4-т заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэл баримт хэрэгт авагдаагүй хэдий ч зохигчид маргаан бүхий эд хөрөнгийг “Д” Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарагдах орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэх талаар маргаагүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-т орон сууцны доод хонгилыг буюу зоорийн давхарыг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарахаар заасан, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн А-н 1-р гудамжны  102 дугаар байр нь “Д” Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарагддаг нь гэрчилгээгээр /хх-3/ тогтоогдсон тул зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэл баримтаар  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тогтооно гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т нийцэхгүй болно.  

 

Иймд хариуцагчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2020/00268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ