Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 202/МА2020/00028

 

 

“О” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 136/ШШ2020/00238 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: О ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Р” ХХК-д холбогдох

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 449 426 020 төгрөг, ханшийн зөрүүнээс үүссэн хохирол 5 230,56 ам.доллар буюу 14 380 064 төгрөг, нийт 463 806 084 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одонтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...О ХХК болон “Р ХХК” ХХК нь 2018 оны 12-р сарын 14-ний өдөр 2018/12/ФР Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2018 оны 12-р сарын 14-ний өдрөөс 2019 оны 08-р сарын 09-ний өдрийг хүртэл нийт 693160 литр түлшийг нийт 13 удаагийн ачилтаар 1 442 346 100 төгрөгөөр нийлүүлсэн. Гэрээний дагуу “Р ХХК” ХХК нь дизель түлшийг нийлүүлэгч тал болох О ХХК-иас хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хүлээн авсан дизель түлшний үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч тухайн компани нийлүүлэгдсэн дизель түлшний үнийг хоног хугацаа алдаж шилжүүлж байсан бөгөөд одоогийн байдлаар 2019 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2019 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл 2 компаний тооцооны үлдэгдлийг баталгаагаар 449 426 020 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус компани нь төлбөрөө төлөөгүй байгаа нь манай компанийг алдагдалд оруулж байгаа бөгөөд тухайн үед худалдан авч байсан газрын тосны үнэ Монгол банкнаас зарласан ханшаар 1 ам доллар төгрөгтэй харьцах ханш нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймд тус компаниас гэрээний дагуу төлөгдөх 449 426 020 төгрөгийн төлбөр болон манай талд учирсан аливаа хохирлыг бүрэн хариуцахаар гэрээнд заасан тул ханшийн зөрүүнээс үүссэн 5 230,56 ам доллар буюу 14 380 064 төгрөгийг гаргуулах ба нийт 463 806 084 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгч, хуулийн дагуу зөрчигдсөн эрхийг хангаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч “Р” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Манай компани О ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээний дагуу хамтран ажиллаж 1 442 346 100 төгрөгийн шатахуун худалдан авч 992 920 080 төгрөгийн төлбөр барагдуулан 449 426 020 төгрөгийн өглөгтэй байгаа нь үнэн болно. Бид 2019 оны 11 сараас эргэн төлөх төлбөрийн график гарган төлөлтөө хийж эхэлсэн боловч борлуулалтын хязгаарлалтаас шалтгаалан төлбөр барагдуулахад хүндрэл учирсан. Манай компаний менежментийн гэрээгээр удирдлага 2019 оны 09-р сарын 12-ны өдрөөс солигдон бид өмнөх менежментийн багаас уурхайг хүлээн авч ажиллаж эхэлсэн. Бид уурхай эхлэлттэй холбоотой үүссэн 6 тэрбум гаруй төгрөгийн өр төлбөрийг барагдуулах үүрэг хүлээн ажиллаж байна. Бид уурхайг хүлээн авснаас хойш 2019 оны 09-р сарын 13-ны өдрөөс 10-р сарын 28-ны өдрийн хооронд нийт 290 000 000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан ба БНХАУ нь 2019 оны 11 сард 2019 оны төлөвлөгөөт нүүрсээ бүрэн татсанаа зарлаж борлуулалтад хязгаарлалт тогтоосон. Мөн 2020 оны 01-р сараас нийтийг хамарсан хүнд өвчин дэгдсэнээр уурхай сул зогсох хүртэл хүндрэл учран хамтран ажилладаг байгууллагын гэрээт ажлын төлбөрийг барагдуулж чадахгүй байна. Бид өр төлбөрөө төлөхөөс татгалзах зүйлгүй. Харин алданги хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.  

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Р ХХК” ХХК-иас төлбөрийн үлдэгдэл, ханшийн зөрүүний хохиролд нийт 463 806 084 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 476 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Р ХХК” ХХК-иас 2 476 980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхтуяа давж заалдсан гомдолдоо: “...Нэгдүгээрт: Худалдах, худалдан авах гэрээний үнийг Монгол төгрөгөөр гүйцэтгэнэ гэдгийг гэрээндээ тодорхой нэрлэн зааж, төлбөр төлөх нөхцөлийг Хаан банкны төгрөгийн дансанд шилжүүлнэ гэж “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 3-р зүйлийн 3.1-т заасан байхад ханшийн зөрүү гэж 14380064 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд шүүх Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 244-р зүйлийн 244.1-д зааснаар гэрээгээр тохиролцсон үнийг монгол төгрөг гэж заасан байтал үндэслэлгүйгээр гэрээний нөгөө талаас ханшийн зөрүүг гаргуулан шийдвэрлэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Хоёрдугаарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчин хариуцагч талын өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр өмгөөлүүлэх эрхийг бодитойгоор хангаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэй оролцох, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар мэтгэлцэх боломжийг олгоогүйд гомдолтой байна. Хариуцагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг нь шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байхад уг нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх нөхцөл байдал биш гэж анхан шатны шүүх дүгнэн, хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулаагүй шүүх хуралдааныг явуулж, хариуцагчийн хуулиар олгогдсон өмгөөлөгч авах өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан байтал анхан шатны шүүхийн шүүгч уг хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлээгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одонтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...449426020 төгрөгийг 2020 оны 12-р сарын 31-ний өдөр бүрэн төлж дуусгасан байна. Харин 14380064 төгрөгийг төлөхгүй гэснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч эвлэрсэн...” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрээний үндсэн төлбөр дээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна. Гэрээний үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулах хамгийн эцсийн хугацаа 2020 оны 12-р сарын 31-ний өдөр байхаар харилцан тохиролцож эвлэрэхэд татгалзах зүйлгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч “Р ХХК” ХХК-д холбогдуулан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 449426020 төгрөг, төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс учирсан хохиролд 14380064 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Р ХХК” ХХК нь гэрээний үндсэн үүрэг болох худалдан авсан түлшний үнэ 449426020 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хохиролд нэхэмжилсэн 14380064 төгрөгийн хувьд нийтийг хамарсан хүнд өвчин дэгдсэнээр уурхай сул зогсож хүндрэл учирсан тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхтуяа эс зөвшөөрч “...гэрээгээр тохиролцсон үнийг монгол төгрөг гэж заасан байтал үндэслэлгүйгээр гэрээний нөгөө талаас ханшийн зөрүүг гаргуулан шийдвэрлэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...хариуцагчийн хуулиар олгогдсон өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох эрхийг ноцтой зөрчсөн, ...шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлүүлэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж хэлэлцэхэд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс учирсан хохиролд гэж нэхэмжилсэн 14380064 төгрөгөөс татгалзаж, үлдэх хэсэг буюу гэрээний үндсэн үүрэгт 449426020 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч тал төлөхийг зөвшөөрч, улмаар хариуцагч тал төлбөрийг хугацааны хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах санал гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцсэн болно.

            Иймд хариуцагч “Р ХХК” ХХК нь нэхэмжлэгч О ХХК-д “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 449426020 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Мөн энэ тохиолдолд дээрх хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 136/ШШ2020/00238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 14380064 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Р ХХК” ХХК нь нэхэмжлэгч О ХХК-д “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 449426020 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                                       Н.БАТЧИМЭГ