Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 136/ШШ2020/00238

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 136/ШШ2020/00238

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны, үйлдвэрийн төвийн бүс энгельс 7-110 тоотод оршин байх, “Петро Ойл Трейд” ХХК      /РД: 6281907/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Алтанговь гудамж,    14-51 тоотод оршин байх, “Фриендшип Ресурсис” ХХК /РД:5877288/-д холбогдох

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр                      449 426 020 төгрөг, ханшийн зөрүүнээс үүссэн хохирол 5 230.56 ам доллар буюу 14 380 064 төгрөг буюу нийт 463 806 084 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Петро Ойл Трейд” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Петро Ойл Трейд” ХХК болон “Фриендшип ресурсис” ХХК-иуд нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2018/12/ФР дугаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 693 160 литр түлшийг нийт 13 удаагийн ачилтаар 1 442 346 100 төгрөгөөр нийлүүлсэн. Гэрээний дагуу “Фриендшип ресурсис” ХХК нь дизель түлшийг Нийлүүлэгч тал болох “Петро Ойл Трейд” ХХК-иас хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хүлээн авсан дизель түлшний үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч тухайн компани нь нийлүүлэгдсэн дизель түлшний үнийг хоног хугацаа алдаж шилжүүлж байсан бөгөөд одоогийн байдлаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 компанийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 449 426 020 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бидний зүгээс тус компанид удаа дараа үлдэгдэл төлбөрөө барагдуулж дуусгах талаар албан бичиг хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд энэхүү төлбөрийг төлөх үүрэггүй мэтээр тайлбарлаж байна. Тус компани нь төлбөрөө төлөөгүй байгаа нь манай компанийг алдагдалд хүргэж байгаа бөгөөд тухайн үед худалдан авч байсан газрын тосны үнэ Монгол банкнаас зарласан ханшаар 1 ам доллар төгрөгтэй харьцах ханш нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймд тус компаниас гэрээний дагуу төлөгдөх 449 426 020 төгрөгийн төлбөр болон манай талд учирсан аливаа хохирлыг бүрэн хариуцахаар гэрээнд заасан тул ханшийн зөрүүнээс үүссэн 5 230.56 ам доллар буюу 14 380 064 төгрөгийг гаргуулах ба нийт 463 806 084 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгч, хуулийн дагуу зөрчигдсөн эрхийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Фриендшип ресурсис” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани “Петро Ойл Трейд” ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээний дагуу хамтран ажиллаж 1 442 346 100 төгрөгийн шатахуун худалдан авч 992 920 080 төгрөгийн төлбөр барагдуулан 449 426 020 төгрөгийн өглөгтэй байгаа нь үнэн болно. Бид 2019 оны 11 дүгээр сараас эргэн төлөх төлбөрийн график гарган төлөлтөө хийж эхэлсэн боловч борлуулалтын хязгаарлалтаас шалтгаалан төлбөр барагдуулахад хүндрэл учирсан.

Манай компанийн менежментийн гэрээгээр удирдлага 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс солигдон бид өмнөх менежментийн багаас уурхайг хүлээн авч ажиллаж эхэлсэн. Бид уурхай эхлэлттэй холбоотой үүссэн 6 тэрбум гаруй төгрөгийн өр төлбөрийг барагдуулах үүрэг хүлээн ажиллаж байна. Бид уурхайг хүлээн авснаас хойш 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 290 000 000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан ба Хятад ард улс нь 2019 оны 11 дүгээр сард 2019 оны төлөвлөгөөт нүүрсээ бүрэн татсанаа зарлаж борлуулалтад хязгаарлалт тогтоосон мөн 2020 оны 01 дүгээр сараас нийтийг хамарсан хүнд өвчин дэгдсэнээр уурхай сул зогсох хүртэл хүндрэл учран хамтран ажилладаг байгууллагын гэрээт ажлын төлбөрийг барагдуулж чадахгүй байна. Бид өр төлбөрөө төлөхөөс татгалзах зүйлгүй. Харин алданги хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад                       

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Петро ойл трейд” ХХК нь хариуцагч “Фриендшип ресурсис” ХХК-иас Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 449 426 020 төгрөг, ханшийн зөрүүнээс үүссэн хохирол 5 230.56 ам доллар буюу 14 380 064 төгрөг буюу нийт 463 806 084 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч “Фриендшип ресурсис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтуяа “Манай компани “Петро ойл трейд” ХХК-ийн шатахуун нийлүүлэх гэрээний дагуу хамтран ажилласан үлдэгдэл төлбөр болох 449 426 020  төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд төлбөрөө төлөх нь үнэн болно. Харин алданги хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүхэд тайлбар гаргаж маргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ихбаяр шүүх хуралдааны явцад хариуцагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг /449 426 020 төгрөг/ хүлээн зөвшөөрсөн тайлбараа дэмжээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Петро ойл трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2018/28/ФР дугаар “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч “Петро ойл трейд” ХХК нь Монгол Улсын MNS:216, (дизел түлш) мөн MNS:217 (автобинзен) стандартад нийцсэн хавсралтуудад заасан хэмжээ, үнэ бүхий түлшийг дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авагч “Фриендшип ресурсис” ХХК нь бүтээгдэхүүний шатахууны төлбөрийг хавсралтуудад заасан хугацаанд төлөх үүргийг харилцан хүлээжээ.

Талуудын хооронд бичгээр байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байх ба зохигчдын аль нэг нь гэрээ байгуулсан эсэх болоод түүний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

            Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Гэрээний дагуу нэхэмжлэгч “Петро ойл трейд” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 693 160 литр дизель түлшийг нийт 13 удаагийн ачилтаар 1 442 346 100 төгрөгөөр нийлүүлсэн бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 449 426 020 төгрөг төлөгдөөгүй байгаа нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудаар тогтоогдож, энэ талаар маргаагүй байна.

Талууд ийнхүү үлдэгдэл төлбөрийн дүн болон хүлээн авсан бүтээгдэхүүний тоо, хэмжээ, чанарын талаар маргаагүй тул шүүх нэхэмжлэгч нь хэзээ, хэдэн төрлийн, ямар хэмжээтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, хариуцагч хэзээ, хэдэн төгрөгийг төлсөн зэрэг үйл баримтыг нотлох, үүнтэй холбоотой дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд талууд “барааг хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор худалдагчийн “Хаан банк” дахь 5163180097 тоот төгрөгийн дансанд төлөх” төлбөрийн нөхцөлийг тодорхойлсон байна.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Алтаншагайн шүүхэд гаргасан “...2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 47000 дизел түлшний төлбөр 94 116 800 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлөх ёстой байсан” гэх тайлбар, Шатахуун тослох материалын зарлагын падаан /хх-10-21/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-32/, тооцооны баримт бичгийн жагсаалт /хх-33/, “Фриендшип ресурсис” ХХК-ийн дансны хуулга, эргэн төлөлтийн график /хх-54-56/ зэрэг нотлох баримтад үндэслэн гэрээнд зааснаар сүүлийн нийлүүлэлт хийгдсэн 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 15 хоногийн хугацааг тоолж 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг үүрэг гүйцэтгэх эцсийн хугацаа байсан гэж үзэх нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т нийцнэ.

Иймд хариуцагчийн төлбөр төлөх хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагчийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, “Фриендшип ресурсис” ХХК-аас төлбөрийн үлдэгдэл 449 426 020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Петро ойл трейд” ХХК -д олгож шийдвэрлэв.

Зохигчдын хооронд байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай гэрээний 7.2-д “Худалдан авагч тал шатахууныг хугацаанд нь гэрээнд заасан чанар, стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалган хүлээн аваагүй, гэрээнд заасан хугацаанд шатахууны төлбөрийг шилжүүлээгүйгээс худалдагч талд учирсан аливаа хохирлыг бүрэн хариуцна” гэж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

Хариуцагч “Фриендшип ресурсис” ХХК гэрээний төлбөрт хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 45 000 000 төгрөг төлсөн бөгөөд энэхүү төлбөрийг графикийн дагуу төлбөрийн нийт үлдэгдлээс нөхөн хасаж тооцвол 2019 оны 6 дугаар сарны 26-ний өдөр төлбөл зохих төлбөрөөс 24 620 680 төгрөг хасагдаж, 76 604 820 төгрөгийн төлбөр үлджээ. Иймд ханшийн зөрүүний хохирлыг бодохдоо тус 2019 оны 6 дугаар сарны 26 өдөр төлөгдөөгүй байсан үнийн дүнгээс эхлэн тухай бүр нийлүүлэлтийн графикийн дагуу тооцоолох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч ханшийн зөрүүний хохирлыг тооцохдоо 1 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн /2020.01.23/ ханш болох 2,749.24 төгрөгөөр боджээ. Уг ханшаар гүйцэтгээгүй төлбөрийн зөрүүг тус бүрд нь тооцвол  

2019 оны 6 дугаар сарны 26-ний өдөр төлбөл зохих төлбөрөөс (76,604,820/2657,51=29,578.37)-(78604820/2,749.24=28,591.47)= 986.9 доллар

2019 оны 07 дугаар сарны 09-ний өдөр төлбөл зохих төлбөрөөс  (95,816,000/2659,34=36,029.99)-(95,816,000/2,749.24=34,851.81)= 1,178.18 доллар

2019 оны 07 дугаар сарын 20-ний өдөр төлбөл зохих төлбөрөөс (88,376,400/2661,76=33,202.24)-(88,376,400/2,749.24=32,145.75)= 1,056.49 доллар

2019 оны 08 дугаар сарны 10-ны өдөр төлбөл зохих төлбөрөөс (92,512,000/2661,76=34,663.48)-( 92,512,000/2,749.24=33,650.02)= 1,013.46 доллар

2019 оны 08 дугаар сарны 24-ний өдөр төлбөл зохих төлбөрөөс (94,116,800/2661,76=35,229.28)-(94,116,800/2,749.24=34,233.75)=995.53 доллар нийт  5 230.56 доллар буюу 14 380 064 төгрөгийн ханшийн зөрүү гарчээ.

Иймээс хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсний улмаас нэхэмжлэгчид учирсан 14 380 064 төгрөгийн хохирлыг хариуцан арилгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ф” ХХК-аас төлбөрийн үлдэгдэл, ханшийн зөрүүний хохиролд нийт 463 806 084 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК -д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 476 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ф” ХХК-аас 2 476 980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.ГОНЧИГСУМЛАА