Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2017/0041

 

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2017/0041

Улаанбаатар хот

 

Ч.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, Д.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 972 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Г-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Ш овогтой Г-ийг оруулахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгахгэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.15, 111 дүгээр зүйлийн 111.6, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.3, 161 дүгээр зүйлийн 161.4, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар |сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Ш овогтой Г-ийг оруулахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 972 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлийн талаар.

1.1. Шүүх Сонгуулийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Шүүх Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч Ш.Г-ийн Сонгуулийн тухай хууль зөрчснийг цагдаа, шүүхээс тогтоогоогүй байхад Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо түүнийг нэрийн жагсаалтаас хасах тухай тогтоолыг гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 117-р зүйлийн 117.1-т заасантай нийцэхгүй байна гэж холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйл нь "Зөрчил шалгах", 118 дугаар зүйл нь шалгасан зөрчлийг шийдвэрлэх асуудлыг зохицуулжээ.

Дээрх зохицуулалтаас үзэхэд зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаад хариуцлагыг Захиргааны зөрчлийн хуулиар ногдуулахаар заажээ. Захиргааны зөрчлийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймд Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт "сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоогдсон" гэдгийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно" гэсэн заалт нь энэ хуулийн 117, 118 дугаар зүйл, хэсэгт хамааралтай гэж болохыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

1.2. Дүүргийн Сонгуулийн хороонд хуулиар олгогдсон бүрэн эрхийн тухайд: Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3,-д зааснаар сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчдийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах, энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгох эрхтэй байна. Иймд нэр дэвшигч Ш.Г-ийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл нь сонгогчдын санал татах зорилгоор сонгогчдод нэр дэвшигч мөнгө тараах ажлыг санаачлан зохион байгуулсан, мөнгөн хөрөнгө гарган санхүүжүүлсэн, тараасан үйл баримт болно. Үүнийг заавал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхыг хуулиар шаардаагүй нь нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон эрх хэмжээний асуудал юм.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигч Ш.Г-ийн талаарх гомдлыг хянан үзээд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасныг зөрчиж, сонгогчдын санал татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон гэж үзэж, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахдаа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Гэтэл Захиргааны хэргийн шүүх дүүргийн Сонгуулийн хороонд ийм эрх байхгүй, зөрчлийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэсэн байх ёстой гэж үзсэнээрээ 2017 оны 07 сарын 01-нээс хойш аливаа зөрчилд хариуцлага тооцохоор болж байгаа нь 2016 онд явагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн ИХТ-д нэр дэвшигч иргэдийн саналыг татах зорилгоор хууль зөрчвөл хариуцлага хүлээхгүй гэсэнтэй агаар нэг шийдвэр гаргасан гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан буюу тогтоогдсон байхыг шаардсан харин, ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн нэрийг хасах эсэхийг шийдвэрлэхдээ тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрх олгосон ялгамжтай зохицуулалтыг шүүх анхаарч, зөв тайлбарлан хэрэглэсэнгүй.

Хоёр. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй талаар

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дэх хэсэгт зааснаар дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг нотлох баримтад хамаарагдаж байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан видео бичлэг бүхий CD нь нэр дэвшигч Ш.Г-ийн сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан, ухуулагч болон дэмжигч иргэдээр дамжуулан мөнгө тараах ажлыг зохион байгуулалттай явуулж буй үйл баримтыг үнэлж, зөрчлийн хэлбэр, агуулгад дүгнэлт хийх эрх шүүх байгаа. Гэтэл шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасны дагуу өөрөө хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, бусдаас нотлох баримт гаргуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлсэнгүй.

Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн агуулгаас үзэхэд Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахын тулд дахин дүүргийн анхан шатны эрүүгийн шүүхийн шийдвэр гаргасан байхыг шаарджээ. Энэ нь Захиргааны хэргийн шүүх өөрийн хийх ёстой ажлаа хийхгүйгээр өөр шүүхийн шийдвэрийг үндэслэж, Сонгуулийн хороо зөв шийдвэр гаргасан эсэхийг дүгнэнэ гэсэн агуулга бүхий дүгнэлт хийснийг буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахын тулд Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн нэрийг хассантай холбогдох асуудлыг ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэсэн байхыг шаардаж буйтай адил агуулгатай болжээ.

Үүнээс үзвэл, Захиргааны хэргийн шүүхийн үүрэг тодорхойгүй болж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4, 159 дүгээр зүйл 159.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байна.

Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 972 дугаар шийдвэр, нэхэмжлэгч Ш.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 58 дугаар тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо 2016 оны 58 дугаар тогтоолоор сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглогдсон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан хэмээн нэхэмжлэгч нарыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн байна.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ, 159.3-д Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудыг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасантай уялдуулан хэрэглэж, хариуцагч Сонгуулийн хороог нэр дэвшигч Ш.Г нь өөртөө санал өгүүлэх зорилгоор мөнгө тараасан буюу Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан зөрчил гаргасан эсэхийг шүүхээс тогтоож, эцэслэн шийдвэрлээгүй байхад нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассаныг Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 117.2-т заасантай нийцэхгүй, хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг, 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана гэж заасны дагуу цагдаагийн байгууллага шалгаж, эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан бол сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэхээр байна. Харин шүүхийн шийдвэрээр сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн нь тогтоогдоогүй байхад Сонгуулийн хороонд уг зөрчлийг тогтоох эрх олгогдоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Харин анхан шатны шүүх орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Ш овогтой Г-ийг оруулахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд шууд даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь, хэдийгээр хариуцагч Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо тухайн 2016 оны 58 дугаар тогтоолыг гаргахдаа нэхэмжлэгч Ш.Г-ийн гаргасан гэх зөрчлийг эрх бүхий этгээд эрүүгийн журмаар шалгаж тогтоогоогүй байхад нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан нь хуульд нийцээгүй боловч Захиргааны хэргийн шүүхэд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ш.Г, Ж.О нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг зөрчсөн эсэх асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар хэргийн оролцогчид мэдүүлсэн байна.

Нэхэмжлэлийн нэгдэх шаардлага хангагдсанаар болон эрүүгийн хэргийн шүүхэд зөрчил гаргасан эсэх нь шалгагдаж байгаа нөхцөл байдалд тохируулан Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуульд заасан зохих шийдвэрийг гаргах эрхтэй байна. Тиймээс хариуцагч эрүүгийн хэргийн шүүхэд шалгагдаж байгаа зөрчлийн асуудал эцэслэн шийдвэрлэгдсэний дараагаар нэхэмжлэгчийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрт оруулах эсхүл нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах асуудлыг Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3, 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд дээрх үндэслэлээр холбогдох өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 1192, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 972 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.3, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ш овогтой Г-ийг эрүүгийн журмаар шалгагдаж буй хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд оруулах эсэхийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай. гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Ц.ЦОГТ